Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 788

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00788

 

 

 

Д.О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/0402 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК-ийн хариуцагч Э.Цд холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 202 530 483 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүрийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, М.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Э.Ц нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагатай 00002291 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар гудамж, 816/4 тоот хаягт байршилтай, Ү-2206055492 тоот улсын бүртгэлийн дугаартай, 100.09 метр квадрат талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 14-нд 1 удаа 1 800 000 төгрөг төлсөн ба үүнээс хойш өнөөг хүртэл зээлийн төлбөр огт хийгээгүй. Зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрч, зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч гэрээний 4.2.1, 4.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 49 903 333 төгрөг, хүү 24 801 956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 960 391 төгрөг, нийт 79 665 680 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэн Э.Ц нь 2018 оны 9 дүгээр сарын 5-нд манай байгууллагатай дахин 00002344 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 0 гудамжны 816/1 тоот хаягт байрлалтай 100.9 метр квадрат талбайтай хувийн сууц болон Төв аймгийн Эрдэнэ суманд байрлалтай 1 дүгээр баг, дөрвөлжингийн зүүн ард байрлалтай, 4104057013 тоот нэгж талбарын дугаартай, амралтын зориулалттай, 2 га талбайтай эзэмших газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш өнөөг хүртэл зээлийн төлбөр огт хийгээгүй. Зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаа хэтэрсэн тул зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч гэрээний 4.2.1, 4.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 35 314 998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 974 333 төгрөг, нийт 112 289 331 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 191 955 011 төгрөгийг хариуцагч Э.Цоггэрэлээс гаргуулах. Хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүү 10 575 472 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Даймонд-Очир банк бус санхүүгийн байгууллагаас 2 удаа зээл авч зээлийн барьцаанд өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан ба зээл авснаас хойш 1 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний зүгээс Д.О ББСБ ХХК-аас үндсэн зээл 49 903 333 төгрөг, 70 000 000 төгрөгийн зээл авсанаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүнд 24 801 956 төгрөг, 35 314 998 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүүнд 4 960 391 төгрөг, 6 974 333 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү хүү болон нэмэгдүүлсэн хүү хэт өндөр байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ямар хуулийн зүйл заалтын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна вэ гэсэн асуудал. Энэ нь үндэслэлгүй. 2019 оны 11 дүгээр сарын 15-нд анх нэхэмжлэлээ гаргасан. Тухайн үед нэхэмжлэлийн үнийн дүн нь 191 955 011 төгрөг байсан. Нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хүү зогсох ёстой гэж манай зүгээс үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 09 сарын 05-ны өдөр 2344 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, тус гэрээний үүрэгт 118 469 331 төгрөг, 2018 оны 08 сарын 14-ны өдрийн 2291 тоот зээлийн гэрээний үүрэг 84 067 152 төгрөг, нийт 202 530 483 төгрөгийг Э.Ц /РД:ХК65010312/-ээс гаргуулж, Д.О ББСБ ХХК /РД:5453259/-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Ц нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206055489 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/0 гудамж, 816/1 тоот хаягт байрлах 100,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 4104057013 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сумын нутагт байрлах 2 га эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 131 488 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 240 802 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цээс 1 240 802 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаарт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай заахдаа барьцаа хөрөнгийг дутуу дурьдсаныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Э.Цтэй байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 14-ний 2291 дугаар зээлийн гэрээний барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28-0 гудамж, 816/4 тоот хаягт байрлалтай 2206055492 тоот улсын бүртгэлийн дугаартай 100,09 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай хөдлөх хөрөнгийг, 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2344 тоот зээлийн гэрээний барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол0 гудамжны 816/1 тоот хаягт байрлалтай 100,9 м.кв талбайтай хувийн сууц болон Төв аймгийн Эрдэнэ суманд байрлалтай 1 дүгээр баг, дөрвөлжингийн зүүн ард байрлалтай 4104057013 тоот нэгж талбарын дугаартай, амралтын зориулалттай, 2 га талбайг эзэмших газрыг буюу нийт 3 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Шүүхийн шийдвэрт зөвхөн 2344 тоот барьцааны гэрээний барьцаа хөрөнгүүдийг дурдаж, 2291 тоот барьцааны гэрээнд заагдсан барьцаа хөрөнгийг дурдалгүй орхигдуулж, техникийн алдаа гаргасан гэж үзэж байна. Иймд хэргийг бүх талаас нь хянан шийдвэрт дурдаагүй орхигдуулсан барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, 0 гудамж, 816/4 тоот хаягт байрлалтай, Ү-2206055492 тоот улсын бүртгэлийн дугаартай, 100,09 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэмж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг залруулан өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Д.О ББСБ ХХК нь хариуцагч Э.Цээс зээлийн гэрээний үүрэгт нийт 202 530 483 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Даймон-Очир ББСБ ХХК нь Э.Цтэй 2018 оны 08 сарын 14-ний өдөр 2291 дугаар зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, мөн 2018 оны 09 сарын 05-ны өдөр 2344 тоот зээлийн гэрээгээр 70 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Э.Ц нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцож, Э.Цийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206055489 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/ 0 гудамж, 816/1 тоот хаягт байрлах 100,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 0 гудамж, 816/4 тоот, 100,09 м.кв талбайтай амины орон сууц, нэгж талбарын 4104057013 дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сумын нутагт байрлах 2 га эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус зээлийн барьцаанд барьцаалсан тухай харилцан тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 10-19 дүгээр тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан болон зээлийн гэрээний 4.2.2-т заасан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргээ зөрчиж эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй учир зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн №00002291 тоот Барьцааны гэрээний дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 0 гудамж, 816/4 тоот, 100,09 м.кв талбайтай амины орон сууцыг орхигдуулж шийдвэрлэсэнийг залруулах боломжтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2344 тоот гэрээг хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гарган гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дуусгавар болгон гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хугацаанаас нь өмнө шаардсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу гэрээг цуцалж, шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардсанаас хойшхи хугацаанд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 2344 тоот зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа 6 174 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хангаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хүү тооцох нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцэхгүй ба зээлийн гэрээний дагуу гэрээг цуцалсан тохиолдолд цуцалснаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм.

Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 2291 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 49 903 333 төгрөг, зээлийн хүү 28 469 850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 693 969 төгрөг нийт 84 067 152 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2344 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 70 000 000 төгрөг, зээлийн хүү 35 314 998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 974 333 төгрөг, нийт 112 289 331 төгрөг буюу /112 289 331+84 067 152/ нийт 196 356 483 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зөв юм.

Давж заалдах шатны шүүхээс уг алдааг зөвтгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/0402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 118 469 331 гэснийг 112 295 331 гэж, 202 530 483 гэснийг 196 356 483 гэж, олгосугай гэснийг олгож, үлдэх 6 174 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын ... газрыг... гэсний дараа Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 0 гудамж, 816/4 тоот, 100,09 м.кв талбайтай амины орон сууцыг гэж нэмж, 3 дах заалтын 1 240 802 гэснийг 1 139 732 гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Б.НАРМАНДАХ