Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00052

 

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00402 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 788 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 202,530,483 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруулын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс зээлийн гэрээний үүрэгт 202,530,483 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/00402 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 2344 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, тус гэрээний үүрэгт 118,469,331 төгрөг, 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 2291 тоот зээлийн гэрээний үүрэг 84,067,152 төгрөг, нийт 202,530,483 төгрөгийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, (РД:ХК65,,,,,,,,,,)-ээс гаргуулж, “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК (РД:54,,,,,,,,,,,)-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206055,,,,,,,,, дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ,,,,,,,, дугаар хороолол, /17130/0 гудамж, 816/1 тоот хаягт байрлах 100,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 41040570,,,,, дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сумын нутагт байрлах 2 га эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж  шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 788 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/0402 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “118,469,331” гэснийг “112,295,331” гэж, “202,530,483” гэснийг “196,356,483” гэж, “олгосугай” гэснийг “олгож, үлдэх 6,174,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “... газрыг...” гэсний дараа “Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 0 гудамж, 816/4 тоот, 100,09 м.кв талбайтай амины орон сууцыг” гэж нэмж, 3 дахь заалтын “1,240,802” гэснийг “1,139,732” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.11-ний өдрийн 183/ШШ2020/00402 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.06-ны өдрийн 788 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК нь иргэн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг анх 2019.11.15-ны өдөр анхан шатны шүүхэд гаргасан бөгөөд тухайн үед нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг нийлүүлэн тооцож 191,955,011 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс дахин тооцоолол гаргаж нэхэмжлэлийг анх гаргасан өдөр болох 2019.11.15-ны өдрөөс 2020.01.17-ны өдрийг хүртэлх хүү хэмээн 10,575,472 төгрөгийг нэмж тооцож нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс уг ихэсгэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь дээрх шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн ихэсгэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар огт хийгээгүй бөгөөд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас ихэсгэсэн шаардлага болох 10,575,472 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,”  ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 202,530,483 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийн үнээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6,174,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчлөхдөө хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

7. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, талууд 2018.08.14-ний өдөр 2291 тоот зээлийн гэрээ байгуулж, 50,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар, мөн 2018.09.05-ны өдөр 2344 тоот зээлийн гэрээгээр 70,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ,,,, дугаар хороолол, /17130/0 гудамж, 816/1 тоот хаягт байршилтай, Ү-22060554,,,,, тоот улсын бүртгэлийн дугаартай, 100,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүргийн ,,,,,, дугаар хороо, 0 гудамжны 816/4 тоот хаягт байрлалтай 100,09 м.кв талбайтай амины орон сууц болон Төв аймгийн Эрдэнэ суманд байрлалтай 1 дүгээр баг, дөрвөлжингийн зүүн ард байрлалтай, 41040570,,,, тоот нэгж талбарын дугаартай, 2 га газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус барьцаалсан.  Зээлдэгч буюу хариуцагч нь 2018.09.14-ний өдөр нэг удаа 1,800,000 төгрөг төлснөөс өөрөөр гэрээний үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

8. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2., 156 дугаар зүйлийн 156.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 451.2., 452 дугаар зүйлийн 452.2., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг (үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг) хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

9. Нэхэмжлэгч 2019.11.15-ны өдөр 2018.08.14-ний өдрийн 2291 тоот  гэрээний хувьд үндсэн зээл 49,903,333 төгрөг, хүү 24,801,956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,960,391 төгрөг, нийт 79,665,680 төгрөгийг, 2018.09.05-ны өдрийн 2344 тоот гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 70,000,000 төгрөг, хүү 35,314,998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,973,333 төгрөг, нийт 112,289,331 төгрөг буюу хоёр гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 191,955,011 төгрөгийг хариуцагчаас шаардсан.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020.01.17-ны өдөр нэхэмжлэгч нь 2291 тоот зээлийн гэрээний хүүнд 3,667,894 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 733,578 төгрөг, нийт 4,401,472 төгрөгийг, 2344 тоот зээлийн гэрээний хүүнд 5,145,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,029,000 төгрөг, нийт 6,174,000 төгрөгийг нэмж шаарджээ.

11. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулж, “нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу гэрээг цуцалснаас хойших хугацаанд (2020.01.17-ны өдөр) 2344 тоот зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүнд 6,174,000 төгрөгийг нэмж шаардсан нь үндэслэлгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

12. Харин Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед хугацаа нь дууссан байсан 2291 тоот зээлийн гэрээний хувьд хүү болон нэмэгдүүлсэн хүүг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх хүртэлх хугацаанд нэмж шаардах эрхтэй. Энэ талаар зээлийн гэрээний 2.1-2.4-т заасан/харилцан тохиролцсон тул гэрээний хугацаагаар тодорхойлогдох үндсэн хүүгээс гадна, гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш хэтэрсэн хугацааны хүү болон үндсэн зээлийн төлбөрийг төлөөгүйгээс хугацаа хэтрүүлсэн хариуцлага болох нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн 20 хувиар төлөх үүрэгтэй.

13. Иймд, “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг анх 2019.11.15-ны өдөр шүүхэд гаргасан бөгөөд тухайн үед зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг нийлүүлэн 191,955,011 төгрөгийг гаргуулахаар шаардсан, улмаар нэхэмжлэгчийн зүгээс дахин тооцоолол гаргаж нэхэмжлэл гаргасан 2019.11.15-ны өдрөөс 2020.01.17-ны өдрийг хүртэлх хүү хэмээн 10,575,472 төгрөгийг нэмж шаардсан нь үндэслэлгүй, анхан болон давж заалдах шатны шүүхээс уг ихэсгэсэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой...” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй юм.

14. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 788 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төлсөн 184,157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД