Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 494

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “Аж богд трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сумъяасүрэн нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Чингэлтэй дүүргийн Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 тоот актын алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах буюу хасуулах, хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.000 төгрөгийг нөхөн татварт тооцон суутгахыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аж богд трейд” ХХК-д Чингэлтэй дүүргийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч 2013.12.23-ны өдөр шалгалт хийж 35/0001897 тоот акт тавьж хүү, торгууль, алданги, нөхөн татвар ногдуулсан. 

Энэ актын зарим зүйл заалт нь үндэслэлгүй болохыг шүүхээр тогтоолгож хасуулсан байдаг. Ийнхүү хасуулсны дараа “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдан гарч 2015.07.02-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршдог бөгөөд хуулийн 4.3-д “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан байдаг. 

Ийнхүү “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдахаас өмнө шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж улмаар 30.869.000 төгрөгийг маргаан бүхий актаар тавигдсан хүү, торгууль, алдангид төлсөн.

Гэтэл татварын адилхан зөрчлийн акт тавиулсан аж ахуйн нэгжүүд тухайн актаар тавигдсан өр төлбөрөө төлөөгүй байж байтал “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль батлагдаад хүү, торгууль, алдангийг чөлөөлж зөвхөн нөхөн татвараа төлөх үүрэг хуулиар ногдсон. Харин “Аж богд трейд” ХХК хүү, торгууль, алдангид 30.869.000 төгрөг төлсөн атал Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс танайх энэ хуулийн үйлчлэх хугацаанд хамаарахгүй гэсэн хариуг өгсөн. Тиймээс бидний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна гэж үзсэний үүднээс Захиргааны хэргийн шүүхэд уг нэхэмжлэлийг гаргасан. Татвараа хугацаандаа төлсөн нь хохирч, хугацаандаа төлөөгүй нь хождог нөхцөл байдлыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс үүсгэж ийнхүү эс үйлдэхүйгээрээ бидний эрх ашгийг хохироож байна. 

“Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 10.2-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн болон ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна” гэж заасан. 2013.12.23-ны өдөр акт тавигдсан учир он, сар, өдрөөрөө хуулийн хугацаанд хамаарч байгаа юм. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015.04.17-ны өдрийн 206 тоот шийдвэр хуулийн үйлчлэх хугацаанд хамаарч байна. Хэрвээ Чингэлтэй дүүргийн татварын байцаагч нарын тавьсан 35/0001897 тоот актны хүү, торгууль, алдангийг хүчингүй болгуулах буюу хасуулах, хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэвэл үлдэгдэл нөхөн татварыг “Аж богд трейд” ХХК нь тайлант ондоо багтааж төлөх болно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбарын агуулга: “Аж богд трейд ХХК-ийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хийж байна. “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан тул тус байгуулагын энэ өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.

Түүнчлэн улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татварыг бүрэн барагдуулсан тохиолдолд хүү, торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулан чөлөөлөх боломжтой, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн хүү, торгууль, алдангийг нөхөн татварт суутган тооцуулах тухай хүсэлтээ тус татварын хэлтэст өгч шийдвэрлүүлэх боломжтой юм” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хууль гарсан. Уг хууль захиргааны зөрчил ногдуулсан хариуцлагаас чөлөөлнө гэж заасан ч хүү, торгууль, алданги гэж тодорхой нарийвчлан заагаагүй. 

Ажлын хэсгийн хуралдаанаар захиргааны зөрчилд юуг хамааруулж үзэхийг хэлэлцэж улсын байцаагчийн актаар тавигдсан хүү, торгууль, алданги нь хариуцлагад хамаарах учраас чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг. Уг шийдвэрийн дагуу татварын байгууллага уг хуулийг хэрэгжүүлж ажиллаж байна. 

Мөн “Аж богд трейд” ХХК-г Өршөөл үзүүлэх тухай хуульд огт хамаарахгүй гэж манай байгууллагын зүгээс хэлээгүй. Учир нь Гааль, татварын ерөнхий газраас харъяа дүүргийнхээ татварын хэлтэст 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807 тоот зөвлөмжөөр хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар чиглэл ирүүлсэн. Уг хуулийн 11.1-д “энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан учраас энэ өдрөөс хойш хууль үйлчилж эхлэх учир 8 сарын 11-ээс өмнө тухайн байгууллага татварын өрөө төлсөн тохиолдолд уг хууль үйлчлэхгүй гэсний дагуу тухайн компанид хариу өгсөн. 

“Аж богд трейд” ХХК нь зарим төлбөрөө 2015 оны 8 дугаар сарын 11-ээс өмнө төлсөн байдаг ба уг төлбөр энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Харин 2015 оны 8 дугаар сарын 11-ээс хойш төлсөн зарим төлбөр нь илүү төлөлтөд тооцогдож өөр татварын өрөнд суутгах байдлаар буцаан авч болно. Төлөгдөөгүй 13 сая төгрөг нь 2015 оны 8 дугаар сарын 11-ээс өмнө төлөгдөөгүй учир хуульд хамаарна. Бид ийм л хариу тайлбарыг өгсөн. 

Түүнчлэн өмнө нь төлсөн хүү, торгууль, алданги “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуульд хамаараагүй гэж нэг компани маргаж дээд шүүх хүртэл явж дээд шүүхээс хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө төлөгдсөн учир үүнийг суутган тооцох боломжгүй гэсэн шийдвэр гарч үүгээр практик тогтсон учир нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “Аж богд трейд” ХХК-аас “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 актаар тогтоосон алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах буюу хасуулах, хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.0 төгрөгийг нөхөн татварт тооцон суутгахыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 акттай маргаагүй, харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу актаар тогтоосон алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах буюу хасуулах, хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.0 төгрөгийг нөхөн татварт тооцон суутгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн эс үйлдэхүйтэй маргаж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ. 

Нэхэмжлэгч “...манай компани улсын байцаагчийн актаар тогтоосон хүү, торгууль, алдангид  30.869.0 төгрөгийг хугацаандаа төлсөнөөсөө болж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч чадахгүй байгаа, хариуцагчийн энэ үндэслэлээр бидний хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа нь хуульд нийцэхгүй.  Бид энэ актны төлбөрөөс нэгч төгрөгийг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй байсан бол өнөөдөр нөхөн татвараа төлөөд, хүсэлт гарган алданги, торгууль, хүүг өршөөлгөөд хүчингүйд тооцох нөхцөл үүсэх байсан...” гэж маргаж байгаа үндэслэлээ тайлбарлажээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу Чингэлтэй дүүргийн татварын байцаагчийн 35/0001897 актаар тогтоосон нөхөн татвар, торгууль, алданги нэхэмжлэгч компанид ногдуулсаныг 100193.1 мянган төгрөг болгон багасгаж, нэхэмжлэгч 100193,1 мянган төгрөгөөс 30869.0 мянган төгрөгийг төсөвт төлж, 69324,1 мянган төгрөгийн татварын өртэй байсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар /хх 15-21, 40, 41/ тогтоогдож байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу татварын байцаагчийн актаар тогтоосон алданги, торгууль, хүүгээс чөлөөлөгдөх,  хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.0 төгрөгийг нөхөн татварт тооцон суутгуулах хүсэлтээ нэхэмжлэгчээс гаргажээ.

Энэхүү хүсэлтийг хариуцагчаас “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан тул энэ өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарахгүй, улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татварыг бүрэн барагдуулсан тохиолдолд хүү, торгууль, алдангийг өршөөлийн хуульд хамруулан чөлөөлөх боломжтой, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш төлсөн хүү, торгууль, алдангийг нөхөн татварт суутган тооцуулах тухай хүсэлтээ өгч шийдвэрлүүлнэ үү” гэсэн үндэслэлээр Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний 1/470 албан бичгээр шийдвэрлэхээс татгалзжээ. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ. 

Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-д “татварын хууль тогтоомж зөрчсөн татвар төлөгчид энэ хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.2-т “татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заажээ. 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, түүнд хүлээлгэж байгаа хариуцлага болох торгууль, хүү, алданги нь захиргааны шийтгэл байна. Иймээс маргаан бүхий захиргааны актад заасан торгууль, хүү, алданги нь захиргааны зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн этгээдэд өршөөл үзүүлэхээр заасан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарахаар байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч “Аж богд трейд” ХХК-ийг татварын хууль тогтоомж зөрчсөн хэмээн үзэж захиргааны хариуцлага болох торгууль, хүү, алданги ногдуулсан татварын улсын байцаагчийн 35/0001897 дугаар акт нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, уг актад өөрчлөлт оруулсан шүүхийн шийдвэр 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус гарсан байна. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хугацаанд хамаарч байгаа шийдвэрүүд байна.

 Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу торгууль, хүү, алданги нь захиргааны шийтгэлд хамаарах тул татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актын тогтоох хэсгээр тогтоосон алданги, торгууль, хүүг өршөөлд хамруулах нь зүйтэй бөгөөд хариуцагчийн уг актаар тогтоосон алданги, торгууль, хүүг өршөөлд хамруулах нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь хуульд нийцээгүй байна. 

Харин нэхэмжлэгч компани улсын байцаагчийн актаар тогтоосон хүү, торгууль, алдангийн зарим хэсэг болох 30.869.0 төгрөгийг улсын төсөвт төлсөн гэдэг нь тогтоогдож байх /хх 40-43/ боловч нэхэмжлэгчийн маргаж байгаа хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.0 төгрөгийг нөхөн татварт тооцон суутгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Учир нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэ хуулийг 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуультай холбоотойгоор хуулийг дагаж мөрдөх журам, хууль үйлчлэхээс өмнөх ижил төстэй харилцаанд энэ хуулийн зохицуулалт эргэж үйлчлэх, нэгэн адил үйлчлэх зохицуулалтыг агуулсан болон шилжилтийн үеийн харилцааг зохицуулсан аливаа зохицуулалтыг агуулсан хуулийг хууль тогтоогчоос батлаагүй байна. 

Иймээс нэхэмжлэгчийн энэ хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлсөн хүү, торгууль, алдангийг энэхүү хуулийн үйлчлэлд хамруулах нь хуульд нийцээгүй үйлдэл болох бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн хүсэлтийг “...Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан тул энэ өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарахгүй...” гэж татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “Бид энэ актны төлбөрөөс нэгч төгрөгийг төлөх ёстой хугацаандаа төлөөгүй байсан бол өнөөдөр нөхөн татвараа төлөөд, хүсэлт гарган алданги, торгууль, хүүг өршөөлгөөд хүчингүйд тооцох нөхцөл үүсэх байсан” гэж маргаж байгаа хуульд нийцсэн үндэслэл тогтоогдсонгүй. 

Иймд шүүх нэхэмжлэгч “Аж богд трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 актаар тогтоосон алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах буюу хасуулах,... нөхөн татварт тооцон суутгах..-ыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах”  гэсэн хэсгийг хангаж, харин “...хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.0 төгрөгийг нөхөн татварт тооцон суутгахыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах” гэсэн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэв.

 

3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2, 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг тус тус баримтлан “Аж богд трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын “Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 актаар тогтоосон алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах буюу хасуулах,... нөхөн татварт тооцон суутгах..-ыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах”  гэсэн хэсгийг хангаж, “...хүү, торгууль, алдангид төлсөн 30.869.0 төгрөгийг нөхөн татварт тооцон суутгахыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль дагаж мөрдөгдөж эхэлсэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжлэгч “Аж богд трейд” ХХК-ийн төлөгдөөгүй байгаа хүү, торгууль, алдангийг хүчингүй болгож, нөхөн татварт тооцон суутгах болохыг дурдсугай.  

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       А.САРАНГЭРЭЛ