Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 438

 

 

 

 

 

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2020/00438

 

 

А.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00071 дугаар шийдвэртэй,

А.Аийн нэхэмжлэлтэй, Б.Эд холбогдох нотариатын үйлдэл хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Орхон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Учралбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэл, тайлбарт: 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэг талаас Эс эс жи пи ХХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэн А.А, нөгөө талаас Их Британи улсын хуулийн этгээд Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийг төлөөлөн Ч.Отгонжаргал нарын хооронд Монгол Улсын хуулийн этгээд Эс эс жи пи ХХК-ийн нийт энгийн хувьцааны 50 хувийг шилжүүлэхээр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу байхад Монголын нотариатчдын танхимын гишүүн, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Э нотариатын үйлдэл хийж, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон Компанийн эрх шилжүүлэх гэрээний үнэн зөвийг гэрчилсэн. А.Аийн хувьд ч тухайн үед хуулийн мэдлэггүйгээс гэрээний баримт бичгийн бүрдлийг нотариатч шалгасан тул хуулийн шаардлага хангаж байгаа гэж үзээд гэрээгээ нотариатаар батлуулсан юм. Гэвч нотариатын уг үйлдэл нь Нотариатын тухай хуулийг зөрчсөн хууль бус үйлдэл байна. Гэрэ байгуулах үед Их Британи улсын хуулийн этгээд Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийг Ч.Отгонжаргал төлөөлж гэрээ байгуулж, гэрээнд гарын үсэг зурсан байх боловч, Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ээс Ч.Отгонжаргалд гэрээ байгуулах эрх олгосон ямар нэгэн итгэмжлэл байхгүй, Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийн дүрэм, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эсхүл гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигчийн талаар мэдээлэл байхгүй, Их Британи улсад ийм хуулийн этгээд бүртгэлтэй талаар нотолгоо баримт байхгүй байхад нотариатч гэрээг гэрчилсэн нь хууль бус байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Нотариатч дараах тохиолдолд үйлдэл хийхээс татгалзана гээд 31.1.1 үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;, 31.1.4. Үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал гэж, 37 дугаар зүйлийн 37.1-т Нотариатч нь үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана гэж тус тус заажээ. Гэтэл нотариатч Б.Э гэрээний нэг тал болох Их Британи улсын хуулийн этгээд Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийн үндсэн материалыг шалгаагүй, Ч.Отгонжаргал нь Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийг төлөөлөх эрхтэй болохоо нотолсон баримтаа нотариатад гаргаж үзүүлээгүй, гэрээнд хавсаргаагүй байхад гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн хууль бус үйлдэл болжээ. Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.4 дэх заалт, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээний бүртгэлийн 472 тоот дугаарт бүртгэн Компанийн эрх хувьцаа худалдах худалдан авах гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээний бүртгэлийн 469 тоот дугаарт бүртгэн Компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх боловч нотариатч дээр А.А, Ч.Отгонжаргал, Р.Эрдэнэбаяр нар бүгд ирсэн. Эдгээр хүмүүс нь Эс эс жи пи ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар бөгөөд харин Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийн ганц хувьцаа эзэмшигч бөгөөд захирал нь А.А байсан. А.А нь Эс эс жи пи ХХК-д эзэмшдэг хувьцаагаа Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-д шилжүүлэх хэлцэл хийх болоход өөрөө өөртэйгөө гэрээ байгуулах нөхцөл байдал үүссэн тул Ч.Отгонжаргалд итгэмжлэл олгосон байдаг. Итгэмжлэл дээр Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийн тамга байхгүй нь үнэн. Нотариатчийн журнал дээр Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийн тамга дарагдсан. А.А нь юу хийж байгаагаа ойлгож байсан бөгөөд нотариатч тухайн үед шалгаж, холбогдох баримт бичгийг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн. А.А нь тухайн үед Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийн захирал нь байсан бөгөөд одоо иргэний хувиар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Ч.Отгонжаргалд итгэмжлэл олгосон нь хүчинтэй эсэхийг Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/ өөрөө тайлбарлах байх. А.А нь тухайн үед Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийг төлөөлөх цорын ганц эрх бүхий этгээд нь байсныг нотолсон баримтууд хэрэгт авагдсан. А.А нь мөн Ч.Отгонжаргал, Р.Эрдэнэбаяр нарын эзэмшлийн хувьцааг мөн авсан байдаг. Энэ талаар огт ярьдаггүй. 2016 оны 08 сарын 31-ний өдрийн баталгааны хуудас мөн хэрэгт авагдсан. Энэ баталгаагаар гэрээний талаар ямар нэгэн маргаангүй зөвшөөрч байна гэсэн баримт үйлдсэн байдаг ба хууль ёсны гэдгийг нь зөвшөөрч баталгаа гаргасан байдаг. Нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгчийн тайлбарт: Нэхэмжлэгч Айлуш овогтой Алтанхуягийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: А.А нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Британийн Виржины арлуудад бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд компанийн цорын ганц хувьцаа эзэмшигчээр, захирлаар тус тус бүртгэгдсэн болно. Улмаар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Шайнинг платинум лимитэд компанид эзэмшиж буй хувьцаагаа 100 хувь Оливэр Энтони Рэмсботтомд шилжүүлсэн. 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.А нь Монгол Улсад бүртгэлтэй Эс эс жи пи ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах, эрх шилжүүлэх гэрээ байгуулж байх үед тэрээр Шайнинг платинум лимитэд компанийн цорын ганц 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Шайнинг платинум лимитэд компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, захирал А.А нь Шайнинг платинум лимитэд компанийг төлөөлөх итгэмжлэлийг олгох бүрэн эрхтэй цорын ганц этгээд бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Эс эс жи пи ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах, эрх шилжүүлэх гэрээ байгуулах итгэмжлэлийг Ч.Отгонжаргалд олгосон. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А.А, Ч.Отгонжаргал, Р.Эрдэнэбаяр нар нь баталгааны хуудас үйлдэж, Эс эс жи пи ХХК-ийн хувьцааг худалдан авсан Шайнинг платинум лимитэд компанид хүргүүлсэн болно. Уг баталгааны хуудсын 5 дугаар зүйлд Худалдан авагч нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдэд заасан шаардлагыг зохих ёсоор бүрэн гүйцэд биелүүлж, хангасан болохыг худалдагч тус бүр үүгээр хүлээн зөвшөөрч байна., 6 дугаар зүйлд Худалдагчид эсхүл компани нь худалдан авагч болон худалдан авагчийн хувьцааны өмчлөх эрхтэй холбогдуулан худалдан авагчийн эсрэг ямар нэгэн хүсэлт, гомдол гаргаагүй, гаргахгүй, эсхүл шүүхийн, арбитрын болон захиргааны журмаар ямар нэгэн маргаан үүсгээгүй, үүсгэхгүй болно. гэж тус тус баталгаа гаргасан байна. Өөрөөр хэлбэл, 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Эс эс жи пи ХХК-ийн 50 хувийн хувьцааг худалдах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч Шайнинг платинум лимитэд компани бүрэн биелүүлсэн, худалдагч А.А нь Шайнинг платинум лимитэд компанийн эсрэг хувьцаа худалдах гэрээтэй холбогдуулан ямар нэгэн гомдол байхгүй, маргаан үүсгээгүй, үүсгэхгүй болохоо баталсан. Гэтэл өнөөдөр Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Эгийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэлд гомдол гаргаж байгаа нь дээрх баталгаагаа зөрчсөн үйлдэл ба хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах зорилготой бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн Шайнинг платинум лимитэд компанийн эрх ашгийг шууд хохироох зорилгоор гаргасан гомдол гэж үзэж байна. Иймд А.Аийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч А.Аийн хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Эд холбогдуулан гаргасан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.А болон Британийн Виржини аралд бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс 2019 оны 09 сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тодруулбал: Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ: ".... А.А нь нотариатын үйлдэл хийлгэх үедээ Шайнинг платинум лимитэд компанийн тамга, тэмдгийг биедээ авч явсан, холбогдох гэрээ хэлцэлд компанийн нэрийн өмнөөс гарын үсэг зурсан, компанийн тамга тэмдгийг гэрээ хэлцэлд дарсан, Шайнинг платинум лимитэд компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд захирлын хувиар итгэмжлэл гэрчлүүлэх болон гэрээ хэлцэл гэрчлүүлэх ажиллагаанд биечлэн оролцсон байна гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т Нотариатч дараах тохиолдолд үйлдэл хийхээс татгалзана, 31.1.1 Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал, 31.1.4-т Үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал, 37 дугаар зүйлийн 37.1-т Нотариатч нь үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана гэж тус тус заасан байдаг. Гэтэл нотариатч нотариатын үйлдэл хийхдээ хуульд нийцүүлэх үүргээ биелүүлээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй, Шайнинг платинум лимитэд ХХК-ийг Ч.Отгонжаргал төлөөлөх эрхээ хуульд заасан журмын дагуу нотлоогүй байхад Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн байна. Тодруулбал: хариуцагч Шайнинг платинум лимитэд ХХК-иас Ч.Отгонжаргалд ямар нэгэн итгэмжлэл олгогдоогүй байхад Эс Эс Жи Пи ХХК-ийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн байна. Хэдийгээр хариуцагч Шайнинг платинум лимитэд ХХК-иас иргэн Ч.Отгонжаргалд итгэмжлэл олгогдсон гээд 2016 оны 02 сарын 15-ны өдрийн итгэмжлэл гэх баримтыг үзүүлдэг боловч уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасан ... хуулийн этгээдийн эрх баригч, эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх-д заасан шаардлага хангаагүй байдаг. тус итгэмжлэлээр иргэн Ч.Отгонжаргалд Шайнинг платинум лимитэд ХХК-ийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд хариуцагч Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.4, 37.1 зөрчиж 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г бүртгэлийн 469 дугаарт, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г бүртгэлийн 472 дугаарт бүртгэн гэрээг гэрчилсэн нь хууль бус байна. Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, 31.1.4, 37.1, Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасныг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 03-ны өдрийн Дугаар 181/ШШ2020/00071 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.Эд холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.А болон Британийн Виржини аралд бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч А.А нь Ч.Отгонжаргалд 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлд Иргэний хуулийн 62.3 дахь хэсгийн заалтыг үндэслэн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсан 25-12 тоот хаягт оршин суугаа Айлуш Алтанхуяг би энэхүү итгэмжлэлийн дагуу Shining platinum limited-г төлөөлж Эс эс жи пи ХХКомпанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Төгөл хаус 4-12 тоот хаягт оршин суугаа Ч.Отгонжаргалд 1 /нэг/ сарын хугацаагаар итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр А.А болон Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнд Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/-ийг төлөөлж Ч.Отгонжаргал гарын үсэг зурсан үйл баримт зохигчдын тайлбар болон итгэмжлэл, гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. / хх-ийн 6-8, 97 дугаар тал/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу А.А, Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/ ХХК-ийг төлөөлж Ч.Отгонжаргал нар Эс эс жи пи ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр А.А нь өөрийн эзэмшдэг Эс эс жи пи ХХК-ийн 50 хувь хувьцааг болон эрхийг Шайнинг платинум лимитэд ХХК-д шилжүүлжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Э нь 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гэрээний бүртгэлийн 472 тоот дугаарт бүртгэн Компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээг, Компанийн эрх шилжүүлэх гэрээг бүртгэлийн 469 тоот дугаарт бүртгэн тус тус гэрчилсэн байна./хх-101-106/

Ийнхүү итгэмжлэл олгох, гэрээ байгуулах үйл явдлыг нотариатч Б.Э гэрчлэх үед буюу 2016 оны 02 сарын 15-ны өдрийн байдлаар А.А нь Шайнинг платинум лимитэд ХХК-ийн хувьцааг эзэмшиж, захирлын албан тушаалд ажиллаж байсан болох нь тус компанийн захирлуудын мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн баримт зэргээр нотлогдсон./хх-47-48,66-67/ Мөн хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож буй Шайнинг платинум лимитэд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нь 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 03 сарын 15-ны өдөр хүртэл уг компанийн цорын ганц, 100 хувийн хувьцаа эзэмшигчээр, захирлаар бүртгэлтэй байсан болохыг тайлбарласан. /хх-138/

Хэргийн 97 дугаар талд авагдсан А.Ааас Ч.Отгонжаргалд 2016 оны 02 сарын 15-ны өдөр олгосон итгэмжлэлд Шайнинг платинум лимитэд ХХК-ийг төлөөлж Эс эс жи пи ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг олгож байгаа талаар тодорхой дурджээ./хх-97/ Нэхэмжлэгч дээрх итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус болох талаар тухайлан шаардаагүй байна. Тухайн итгэмжлэлийг Шайнинг платинум лимитэд ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн олгосон гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүх А.Ааас Ч.Отгонжаргалд 2016 оны 02 сарын 15-ны өдөр олгосон энэхүү итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.2-т заасан шаардлагыг зөрчөөгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, Шайнинг платинум лимитэд ХХК нь Эс эс жи пи ХХКомпанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж Ч.Отгонбаяр гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлийг эсэргүйцээгүй байх ба Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт заасны дагуу төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн. А.Ааас Ч.Отгонжаргалд олгосон 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/ ХХК-ийг төлөөлж Эс эс жи пи ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл, А.А болон Шайнинг платинум лимитэд компани /Shining platinum limited/ ХХК-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.1.4, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00071 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Б.НАРМАНДАХ