Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 824

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2020/00824

 

 

 

Х.Ф ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00362 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Х.Ф ББСБ ХХК-ийн хариуцагч М.Э, Ж.Бт нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47 496 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.ФББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Х.ФББСБ нь М.Э, Ж.Б нартай 0103280058, 0103280059 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулж, нийт 25 000 000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нартай байгуулсан гэрээ 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дууссан. Хариуцагч нар 3 050 667 төгрөгийг төлөлтийн дагуу хийсэн, үүнээс хойш графикийн дагуу төлөлтийг хийгээгүй тул зээлийн гэрээ байгуулснаас хойш төлсөн зээлийн төлөлтийг хасаад үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний заалт болон хуульд нийцүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож нийт 47 496 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчээс 25 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу зээлийг олгох ёстой. Гэвч энэ зээл хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдоогүй, зээлийн хувийн хэрэг байхгүй, дансны хуулга байхгүй, хүүгийн талаар нийтэд мэдээллэж байсан баримт байхгүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул зээлсэн 25 000 000 төгрөгөөс төлсөн 3 050 667 төгрөгийг хасч, үлдэгдлийг нь төлнө. Бусад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. 45 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М.Э, Ж.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47 496 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.ФББСБ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 395 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Э, Ж.Б нар давж заалдах гомдолдоо: Х.ФББСБ-аас 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр тус бүр нь 10 000 000 төгрөг болон 15 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулж нийт 25 000 000 төгрөг зээлж авсан. Дээрх зээлээс бид нийт 3 050 667 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бидний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч талаас зээлтэй холбоотой нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй байна. Бидний зээлийн харилцаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдах бөгөөд тус хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус заажээ. Гэтэл энэ зээл нь дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон эсэх талаарх баримтууд болох зээлийн хувийн, зээлийн дансны хуулга байхгүй, хүүгийн талаар нийтэд мэдээллэж байсан баримт байхгүй, хүчин төгөлдөр бус гэрээ байгаа тул 25 000 000 төгрөгнөөс төлсөн 3 050 667 төгрөгийг хасч үлдэх 21 949 333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин нэхэмжлэлийн шаардлага болох 47 496 000 төгрөгнөөс үлдэх 25 546 667 төгрөгийг эс зөвшөөрч байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг 21 949 333 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 25 546 667 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Х.ФББСБ ХХК нь хариуцагч М.Э, Ж.Б нарт холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 25 000 000 төгрөг, зээлийн хүү 19 152 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 344 000 төгрөг, нийт 47 496 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Х.ФББСБ ХХК нь М.Э, Ж.Б нартай 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 0103280058, 0103280059 дугаар зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Мөн өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан үйл баримт хэрэгт авагдсан зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн, барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон. /хх-ийн 9-12, 18-21 дугаар тал/

Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ, баталгаат ипотекийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ талаар зохигчид маргаагүй.

Хариуцагч М.Э, Ж.Б нар нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ ... Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу зээлийг олгоогүй, зээлийн хувийн хэрэг байхгүй, дансны хуулга байхгүй, хүүгийн талаар нийтэд мэдээллэж байсан баримт байхгүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй гэж маргасан боловч дээрх үндэслэл нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болно.

Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-дахь хэсэг болон зээлийн гэрээний 5.2.4-т заасан зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргээ зөрчиж эргэн төлөлтийг бүрэн хийгээгүй байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч байгууллага 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 15 000 000 төгрөгийг тус тус зээлдэгч нарт бэлнээр хүлээлгэн өгсөн. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт 3 050 667 төгрөг төлсөн ба гэрээний хугацаа 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дууссан болох нь хэрэгт авагдсан бэлэн мөнгөний зарлагын баримт, зээлийн тооцооны хуудас, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон./хх-52,53,54/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нарын хувьд зээлийн гэрээний үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлэх учиртай.

Талууд зээлийн гэрээний 3.1.3, 3.5.3-т зээлийн хүүг 2,3 хувь байхаар, гэрээний 3.1.7, 3.5.7-т зээлийн хуваарийн дагуу зээл хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тус тус тохиролцжээ.

Түүнчлэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул хариуцагч нарын хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй гэх тайлбар, гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд, хариуцагч М.Э, Ж.Б нараас зээлийн үндсэн төлбөр 25 000 000 төгрөг, зээлийн хүү 19 152 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 344 000 төгрөг, нийт 47 496 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

Хариуцагч нарын гомдлоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй болно.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэх тухай 2019 оны 07 сарын 29-ний өдрийн 183/ШШ2019/08812 дугаар захирамжид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу бичсэн байх боловч иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжид зөвтгөн зассан, зохигчид нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хангалттай мэтгэлцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэхүү зөрчил нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 286 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ