| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 171/2021/0129/Э |
| Дугаар | 0055 |
| Огноо | 2022-06-08 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 0055
Б.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Д
Шүүгдэгч Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б /цахим/
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж, ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч С.Б нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овогт Б-н Б,
Б.Б нь “М гар утас”, “За”, “Тэди гар утас” гэх фейсбүүк хаяг буюу цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан “гар утас хямдралтай үнээр зарна” гэж хуурч,
2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Г-с иргэн Э.М-н Хаан банкны дансаар 2.260.000 төгрөг,
2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.М-с Х.Д-н Хаан банкны дансаар 335.000 төгрөг,
2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.М-с Э.М-н Хаан банкны дансаар 425.000 төгрөг,
2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Х.Б-с Д.Б-ны Хаан банкны дансаар 1.250.000 төгрөг,
2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн Б.Ц-с Ё.Б-н дансаар 1.120.000 төгрөг,
2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн Д.Н-с Э.М-н Хаан банкны дансаар 530 000 төгрөг,
2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.П-с Б.А-н дансаар 425.000 төгрөг
2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр иргэн Э.Ч-с Х.Д-н Хаан банкны дансаар 980 000 төгрөг,
2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр иргэн М.У, Б.А нараас М.А-н дансаар 885.000 төгрөг,
2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн О.Н-с Э.М-н Хаан банкны дансаар 572.000 төгрөг,
2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн М.О-с иргэн Э.М-н Хаан банкны дансаар 850.000 төгрөг,
2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэн Д.С-с Д.Б-ны Хаан банкны дансаар 540.000 төгрөг,
2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэн М.О-с Б.С-н дансаар 330.000 төгрөгийг төгрөгийг залилж авч, нийт 14 хүнд 10.502.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овгийн Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад заасан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 493 дугаар шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н цагдан хоригдсон 314 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бэс 3.477.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Г-т 1.900.000 төгрөг, хохирогч Х.Б-д 15.000 төгрөг, хохирогч Б.Ц-д 100.000 төгрөг, хохирогч Д.Н-д 530.000 төгрөг, хохирогч Э.Ч-т 780.000 төгрөг, хохирогч О.Н-т 2.000 төгрөг, хохирогч М.О-т 150.000 төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Iphone” загварын гар утсыг зарж, борлуулан хохиролд тооцуулахаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо:
... нийт 10 сая 502 мянган төгрөгийн хохиролтой байснаас хэрэг шийдэгдэх явцад 4 сая 500 мянган төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 6 сая 2 мянган төгрөгийг шийтгэгдсэний дараа бүрэн төлж барагдуулсан учир давж заалдах хүсэлтэй байгаа тул гомдлыг хүлээн авна уу гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б давж заалдах гомдолдоо:
... Б.Б-н тухайд гэм буруу болон хохирлын талаар маргадаггүй. Шүүхээс хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаа болон анхан шатны шүүхийн шийдвэр гаргаснаас хойш хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг хэрэглэж Б.Бд шүүхээс оногдуулсан 5 жилийн хорих ялыг хуульд заасан хэмжээгээр багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Б тайлбартаа: Хохирогч нарт учруулсан хохирлоо төлж барагдуулсан тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б тайлбартаа: Шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгийг журамлан хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч С.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь гар утас зарна гэж нэр бүхий 14 хохирогч нарт нийт 10.502.000 төгрөгийн хохирол учруулан хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “гар утас хямдралтай зарна” гэж “М гар утас”, “З”, “Тэди гар утас” гэх фейсбүүк цахим хаяг ашиглаж хохирогч нарт итгэл төрүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч мэхлэн хохирогч нараас нийт 10.502.000 төгрөгийг нэр бүхий хүмүүсийн Хаан банкны данс руу шилжүүлэн авч залилан авсан мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа ба шүүгдэгч гэм буруугийн тал дээр маргаагүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ сонгон оногдуулж байгаа ялын төрөл хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн байдал зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгодог.
Шүүгдэгч Б.Бд анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохирсон байна.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалтыг шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хохирол нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж болохоор хуульчилсан.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч зарим хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээг давж заалдах шатны шүүх хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч С.Б нарын ... хорих ялыг багасгаж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэрэг давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байх хугацаанд карт эзэмшигч С У гэсэн данснаас хохирогч Б.Г-н данс руу 1.900.000 төгрөгийг Б.Б хохирол гэсэн утгаар шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбарыг ирүүлсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Г-т хохирол 1.900.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА