Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 739

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00318 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Бгийн хариуцагч НШШГГт холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00027 дугаар шүүгчийн захирамжаар Нямсондор ХХК, С.Б нараас 100,442,403 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 660,162 төгрөг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хуучнаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус зохион байгуулсан. Төлбөр төлөгч С.Бгийн зүгээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээ болон 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахаар 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02900 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч талын зүгээс давж заалдах гомдол гаргаж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 283 дугаар магадлалаар хөрөнгийн үнэлгээ, анхны дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, харин 2 дахь дуудлага худалдааг хууль зөрчиж явагдсан гэж үзэж хүчингүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт зохигч талуудын аль аль нь гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон. НШШГГ нь 2 дахь дуудлага худалдааг 2019 оны 11 сарын 01-ний өдөр дахин зохион байгуулсан бөгөөд 2 дахь дуудлага худалдаа нь дараах байдлаар хууль зөрчиж явагдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар Хан- Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэрийн 1-р гудамж, 55/9 тоотод байрлах 157м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний төвийн барилга, мөн хаягт байрлах 94 м.кв талбай бүхий газрыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлуулах үйл ажиллагаа явуулсан байна. Гэвч энэ талаар төлбөр төлөгч С.Б надад болон Нямсондор ХХК-д аль алинд нь 2019.11.01-ний өдөр дуудлага худалдаа явагдах талаар мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцсан шийдвэр гүйцэтгэгч н.Чинзул нь манайд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирж уулзаж, 11 сарын 01-ний өдөр дуудлага худалдаанд оруулна гэж амаараа хэлсэн боловч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг танилцуулаагүй, гардуулаагүй, хүргүүлээгүй болно. Үүнээс өөрөөр албадан дуудлага худалдааны талаар мэдээлэл авч чадаагүй нь дуудлага худалдаанд оролцох эрхээ төлбөр төлөгч тал эдэлж чадаагүйд гомдолтой байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд 2019.10.18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн" гэж дурдсан байна. Гэтэл уг шуудан нь 2019.11.01-ний өдрийн 14 цагт ирсэн буюу 2019.11.01-ний өдрийн 10 цагт дуудлага худалдаа явагдсаны дараа ирсэн болно. 2019.11.01-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд төлбөр төлөгчид болох С.Б миний бие, Нямсондор ХХК-ийг оролцуулаагүй эрхийг зөрчсөнөөс гадна дуудлага худалдаанд газар болон үл хөдлөх эд хөрөнгө хэдэн төгрөгөөр зарагдсан болох нь ойлгомжгүй тодорхойгүй байна. 2019.11.04-ний өдрийн 4/24368 тоот мэдэгдлийг нэг нь 147,000,000 төгрөгөөр зарагдсан, нөгөө нь 194,880,700 төгрөгөөр зарагдсан гэсэн ойлгомжгүй 2 мэдэгдлийг бидэнд өгсөн нь төлбөр төлөгч биднийг дуудлага худалдаанд оролцуулаагүй эрхийг зөрчсөн гэдгийг хангалттай нотолж байгаа. Нэхэмжлэгч С.Б нь дуудлага худалдаа явагдах гэж байгаа мэдээлэл авсны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно." гэж заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр /17042/, ХД-55/9 тоотод байршилтай хүнсний дэлгүүрийн зориулалттай, 157 м.кв талбай бүхий үл хөдлөх эд херөнгө, 94 м.кв газарт дахин үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан боловч энэ хүсэлтийг хангаагүй нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. Бид энэхүү асуудлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2019.11.06-ны өдөр гомдол гаргахад 2019.11.11-ний өдрийн 4/30 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзсан, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 2019.11.12- ны өдөр гомдол гаргасан боловч 2019.11.29-ний 4/2765 тоот Өргөдөлд хариу өгөх тухай албан бичгээр гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг 2019.12.04-ний өдөр хүлээн авсан ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2015/00027 дугаар захирамжаар Нямсондор ХХК, С.Б нараас 100,442,403 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 16291086 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор үүсгэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005962 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 1 дүгээр гудамж 55/9 тоотод байрлах 157 м.кв талбайтай 2давхар үйлчилгээний барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005962 дугаарт бүртгэлтэй 94 м.кв талбайтай газрын хамт 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 178/473 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 12 дугаар сарын 11- ний өдрийн 178/0027 дугаар тогтоолоор хураасан. Талууд болон өмчлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлэхэд Нямсондор ХХК, С.Б нар нь 1 тэрбум төгрөгөөр үнэлж талууд харилцан тохиролцоогүй тул 2017 оны 46 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005962 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 1 дүгээр гудамж 55/9 тоотод байрлах 157 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005962 дугаарт бүртгэлтэй 94 м.кв талбайтай газрын хамт 290,000,000 төгрөгөөр үнэлэгдсэнийг талуудад 3/5353 дугаар мэдэгдлийг талуудад хүргүүлсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 3/5868 дугаар мэдэгдэл, 2019 оны 2/34 дугаар тогтоолыг талууд болон өмчлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн. Хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/46 дугаар тогтоол, 3/8589 дүгээр мэдэгдлийг тус тус талуудад хүргүүлэхэд үнэлгээг хүчингүй болгуулах мөн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/2900 дугаар захирамжаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 11/21 дүгээр тогтоол, 2019 оны 4/22620 дугаар мэдэгдлийг талуудад тус тус баталгаат шуудангаар хүргүүлж мэдэгдсэн. Тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005962 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо. Үйлдвэрийн 1 дүгээр гудамж 55/9 тоотод байрлах 157 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний барилга, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005962 дугаарт бүртгэлтэй 94 м.кв талбайтай газрын хамт 147,000,000 сая төгрөгөөр худалдан борлогдсон ба худалдан борлогдсон тухай 4/24368 дугаар мэдэгдлийг талуудад мэдэгдсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00027 дугаартай захирамжаар Нямсондор ХХК /РД: 6035481/, С.Б /РД: ШГ78032587/ нараас улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 101,102,565 төгрөгийг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ХУД-ийн 2 дугаар хороо, Үйлдвэрийн 1 дүгээр гудамж, ХД 55/9 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019129 дугаартай 157 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний барилга, Г-2206005962 дугаартай 94 м.кв эзэмших эрхтэй газрыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчдын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Шүүгчийн захирамж гарснаас хойш төлбөр төлөгч Нямсондор ХХК, С.Б нар 1,500,000 төгрөгийг төлсөн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш төлбөрийг огт төлөөгүй шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч С.Б нь төлбөр төлөгч нарт дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг гардуулаагүй гэх нь үндэслэлгүй бөгөөд төлбөр төлөгч С.Б нь НШШГГт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлт гаргасан байх ба энэ талаар 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/30 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолд дурьдсан байна. Нэхэмжлэгч 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргасан нь 2019 оны 11-р сарын 01-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдахыг мэдэж байсан гэх хангалттай үндэслэл бөгөөд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т зааснаар албадан дуудлага худалдаанд оролцох эрхтэй байсан. 2019 оны 11-р сарын 01-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2 дахь албадан дуудлага худалдааны 21-т зарлагдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр ХД 55/09 тоотод байрлах 157 м.кв талбайтай хүнсний дэлгүүр, 94 м.кв талбайтай газар бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 147,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан бөгөөд НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч С.Чинзул 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 4/24368 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлэхдээ 11 дүгээр сарын 01-ний өдрийн 20-т 192,880,700 төгрөгөөр зарлагдсан хөрөнгийн мэдэгдэл хүргүүлсэн бичиг дээр нэхэмжлэгч талын хөрөнгийг бичиж техникийн алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй бөгөөд уг техникийн алдаагаа засаж мэдэгдлийг дахин нэхэмжлэгчид хүргүүлсэн нь харагдаж байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 12-р сарын 03-ны өдрийн 4/27743 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч С.Б, Нямсондор ХХК нарт хөрөнгийг 147,000,000 сая төгрөгөөр худалдан борлуулсан, төлбөрийн зөрүү 45,407,435 төгрөгийг хүлээн авах дансны хүсэлтээ тус газар ирүүлэхийг дахин мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч энэ талаар 2019 оны 12-р сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурьдаагүй байна. Энэ нь нэхэмжлэгч зарим нотлох баримтыг нуун дарагдуулан эрх нь зөрчигдсөн мэтээр харагдуулах үйлдэл гэдэг нь харагдаж байна. 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2 мэдэгдэл нь зөрүүтэй, 1 нь техникийн алдаатай байсан нь төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болохгүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах эрхтэй... гэж талуудын эрхийг олгож өгсөн. Үүний дагуу дээрх мэдэгдлүүд зөрүүтэй, ойлгомжгүй байсан тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн хавтаст хэрэгтэй танилцах, бичгээр тайлбар авах, дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн тэмдэглэлтэй танилцах, хуулбарыг нь авах зэргээр нэхэмжлэгч тал эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан байна. Нэхэмжлэгч талын зүгээс албадан дуудлага худалдаанд оролцогчоор эсвэл өмчлөгчийн хувиар ажиглагчаар оролцох, албадан дуудлага худалдаа явагдсаны дараа дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн тэмдэглэлтэй танилцах зэргээр хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байтал эрхээ хэрэгжүүлэлгүй зөрчигдсөн мэтээр албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж төлбөр авагч Хас Банкны эрхийг зөрчиж байгаа үйлдэл. Нэхэмжлэлийн шаардлагын 3-т дурьдсан Нэхэмжлэгч С.Б миний бие дуудлага худалдаа явагдах гэж байгаа мэдээлэл авсны дагуу гэж дурьдсан байна. Энэ нь С.Б нь албадан дуудлага худалдаа 11-р сарын 01-ний өдөр буюу ирээдүйд явагдана гэдгийг мэдэж байсан гэдэг нь өөрийнх нь гаргасан тайлбараас харагдаж байна. 2017 онд Сэлэнгэ Эстимэйд ХХК нь зах зээлийн үнэлгээг 290,000,000 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-т заасны дагуу уг үнэлгээний гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон буюу уг үнэлгээний гуравны нэг болох 96,000,000 төгрөгөөр нэмэгдэж 386,000,000 төгрөг болсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заасан. Гэтэл төлбөр төлөгч С.Бгийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон гэх үндэслэл, баримт харагдахгүй байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч хүсэлтийг хангаагүй нь үндэслэлтэй. Анхны албадан дуудлага худалдаг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 70 хувь болох 203,000,000 төгрөгөөр, 2 дахь албадан дуудлага худалдаа 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 145,000,000 төгрөгөөр /хүчингүй болсон/ зарлагдсан боловч худалдан авагч олдоогүй. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд 2 оролцогч орсон, худалдан авагч олдохгүй борлох чадвар муу байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харахад уг хөрөнгийн үнэлгээ нь бодитоор тогтоогдсон нэхэмжлэгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж байна гэх үндэслэл харагдахгүй байна. Мөн төлбөр төлөгч Нямсондор ХХК-ийн захирал гэх С.Алзахгүйбат нь /Үнэгүй.мн/ сайтад bbb гэх нэрээр 8990 дугаарын утсаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 44 минутад албадан дуудлага худалдаанд орж буй хөрөнгийг 300 сая төгрөгөөр үнэ тохирч зарна. bbb гэх нэрээр 89908939 дугаарын утсаар 2019 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 10:46-д 250 сая төгрөгөөр зарна, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 04:00-д мөн адил bbb гэх нэрээр 89908939 дугаарын утастай 280 сая төгрөгөөр зарна зэрэг зарууд оруулсан байсан нь уг хөрөнгийн 300-250 сая төгрөгийн хооронд буюу шинжээчийн үнэлгээтэй таарч байгаа. Иймд дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсэгт ".... Төлбөр төлөгч С.Б нь .... 145,000 төгрөгөөр худалдан борлуулах болсон 2019 оны 11 дүгээр сарын 01-нйи өдрийн 11 цаг 00 минутанд товлогдсон 2 дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 14 цаг 00 минутанд мэдэгдэж, дуудлага худалдаанд оролцох эрхийг зөрчсөн гэх тайлбар нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.Бгаас НШШГГт гаргасан албан бичгээр няцаагдаж байна гэж дүгнэжээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч н.Чинзул нь 2019 оны 11 сарын 01-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явуулахаар болсон гэж амаар болон утсаар хэлж байснаас биш ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг нэхэмжлэгч С.Б болон "Нямсондор" ХХК-д аль алинд гардуулаагүй, хүргүүлээгүй, хэдэн цагт болох талаар мэдэгдээгүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт хариуцсан шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа болох гэж байгаа талаар амаар болон утсаар мэдэгдэх бус харин албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах     шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлнэ гэж заасан бандаг ба хуулинн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийн агуулга нь цаана нь иргэний Монгол улсын Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхтэй холбоотой асуудал яригдаж байгаа учраас заавал ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүргүүлэхээр хуульчилсан гэж ойлгож байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол нь нэхэмжлэгч миний зүгээс хэрэгт нотлох баримтаар өгсөн "Монгол шуудан" ХК-ийн дугтуйн дээр 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 14 цагт хүлээж авсан болох нь бүрэн нотлогдож байгаа болно. Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч миний нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 14 цагт хүлээж авсан болохыг нотлох ганц нотлох баримт "Монгол шуудан" ХК-ийн дугтуйг нотлох баримтаар үнэлээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгийг үл хайхарч, мэдсэн л бол эрх зөрчигдөөгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдбэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсэг, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.24 дэх хэсгүүдэд "Хуулиар тогтоосон журам зорчиж явуулсаи үнэ хаялцуулах ажиллагаа хүчин төгөлдөр бус байна." гэж зааснаар 2019 оны 11 сарын 01-ний өдөр явагдсан 2 дахь дуудлага худалдаа нь хууль болон журмаа зөрчсөн байх тул нэхэмжлэлиин шаардлагыг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 11 сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулсан хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 27 дугаар захирамжаар “Нямсондор” ХХК, С.Б нараас 101 102 565 төгрөг гаргуулж Хас банк ХХК-д олгож, хариуцагч нар төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлдвэрийн 1 дүгээр гудамж, 55/9 тоотод байрлах 157 м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний төвийн барилга, 94 м.кв талбай бүхий газрыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигчид эвлэрч шийдвэрлэж, тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр  бичигдсэн 473 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 16291086 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч С.Бгийн өмчлөлийн дээрх орон сууцны анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2/34 дугаар тогтоолоор,  хоёр дах албадан дуудлага худалдааг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/21 тоот тогтоолоор явуулсан, төлбөр төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгохоор шүүхэд гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 сарын 16-ны өдөр 181/ШШ2017/02900 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн магадлалаар 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. /хх-ийн 7-8, 9-11, 1214, 54-55, 57дугаар тал/

Хариуцагч байгууллага нь 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/21 дугаар тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр явуулахаар шийдвэрлэж, энэ талаарх мэдэгдлийг тогтоолын хамт төлбөр төлөгч С.Бд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрт нь мэдэгдсэн үйл баримт хэрэгт авагдсан тогтоол, мэдэгдэл, шуудангийн дугтуй, эдгээрт дарагдсан дардас, зохигчийн “... шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ирж уулзан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуудлага худалдаанд оруулна гэж амаар мэдэгдсэн” гэх тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогджээ. /хх-18, 69, 70/

Түүнчлэн, төлбөр төлөгч С.Б нь НШШГГт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “11 дүгээр сарын 01-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хойшлуулах” тухай хүсэлт гаргасан байх ба уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4/782 дугаар албан бичгээр мэдэгдсэн, тэрээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр уг баримтыг хүлээн авсан байна. /хх-66,67/

Эдгээрээс үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэхэд 2019 оны 11-р сарын 01-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдахыг мэдэж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд уг ажиллагаанд оролцох төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч хэдийгээр 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр баталгаат шууданд хийсэн “2 дах албадан дуудлага худалдаа явуулах тухай” ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11/21 дугаар тогтоол болон 4/22620 тоот мэдэгдлийг 2019 оны 11 дугээр сарын 01-ний өдөр хүлээн авсан учраас 2 дах албадан дуудлага худалдаанд оролцож чадаагүй гэх боловч дуудлага худалдаа болох цаг хугацааны талаар хангалттай мэдэж байсан тул түүний энэ талаарх тайлбар, гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллага хуульд заасан журмын дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай  тогтоолыг өмчлөгч, төлбөр төлөгчид мэдэгдэж, хоёр дах дуудлага худалдааг явуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3,177.4 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дах хэсгүүдэд нийцсэн болно.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний байдлаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул хоёр дах албадан дуудлага худалдааг явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдаа явуулахдаа Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан, төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн маргаанд хамааруулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/00318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн   гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                   

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                

                                     ШҮҮГЧИД                                С.ЭНХТӨР

 

                                                                                      Б.НАРМАНДАХ