Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2019/02333

 

                                                                                                                                          

 

 

 

 

 

 

                                   2019         12          20

          182/ШШ2019/02333

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

Нэхэмжлэгч: Хав овогт Нэргүйн У/РД:ЙЮ75020671/, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимп гудамж, 50-14 тоот

Хариуцагч: ЦЕГ, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Самбуугийн гудамж 18, өөрийн байр

 

ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22.835.052 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онон, Х.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номин нар оролцов.

 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Унь Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэр, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 138 дугаар тогтоолоор урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэх ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын дарга уг шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх 3 сар 12 хоногийн цалинтай тэнцэх олговор болох 3.966.224 төгрөгийг албадан гаргуулж авсан.

Харин хариуцагч нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шийдвэрийг биелүүлэхгүй, өнөөдрийг хүрч байна. Улмаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан ажилгүй байсан хугацааны буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговор 27.643.242 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлүүлж 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00068 дугаар шийдвэр гарсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны олговор 22.274.447 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэр гарсан ба шийдвэрүүд дээд шатны шүүхүүдээр хянагдсан. Үүнээс хойш хариуцагч мөн л нэхэмжлэгчийг ажилд томилох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд томилсон эрхийн акт гаргахгүй байгаагаас ажилдаа орж чадахгүй нэхэмжлэгчийг хохироосоор байна.

Урьд гарсан шүүхийн шийдвэрүүдээр нэхэмжлэгч өдрийн 59.005 төгрөгийн сарын 1.268.614 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь тогтоогддог. Ажил олгогч нэхэмжлэгчийг ажиллуулахгүй, цалин хөлсөөр хохироож байх тул 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 сарын цалин 1.268.614 төгрөг, 1 өдрийн цалин 59.005 төгрөгөөр тооцон нийт 22.835.052 төгрөгийг Цагдаагийн ерөнхий газраас гаргуулж нэхэмжлэгчид олгоно уу, мөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Ууганбаярын урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд, эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорыг олгуулахаар шийдвэрлэсэн. Энэ 3.996.224 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард Н.Ууганбаярт олгосон.

Н.Ууганбаярыг ажилд томилох асуудлыг судалж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс түүнийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа эсэх, эгүүлэн ажилд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар лавлагаа авахад нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар хариу ирүүлсэн тул ажилд томилох асуудлыг шийдвэрлээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т “Төрийн албан хаагчид хууль болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэж заасан тул нэхэмжлэгчид цалин хөлс олгох үндэслэлгүй байна.

Түүнчлэн төсвийн тухай хуулийн 16.5.5-д төсвийн захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах, мөн хуулийн 41.2.2-т батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэгтэй. Урьдын шүүхийн шийдвэрээр ажил олгогчоос гаргуулахаар шийдвэрлэсэн 2 удаагийн мөнгө нэхэмжлэгчид олгогдоогүй байгаа, төсөв мөнгө байхгүй тул.

Иймд нэхэмжлэгч Н.Ууганбаярын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх нэхэмжлэл, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 181 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 250 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2015 оны 09 сарын 28-ны өдрийн 209 дугаар тогтоол, Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны 03 сарын 25-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх тухай тушаал, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн даргын 2016 оны 04 сарын 15-ны өдрийн нөхөн олговрын мөнгө гаргах тухай тушаал зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                                ҮНДЭСЛЭХ НЬ:

 

 

Нэхэмжлэгч Н.Унь хариуцагч ЦЕГт холбогдуулж ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 22.835.052 төгрөгийг гаргуулах, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа тул ажилд томилоогүй, өөрөө заавал Эрүүгийн цагдаагийн газрын даргын ажилд орно гэдэг, нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж тайлбарлан мэтгэлзэж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 596 дугаар шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 526 дугаар тушаалын Н.Ууганбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Н.Ууганбаярын урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил, албан тушаалд, эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 3 сар 12 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговрыг олгуулахаар шийдвэрлэж, уг 3.996.224 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сард Н.Ууганбаярт олгосон нь шүүхийн шийдвэр, талуудын тайлбараар тогтоогдож байна. Н.Унь урьд Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байжээ.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүх 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2017/00068 дугаар шийдвэрээр 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговорт ажил олгогчоос 27.643.242 төгрөг, мөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2018/01280 дугаар шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт ажил олгогчоос 22.274.447 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас нэхэмжилсэн байх ба ажил олгогч ажилд ажиллуулахгүй, цалин хөлс олгохгүй байгаа тухай асуудлыг нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан хугацаанд буюу эрхээ зөрчигдсөнөөс хойш 3 сарын хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах зөвлөл болон шүүхэд тавьж шийдвэрлүүлэлгүй хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байдал тогтоогдож байна. Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаан харагдахгүй байна.

Нэхэмжлэгч урьд шүүхийн шийдвэрийг хянуулж байсан байдлыг харгалзан ажил олгогч-Цагдаагийн ерөнхий газраас 3 сарын цалин хөлстэй тэнцэх олговор болох 3.805.842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийг даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчийн цалин хөлсний дунджийг түрүүчийн шүүхийн шийдвэрт заасан дунджаар тооцсон болно.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

                                                                                                         ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-ийг баримтлан ЦЕГ 3.805.842 төгрөгийг гаргуулж олгож, нэхэмжлэгчийн 19.029.210 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн олговор олгосон хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон төлөхийг хариуцагчид даалгасугай.

3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжинд 75.843 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 272.134 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

4. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 7 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                     

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                          С. БУД