Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 639

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2020/00639

 

 

 

М.Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00061 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Д ХХК-ийн хариуцагч О.УОМЗ ББСБ ХХК, А.С, С.А нарт холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 56 551 689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч А.Сын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анармаа, хариуцагч Адьяасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч А.С, хариуцагч нарын өмгөөлөгч М.Шаравнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр О.УХХК-ийн эзэмшлийн 2537 УБЗ Тоёото приус маркийн автомашиныг Эрдэнэбатын Бямбасүх нь жолоодож яваад Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жолоодож явах үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-ийг зөрчиж манай даатгалын компанийн үйлчлүүлэгчийн 78-88 УНА улсын дугаартай автомашиныг мөргөсөн. Манай даатгуулагчид нийт 56,551,689 төгрөгийн хохирол учирсан. Хохирлын үнэлгээний тайлан, Замын цагдаагийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Манай компанийн зүгээс 56,551,689 төгрөгийг төлж хохирлыг бүрэн барагдуулж нөхөн төлбөр олгосон. Энэхүү нөхөн төлбөрийг олгосноор даатгуулагчийн гэм буруутай этгээдээс төлбөр шаардах эрх нь манай компанид бүрэн шилжсэн тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч болоод хариуцагч С.Агийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зам тээврийн осол болсон дээр маргахгүй. Ашид билгүүн ХХК, Хохирол үнэлгээчдийн холбоо, хохирол үнэлгээний төв гэсэн 3 өөр компаниас 3 өөр үнийн санал гарч ирсэн байдаг. Хавтаст хэргийн 26,27 дугаар талуудад Даатгалын гэрээний 9.3-т шууд хохирол буюу шууд хохирлыг тооцох гэдгийг гэрээн дээр зааж өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 3375 дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, мөн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3660 дугаартай шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтээр форд экспидишин автомашиныг бүрэн үзлэг шинжилгээ хийхэд хаалга 33:46 хэмжээтэй нугарсан, урд гупер, зүүн талын эх гэрэл, зуун урд гупер дээрх гэрэл, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн гэрэлтүүлэх хэрэгсэл зэрэг бусад тусгай тоног төхөөрөмжийг ашиглан явах эд анги буюу тоормосны зэбл 33 диаметртэй, тэнцвэржүүлэгч нь хугарсан, зүүн урд гар дээр бусад эд ангиуд нь бэхлэгддэг байгаа энэ гар нь комоороо эвдэрсэн. Урд кирказ буюу үсний аржетар, мөн гишгүүр, зүүн талын гишгүүрийн цаана байдаг төмөр нь 4 см хэмжээтэй шатсан. Моторын доод хэсгийн хөнгөн цагаан хамгаалалт нь 8:2 см хэмжээтэй хонхойсон. 2547 УБЗ маркийн машин нь өөрөө мөнгөлөг гэдгийг тодорхойлсон баримт хавтаст хэргийн 44 талд тээврийн гэрчилгээнд тодорхойлогдсон. Энэ гэмтлүүд учирсан гэдгийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Үүнд дахин шинжээч томилоход мөн яг ийм эд ангиуд эвдэрсэн гэж ярьдаг. Энэ 3 үнэлгээний компани өөр өөр үнийн санал гаргаад байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Эхний Ашид Билгүүн гэдэг компани үнэлгээ хийхдээ 40,138,000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Монголын хохирол үнэлгээчдийн холбоо нь ямар үүрэгтэй вэ гэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөлтэй хохирол үнэлгээний компаниудын үнийн саналууд хоорондоо уялдаагүй зөрөөд эхлэх юм бол 3 шинжээч 3 өөр үнэлгээчинг томилдог. Үүн дээр М.Эрхэмбаяр, Оргил гэсэн 3 үнэлгээчинг томилсон. Энэ 3 хүн очоод тээврийн хэрэгслийг үзэх гэхээр Зоригоо гэдэг Вагнер Азийн засварчин ерөөсөө үзүүлдэггүй. Энэ 3 үнэлгээчин шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтийг үндэслэж үнэлгээ гаргасан. Үнийн санал бага гараад ирэхээр М.Д шүүхийн шатанд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар хөрөнгө үнэлгээний төв томилогдсон. Энэ үнэлгээний төв нь тухайн тээврийн хэрэгслийг нэг ч хараагүй, эвдэрсэн байгаа зургийг нь харсан хирнээ маш өндөр үнийн санал буюу 50,815,000 төгрөгийн үнийн санал гаргасан. Үнэлгээ хийсэн гэх хүнийг шинжээчээр томилуулаад орж ирээд асуусан тэгэхэд тэр хүн өөрөө машиныг нэг ч удаа харж байгаагүй гэж хэлсэн. Вагнер ази ХХК нь өөрөө оношилгоо хийх эрхтэй эсэх нь тодорхой бус хавтаст хэрэгт авагдсан материалуудаар бол Вагнер Азийн тамгатай, инженерийн тамгатай баримт огт байхгүй. Форд экспидишин автомашин нь өөрөө Вагнер Азийн машин өөрийнхөө машиныг өөрийн хашаан дотроо авчирч тавиад өөрсдөө үнээ бичээд М.Даас гаргуулаад авсан. Хавтаст хэргийн 24-35 дугаар хуудсанд байгуулагдсан байгаа даатгалын гэрээгээр заасан нөхөн төлбөр олгохоос татгалзсан зүйлүүдийг бүгдийг нь зөрчөөд М.Д шууд олгосон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн өөрөө мэргэжлийн техникийн үнэлгээчид байгаа учраас эвдэрсэн ангиудыг үзэх дүгнэх эрхтэй гэж үзэхээс өөр арга байхгүй ээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасан гэм хор шаардаж байгаа учраас шууд хохирол буюу тээврийн хэрэгсэлд учирсан нийт 15 нэр төрлийн эд ангиуд эвдэрсэн гэдэг нь 2 үнэлгээний компанийн үнийн саналаар тодорхойлогдож байна. Ашид билгүүн ХХК үнийн саналыг тодорхойлохдоо 19,380,350 төгрөгийн хохирол учирсан байна гэж, Хохирол үнэлгээчдийн холбоо нь 23,608,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үнэлсэн. Энэ хохирлууд маань тээврийн хэрэгслийн 100 хувь шинэ техник хэрэгсэл тавьж байгаа үнийн санал гэтэл Монгол улсын Засгийн газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаартай тогтоолд тээврийн хэрэгсэл үл хөдлөх эд хөрөнгийн хэрэгсэл нь Монгол улсад байгаа бүх аж ахуйн нэгжид үйл ажиллагаа явуулж байгаа эд хөрөнгөөс элэгдэл хорогдол тооцох журам гэж байгаа. Энэ журмын 2 дугаар хэсгийн 64 дүгээр хүснэгт буюу 2 дугаар хавсралтаар батлагдсан байдаг гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4-д зааснаар харуицагч А.С, С.А нараас 38,567,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,984,689 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч М.Д ХХК нь хариуцагч О.УОМЗ ББСБ ХХК-иас татгалзсан болохыг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.С, С.А нараас 350,785 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Д ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч А.С давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөрөнгө Үнэлгээний төв нь хохирлын бодит үнэлгээг тодорхойлоход обьект болох 7888 УНА улсын дугаартай Форд Экспедшн маркийн тээврийн хэрэгсэлийг үнэлгээчин нь өөрийн нүдээр үзээгүй, ямар программ эсхүл сэлбэгийн зах зээлийн үнийг хэрхэн хаанаас, ямар валютаар тооцсон зэрэг нь тодорхой бус, өөрсдөө дур мэдэн сэлбэг нэмж бичсэн байна. Эдгээр нэмж бичсэн гэдгийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3660 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээс харж болно. Мөн анхан шатны шүүхээс Монгол Улсын Засгийн Газрын 2005 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 233 дугаартай тогтоолын хавсралт 2 дугаарын 64 дүгээр хүснэгтэнд тээврийн хэрэгслийн элэгдэл хорогдол нийт хугацаа 6 жил, нэг жилд 16.6 хувийн элэгдэл тооцон хасах тухай хэм хэмжээний акт байхад эдгээрийг тооцон үзээгүй. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн Гэрч Ц.Энхжин Монголд рамын засварладаггүй, зөвхөн сольдог гэх мэдүүлэг, шинжээч Ж.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "... рамыг засна гэж байхгүй солих асуудал байгаа., ... нэгэнт хүч үйлчилсэн байхад тээврийн хэрэгсэлийн тэнцвэрт байдал алдагдана гэх тайлбараас үзэхэд Форд Экспедишн маркийн 78-88 УНА дугаартай автомашины рамыг сольсон гэж үзэв гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 3660 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт хийхийн тулд маргаан бүхий тээврийн хэрэгсэлийг задалж үзсэнээс гадна мэргэжлийн түвшинд хэмжиж нарийн эвдрэл хохиролыг тодорхойлсон. Тус дүгнэлтээр үндсэн рам чихэгдсэн эсхүл тэнцвэрт байдал нөлөөлхүйц нөхцөлтэй гэдгийг тодорхойлоогүй зэргийг анхан шатны шүүхээс үнэлж үзээгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00061 дугаартай шүүхийн шийдвзрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М.Д ХХК нь хариуцагч О.УОМЗ ББСБ, ХХК, А.С, С.А нараас даатгалын нөхөн төлбөрт 56 551 689 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.УОМЗ ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзжээ.

Э.Бямбасүх нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 25-37 УБЗ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасныг зөрчиж, Вагнер Ази Автомотив ХХК-ийн эзэмшлийн 78-88 УНА улсын дугаартай Форд Экспедишн маркийн автомашиныг мөргөн зам тээврийн осол гаргасан үйл баримтын талаар талууд маргаагүй.

М.Д ХХК нь Форд Экспедишн маркийн 78-88 УНА улсын дугаартай автомашины эвдрэл, хохиролд нийт 56 551 689 төгрөгийг даатгуулагчид төлж барагдуулсанаа баримтаар нотолсон байна. /1хх-8/

М.Д ХХК-ийн хувьд даатгуулагчтай байгуулсан гэрээнд заагдсан эрсдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлснөөр уг төлбөрийг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг тухайн даатгуулагчтай хийсэн хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэх Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсгийн зохицуулалтын дагуу шаардсаныг хариуцагч нар бүхэлд нь үгүйсгээгүй, харин хохирлын хэмжээний тухайд маргажээ.

Хариуцагчийн рам солих шаардлагагүй байсан, рамны төлбөрийг зөвшөөрөхгүй талаарх татгалзал хэргийн доорх баримтуудаар няцаагдсан байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 3660 дугаар дүгнэлтэд ... Форд Экспедшн маркийн 78-88 УНА улсын дугаартай автомашины арлын зүүн урд талд 9,5*11,4 см хэмжээтэй хонхойсон гэмтэлтэй гэжээ. Гэрч Ц.Энхжин ... монголд рамыг засварладаггүй, зөвхөн сольдог гэж, шинжээч Ж.Уртнасан шүүх хуралдаанд ... нэгэнт хүч үйлчилсэн байхад тээврийн хэрэгслийн тэнцвэрт байдал алдагдана гэж тус тус мэдүүлсэн зэрэг баримтаас үзэхэд уг автомашины рамыг сольсон гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Иймд хариуцагч А.Сын ...шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр үндсэн рам чихэгдсэн эсхүл тэнцвэрт байдалд нөлөөлөхүйц нөхцөлтэй гэдгийг тодорхойлоогүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

Мөн хэргийн оролцогчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасанд нийцэх ба уг дүгнэлтээр тогтоосон 50 817 000 төгрөгийн хохиролоос 12 500 000 төгрөгийг хасч тооцон, хариуцагч нараас 38 567 000 төгрөгийг гаргуулсан, нэхэмжлэлийн шаардлагын 56 551 689 төгрөгөөс үлдэх 17 984 689 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. /1хх-140-141,145-161/

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгосон нь зөв тул хариуцагч А.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 181/ШШ2020/00061 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Сын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар хариуцагч А.С давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Б.НАРМАНДАХ