Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 983

 

Я.Б- нарын нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг       даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00544 дугаартай шийдвэртэй, нэхэмжлэгч Я.Б-, Ш.Ш-, Б.М-, Б.Т-, Б.О-нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Г-, Ч.О-, Э.А-, М.Л-нарт холбогдох

Нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн бэлэглэлийн гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадралын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч М.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон Б.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Очбаяр, нэхэмжлэгч Б.Т-, Б.Онолбаатар нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүл Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7-6 дугаар байрны 11 тоот 3 өрөө орон сууцанд 1989 онд гэр бүлийнхээ хамт амьдарч байсан бөгөөд улмаар 1990 оны өмч хувьчлаар Я.Б-ын нэр дээр хувьчилж авсан. Улмаар 2005 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн гишүүдээ хамтран өмчлөгчөөр бүртгэн, Я.Б-, Ш.Ш-, Б.М-, Б.Т-, Б.О-гэсэн таван хүний өмчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2205020698 дугаарт бүртгэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Бид 2006 онд сонинд гарсан мөнгө зээлнэ гэсэн зарын дагуу холбогдож, 2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Э.А-ын эхнэр З.Одгэрэлээс 5000 ам.долларыг зээлэн авч, зээлийн хүүнд бид дээрх орон сууцандаа түрээсээр суулгахаар тохиролцсон юм. Удалгүй зээлсэн мөнгөө төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул орон сууцаа зарахаар шийдэж, энэ талаараа Э.А-, н.Одгэрэл нарт бид хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа Э.А- нь Ч.Г- гэгч хүнийг дагуулан ирж, “энэ хүн танай орон сууцыг худалдан авъя гэнэ” гэж хэлсэн. Ингээд бид орон сууцаа Ч.Г-д 50.000.000 төгрөгөөр худалдахаар тохиролцон “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ” хийх гэтэл Э.А-, Ч.Г- нар нь “орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхэд татварын мөнгө төлдөг учраас зүгээр бэлэглэлийн гэрээ хийгээд нотариатаар баталгаажуулахад илүү хялбар, татвар гэх мэт зардал мөнгөний хувьд ашигтай” гэж тайлбарласны дагуу Я.Б-, Ш.Ш-, Б.М-, Б.О-бид бэлэглэлийн гэрээ байгуулахаар нотариат дээр очин гэрээ байгуулан гарын үсгийг тус тус зурсан боловч, тухайн үед тус байрны хамтран өмчлөгч том хүү Б.Т- ирээгүй учраас нотариат тус гэрээ “хамтран өмчлөгчийн албан ёсны зөвшөөрөл, эсхүл түүнийг өөрийг нь байлцуулахгүйгээр энэхүү бэлэглэлийг батлах ямар ч боломжгүй” хэмээн батлахаас татгалзсан. Ингээд орон сууцаа зарах асуудлыг орхисон, харин Э.А-, Ч.Г- нар нь гэрээг орон сууцны маань гэрчилгээтэй хамт аваад явсан. Бид Ч.Г-гээс огт мөнгө аваагүй, дахиж огт уулзаагүй. Дараа нь бид орон сууцны гэрчилгээгээ Э.А-оос авах гэтэл янз бүрээр худал хэлэн өгдөггүй байсан. Бид ч мөнгө зээлсэн болохоор Э.А-од итгэж байсан. Ингээд Э.А- нь М.Л-гэдэг залууг дагуулан ирж хэлэхдээ “манай найз байгаа юм аа. Та хэд М.Лхагваагаас мөнгө зээлээд миний зээлийг дарчих, харин М.Л-зээлсэн мөнгөнийхээ хүүнд танай байрыг түрээслээд байж байя гэсэн. Ингэснээр ямар ч ялгаа байхгүй шүү дээ” гэсний дагуу тохиролцон М.Лхагваас мөнгө зээлж Э.А-, Одгэрэл нарын зээлийг төлсөн. Мөн тухайн үед Я.Б- би цалингийн зээл авч зээлээ төлж барагдуулахаар шийдэж зээл авах гэтэл ямар нэгэн барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байхыг банкнаас шаардсан тул Э.А-, Ч.Г- нараас байрны баримт буюу гэрчилгээгээ авах гэтэл огт утсаа авахгүй зугтаасаар цалингийн зээлээ авч чадаагүй орхисон. Гэртээ очиж уулзах гэхэд дандаа өөр залуучууд байдаг байсан. М.Лхагвааг асуухад гадуур ажилтай, гадуур явж байгаа гэж огт уулзаж чадаагүй. Э.А-той 2015 оны 1 дүгээр сард холбогдсон 3 сар гартал хүлээж бай гэж хэлэн утсаа авахаа больсон. Ингээд байранд түрээсээр сууж байгаа М.Лхагваатай утсаар ярихад “танай байрыг барьцаанд тавиад алдчихсан энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хуудсыг хүрч ирээд хар” гэхээр нь очиход байрыг маань дуудлага худалдаанд оруулах гэж байгааг мэдээд маш их цочролд орон, манай байрыг хэний зөвшөөрлөөр ийнхүү хууль бусаар зарж борлуулаад байгаа огт ойлгохгүй байсан тул шууд цагдаад өргөдөл бичиж, шалгуулсан. Гэтэл Э.А-, Ч.Г- нар нь нотариаттай үгсэн хуйвалдаж 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бэлэглэлийн гэрээг хууль бусаар үйлдэн байгуулж бидний Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7-6 байрны 11 тоот 3 өрөө орон сууцыг маань Ч.Г-гийн нэр дээр шилжүүлэн авсан, улмаар цааш нь өөр этгээдүүд рүү шилжүүлэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 911/ч дугаар захирамжаар битүүмжлэн, “Домба хад” ХХК нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байсныг олж мэдсэн. Э.А-, Ч.Г-, М.Л-нар нь хууль бусаар хоорондоо манай гэр бүлийн цорын ганц өмч хөрөнгийг дур зоргоор бие бие рүү гээ шилжүүлсэн болохыг Нийслэлийн Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2006 дугаар албан бичгээс мэдсэн. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т эрх зөрчигдсөн буюу мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй. Нэхэмжлэгч Я.Б- М.Лхагвагаагаас мөнгө зээлсэн баримт байхгүй гэж байгаа ч бид хоёр гарын үсэг зураад тамганы тосонд хуруугаа дарж байгаад дарсан байдаг. Даанч баримт нь олдохгүй байна. Мөн бид үр дагавараа арилгуулахаар шаардлага гаргасан боловч хариуцагч нар олдоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлээ татан авсан. Энэ шаардлагаа дараа гаргана. Иймд Я.Б-, Ш.Ш-, Б.М-, Б.Т-, Б.О-болон Ч.Г- нарын хооронд байгуулагдсан гэх 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Ч.Г- болон Э.А- нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Э.А- болон М.Л-нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Э.А- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие тухайн үед Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж байсан бөгөөд 2006-2007 оны үеийн зар мэдээ сониноос “мөнгө зээлж хүүнд нь байрандаа үнэгүй суулгана” гэсэн зарын дагуу Я.Б-тай танилцсан. Тэгээд 5000 ам.доллар зээлдүүлж Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-11 тоот байранд эхнэр хүүхдээ суулгасан боловч ашиглалтын зардлаа олон жил төлөөгүй байсныг бид нөхөн төлж цахилгаан, дулааны холболтууд ч маш муу их хүйтэн байр байсан тул өвлийг өнгөрөөгөөд өөр байранд нүүж орсон. Түүнээс хойш Я.Б-т зээлдүүлсэн мөнгөө авах гэж нэлээд олон жил хөөцөлдсөн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй, байнга хаяг, утсаа солиод алга болчихдог, зээлдсэн мөнгө өгөхгүй зугтаагаад байдаг байсан. Тэгээд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр М.Лхагвааг худалдаж авах орон байр хайж байгааг сонсоод Я.Б-тай гурвуулаа уулзсан, энэ худалдах, худалдан авах гэрээг хийхэд дэргэд байлцсан. М.Лхагваатай 10.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Я.Б-т зээлдсэн мөнгө болон ашиглалтын зардлаа гаргаж авсан. Тэр үед мөнгө төгрөггүй байна гэхээр нь М.Лхагваагаас авсан мөнгөнөөсөө 2.000.000 төгрөгийг өгч байсан. Тухайн үед Я.Б- нь мөнгөтэй болохоороо байраа худалдаж авнаа гэж хэлээд салсан гэжээ.

 Хариуцагч Ч.Г- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний найз н.Наранцэцэг надад “Э.А- гэгч залуу андуудын тэнд хуучны байр хямдхан зарна гэж байна” гэсний дагуу би Э.А-той уулзахад “Я.Б- гэж залуу надаас 5 000 ам.доллар зээлсэн юм, энэ мөнгөндөө оролцуулаад байраа 28.000.000 төгрөгөөр зарна гэж байна” гэсэн. Би Я.Б-тай нь уулзаж уг байрыг өөрийнхөө нэр дээр болгоод банкинд зээл хөөцөлдсөн боловч хуучин байранд банк зээл олгохгүй гэсэн. Ингээд л уг байрыг буцаагаад л Э.А-ын нэр дээр шилжүүлсэн. Уг байрыг бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр шилжүүлсэн нь хууль бус үгүй эсэхийг би огт мэдэхгүй. Тухайн үед өөрсдөө л зөвшөөрч хийсэн. Харин хууль бус гэдгээ өөрсдөө л мэдэж байсан юм байна. Я.Б- нар нь дээрх гэрээ үйлдсэнээс хойш бүтэн 6 жил өнгөрч байхад яагаад одоо энэ асуудлыг тавих болов гэдэг гайхаж байна. 2010 оны 02 дугаар сард хийгдсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох эсэх асуудал гэж бодож байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ч.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Ч.О- миний бие Баянгол дүүргийн нотариатчаар ажилладаг, 238 дугаар тамгатай. 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бүртгэлийн 74 дугаарт Ү-2205020698, Баянгол дүүргийн 2 дугаар хороо барилгын 7-6-11 тоот 35 метр квадрат 3 өрөө орон сууц бэлэглэлийн гэрээг гэрчилсэн. Уг гэрээг гэрээний талуудыг биечлэн ажлын байрандаа байлцуулж, гэрээний үр дагаврыг тайлбарлан өгч, хүсэлт зоригийг нь тодруулан гэрээ болон гэрээний бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулан гэрчилдэг ажлын журмын дагуу нотариатын үйлдлээ хийсэн. Нэхэмжлэлд нэхэмжлэгч тал нотариатч гэрээг хуйвалдан, зөвшөөрөл өгөөгүй байхад гэрчилсэн мэтээр бичсэн байгаа боловч биечлэн ирж гарын үсгээ зурсныг нотариатч миний бие гэрчилж байгаа бөгөөд нотариатын архивт байгаа эх хувь гэрээ болон гэрээний бүртгэлийн дэвтэрт зурсан гарын үсгээр нотлогдоно. Иргэний хуулийн 109.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг гэрээний талуудын хэн нь ч гаргах эрхтэй байдаг. Гэтэл нэхэмжлэлд орон сууцаа шилжүүлэхээ болиод энэ асуудлыг орхисон гэж бичсэн атлаа орон сууцны гэрчилгээ, гэрээг Ч.Г- авч явсан гэсэн байна. Хэрвээ гэрээ хийхээ болиод орон сууцаа шилжүүлэхээ больсон бол гэрээгээ цуцлаад гэрчилгээг нэхэмжлэгч тал авах ёстой. Нэхэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэгч тал өөрсдийн бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болмогц бусдад өөрсдийн бурууг тохох, нотариатын ажлыг илт хууль бус гэж гүтгэсэн байдал харагдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасныг анхаарч үзнэ үү гэжээ.

 Хариуцагч М.Л-шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.А-оос 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, барилгын 7/6-11 тоот 3 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Энэ нь иргэн миний Монгол улсад мөрдөгдөж буй хуулиудын хүрээнд тодорхой хөрөнгө мөнгө зарцуулан иргэн Э.А-той худалдах, худалдан авах гэрээ байгуулан шударгаар худалдаж авсан. Одоо миний бие тус байрны бүртгэлд хамтран эзэмшигчээр байгаа болно. Я.Б- нарын нэхэмжпэлд Я.Б- надаас мөнгө зээлсэн гэх зүйл бичжээ. Би энэ хүнийг танихгүй. Хэрэв надаас Я.Б- мөнгө зээлсэн юм бол өнөөдрийг хүртэл авсан зээлээ өгөхгүй байгаа юм бол зээлийн гэрээ, хүү, хэмжээ, хугацаа тодорхойгүй. Я.Б- нь 2-3 жилийн өмнө өөрөөс нь байр орон сууц луйвардаж авсан гэж Баянгол дүүргийн Цагдаад өгч шалгуулсан, эцэст нь цагдаа үнэн зөвийг тогтоож тус хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн манайд буюу Баянгол дүүргийн 2 дугаар хороо, барилгын 7/6-11 тоот байранд 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Урангоо гэдэг хүн ирж, байрыг шүүхийн тогтоолоор битүүмжлэн хурааж улмаар дуудлага худалдаанд оруулна гэж намайг болон гэр бүлийг минь сандаргаж сэтгэл зүйн дарамт хүнд байдалд оруулсан. Тэгэхээр бид учраа олохгүй өмгөөлөгчид хандаж, хууль зүйн туслалцаа авсны төлбөрт гурван сая төгрөг төлсөн. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7/6-11 тоот 3 өрөө байрыг зээлийн барьцаанд тавьсан Я.Б-ын үйлдлээс шууд болсон явдал юм. Үүнийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 29/01 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/01643 тоот шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2016/00584 тоот шийдвэрүүд дээр тодорхой тусгагдсан байгаа болно. Я.Б- нь энэ байрыг зээлийн гэрээнд барьцаанд тавьчхаад зарсан байсныг би болон миний өмнөх өмчлөгч нар мэдээгүй мэдэх ч боломжгүй байсан. Ч.Г-тэй байгуулсан бэлэглэлийн гэрээг бид байгуулаагүй, нотариаттай хуйвалдаж батлан гэрчилгээг шилжүүлсэн гэх боловч нотариаттай холбогдуулан гаргасан гомдол байхгүй. Хэрэгт авагдсан баримтыг харвал нэхэмжлэгч нар бүгд гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. Нотариатч болон хариуцагч Ч.Г- нар бүгд гарын үсэг зурсан гэх тайлбарыг хэлдэг. Үнэхээр гэрээ байгуулаагүй юм бол гэрчилгээ өөрсдөд нь байх ёстой. М.Лхагва, Э.А-оос энэ байрыг 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Энэ байр нэлээн дээр үед баригдсан, одоо хүн амьдрах шаардлага хангахгүй болсон. М.Л-өөрөө амьдрах орон сууцтай, энэ байрыг бусдад хөлслүүлэх, түрээслүүлэх зорилгоор худалдаж авсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр буюу гэрээ байгуулагдсанаас хойш 8 жилийн дараа ирсэн. Тэгэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Энэ байр М.Лхагвын өмчлөлд байгааг 2010 оны 9 дүгээр сард мэдсэн. Тиймээс М.Лхагвад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бэлэглэлийн гэрээгээр байраа шилжүүлсэн гэдгээ 2010 онд мэдсэн, гэтэл 2015 онд Ч.Г-гээс шаардах эрх үүссэн юм шиг тайлбарлаад байна, гэвч 2010 онд шаардах эрх чинь үүссэн учраас бусад хариуцагч нарын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг нь үндэслэлтэй. М.Л-худалдах, худалдан авах гэрээгээр авсан учраас мөнгөө төлөх үүрэгтэй. 10 000 000 төгрөгөө төлсөн. Үүүнийг Я.Б- өөрөө хүлээн зөвшөөрч байна.  М.Л-энэ байрыг худалдаж авахдаа өмчлөгч нь Я.Б- байсан гэдгийг мэдэж байсан гэж байгаа ч үл хөдлөх хөрөнгө чинь өмчлөгч нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр нотлогддог. Э.А-ыг танилын хүрээнд таньдаг, найз нөхөд бол биш тул Я.Б-ын өмчийг Э.А-оос худалдаж авна гэх ойлголт байхгүй. Иймд М.Л-шударгаар мөнгө төлж авсан, шударга эзэмшигч тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэв Я.Б- хохирсон гэж үзвэл М.Л-биш, Э.А-, Ч.Г- нараас хохирлоо нэхэмжлэх ёстой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Б-, Ш.Ш-, Б.М-, Б.Т-, Б.О-нар болон хариуцагч Ч.Г- нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Ч.Г- болон Э.А- нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, хариуцагч Э.А- болон М.Л-нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нотариатч Ч.О-т холбогдох нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан үр дагаврыг арилгуулахаар М.Лхагва, М.Бор, Л.Дарь, Л.Ханд нарт холбогдуулан шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Г-, Э.А-, М.Л-нараас 70.200 төгрөгийг хуваан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М.Лхагвын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадрал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг нэхэмжлэгч нар Ч.Г-тэй байгуулахдаа өөрсдөө гарын үсэг зурсан нь тогтоогдсон гэж үзсэн билээ. Харин 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг худалдах, худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор байгуулсан нь тогтоогдсон гэх үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д 6 жил гэж тогтоосон байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж дүгнэсэн нь тодорхойгүй болсон. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Ч.Г-д байраа хүдалдахаар тохирч нотариатч дээр очиж, гэрээнд гарын усэг зурсан боловч том хүү Б.Т- ирээгүй үчраас нотариатч гэрээг батлаагүй. тэгээд гэрээ, гэрчилгээг Ч.Г-, Э.А- нар аваад явсан, Ч.Г-гээс мөнгө аваагүй, дараа нь Ч.Ариүнболдоос гэрчилгээгээ шаардсан боловч өгдөггүй байсан” гэж тайлбарласан боловч нотариатч гэрээг хуулийн дагуу гэрчилсэн нь тогтоогдсон тул гэрээ, гэрчилгээг Ч.Г- авч явсан нь бодитой үйл баримт байна. Харин Ч.Г- байрны өмчлөх эрхийг шилжүүлж авсныхаа дараа Иргэний хуулийн 208.3 дах хэсэгт зааснаар 10 хоногийн дотор мөнгөө төлөх, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нар Ч.Г-тэй байгуулсан гэрээнээсээ татгалзаж, байраа буцааж өөрсдийн нэр дээр шилжүүлж өгөхийг шаардах, гэрчилгээг буцаан өгөхийг Ч.Г-гээс шаардах ёстой байсан. Тиймээс нэхэмжлэгч нарын Ч.Г-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан өдөр нь 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д заасан хугацаа дууссан нь тодорхой байна. Ч.Г- байрны өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт буцаан шилжүүлэлгүй, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Э.А-ын өмчлөлд шилжүүлснийг нэхэмжлэгч нар тухайн үед нь мэдсэн учраас түүнээс хойш Ч.Г-гээс биш, Э.А-оос шаардаж байсан гэж тайлбарлаж байгаа юм байна. Нэхэмжлэгч нар 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 7 жил өнгөрсний дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд Э.А-од холбогдуулан түүнийг Ч.Г-тэй 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг нэмж гаргасан байна. Энэ шаардлагыг нэхэмжлэгч нар гэрээний нөгөө тал болох Ч.Г-д холбогдуулж гаргаагүй тул шүүх уг нэмэгдүүлсэн шаардлагыг Ч.Г-д гардуулаагүй, энэ талаар Ч.Г- тайлбар гаргаагүй тул хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсонгүй. Мөн нэхэмжлэгч нар 7 жилийн дараа буюу 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Э.А-, М.Л-нарт холбогдуулан тэдний хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг нэмж гаргасан байна. М.Л-үнэхээр Я.Б-т мөнгө зээлдүүлж, хүүнд нь байр хөлслөхөөр тохирсон бол Э.А-той орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагагүй байсан. Харин Я.Б- нараас Э.А-ын эхнэр н.Одгэрэлтэй хийж нотариатаар гэрчлүүлсэн орон сууц хөлслөх гэрээтэй адил гэрээг талууд хийх байсан. Я.Б- мөнгө зээлдүүлж, хүүнд нь байр хөлслөхөөр тохирсон хүнтэй ямар гэрээ хийдгийг мэдэж байсан. Гэтэл Я.Б- мөнгө зээлж, зээлийн хүүндээ орон сууцаа хөлслүүлэх гэрээг М.Лхагватай байгуулсан гэх ямар ч баримт байдаггүй. М.Лхагвын хувьд Э.А-той орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийхэд байрны өмчлөгч нь Я.Б- биш, Э.А- гэдгийг өмчлөх эрхийн гэрчилгээг харж мэдсэн тул Я.Б-т мөнгө зээлдүүлж, хүүнд нь байр хөлслөхөөр тохиролцох боломжгүй юм. Э.А- М.Лхагваас орон сууцны үнэ 10.000.000 төгрөг авахад Я.Б- хамт байж, байрыг Э.А- М.Лхагвад 10.000.000 төгрөгөөр зарсан, байрны гэрчилгээ М.Лхагвын нэр дээр шилжсэн гэдгийг мэдсэн. Уг уулзалтаар Я.Б- Э.А-оос байрныхаа гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байгаагүй. Харин М.Лхагвад байрны өмчлөх эрхийг шилжүүлж байгааг мэдээд, дараа мөнгөтэй болохоороо байрыг буцаан худалдан авч өөрийн нэр дээр шилжүүлж авахаар тохиролцсон. М.Л-нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа маргаж байгаа орон сууцны хамтран өмчлөгч гэдгээ бичиж, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг нотлох баримтаар өгсөн. Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Барилгын 7-6 байрны 11 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөр М.Бор, Л.Дарь, Л.Ханд нар бүртгэлтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх орон сууцыг нэхэмжлэгч нарын өмчлөлд буцаан бүртгүүлэхийг даалгах шаардлагыг нэхэмжлэгч нар татан авсныг баталсан нь үндэслэлгүй болсон. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлүүдээр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх шаардлага, эсвэл үнийг төлүүлэх шаардлагын алиныг гаргаж байгааг тодорхойлсны үндсэн дээр уг хэргийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоёрыг салгаж, хоёуланг нь бие даасан шаардлага мэтээр дүгнэн, зөвхөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлийг баримтлан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тооцоод, хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгуулах нэхэмжлэлийг дараа гаргах эрхтэй гээд орхисон нь шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж, шийдвэрлэж чадаагүйг харуулж байна. М.Л-нь нэхэмжлэгч нартай 2010 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хийгээгүй, уг гэрээгээр нэхэмжлэгч нараас байр шилжүүлж аваагүй, нэхэмжлэгч нарыг уг гэрээгээр хохироосон гэм буруутай этгээд биш юм. М.Л-уг байрны өмчлөгч болох нь улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээгээр нотлогдсон Э.А-од мөнгийг нь төлж, уг байрыг худалдаж авсан тул М.Лхагвад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д заасан үр дагавар бий болох учиргүй. Нэхэмжлэгч нарт гэрээ байгуулсан талаасаа хохирлоо шаардах эрх байгаа боловч тийм нэхэмжлэл гаргаагүй тул энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Я.Б-, Ш.Ш-, Б.М-, Б.О-Б.Т- нар нь хариуцагч Ч.Г-, Ч.О- нарт холбогдуулан 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Э.А-, М.Л-нарт холбогдуулан уг хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэж хийгдсэн хариуцагч Ч.Г- болон Э.А- нарын хооронд 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, Э.А- болон М.Л-нарын хооронд 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хариуцагч М.Лхагва, М.Бор, Л.Дарь, Л.Ханд нарт холбогдуулж Баянгол дүүргийн 2 хороо, 7-6-11 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх нэхэмжлэлийн шаардлагуудаас нотариатын үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн бэлэглэлийн гэрээг, 2010 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан бэлэглэлийн гэрээ, 2010 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг тусгаарлан шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ. /2хх-ийн 187/

 

Гэтэл шүүх нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн зарим шаардлагаа татан авах хүсэлт гаргаагүй байхад шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18/ШЗ2020/02096 дугаар захирамжаар М.Бор, Л.Дарь, Л.Ханд нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг татан авсныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 106 дугаар зүйлийн 106.3, 106.5 дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна. /хх-ийн 200-201/

 

Мөн  Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2006 тоот албан бичгээр  маргаан бүхий орон сууцыг шүүгчийн 2016 оны 05354 тоот захирамжийн дагуу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн талаар хариу ирүүлсэн байхад хариуцагч М.Бор, Л.Дарь, Л.Ханд нар ямар үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны хамтран өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн  нэхэмжлэгч нар нь тодорхой үнэ бичигдсэн бэлэглэлийн болон худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үнэлж болох эд хөрөнгө буюу орон сууц гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.4-т тус тус зааснаар тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан журмын дагуу төлүүлээгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэрэгт ач  холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байх  тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2020/00544 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар дээрх хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

                                                                                               Н.БАТЗОРИГ