Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 404

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00404

 

 

Н.У ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02333 дугаар шийдвэртэй, Н.У ын нэхэмжлэлтэй, Ц.Е.Г т холбогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22 835 052 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.У  нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга уг шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 3 сар 12 хоногийн цалинтай тэнцэх олговор болох 3.966.224 төгрөгийг албадан гаргуулж авсан. Харин хариуцагч нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шийдвэрийг биелүүлэхгүй, өнөөдрийг хүрч байна. Улмаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 27.643.242 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлүүлж 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00068 дугаар шийдвэр гарсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны олговор 22.274.447 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэр гарсан ба шийдвэрүүд дээд шатны шүүхүүдээр хянагдсан. Үүнээс хойш хариуцагч мөн л нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд томилсон эрхийн акт гаргахгүй байгаагаас ажилдаа орж чадахгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Урьд гарсан шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч өдрийн 59.005 төгрөгийн, сарын 1.268.614 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь тогтоогддог. Ажил олгогч нэхэмжлэгчийг ажиллуулахгүй, цалин хөлсөөр хохироож байх тул 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 сарын цалин 1.268.614 төгрөг, 1 өдрийн цалин 59.005 төгрөгөөр тооцон нийт 22.835.052 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.У т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.У ын урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд, эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорыг олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ 3.996.224 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард Н.У т олгосон. Н.У ыг ажилд томилох асуудлыг судалж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, эгүүлэн ажилд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар лавлагаа авахад нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар хариу ирүүлсэн тул ажилд томилох асуудлыг шийдвэрлээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж заасан тул нэхэмжлэгчид цалин хөлс олгох үндэслэлгүй байна. Түүнчлэн төсвийн тухай хуулийн 16.5.5-д төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн хуулийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэгтэй. Урьдын шүүхийн шийдвэрээр ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн 2 удаагийн мөнгө нэхэмжлэгчид олгогдоогүй байгаа, төсөв мөнгө байхгүй тул. Иймд нэхэмжлэгч Н.У ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 3 805 842 төгрөгийг гаргуулж олгож, нэхэмжлэгчийн 19 029 210 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн олговор олгосон хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 75 843 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 272 134 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02333 дугаартай шийдвэрт "... ажил олгогч ажилд ажиллуулахгүй, цалин хөлс олгохгүй байгаа тухай асуудлыг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд буюу эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон шүүхэд тавьж шийдвэрлүүлэлгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдал тогтоогдож байна. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан харагдахгүй байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00068 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт "... нэхэмжпэгч Н.У  нь Цагдаагийн ерөнхий газраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжлэх эрхтэй , УДШ-ийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2017/00698 дугаартай тогтоолын хянавал хэсэгт "... Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Ц.Е.Г  нэхэмжлэгч Н.У ыг ажлаар хангаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн хэвээр байгаа ба ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй байна. Ажилтныг ажилд аваагүй, эрх зөрчигдсөн хэвээр тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаа өнгөрөөгүй байна гэж тус тус дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэсэн заалтыг зөрчин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотолж түүнд дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02333 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийн шаардлагаас 19 029 210 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүйг зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Н.У  нь хариуцагч Ц.Е.Г т холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22 835 052 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Н.У  нь Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр, нэхэмжлэгч Н.У ыг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 3 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт 3 996 224 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь зохигчдын тайлбар, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол зэрэг баримтуудаар тус тус тогтоогджээ. /хх-ийн 1-2, 25, 5-17-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Хариуцагч Ц.Е.Г  нь нэхэмжлэгч Н.У ыг шүүхийн шийдвэрээр тогтоосон албан тушаалд өнөөдрийг хүртэл томилоогүй, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн, эрхийн зөрчил үргэлжилж байна гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй нэхэмжлэлийн шаардлагаас 19 029 210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан, нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсанаас хойш 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, Н.У  нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу бодитоор ажлаар хангасан, энэхүү шийдвэр биелэгдсэн гэж үзэх боломжгүй байгаа учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар гаргуулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрт тогтоогдсоноор нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлсийг 1 268 614 төгрөгөөр, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 59 005 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь зөв болно. Харин талуудын хоорондын хөдөлмөрийн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчид олгох ёстой олговрыг 3 сарын хугацаагаар хязгаарлаж, олговорт 3 805 842 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Иймд, ажилтны ажилгүй байсан 18 сарын хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22 835 052 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02333 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн 115.2.2 гэснийг 115.2.1 гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 22 835 052 төгрөгийг гаргуулж Н.У т олгосугай гэж, 2 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.У ын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж өөрчлөн найруулж, 3 заалтын Монгол улсын гэснийг хасч 75 843 гэснийг 272 125 гэж, 4 дэх заалтын Монгол улсын гэснийг хасч өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 253 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ