Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2021/01513

 

  

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Л.Атарцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 640 дүгээр магадлалтай,

 

Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нямсүлд ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээ-ний үүрэгт 1,455,947,268.57 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батгэрэл, М.Батсүх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Нямсүлд ХХК нь Төрийн банкнаас 2017.07.26-ны өдөр дугаар 106300140344 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 970,000,000 төгрөгийг жилийн 27.60 хувь, сарын 2.30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж, 89/1 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206049531 дугаартай, 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж 89/1, 2 дугаар давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206049532 дугаартай, 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж 89/1, 3 дугаар давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206049534 дугаартай, 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр ажилчны гудамж 89/1, 4 дүгээр давхар тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206049536 дугаартай, 156.24 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт байрлах нэгж талбарын 18640308292390 дугаартай аж ахуйн зориулалттай 1135 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 12,000,000 төгрөг, үндсэн хүүнээс 104,215,687.92 төгрөг, нийт зээл,хүүгийн төлбөрт 116,215,687.92 төгрөгийг төлсөн бөгөөд 2018.10.31-ний өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдэл, шаардлагуудыг гардуулан мэдэгдсэн. Зээл нь Тусгай активын албанд 2018.05.31-ний өдрийн гүйцэтгэх захирлын А/197 тоот тушаалаар шилжиж ирсэн. Иймд зээлдэгчтэй байгуулсан 2017.07.26-ны өдрийн 106300140344 тоот зээлийн гэрээг шүүхэд өгөх өдрөөр хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 958,000,000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 488,210,372.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,736,896.33 төгрөг, нийт 1,455,947,268.57 төгрөгийг Нямсүлд ХХК-иас гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд манай компанийн зүгээс нийт 116,000,000 төгрөг төлсөн. Сардаа 23,000,000-24,000,000 орчим төгрөгийн төлөлт хийгддэг. Эхний хэдэн сарыг ийм байдлаар хийсэн. Манайхаас ирэх оноос байдал хүндрэх бололтой учраас хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах эсвэл нөхцөлөө хөнгөвчлөх арга хэмжээ авч өгнө үү гэж эхлээд амаар сүүлд нь бичгээр хүссэн. Нэхэмжлэгч талаас эхлээд хүүгээ төлнө үү, хүүгээ төлсний дараа ярилцана гэсэн. Иймээс би хүүгээ төлсөн. Гэтэл янз бүрийн шалтгаан хэлж дараагийн хүү төлөх хугацаа болдог. Иймээс миний хүсэлтийг авч хэлэлцэлгүй байсаар ийм байдалд хүрсэн. Зээл авсан нь үнэн, төлөх нь мөн үнэн учраас уян хатан байна уу гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 106300140344 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Нямсүлд ХХК-иас 1,455,947,268.57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Нямсүлд ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206049531, Ү-2206049532, Ү-2206049534, Ү-2206049536 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 3 дугаар, Үйлдвэр ажилчны гудамж 89/1 тоот хаягт байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэгт байрлах нэгж талбарын 18640308292390 дугаартай аж ахуйн зориулалттай 1,135 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,507,887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нямсүлд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 7,507,887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 640 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,647,686 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022.07.16-ны өдөр дуусахаар байгаа бөгөөд 2017.07.26-ны өдрөөс 2018.10.31-ний өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 12,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 104,215,687.92 төгрөг төлсөн ба шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийж тусгаагүй. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг манай компаниас огт шаардаж байгаагүй бөгөөд бидний зүгээс 5 удаа зээлийн гэрээгээр тохиролцсон гэх хүүг багасгаж өгөх талаар албан бичиг хүргүүлж байсан боловч бидэнд ямар нэгэн хариу өгөөгүй юм. Мөн шүүх нь гэрээгээр тохирсон хүүг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүгийн хэмжээг багасгаж бодох боломжтой байсан ч манай хүсэлтийг анхаарч үзээгүй юм. Зээлийн гэрээгээр тохирсон үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээр бүхэлд нь хангаж шийдсэн шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн ...хариуцагч Нямсүлд ХХК-иас 1,455,947,268.57 гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай... гэснийг ...хариуцагч Нямсүлд ХХК-иас зээлийн үндсэн хүүгийн төлбөр 488,210,372.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9,736,896.33 төгрөгийг хасаж, үндсэн зээл 958,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай... гэж өөрчлөлт оруулж өгөх гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гаргаж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК хариуцагч Нямсүлд ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээ-ний үүрэгт 1,455,947,268.57 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ : ...зээлдэгч зээл, зээлийн хүүг төлөх гэрээний үүргээ зөрчсөн, зээлийг төлүүлэхээр зээлдэгчтэй удаа дараа уулзаж, төлбөр төлөх мэдэгдэл, шаардлагуудыг гардуулан өгсөн боловч гэрээний үүрэг биелэгдээгүй, зээл 2018.05.31-ний өдөр Тусгай активын албанд шилжиж ирсэн тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 958,000,000 төгрөг, зээлийн хүү 488,210,372.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,736,896.33 төгрөг, нийт 1,455,947,268.57 төгрөгийг гаргуулна, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч: ...зээлийн төлбөрт 116,000,000 төгрөгийг төлсөн, ...зээлийн хүү харьцангуй өндөр байсан тул хүүг багасгая гэдэг хүсэлтийг удаа дараа банкинд амаар болон бичгээр гаргаж байхад хүсэлтийг шийдвэрлээгүй, ...зээл төлөх талаар банкнаас ямар нэг шаардлага ирж байгаагүй, ...зээлийг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл бүрдсэн эсэхэд эргэлзээтэй байна, 2022 он хүртэл зээлийг төлөх боломж, барьцаа хөрөнгө байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

 

2.   Зохигч 2017.07.26-ны өдөр 106300140344 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Төрийн банк 970,000,000 төгрөгийг хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар сарын 2.30 хувийн, жилийн 27.60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлэх, зээлдэгч Нямсүлд ХХК гэрээнд заасан эргэн төлөх хуваарийн дагуу төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож үл хөдлөх эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг тус тус барьцаалан Барьцааны гэрээ байгуулсан.

 

Гэрээний дагуу банк зээлийн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч гэрээний хугацаанд үндсэн зээлд 12,000,000 төгрөг, үндсэн хүүд 104,215,687.92 төгрөг, нийт 116,215,687.92 төгрөгийг төлсөн, 2018.10.31-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

 

3.   Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 453 дугаар зүйлийн 453.1., 153 дугаар зүйлийн 153.1., 156 дугаар зүйлийн 156.2.-т нийцсэн байна.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу, тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

Түүнчлэн үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.

 

4.   Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч тогтсон үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэгтэй гэж, зохигчийн хооронд байгуулсан Зээлийн гэрээний 6.2.1.-д зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол банк энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын санаачилгаар цуцалж болно гэжээ.

 

Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн, нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй болох нь тогтоогдсон гэх шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй байна.

 

5.   Хоёр шатны шүүх банк зээлдэгчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн, хариуцагчаас 1,455,947,268.57 төгрөгийг гаргуулан, төлбөрийг сайн дураар төлөхгүй бол барьцааны хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

6.   Зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлон, хүсэл зоригийг илэрхийлэн гарын үсгээ зурсан, гэрээг хуулийн хүрээнд, сайн дурын үндсэн дээр бичгээр үйлдэж, баталгаажуулсан байх тул хэн аль нь гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ.

 

Иймд гэрээнд заасан хэмжээгээр зээлийн хүүг тооцож нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага хууль зөрчөөгүй бөгөөд хариуцагч нь хүүгийн хэмжээг багасгахыг хүссэн тайлбар, нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа баримтаар нотлоогүй тул ...үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж, үндсэн зээл 958,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү... гэх хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

 

7.   Зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан, өөрөөр хэлбэл зээлийн гэрээг цуцалсан нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байхад анхан шатны шүүх шүүхийн шийдвэрээр гэрээг цуцалсан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхийн дээрх алдаа шийдвэрийг хүчингүй болгох ноцтой зөрчилд хамаарахгүй бөгөөд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн байх тул хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд найруулгын өөрчлөлт оруулах замаар алдааг засах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 640 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00058 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...зохигчдын хоорондын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 106300140344 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, ... гэснийг хасч, шийдвэр, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн төлөөлөгч С.Отгонбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Нямсүлд ХХК-иас 2020.04.27-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,647,686.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Л.АТАРЦЭЦЭГ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД