Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00040

 

  

А.Алтанхуягийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00071 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2020/00438 дугаар магадлалтай, 

А.Алтанхуягийн нэхэмжлэлтэй,

Б.Энхээд холбогдох

Нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Орхон, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Учралбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч А.Алтанхуяг нь хариуцагч Б.Энхээд холбогдуулан 2016.02.15-ны өдөр А.Алтанхуяг болон Британийн Виржини аралд бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд ХХК /Shining platinum limited/-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах- худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, мэтгэлцжээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00071 дүгээр шийдвэрээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь заалтыг баримтлан А.Алтанхуягийн хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээд холбогдуулан гаргасан 2016.02.15-ны өдөр А.Алтанхуяг болон Британийн Виржини аралд бүртгэлтэй Шайнинг платинум лимитэд ХХК /Shining platinum limited/-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс 2019.09.25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2020/00438 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00071 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.  

3. Нэхэмжлэгч А.Алтанхуяг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1-д үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал, 31.1.4 дэх хэсэгт үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт Нотариатч нь үйлчлүүлэгч, түүний эрх залгамжлагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгана гэж тус тус заасан байдаг. Нотариатч нотариатын үйлдэл хийхдээ хуульд нийцүүлэх үүргээ огт биелүүлээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй, Шайнинг платинум лимитэд ХХК-ийг Ч.Отгонжаргал төлөөлөх эрхээ хуульд заасан журмын дагуу нотлоогүй байхад Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн байна. Тодруулбал, Шайнинг платинум лимиэд ХХК-аас Ч.Отгонжаргалд ямар нэгэн байдлаар итгэмжлэл олгогдоогүй байхад Эс Эс Жи Пи ХХК-ийн Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г гэрчилсэн байна. Хэдийгээр Шайнинг платинум лимитэд ХХК-аас иргэн Ч.Отгонжаргалд итгэмжлэл олгогдсон гээд 2016.02.15-ны өдрийн итгэмжлэл гэх баримтыг үзүүлдэг боловч уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т зааснаар ...хуулийн этгээдийн эрх баригч, эрх баригчаас гадна нягтлан бодогчийн гарын үсэг зурж, тамга дарсан байхад заасан шаардлага хангаагүй байдаг. Тус итгэмжлэлээр Ч.Отгонжаргалд Шайнинг платинум лимитэд ХХК-ийг төлөөлөх эрх олгосон итгэмжлэл гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1., 31.1.4, тус хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчиж 2016.02.15-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ бүртгэлийн 472 дугаарт бүртгэн гэрчилсэн нь хууль бус байна. Мөн Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасныг буруу тайлбарлаж, хууль зүйн үндэслэлгүй магадлал гаргасан. гэжээ.

ХЯНАВАЛ: 

4. Нэхэмжлэгч А.Алтанхуягын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

5. А.Алтанхуяг нь ...2016.02.15-ны өдөр олгосон итгэмжлэл нь иргэн А.Алтанхуягаас олгогдсон болохоос бус Шайнинг платинум лимитэд ХХК /Shining platinum limited/-аас олгогдоогүй, Шайнинг платинум лимитэд ХХК /Shining platinum limited/-ийн тамга тэмдэг дарагдаагүй, ...Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т заасан хуулийн этгээдийн эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх, нягтлан бодогч гарын үсэг зурсан байх шаардлага хангагдаагүй, ...Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т зааснаар үйлчлүүлэгч нь төлөөлөх эрхгүй байвал нотариатын үйлдэл хийхээс татгалзах үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан баримт бичиг гэрчлэхдээ тэдгээрт холбогдох бусад үндсэн материалыг шалгах үүргээ биелүүлээгүй тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох ёстой... гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Б.Энхээ нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...Эрхгүй этгээд гэрээ байгуулсан гэх боловч нотариатч дээр А.Алтанхуяг, Ч.Отгонжаргал, Р.Эрдэнэбаяр нар бүгд ирсэн. ...Итгэмжлэл дээр Шайнинг платинум лимитэд ХХК /Shining platinum limited/-ийн тамга байхгүй нь үнэн. Нотариатчийн журнал дээр Шайнинг платинум лимитэд ХХК /Shining platinum limited/-ийн тамга дарагдсан. ...нотариатч тухайн үед шалгаж, холбогдох баримт бичгийг үндэслэн нотариатын үйлдэл хийсэн. ...А.Алтанхуяг нь тухайн үед Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/-ийг төлөөлөх цорын ганц эрх бүхий этгээд нь байсныг нотолсон баримтууд хэрэгт авагдсан... гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Шайнинг платинум лимитэд ХХК /Shining platinum limited/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Учралбаяр ...А.Алтанхуягийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү... гэсэн тайлбарыг гаргажээ. 

6. Хэрэгт авагдсан А.Алтанхуяг нь Ч.Отгонжаргалд 2016.02.15-ны өдөр олгосон итгэмжлэлээс үзэхэд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасныг үндэслэн Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Зайсан 25-12 тоот хаягт оршин суугаа А.Алтанхуяг би энэхүү итгэмжлэлийн дагуу Shining platinum limited-г төлөөлж Эс эс жи пи ХХКйн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Төгөл хаус 4-12 тоот хаягт оршин суугаа Ч.Отгонжаргалд 1 /нэг/ сарын хугацаагаар итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлийг үндэслэн 2016.02.15-ны өдөр А.Алтанхуяг болон Шайнинг платинум лимитэд ХХК /Shining platinum limited/-ийн хооронд Компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээнд Шайнинг платинум лимитэд ХХК /Shining platinum limited/-ийг төлөөлж Ч.Отгонжаргал гарын үсэг зурсан үйл баримт зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогджээ. 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1заасны дагуу А.Алтанхуяг, Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/ ХХК-ийг төлөөлж Ч.Отгонжаргал нар Эс эс жи пи ХХК-ийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, уг гэрээгээр А.Алтанхуяг нь өөрийн эзэмшдэг Эс эс жи пи ХХК-ийн хувьцааг болон эрхийг Шайнинг платинум лимитэд ХХК-д шилжүүлсэн байна. 

Хариуцагч Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Энхээ нь 2016.02.15-ны өдөр гэрээний бүртгэлийн 472 тоот дугаарт, Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг, Компанийн эрх шилжүүлэх гэрээг бүртгэлийн 469 тоот дугаарт бүртгэн тус тус гэрчилжээ. 

Ийнхүү итгэмжлэл олгох, гэрээ байгуулах үйл явдлыг нотариатч Б.Энхээ гэрчлэх үед буюу 2016.02.15-ны өдрийн байдлаар А.Алтанхуяг нь Шайнинг платинум лимитэд ХХК-ийн хувьцааг эзэмшиж, захирлын албан тушаалд ажиллаж байсан болох нь тус компанийн захирлуудын мэдээлэл, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн баримт зэргээр нотлогдсон байна.  

Анхан болон давж заалдах шатны шүүхийн А.Алтанхуягаас Ч.Отгонжаргалд 2016.02.15-ны өдөр олгосон итгэмжлэлд Шайнинг платинум лимитэд ХХК-ийг төлөөлж Эс эс жи пи ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг тодорхой дурдсан, Шайнинг платинум лимитэд ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлэн олгосон үйл баримтын талаар хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцжээ. 

7. Шайнинг платинум лимитэд ХХК нь Эс эс жи пи ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд төлөөлж Ч.Отгонжаргал гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлийг эсэргүүцээгүй байх тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1заасны дагуу төлөөлөх бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. 

А.Алтанхуягаас Ч.Отгонжаргалд 2016.02.15-ны өдөр олгосон итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, 64.2.2-т тус тус заасан шаардлагыг зөрчөөгүй гэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

8. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэхэд Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/ ХХК-ийг төлөөлж Эс эс жи пи ХХК-ийн эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах-худалдан авах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэл, А.Алтанхуяг болон Шайнинг платинум лимитэд /Shining platinum limited/ ХХК-ийн хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа худалдах-худалдан авах тухай гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 31.1.4, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. 

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гарсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хэрэгжүүлж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэжээ. 

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Алтанхуягын гомдлыг хангахгүй орхив.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00071 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2020/00438 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч А.Алтанхуягийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦОЛМОН 

                             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                                                   ШҮҮГЧИД                       П.ЗОЛЗАЯА 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД