Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2020/00795

 

Н.У-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02333 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаар магадлалтай,

Н.У-ын нэхэмжлэлтэй,

Цагдаагийн Ерөнхий газарт холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22.835.052 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон,*******, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюуннямын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Н.У- нь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга уг шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 3 сар 12 хоногийн цалинтай тэнцэх олговор болох 3.966.224 төгрөгийг албадан гаргуулж авсан. Харин хариуцагч нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шийдвэрийг биелүүлэхгүй, өнөөдрийг хүрч байна. Улмаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 27.643.242 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлүүлж 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00068 дугаар шийдвэр гарсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны олговор 22.274.447 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэр гарсан ба шийдвэрүүд дээд шатны шүүхүүдээр хянагдсан. Үүнээс хойш хариуцагч мөн л нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд томилсон эрхийн акт гаргахгүй байгаагаас ажилдаа орж чадахгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна. Урьд гарсан шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч өдрийн 59.005 төгрөгийн, сарын 1.268.614 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь тогтоогддог. Ажил олгогч нэхэмжлэгчийг ажиллуулахгүй, цалин хөлсөөр хохироож байх тул 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 сарын цалин 1.268.614 төгрөг, 1 өдрийн цалин 59.005 төгрөгөөр тооцон нийт 22.835.052 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.У-ын урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд, эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорыг олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ 3.996.224 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сард Н.У-т олгосон. Н.У-ыг ажилд томилох асуудлыг судалж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, эгүүлэн ажилд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар лавлагаа авахад нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар хариу ирүүлсэн тул ажилд томилох асуудлыг шийдвэрлээгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно гэж заасан тул нэхэмжлэгчид цалин хөлс олгох үндэслэлгүй байна. Түүнчлэн төсвийн тухай хуулийн 16.5.5-д төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн хуулийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэгтэй. Урьдын шүүхийн шийдвэрээр ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн 2 удаагийн мөнгө нэхэмжлэгчид олгогдоогүй байгаа, төсөв мөнгө байхгүй тул. Иймд нэхэмжлэгч Н.У-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02333 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 3 805 842 төгрөгийг гаргуулж олгож, нэхэмжлэгчийн 19 029 210 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн олговор олгосон хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 75 843 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 272 134 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/02333 дугаар шийдвэрийн удиртгал хэсгийн 115.2.2 гэснийг 115.2.1 гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг баримтлан Цагдаагийн ерөнхий газраас 22 835 052 төгрөгийг гаргуулж Н.У-т олгосугай гэж, 2 дах заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар Н.У-ын дээрх олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай гэж өөрчлөн найруулж, 3 заалтын Монгол улсын гэснийг хасч 75 843 гэснийг 272 125 гэж, 4 дэх заалтын Монгол улсын гэснийг хасч өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 253 100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Болдын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.У-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.У-ыг урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сар 12 хоногийн хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгуулахаар шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Цагдаагийн ерөнхий газраас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2-д заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх 3 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 3.996.224 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сард Н.У-т олгосон. Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилсэн бөгөөд тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Н.У- хариуцагч Цагдаагийн Ерөнхий газарт холбогдуулан ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговорт 22.835.052 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Н.У-ыг урьд эрхэлж байсан Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрийг хариуцагч Цагдаагийн ерөнхий газар биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, уг зөрчил хэвээр үргэлжилж байгаа гэж үзэх тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй.

Дээрх 596 дугаар шийдвэр гарснаас хойш Н.У- ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар шүүхэд хандаж 2 удаа нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байх бөгөөд эдгээр шийдвэр гарсан хэдий ч нэхэмжлэгчийг ажилд томилоогүй учир тэрээр 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлхи олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарах юм.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч сард 1.268.614 төгрөгийн цалин авч байсан нь тогтоогдсон байна. Иймд түүний ажилгүй байсан 18 сарын хугацааны олговорт 22.835.052 төгрөгийг гаргуулж, уг хугацаан дахь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчид даалгасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн “давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 404 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Ж.Болдын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Цагдаагийн Ерөнхий газар нь хяналтын журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ