Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00362

 

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/00362

Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Бетон арматур ХХК-ийн байр, 0 давхарт байрлах, Х ББСБ ХХК /рд:000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Туул 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, Б овогт М Э /рд:000000000/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Туул 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Ж овогт Ж.Б /рд:000000000/ нарт тус тус холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 47 496 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Х ББСБ нь хамтран зээлдэгч М.Э, Ж.Б нартай 0103280058, 0103280059 дугаартай зээлийн гэрээг тус тус байгуулж, нийт 25 000 000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Хариуцагч нартай байгуулсан гэрээ 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дууссан. Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 3 050 667 төгрөгийг төлөлтийн дагуу хийсэн, үүнээс хойш графикийн дагуу төлөлтийг хийгээгүй тул зээлийн гэрээ байгуулснаас хойш төлсөн зээлийн төлөлтийг хасаад үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний заалт болон хуулинд нийцүүлэн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож нийт 47 496 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, заримыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа. Нэхэмжлэгчээс 25 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу зээлийг олгох ёстой. Гэвч энэ зээл хуулинд заасан үндэслэл журмын дагуу олгогдоогүй, зээлийн хувийн хэрэг байхгүй, дансны хуулга байхгүй, хүүгийн талаар нийтэд мэдээллэж байсан баримт байхгүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул зээлсэн 25 000 000 төгрөгөөс төлсөн 3 050 667 төгрөгийг хасч, үлдэгдлийг нь төлнө гэж байгаа. Бусад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй. 45 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломж байгаа” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ББСБ ХХК нь хариуцагч М.Э, Ж.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 25 000 000 төгрөг, зээлийн хүү 19 152 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 344 000 төгрөг, нийт 47 496 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.  

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийн эрх, үүрэгтэй танилцаж, нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсвэл татгалзсан үндэслэл, тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаас үзэхэд Х ББСБ ХХК болон М.Э, Ж.Б нарын хооронд 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр №0103280059 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 15 000 000 төгрөгийг, мөн өдөр 0103280058 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, 10 000 000 төгрөгийг тус тус сарын 3,2 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр талууд харилцан тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээ нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу хуулиар тогтоосон шаардлагыг хангасан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байх бөгөөд талууд гэрээний зүйл болсон нийт 25 000 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн, зээлийн зүйлийг хариуцагч хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн, зэрэг үйл баримтад маргаагүй.

 

Харин хариуцагч нь “...Нэхэмжлэгч нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу зээлийг олгоогүй, зээлийн хувийн хэрэг байхгүй, дансны хуулга байхгүй, хүүгийн талаар нийтэд мэдээллэж байсан баримт байхгүй, хүчин төгөлдөр бус гэрээ тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг зөвшөөрөхгүй” гэж маргасан боловч дээрх үндэслэл нь дээрх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй юм.  

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

 

            Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч нар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

Иймд шүүх үндсэн зээл 25 000 000 төгрөг, үндсэн хүү 19 152 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 344 000 төгрөг, нийт 47 496 000 төгрөгийг хариуцагч М.Э, Ж.Б нараас гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Хавтаст хэрэгт 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан баталгаат ипотекийн гэрээ авагдсан байх боловч нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 395 430  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:                                                                                                             

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч М.Э, Ж.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47 496 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х ББСБ ХХК-д олгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395 430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 395 430 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ