Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2022/00119

 

                               “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                          иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00362 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 824 дүгээр магадлалтай,

“,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 47,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч нарын өмгөөлөгч Б.Энхбат, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,496,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ. 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00362 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,496,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 824 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00362 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.07-ны өдрийн 183/ШШ2020/00362 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.10-ны өдрийн 824 дүгээр магадлалын зарим хэсгийг тус тус эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь бидэнд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47,496,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анх бид “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 2017.03.28-ны өдөр тус бүр 10,000,000 төгрөг болон 15,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээ байгуулж, нийт 25,000,000 төгрөгийг зээлж авсан. Дээрх зээлээс бид нийт 3,050,667 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас зээлтэй холбоотой нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй.

4.2. Бидний зээлийн харилцаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулагдах бөгөөд тус хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

4.3. Гэтэл энэ зээл нь дээрх хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон эсэх талаарх баримтууд болох зээлийн хувийн хэрэг болон дансны хуулга байхгүй, хүүгийн талаар нийтэд мэдээлж байсан баримт байхгүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул 25,000,000 төгрөгөөс төлсөн 3,050,667 төгрөгийг хасч, үлдэх 21,949,333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Харин нэхэмжлэлийн шаардлага болох 47,496,000 төгрөгөөс үлдэх 25,546,667 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг 21,949,333 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх 25,546,667 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий тул хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч ,,,,,,,,,,,, , ,,,,,,,,,,,,,,нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,496,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

7. Зохигчийн хооронд 2017.03.28-ны өдөр хоёр зээлийн гэрээ байгуулагдсан ба хариуцагч нар нь №0103280058 тоот гэрээгээр 10,000,000 төгрөг, 0103280059 тоот гэрээгээр 15,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай хамтран зээлсэн, зээлдэгч нар нь гэрээний дагуу 3,050,667 төгрөгийг төлсөн (түүнээс хойш төлөлт хийгдээгүй) үйл баримт тогтоогджээ.

8. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1.-д заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байна, уг гэрээгээр талууд зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр харилцан тохиролцсон, хариуцагч нар гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1., Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3.-т заасны дагуу нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, хариуцагч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

9. Зээлдүүлэгч анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа хариуцагч нарын төлсөн 3,050,667 төгрөгийг хасаад, үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 19,152,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,344,000 төгрөг, нийт 47,496,000 төгрөг шаардсаныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул  “... зээлээс бид нийт 3,050,667 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн, энэ талаарх нотлох баримтыг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөөгүй...” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1-д заасан хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй. Тодруулбал, 3,050,667 төгрөгийг  хасч тооцон нэхэмжлэл гаргасан тул уг төлбөрийн талаарх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангалгүй орхисон нь хууль зөрчихгүй.

10. Мөн, “... зээл нь хуульд заасан үндэслэл журмын дагуу олгогдсон эсэх талаарх баримтууд болох зээлийн хувийн хэрэг болон дансны хуулга байхгүй, хүүгийн талаар нийтэд мэдээлж байсан баримт байхгүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул 25,000,000 төгрөгөөс төлсөн 3,050,667 төгрөгийг хасч, 21,949,333 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, үлдэх хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү..” (Тодорхойлох хэсгийн 4.2-4.3) гэх гомдлын тухайд, хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, дээрх үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан “хүчин төгөлдөр бус байх хэлцэл”-д юм уу,  мөн хуульд заасан “хүчин төгөлдөр бус гэж тооцох хэлцэл”-ийн үндэслэлд хамаарахгүй бөгөөд зохигчийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

11. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/00362 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 824 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 286,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД