Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/00402

 


 

2020 оны 02 сарын 11 өдөр

   Дугаар 183/ШШ2020/00402

         Улаанбаатар хот

 

   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, тоотод байрлах, Д-ББСБ ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Ц- /РД:....../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 202 530 483 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Идэр нар оролцов.                                        

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д-ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Э.Ц- нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай байгууллагатай 00002291 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 50 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар гудамж, 816/4 тоот хаягт байршилтай, Ү-2206055492 тоот улсын бүртгэлийн дугаартай, 100.09 метр квадрат талбайтай амны орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нь 2018 оны 9 дүгээр сарын        14-нд 1 удаа 1 800 000 төгрөг төлсөн ба үүнээс хойш өнөөг хүртэл зээлийн төлбөр огт хийгээгүй. Зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн тул зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч гэрээний 4.2.1, 4.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 49 903 333 төгрөг, хүү 24 801 956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 960 391 төгрөг, нийт 79 665 680 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иргэн Э.Ц- нь 2018 оны 9 дүгээр сарын 5-нд манай байгууллагатай дахин 00002344 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 70 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулж Хан-Уул дүүргийн тоот хаягт байрлалтай 100.9 метр квадрат талбайтай хувийн сууц болон Төв аймгийн Эрдэнэ суманд байрлалтай 1 дүгээр баг, дөрвөлжингийн зүүн ард байрлалтай, ...... тоот нэгж талбарын дугаартай, амралтын зориулалттай, 2 га талбайтай эзэмших газрыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш өнөөг хүртэл зээлийн төлбөр огт хийгээгүй. Зээлийн гэрээний хуваарийн дагуу төлбөл зохих төлбөрийг хугацаа хэтэрсэн тул зээлдүүлэгчийн зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч гэрээний 4.2.1, 4.2.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй байна. Өнөөдрийн байдлаар үндсэн зээл 70 000 000 төгрөг, хүү 35 314 998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 974 333 төгрөг, нийт 112 289 331 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 191 955 011 төгрөгийг хариуцагч Э.Цоггэрэлээс гаргуулах. Хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүү 10 575 472 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэв.

 

Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие өөрийн үр хүүхдүүдийн ажилд туслахаар дээрх банк бус санхүүгийн байгууллагаас 2 удаа зээл авч зээлийн барьцаанд өөрийн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан ба зээл авснаас хойш 1 800 000 төгрөгийг төлж барагдуулсан. Хариуцагч миний зүгээс Д-ББСБ ХХК-иас үндсэн зээл 49 903 333 төгрөг, 70 000 000 төгрөгийн зээл авсанаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүнд 24 801 956 төгрөг, 35 314 998 төгрөг, мөн нэмэгдүүлсэн хүүнд 4 960 391 төгрөг, 6 974 333 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэхүү хүү болон нэмэгдүүлсэн хүү хэт өндөр хүүтэй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ямар хуулийн зүйл заалтын үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна вэ гэсэн асуудал. Энэ нь үндэслэлгүй. 2019 оны 11 дүгээр сарын 15-нд анх нэхэмжлэлээ гаргасан. Тухайн үед нэхэмжлэлийн үнийн дүн нь 191 955 011 төгрөг байсан. Нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хүү зогсох ёстой гэж манай зүгээс үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д-ББСБ ХХК нь хариуцагч Э.Ц-д холбогдуулан 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 2291 дугаар зээлийн гэрээний үүрэгт 84 067 152 төгрөг, 2018 оны 09 сарын 05-ны өдрийн 2344 тоот зээлийн гэрээний үүрэгт 118 463 331 төгрөг, нийт 202 530 483  төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Э.Ц- нь зээлийн хоёр гэрээний үндсэн үүрэг болох 49 903 333 төгрөг болон 70 000 000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэт өндөр гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж дүгнэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Д-ББСБ ХХК, Э.Ц- нарын хооронд 2018 оны 08 сарын 14-ний  өдөр 2291 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 50 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, мөн 2018 оны 09 сарын 05-ны өдөр 2344 тоот зээлийн гэрээгээр  70 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Э.Ц- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцож, Э.Ц-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206055489 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/ 0 гудамж, 816/1 тоот хаягт байрлах 100,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ...... дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сумын нутагт байрлах 2 га эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг тус тус зээлийн барьцаанд бариулжээ./хх-10-19/

 

Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.   

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хэлцэл гэдгийг талуудын хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ гэж, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын зарчимд үндэслэж зээлийн хүүг тогтоосон гэж үзэх тул хариуцагчийн хүүгийн хэмжээ өндөр гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг зээлдэгч Э.Ц-д шилжүүлсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй ба зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь 2018 оны 08 сарын 14-ний  өдрийн 2291 тоот,  2018 оны 09 сарын 05-ны өдрийн 2344 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь 2018 оны 09 сарын 14-ний өдөр 2291 тоот зээлийн гэрээний үүрэгт                 1 800 000 төгрөгийн төлөлт хийснээс өөрөөр огт төлөлт хийгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 09 сарын 05-ны өдөр 2344 тоот зээлийн гэрээний хугацаа 2020 оны 09 сарын 05-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч хариуцагч нь зээл, түүний хүүг сар бүр буцаан төлөх үүргээ огт биелүүлээгүй зөрчиж, гэрээний үүргээ биелүүлээгүй нь гэрээний 7.1.1-т зааснаар зээлдүүлэгч өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болох бөгөөд энэ нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг ч шаардах эрхийн үндэслэл болно.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх”, 452 дугаар зүйлийн 452.2-т “…Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь төлөөгүй хугацааны хүүнд нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд зээлдэгчийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зэрэг баримтуудыг үндэслэн 2018 оны 08 сарын 14-ны өдрийн 2291 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 49 903 333 төгрөг, зээлийн хүү 28469 850 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 693 969 төгрөг, нийт    84 067 152 төгрөг,

2018 оны 09 сарын 05-ны өдрийн 2344 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээл         70 000 000 төгрөг, зээлийн хүү 40 459 998 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 003 333 төгрөг, нийт 118 469 331 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагч Э.Цогтэрэлээс 2291, 2344 тоот зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 202 530 483 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д-ББСБ ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан тул хариуцагч Э.Ц- нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1-т заасныг тус тус баримтлан зохигчийн хоорондын 2018 оны 09 сарын 05-ны өдөр 2344 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, тус гэрээний үүрэгт 118 469 331 төгрөг, 2018 оны 08 сарын 14-ны өдрийн 2291 тоот зээлийн гэрээний үүрэг 84 067 152 төгрөг, нийт 202 530 483 төгрөгийг Э.Ц- /РД:....../-ээс гаргуулж, Д-ББСБ ХХК /РД:..../-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Э.Ц- нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2206055489 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 28 дугаар хороолол, /17130/0 гудамж, 816/1 тоот хаягт байрлах 100,9 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын ...... дугаартай, Төв аймаг, Эрдэнэ сумын нутагт байрлах 2 га эзэмших эрхийн гэрчилгээтэй газрыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 131 488 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж                  1 240 802 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц-ээс               1 240 802   төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ