Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00790

 

 

Ч.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00388 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Оийн хариуцагч О.ОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа, хариуцагчийн өмгөөлөгч М.Бадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.О болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чулуунбаатарын Оюундэлгэр нь 2004 онд Шинжлэх Ухаан Техник, Технологийн Их сургуулийг инженер-физикч мэргэжлээр, 2006 онд "Мандах" дээд сургуулийг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд 2006-2011 онуудад "Протон" ХХК-д менежер, 2012 оноос "Оюу Толгой" ХХК-ийн Барилга, инженерийн хэлтэст өгөгдөл мэдээллийн чанарын хяналтын ажилтнаар тухайн компаниас зарласан сонгон шалгаруулалтад тэнцэж ажиллаж эхэлсэн. "Оюу Толгой" ХХК-д ажилласан 7 жилийн хугацаанд хөдөлмөрийн сахилгийн зөрчил нэг ч удаа гаргаж байгаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ зохих журмаар гүйцэтгэж ирсэн. Гэтэл 2019 оны 04 сарын 26-ны өдөр Хүний нөөцийн хэлтсээс дуудаад "Та төрөл садныхаа хүнтэй хамт ажиллаж байгаа тухайгаа компанид мэдэгдээгүй зөрчил гаргасан тул өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чинь халлаа" гээд халсан тушаалыг өгч танилцуулсан. Урьдчилан мэдэгдэлгүйгээр ажлаас гэнэт халсан ийм тушаал аваад маш их цочирдож, сэтгэл санааны хүнд байдалд орсон. Ажлаас халах болсон шалтгааныг гүйцэтгэх захирлын 2019 оны 04 сарын 26-ны өдрийн HR 3013 тоот тушаалд "Ч.О нь ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх шууд удирдлага нь түүний садан төрлийн холбоотой хүн болох талаарх ашиг сонирхлын зөрчлөө мэдэгдээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул" гэж дурдсан байсан. Энэ тушаалд заасан ажлаас халах зөрчлийг гаргаагүй гэж үзэж байгаа. Энд дурьдагдсан садан төрлийн холбоотой ажилтан нь нөхөр Баастын Хатанбаатарын төрсөн эгч Баастын Чулуун гэдэг хүний нөхөр Б.Ганбаатар бөгөөд Б.Ганбаатар нь манай багт Стандарт, бичиг баримтын хяналтын ахлах ажилтны албыг хашдаг. Өөрөөр хэлбэл Б.Ганбаатар бид хоёр нэг айлын хүргэн, бэр хоёр юм. Ажилд орсон буюу ажиллах хугацаанд нэг айлын хүргэн, бэрүүд төрөл садны холбоотой хүмүүс нэг байгууллагад ажиллавал ашиг сонирхлын зөрчил үүсэх талаар ямар нэгэн сургалт болон дүрэм, журам танилцуулж байгаагүй бөгөөд нэг айлын хүргэн бэрүүд садан төрлийн холбоотой хүмүүс биш гэж үзэж байсан учир "Оюу Толгой" компанийн Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэгт " О.Окомпанид ажилладаг ах дүү хамаатан садан байхгүй" гэж мэдүүлсээр ирсэн. Б.Ганбаатар нь нэг багт хамт ажилласнаар хууль журам зөрчиж ямар нэгэн илүү таатай нөхцөл боломж, давуу байдал зориудаар олгож байсан зүйл огт байхгүй. Бидний хооронд компанийн дүрэм, журамд заасан дагуу ажил төрлийн харьцаа байсан. О.ОХХК-ийн ажилтнууд өндөр мэдлэггэй, туршлагатай улс байдаг хирнээ Б.Ганбаатар бид хоёрыг садан, төрөлд хамаарахгүй гэдгийг сайн судалж үзэлгүйгээр үндэслэлгүй шалтгаанаар ажлаас халсанд гомдолтой байна. Ажилгүй нөхрөө тэжээдэг, 8-11 насны 2 хүүхэдтэй, байрны лизингийн зээлтэй, одоо 6 сартай жирэмсэн байсан боловч хүүхэд маань зулбасан. Иймд Оюу Толгой" ХХК-ий Барилга, Инженерийн хэлтсийн Өгөгдөл, Мэдээллийн чанарын хяналтын ажилтны албан тушаалд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 94,824,837 төгрөг "Оюу Толгой" ХХК-аас нөхөн гаргуулах, ажилгүй байсан хугацааны Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ "Оюу Толгой" ХХК-аар нөхөн төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Оийн нэхэмжлэлийг дэмжиж байна. Б.Ганбаатар гэдэг хүнтэй садан төрлийн холбоотой хэмээн ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан. Гэтэл Б.Ганбаатар нь ямар ч садан төрлийн хүн биш. Хүчинтөгөлдөр мөрдөгдөж буй хуульд садан төрлийн холбоог Гэр бүлийн тухай хуулийн 3.1.5-д зааснаар нэг айлын хүргэн бэрүүд гэсэн заалт байхгүй. Уг хуулийн заалтыг зөрчсөн. Энэ хүн О.ОХХК батласан бичиг баримттай танилцаагүй. Хэзээ мэдсэн гэхэд Эрдэнхүүгээс ирсэн имэйлээс ойлгоод удирдлага болох Ганбаатарт имэйл явуулсан. Тэр хүн нь дээд удирдлага болох тэр гадаад иргэнд имэйл бичээд мэдүүлээд байхад яагаад арга хэмжээ аваагүй вэ гэсэн шууд шалгалгүйгээр зөрчил гаргасныг тогтоолгүйгээр ажлаас халсан. Мөн хуулийн дагуу садан төрөл гэдгийг тайлбарласан байдаг үүнийг зөрчсөн гэж үзэж байна. Үг хэллэгийн хувьд садан төрөл гэсэн нь үндэслэлгүй, мэдэгдсээр байтал ажлаас халсан. Үзлэг хийсэн баримтаар мэдүүлсэн гэдэг нь нотлогдсон. Тийм учраас ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Маралмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.О нь түүний ажлын гүйцэтгэлийн үнэлгээг хийх, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөх шууд удирдлага нь түүний садан төрлийн холбоотой хүн болох ашиг сонирхлыг зөрчлөө мэдэгдээгүй хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан. Тиймээс О.ОХХК нь нэхэмжлэгч Ч.Отэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажилтайн хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчлийг гаргасан гэсэн үндэслэлээр цуцласан. Иймд Ч.Оийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ч.Оийн ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 8б,10.2.1ж заалтыг баримтласан. Ажиллахын тулд ямар дүрэм журам байгаа талаар танилцах ёстой, цахимаар болон танхимын сургалтанд суудаг. Б.Ганбаатар өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ тусгай хэлтэст мэдэгдэх ёстой. Ч.О нь Б.Ганбаатарт биш өөр этгээдэд мэдэгдэх ёстой байсан. Ашиг сонирхлын зөрчил үүссэн үүсээгүй гэдгийг ажил олгогч өөрөө өөрийн дүрэм журмаар тогтоосон. Хувийн хэвшлийн компани ажиллаж байгаа ажилтнуудын дотоод дүрэм журам ажил олгогч өөрөө зохицуулах ёстой. Ямар хүмүүсийн хооронд үүсэх гэдгийг ажил олгогч өөрөө тодорхойлох эрхтэй. Ашиг сонирхлын зөрчлийн талаар бидний ажлын арга барилд тодорхой тусгасан. О.ОХХК-д дарааллын дагуу мэдэгдсэн зүйл байхгүй. Ёс зүйн стандартын талаар сургалтад суусан нь баримтаар тодорхой харагдана. Бүх ажилчнуудаа явуулсан имэйл тодорхой байгаа. Гэтэл уншиж өгөөгүй гэдгээр өөрийгөө хамгаалж байна. Садан төрлийн холбоотой хүн гэдгийг Гэр бүлийн тухай хууль зөрчиж байна гэж тодорхойлж байна. Бид нэр томъёоны тайлбараараа тайлбарласан. Хадмын тал хамаарна гэж бичсэн. Ч.О Б.Ганбаатартай нэг айлын хүргэн бэр гэдгээ мэдэж байсан. Хамгийн түрүүнд уншиж танилцах ёстой байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд дүрэм журмуудтай 01 сарын 26-ны өдрийн Ёс зүйтэй ажиллах нь гэдэг имайл дээр бизнесийн холбоосууд бүгд байсан. 2019 оны 04 сарын 19 өдөр үүрэг амлалт биелүүлэх холбоосууд бүгд байсан. Хүний нөөц 03 сарын 27 өдөр гомдол хүлээж авсан. Ч.О өөрөө Ганбаатартай нэг айлын хүргэн бэр гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Шинэ цахим маягтыг ашиглаж байж мэдүүлэх ёстой. Б.Ганбаатартай харилцсан. Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэхгүйгээр давуу байдлаа олж авсан гэдэг нь харагдаж байна. Ажил олгогч илрүүлээд арга хэмжээ авсан. Зөрчил нотлогдсон гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар О.ОХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 94,824,837 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамж нөхөн төлүүлэх тухай Ч.Оийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд: Ч.Оийн ажлаас халсан тушаалд дурдсан садан төрлийн холбоотой хүн гэдэг нь Ч.Оийн нөхөр Б.Хатанбаатарын эгч Б.Чулууны нөхөр Ганбаатар нь тус хэлтсийн ахлах мэргэжилтэнээр ажиллаж байсан. Энэ хоёр нэг айлын хүргэн бэрүүд юм. Садан төрлийн холбоотой этгээдүүдийн талаархи харилцааг нарийвчлан зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 3.1.6-д тус тус зааснаар төрлийн болон садангийн хүнийг нэрлэн заасан байхад шүүх хуулийн дээрх заалтыг хэрэглэж Ч.О, Б.Ганбаатар нар нь садан төрлийн холбоотой этгээдүүд мөн эсэхэд дүгнэлт хийх байтал гадаадын хөрөнгө оруулалттай ашгийн төлөө компанийн хууль зөрчиж боловсруулсан дүрэм журмын заалтыг барьж нэг айлын хүргэн бэр болох Ч.О, Б.Ганбаатар нарыг төрөл садангийн холбоотой этгээдүүд мөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан Шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан албан ёсоор нийтлэгдсэн хүчин төгөлдөр хуулийг хэрэглэнэ гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагч компани Ч.Оийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй, Б.Ганбаатартай садан төрлийн холбоотой этгээдүүд мөн эсэхийг баримтаар нотлолгүй ажлаас халсан. Ажил олгогч нь нэр томъёоны тайлбар бүхий стандартын талаар нийт ажилчиддаа танилцуулсан эсэхэд шүүх хариуагчийн хүсэлтээр Оюун толгой ХХК-ийн 2016 оны бизнесийн ёс зүйн стандарт болон уг стандартын дагуу ашиг сонирхолын зөрчлөө мэдүүлэх тухай 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Ёс зүйтэй ажиллах тухай и-мэйл 2017 оны 4 сарын 24-ний өдрийн Ашиг сонихолын зөрчлөө мэдүүлэх шинэ цахим маягтын тухай и-мэйлд үзлэг хийхэд ажилтан Оюундэлгэр нь өөрийн 09146212 хувийн дугаараар нэвтрэн орж дээрх сургалтанд хамрагдсан болох нь талуудыг байлцуулан хийсэн үзлэгээр бэхжүүлэн авсан баримтаар тогтоогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь О.ОХХК нь Бизнесийн ёс зүйн стандарт нэртэй баримт бичгийн нэр томъёоны тайлбарт хадамын талыг оролцуулна гэсэн хуулиас давсан тайлбар оруулаагүй бол энэ хоёр хүн ажлаас халагдаж эрх ашиг зөрчигдөхгүй байна. О.ОХХК-ийн хууль зөрчсөн дүрэм журам нь харин Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1, 130.2 дах заалтыг ноцтой зөрчиж ажилтны эрх ашгийг хохироосон. Мөн дээр дурдсан и-мэйлд үзлэг хийхэд тус сургалтын материал дотор Бизнесийн ёс зүйн стандарт-ийн нэр томъёоны хэсэгт садан төрлийн хүний талаарх сургалтын материал байхгүй. Гэтэл шүүх энэ үзлэгээр Оюундэлгэрийг уг баримттай танилцсан нь нотлогдсон гэсэн өрөөсгөл дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Ганбаатар нь ажилтан Оюундэлгэрийн 2016, 2017, 2018 оны ажлын гүйцэтгэлийн үнэлгээг маш сайн буюу 100 хувь үнэлсэний улмаас Оюундэлгэрийн цалин хөлс урамшуулал нэмэгдсэн талаар дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан хууль зөрчсөн дүгнэлт болсон гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуульд төрөл садангийн тухай харилцааг зохицуулсан 27.1 дэх заалт байгаа бөгөөд уг заалтыг Улсын дээд шүүхийн 33 тоот тогтоолоор тайлбарлахдаа төрөл садангийн хүмүүс гэдэгт Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-3.1.6-д заасан хүмүүс хамаарна гэж тайлбарласнаас үзэхэд хөдөлмөрийн харилцаанд Гэр бүлийн тухай хуулийн дээрх заалтыг хэрэглэх боломжтой гэж үзнэ. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч О.ОХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Ч.О нь 2012 оны 2 дугаар сарын 28-ны өдөр О.ОХХК-ийн захирлын 0171/12 тоот тушааалаар Хөрөнгийн менежментийн хэлтэст Хяналтын ажилтнаар томилогдон, мөн өдөр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулжээ. Улмаар 2017 оны 07 дугааар сарын 10-ны өдөр Барилга, инженерийн хэлтсийн Өгөгдөл мэдээллийн чанарын хяналтын ажилтан албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна./1хх-ийн 4-9,157/

Хариуцагч О.ОХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн HR3013 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын тушаалаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөр тасалбар болгон Ч.Оийг Барилга, инженерийн хэлтсийн Өгөгдөл мэдээллийн чанарын хяналтын ажилтан албан тушаалаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, зохигчдын тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон. /1хх-ийн 3/

Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1.4, 43 дугааар зүйлийн 43.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.б болон 10 дугаар зүйлийн 10.2.1ж, Бидний ажлын арга барил-ын Ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2 дах заалт, Бизнесийн ёс зүйн стандартын 5 дугаар зүйлийн 5.1-ийн Бусад хувийн харилцаа холбоо хэсэг болон 5.4 дэх хэсэг, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт Ээлжийн амралт олгох заавар-ын 15 дугаар зүйлийн 15б заалтыг үндэслэсэн ба Ч.Оийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох талаар зохицуулсан.

Ч.О болон О.ОХХК-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8б-д ажилтан компанийн хууль ёсны аливаа заавар, тушаал, шийдвэр, бодлого, журам, дүрмийг баримтлан ажиллах, дагаж мөрдөх үүрэгтэй, мөн 10 дугаар зүйлийн 10.2.1.ж-д ...ажилтны хувийн ашиг сонирхол нь ажил олгогчийн ашиг сонирхолд ямар нэг байдлаар харшлах, тэрчлэн шууд буюу шууд бусаар ажил олгогчийн ашиг сонирхолд үл нийцсэн, өөрийн болон гуравдагч этгээдийн тусын тулд үйлчлэх үйлдэл, эс үйлдэл хийхийг хатуу хориглоно, ажилтан ашиг сонирхлын зөрчил үүсэх, үүсэх магадлалтай тохиолдолд энэ тухай ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгээ ажил олгогчийн төлөөлөгч, удирдлагад мэдэгдэх, тодорхой шийдвэр гаргах, үйлдэл хийх, үйл ажиллагаа явуулахдаа ажил олгогчийн зөвшөөрлийг авах үүрэгтэй гэж тодорхой зааж, эдгээр үүргээ биелүүлээгүй, ажилтан уг зөрчлийг гаргасан тохиолдолд Ноцтой зөрчил-д тооцож, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар тохиролцсон байна.

О.ОХХК-ийн бизнесийн ёс зүйн дүрэм болох Бидний ажлын арга барил-ын Ашиг сонирхлын зөрчил хэсгийн 2-д Бид ашиг сонирхлын бодит болон болзошгүй зөрчлийг урьдчилан мэдүүлдэг. Зөрчлөөс зайлсхийх боломжгүй үед бусадтайгаа зөвлөлдсөний үндсэн дээр ил тод, зохистой хэлбэрээр зохицуулна гэж,/1хх-101/ Бизнесийн ёс зүйн стандарт-ын 5 дугаар зүйлийн 5.1-ийн Бусад харилцаа холбоо хэсэгт садан төрлийн холбоотой хүн эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдийнхээ ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, цалингийн өөрчлөлтөд нөлөөлөхөөр бол ашиг сонирхолын зөрчил үүсч болох нийтлэг нөхцөлд хамаарна гэж, мөн 5 дугаар зүйлийн 5.4-ийн Ашиг сонирхлын зөрчлийн талаар хэзээ хэрхэн мэдэгдэх, мэдүүлэх вэ хэсэгт Бодит эсвэл болзошгүй ашиг сонирхолын зөрчил байгаа талаар мэдсэн даруйдаа холбогдох бүх дэлгэрэнгүй мэдээллийг О.Опортал /Хууль дүрмийн хэрэгжилтийн хэлтсийн хуудас/-д байгаа ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг урьдчилан батлах маягтыг ашиглан доорх хүснэгтэд харуулсан дарааллын дагуу мэдүүлэх нь чухал ач холбогдолтой, Ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүссэн байж болзошгүй тухай мэдсэн даруй цахимаар эсвэл цаасаар бүртгэл хийлгэх гэж тус тус заасан./1хх-70-72/

Түүнчлэн, ажил олгогч О.ОХХК-ийн Бизнесийн ёс зүйн стандартын нэр томьёоны тайлбарт садан төрлийн холбоотой хүн гэдэгт ... гэрлэлтийн үр дүнд ах, эгч дүүсийн холбоо үүссэн хүмүүс буюу хадмын тал хамаарна... гэж тухайлан томьёолсон байхаас гадна, дээр дурдсанчлан уг стандартад ашиг сонирхолын зөрчил гэж юу болох талаар тодорхойлж, хэрхэн яаж мэдүүлэх, ашиг сонирхлын зөрчлийг мэдсэн даруйд урьдчилан батлах маягтыг ашиглан мэдүүлэхээр үүрэг болгосон гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн нөхөр Баастын Хатанбаатарын төрсөн эгч Баастын Чулууны нөхөр Б.Ганбаатар нь О.ОХХК-ийн Барилга, инженерийн хэлтэст Стандарт, бичиг баримтын хяналтын ахлах мэрэгжилтэний албан тушаалд ажилладаг. Өөрөөр хэлбэл Ч.О, Б.Ганбаатар нар нь нэг айлын хүргэн, бэр бөгөөд тус компанийн Барилга, инженерийн хэлтэст хамт ажиллаж, нэхэмжлэгч нь Б.Ганбаатарын шууд удирдлагад ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь Оюутолгой ХХКийн зүгээс Б.Ганбаатар, Ч.О нартай хийсэн ярилцлагын тэмдэглэл, Ч.Оийн 2019-2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг баримтаар нотлогдсон,/хх-15,119-124/ энэ талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх үүргээ Б.Ганбаатарт и-мэйл илгээж биелүүлсэн гэж тайлбарлах боловч тэрээр 209 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Надаа энэ багт ажиллахад хэцүү байна. Учир нь, тоглоом болон ердийн үед чамайг би мэднэ гээд далдуур дарамтад оруулаад байна. Энэ нь 2018 оны 11 сараас хойш ийм явдал гараад дуугүй яваад байсан. Одоо бол надаа ажлаа хийхэд хэцүү байна гэх захиаг Б.Ганбаатарт бичсэн байна. Зөрчлийг мэдээллэсэн гэх ажилтан Л.Эрдэнэхүү 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажил олгогч компанид өргөдөл гаргасан. Түүний и-мэйл илгээсэн цаг хугацаа, захидлын агуулга зэргээс үзэхэд ажилтныг ашиг сонирхлын зөрчлөө зохих ёсоор мэдүүлсэн гэж үзэх боломжгүй байна. /1хх-165-167,131,242/ Хариуцагч байгууллагын ... удирдлагадаа мэдэгдсэн гэсэн ч аль хэдийн гомдол гараад зөрчлийг шалгаж тогтоосны дараа болсон үйл явдал. Ажилтан Б.Ганбаатарт биш өөр албан тушаалтанд, ашиг сонирхлын зөрчлийг мэдсэн дариуд тусгай маягт бөглөн мэдүүлэх үүрэгтэй байсан гэх тайлбар, татгалзал үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Б.Ганбаатартай нэг айлын хүргэн бэр болох талаараа мэдүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх ажил олгогч хөдөлмөрийн дотоод харилцаанд мөрдөгдөж буй Бизнесийн ёс зүйн стандартад өөрийн байгууллагын онцлогт тохируулан хуулиар тодорхойлсон садан төрлийн холбоотой хүн гэх ойлголтод хадмын талын хүнийг хамааруулан хэрэглэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй, мөн ажилтан Ч.О нь гэрлэлтийн үр дүнд садан төрлийн холбоо үүссэн хүмүүс буюу хадмын талын хүнтэйгээ хамт ажиллаж буй болон ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх үүргээ биелүүлээгүй, ажил олгогч компанийн Бизнесийн ёс зүйн стандартын 5.1, 5.4-т заасныг зөрчсөн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

О.ОХХК нь дээр дурдсан дүрэм журмыг нийт ажилчиддаа танхимын сургалтаар болон цахим хэлбэрээр танилцуулдаг байх бөгөөд 2016 оны Бизнесийн ёс зүйн стандарт болон уг стандартын дагуу ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх тухай 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Ёс зүйтэй ажиллах тухай и-мэйл, 2017 оны 04 сарын 24-ний өдрийн Ашиг сонирхлын зөрчлөө мэдүүлэх шинэ цахим маягтын тухай и-мэйлд үзлэг хийхэд ажилтан Ч.О нь өөрийн 09146212 хувийн дугаараар нэвтрэн орж дээрхи сургалтуудад 2018 оны 02 сарын 15-ний өдөр, 2019 оны 03 сарын 13-ний өдөр цахим сургалтаар хамрагдсан болох нь дээрх и-мэйл хаягуудад хийсэн үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар тогтоогдсон байна./1хх-195-196, 215-216/ Иймээс нэхэмжлэгч Ч.Оийн Б.Ганбаатар бид 2 нэг айлын хүргэн, бэр бөгөөд төрөл садны холбоотой хүмүүс нэг байгууллагад ажиллавал ашиг сонирхлын зөрчил үүсэх талаар ямар нэгэн сургалт болон дүрэм, журам танилцуулаагүй гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.

Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд Ч.О нь ашиг сонирхлын зөрчлийг мэдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдүүлээгүй, байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журмыг зөрсөн нь Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8б, 10.2.1.ж-д заасан ноцтой зөрчилд хамаарч байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцнэ.

Иймд Ч.Оийг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ. Шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн маргааныг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдлыг хэрэгт авагдсан нотлох баримтад харьцуулан үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00388 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Б.НАРМАНДАХ