Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 640

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00640

 

 

Т.Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, Д.Цогтсайхан, шүүгч, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн хариуцагч Н  ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 455 947 268.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Б ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н  ХХК нь Т.Бнаас 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 106300140344 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 970 000 000 төгрөгийг жилийн 27.60 хувь, сарын 2.30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж, 89/1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206049531 дугаартай, 156.24 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж 89/1, 2 дугаар давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206049532 дугаартай, 156.24 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж 89/1, 3 дугаар давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206049534 дугаартай, 156.24 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж 89/1, 4 дүгээр давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206049536 дугаартай, 156.24 метр квадрат талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт байрлах нэгж талбарын 18640308292390 дугаартай аж ахуйн зориулалттай 1135 метр квадрат талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 12 000 000 төгрөг, үндсэн хүүнээс 104 215 687.92 төгрөг, нийт зээлийн хүүгийн төлбөрт 116 215 687.92 төгрөгийг төлсөн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдэл, шаардлагуудыг гардуулан мэдэгдсэн. Зээл нь Тусгай активын албанд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын А/197 тоот тушаалаар шилжиж ирсэн. Иймд зээлдэгчтэй байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 106300140344 тоот зээлийн гэрээг шүүхэд өгөх өдрөөр хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 958 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 488 210 372.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9 736 896.33 төгрөг, нийт 1 455 947 268.57 төгрөгийг Н  ХХК-иас гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд манай компанийн зүгээс нийт 116 000 000 төгрөг төлсөн. Сардаа 23 000 000-24 000 000 орчим төгрөгийг төлсөн. Эхний хэдэн сарыг ийм байдлаар хийсэн. Манайхаас ирэх оноос байдал хүндрэх бололтой учраас хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах эсвэл нөхцлөө хөнгөвчлөх арга хэмжээ авч өгнө үү гэж эхлээд амаар сүүлд нь бичгээр хүссэн. Нэхэмжлэгч талаас эхлээд хүүгээ төлнө үү, хүүгээ төлсөний дараа ярилцана гэсэн. Иймээс би хүүгээ төлсөн. Гэтэл янз бүрийн шалтгаан хэлж дараагийн хүү төлөх хугацаа болдог. Иймээс миний хүсэлтийг авч хэлэлцэлгүй байсаар ийм байдалд хүрсэн. Зээл авсан нь үнэн, төлөх нь мөн үнэн учраас уян хатан байна уу гэжээ

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 106300140344 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Н  ХХК /РД:2701804/-иас 1 455 947 268,57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Б ХХК /РД:5341469/-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Н  ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049531, Ү-2206049532, Ү-2206049534, Ү-2206049536 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар, Үйлдвэр ажилчны гудамж 89/1 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэгт байрлах нэгж талбарын 18640308292390 дугаартай аж ахуйн зориулалттай 1135 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 507 887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 7 507 887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбаяр давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дуусахаар байгаа бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 12 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 104 215 687 төгрөг төлсөн ба шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийж тусгаагүй. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг манай компаниас огт шаардаж байгаагүй бөгөөд бидний зүгээс 5 удаа зээлийн гэрээгээр тохиролцсон гэх хүүг багасгаж өгөх талаар албан бичиг хүргүүлж байсан боловч бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй. Мөн шүүх нь гэрээгээр тохирсон хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүгийн хэмжээг багасгаж бодох боломжтой байсан ч манай хүсэлтийг анзаарч үзээгүй юм. Зээлийн гэрээгээр тохирсон үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээр бүхэлд нь хангаж шийдсэн шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн ...хариуцагч Н  ХХК-аас 1 455 947 268.57 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгосугай гэснийг хариуцагч Н  ХХК-аас зээлийн үндсэн хүүгийн төлбөр 488 210 372.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9 736 896.33 төгрөгийг хасаж, үндсэн зээл 958 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Б ХХК-д олгосугай гэж өөрчлөлт оруулж өгөх гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар гаргаж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Т.Б ХХК нь хариуцагч Н  ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 455 947 268.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Т.Б ХХК нь Н  ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 106300140344 тоот зээлийн гэрээ байгуулж хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар 970 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 27,60 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Н  ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр тохиролжээ. Мөн өдрийн барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож С.Отгонбаяр, Б.Өнөрцэнгэл нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, 89/1-3 тоот Ү-2206049534 улсын бүртгэлийн дугаартай, 89/1/2 тоот хаягт байрлах Ү-22006049532 улсын бүртгэлийн дугаартай, 89/1 тоот хаягт байрлах Ү-2206049534 улсын бүртгэлийн дугаартай, 89/1/4 тоот хаягт байрлалтай Ү-2206049536 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалж зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 10-20 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1,156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт буюу үндсэн зээлийн төлбөрт 12 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 104 215 687 97 төгрөгийг төлсөн болох нь 2018 оны 10 сарын 31-ний өдрөөс огт төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн нь хэргийн 16 дугаар талд авагдсан зээл, хүүгийн тооцооны хуудас болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна./хх-16/

Нэхэмжлэгч Т.Б ХХК-ийн зээлдэгчид зээлийн төлбөрийг барагдуулах тухай мэдэгдэж байсан, үүргээ гүйцэтгэхийг сануулсан, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй байна.

Дээрх гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөнийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэхгүй, хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй тул нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй, зээлдэгчийг төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс зээлдүүлэгч гэрээнээс татгалзсан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт нийцнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт ... зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт Зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол ...нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу зээлийн гэрээний 2.1.5-д үндсэн зээл, хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон байх тул эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээлийн төлбөрт тооцсон хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцож шаардсан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй.

Талууд зээлийн хүүг гэрээнд харилцан тохиролцож тогтоосон тул хариуцагчийг зээлийн хүүгийн хэмжээг багасгаж бодох боломжтой гэх гомдол үндэслэлгүй, энэ талаар шүүх Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцүүлэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл болон зээлийн хүүгийн тооцооллыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 958 000 000 төгрөг, хуримтлагдсан хүү 488 210 372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 736 896 төгрөг, нийт 1 455 947 268 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй бөгөөд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Иймд, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 647 686 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Б.НАРМАНДАХ