Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00058

 


 

2020 оны 01 сарын 07 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00058

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ТБ

Хариуцагч: Н

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 455 947 268.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.   

                                  

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч ТБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Н ХХК нь ТБнаас 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр дугаар 000000000 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 970 000 000 төгрөгийг жилийн 27.60 хувь, сарын 2.30 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар зээл авсан. Зээлийн барьцаанд , үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө,үл хөдлөх хөрөнгө, газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь үндсэн зээлээс 12 000 000 төгрөг, үндсэн хүүнээс 104 215 687.92 төгрөг, нийт зээлийн хүүгийн төлбөрт 116 215 687.92 төгрөгийг төлсөн бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээл, хүүгийн төлбөрт төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нь зээл, зээлийн хүүг төлүүлэх шаардлагыг биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдэл, шаардлагуудыг гардуулан мэдэгдсэн. Зээл нь Тусгай активын албанд 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх захирлын 000 тоот тушаалаар шилжиж ирсэн. Иймд зээлдэгчтэй байгуулсан 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 000000000000 тоот зээлийн гэрээг шүүхэд өгөх өдрөөр хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу үндсэн зээлийн төлбөр 958 000 000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 488 210 372.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр                      9 736 896.33 төгрөг, нийт 1 455 947 268.57 төгрөгийг Н ХХК-иас гаргуулж, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.  

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд манай компанийн зүгээс нийт 116 000 000 төгрөг төлсөн. Сардаа 23 000 000-24 000 000 орчим төгрөгийн төлөлт хийгддэг. Эхний хэдэн сарыг ийм байдлаар хийсэн. Манайхаас ирэх оноос байдал хүндрэх бололтой учраас хүүгээ тодорхой хэмжээгээр бууруулах эсвэл нөхцлөө хөнгөвчлөх арга хэмжээ авч өгнө үү гэж эхлээд амаар сүүлд нь бичгээр хүссэн. Нэхэмжлэгч талаас эхлээд хүүгээ төлнө үү, хүүгээ төлсөний дараа ярилцана гэсэн. Иймээс би хүүгээ төлсөн. Гэтэл янз бүрийн шалтгаан хэлж дараагийн хүү төлөх хугацаа болдог. Иймээс миний хүсэлтийг авч хэлэлцэлгүй байсаар ийм байдалд хүрсэн. Зээл авсан нь үнэн, төлөх нь мөн үнэн учраас уян хатан байна уу гэсэн гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1 455 947 268,57 төгрөг гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгө, газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 

Хариуцагч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурж, мөнгө хүлээн авсан, зээлийн тооцоололын талаар маргаагүй ба харин “... зээлийн хүү өндөр, хүүг багасгах талаар банкинд удаа дараа хүсэлт тавьсан боловч шийдвэрлээгүйгээс гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан...“ гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчид 2017 оны 07 сарын 26-ны өдөр 0000000 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ТБ ХХК нь хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар 970 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 2,30 хувь, жилийн 27,60 хувийн хүүтэй, үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Н ХХК нь зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хүү, үндсэн зээлийн төлбөрийг сар бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Мөн өдөр талууд 0000000000 тоот барьцааны гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн 00000000,  00000000,00000000, 00000000 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгө, газрыг тус тус зээлийн барьцаанд бариулжээ.

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.   

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын зарчимд үндэслэсэн зээлийн хүүг тогтоосон гэж үзэх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс хариуцагч Н ХХК нь гэрээ байгуулагдсан 2017 оны 07 сарын 26-ны өдрөөс 2018 оны 10 сарын 31-ний  өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрт 12 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүүнд       104 215 687,92 төгрөг төлсөн ба 2018 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 07 сарын         16-ны өдөр дуусах бөгөөд зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахаар шаардах эрхтэй юм. Гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, гэрээний 6.2.1-т заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл үүссэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодохойлохдоо дээрх зээлийн гэрээг шүүхийн журмаар цуцлуулахаар шаардсан ба зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл тооцох үндэслэлтэй боловч нэхэмжлэгч зээлийн тооцоололыг шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэв.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй, 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтрүүлсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар 2017 оны 07 сарын 26-ны өдөр 0000000000 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй ба зээлийн тооцоолол үндэслэлтэй байх тул хариуцагчаас үндсэн зээл 958 000 000 төгрөг, хүү 488 210 372,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 736 896,33 төгрөг, нийт 1 455 947 268,57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч Н ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2017 оны 07 сарын 26-ны өдрийн 00000000 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, хариуцагч Н-иас 1 455 947 268,57 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ -д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Н ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй,  үл хөдлөх хөрөнгө, газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7 507 887 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 7 507 887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХХК-нд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Д.МӨНХЦЭЦЭГ