Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Галбадрахын Солонго |
Хэргийн индекс | 183/2017/00431/и |
Дугаар | 183/ШШ2024/01816 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/01816
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/01816
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ..........тоотод оршин суух, Х овогт Н-ийн Ч /РД:......./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ..........тоот хаягт байрлах, Уорлд трэвел ХХК /РД:...../-д холбогдох,
2013.12.20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндсэн нэхэмжлэлтэй, 2023.12.20-ны өдрийн гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Ч хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э , нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Ч би 2013.12.20-ны өдөр У ХХК-тай Хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины аманд тус компаний аялал жуучлалын зориулалтаар ашиглаж байгаа газарт өөрийн 100 хувийн хөрөнгөөр орон сууцны хотхон барьж барилга баригдасны дараа гэрээний дагуу талууд хувааж авах гэрээг байгуулсан. Ингээд 3 жилийн хугацаанд гэрээнд заагдсан барилгыг барьж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж зээл авах гэсэн боловч У ХХК-ний зүгээс гэрээгээ зөрчиж зөвшөөрөөгүйн улмаас өөрийн барьсан барилгын газрын ашиглалтын гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн авч хуулийн дагуу ашиглах авах шаардлага гаргасан юм. Тиймээс БОАЖЯ-нд У ХХК-ний ашиглаж байгаа газрыг газар ашиглах гэрээний хугацаа дууссан учир цуцлуулж, өөрийн нэр дээр ашиглах хүсэлт гаргасан боловч тус яамнаас У ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж газрыг худалдан авсан, дамжуулан ашиглах хориотой мөн газрыг зориулалтын бусаар ашиглаж байгаа учир хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн юм. Энэ шийдвэр нь иргэн миний хуулийн дагуу газар ашиглах эрхийг зөрчөөд байна. Намайг гэрээ байгуулах үед У ХХК-ний ашиглаж байгаа газар нь эрхийн зөрчилгүй байсан учир газрыг эзэмшигч гэж ойлгосноос гэрээ байгуулсан. Гэтэл бидний хооронд байгуулсан гэрээ нь хуулийн олон заалт БОАЖЯ-ны сайдын тушаал шийдвэр гээд олон заалтыг зөрчсөн юм байна. Тэр тусмаа гэрээний 1.2-т гүйцэтгэгч газар ашиглалчийн заасан солбилцол бүхий газарт 20 ширхэг орон сууцны барилгыг өөрийн зардлаар барина гэсэн заалт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйл газар ашиглагчид хориглох үйл ажиллагаа 1.Тусгай хамгаалалттай газар нутагт газар хориглоно. 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулахыг хориглоно гэсэн заалтыг шууд зөрчиж тухайн газрыг хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчилж ашиглахаар заасан заалт байна. Мөн гэрээний 4.2, 4.2, 4.3-д гэрээний дагуу баригдсан орон сууцыг 3.5, 16.5 гэсэн харьцаагаар хувааж авна, оногдсон байруудын зарцуулах эрхийг тус тус эдлэнэ гэх зэргээр заасан нь Газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийг Иргэн, аж ахуйн нэгж нь хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байгаа бусдад худалдахыг хоргилно гэсэн заалтыг зөрчиж хөрөнгө оруулалтын гэрээгээр халхавчилж газрын бусдад худалдсан арилжааны шинжтэй заалт байгаа юм. Мөн гэрээний 6.2.3 нь заалт нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн гэрээг цуцлах хуульд заасан үндэслэлийг зөрчсөн, 9.1 нь Иргэний хуулийн 45 дугаар зүйлийг зөрчсөн байнаа, мөн бидний хооронд байгуулсан гэрээ нь иргэний хуулийн 200,202-р зүйлд заасан гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй өөрт илтэд хохиролтой хэлцэл болсон байна. Иймд бидний хооронд байгуулсан гэрээний 1.1, 1.2, 4.1, 4,3, 6.2.3, 9.1 гэсэн заалтуудыг иргэний хуулийн 56.1.1, 56.1.8, 202-р заалтын дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Гэрээний дээрх заалтууд хүчин төгөлдөр бусад тооцогдсоноор иргэн миний хуулийн дагуу газар ашиглах зөрчигдсөн эрх сэргээгдэх юм. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хүчин төгөлдөр бусад тооцуулах гэрээгээ яг ямар хуулийн зүйлтээр яриад байгаа нь тодорхойгүй байдаг. Талууд 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан. Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээн дээр хууран мэхлэх зорилгоор хийсэн гэж яриад байх шиг байна. Ямар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тал дээр нэхэмжлэгч тал дурддаггүй. Газар ашиглах эрх нь хүчингүй болсон гэж 2013 онд гэрээ байгуулахад газар ашиглах эрх нь хүчин төгөлдөр байсан. Эрх нь хүчин төгөлдөр байсан газар дээрээ Н.Ч-тай 2013 онд гэрээ хийсэн байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2008 тушаал гаргаад У ХХК-ны газар ашиглах эрхийг хүчингүй болгож байсан. 10 жилийн дараа төрийн байгууллагын шийдвэр У ХХК Н.Ч хоёрт хүчин төгөлдөр бусад тооцуулсан асуудал огт биш. Эскиз зураг хуурамч байсан гэж яриад байна. Гэрээний 3.1 дээр гүйцэтгэгч нь газар эзэмшигчийн ашиглаж буй газрын хавсралтанд дурдсан газарт өөрийн хөрөнгөө А ХХК-ийн гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөлт болон компаниас боловсруулсан амрагчдын хотхоны 4 дүгээр хэсгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгэн ижил засал бүхий 20 ширхэг сууц бүхий амрагчдын хотхон байгуулна гэж заасан байдаг. Жи Эй Ар Ти ХХК ний батлаад зуруулсан зургийг дурдаагүй. Барилгын хийж гүйцэтгэх ажлынхан үндсэн гол нөхцөлийг нь зааж өгсөн. Ижил засал бүхий 20 ширхэг орон сууцыг байгуулан гэж заасан. Бодит байдал дээр хоорондын зайг нь хэтрүүлээд барьсан. Тусгай хамгаалалттай газар учраас 2 давхар Канад технологиор модон угсралттай байшин барина гэсэн төлөвлөгөөгөө зөрчиж Анар сангийн бетон цутгалттай байшин барьсан гэдгээс үүргийн гүйцэтгэлийн маргаан эхэлсэн байдаг. Гүйцэтгэгчийн зүгээс тохиролцоогоо зөрчсөн байна гэсэн шаардлага тавьж байсан. 2013 оны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй. Гэрээ байгуулах зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэж байгаа бол иргэний хэргээр биш эрүүгийн хэргээр шийдвэрлэх ёстой байх гэж бодож байна. Ийм учраас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах ямар ч хууль зүйн үндэслэл байхгүй гэж бодож байна гэжээ.
3. УХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани нь Хан-Уул дүүргийн ......... газрын 1 га газарт Аялал жуулчлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг Б Амрагчдын сууц барихаар эскиз зурагаа 2011 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд нийлэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаар батлагдсан зураг төслийн дагуу амрагчдын сууц бариулахаар 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Ч-тай Хөрөнгө оруулалт хийж Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 1....... га газарт амрагчидын 20 орон сууц бүхий хотхоныг өөрийн зардлаар барих бөгөөд гүйцэтгэгч нь 16 сууцыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах бөгөөд манай компани 3 орон сууцыг захиран зарцуулах бөгөөд мөн нэг орон сууцыг худалдан борлуулсан төлбөрийг тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон болно. Гэтэл Н.Ч нь гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ зөрчиж 2011 онд ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан зураг төслийг зөвшөөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж, барилга нэмж барьж байгалийн үерийн жалга, шуудуйг өөрчилж, жалгыг барилгын шороогоор дүүргэх хэлбэрээр 9000 метр квадрат газрын зөвшөөрөл авалгүйгээр нэмж 10 гаруй барилга барихаар зарим барилгын суурийг ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү газар нь байгалийн өөрийн тогтоцоор бүрдсэн 3 үерийн жалга, шуудуйг ямар ч тооцоо зөвшөөрөлгүйгээр өөрчилж, өрөмдлөг хийлгэн геологийн дүгнэлт гаргалгүй мөн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу буюу хөнгөн хийцийн канад технологиор 20 орон сууц баригдах байсныг өөрчлөн бүрэн цутгамал 4 давхар... карказ цутгалтын ажлыг хийсэн бөгөөд эдгээр барилгууд нь цаашид их үер усны үеэр хөрсний нуралтаас үүдэн нурах эрсдэлтэй бөгөөд цаашилаад хүний амь нас, эд хөрөнгө аюултай байдал үүснэ гэдгийг Н.Ч-ад удаа дараа шаардлага тавьж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй бөгөөд ийнхүү 2016 оны 05 сарын 23-ны өдөр Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мөн энэхүү Н.Ч-ын хууль бус үйлдлийн таслах зогсоолгохоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК, Хан-Уул дүүргийн газрын харилцааны алба, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс болон эдгээр газруудад шалгуулахаар гомдол гаргасан байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлд зааснаар гэрээний аль нэг тал үүрэг зөрчсөнөөс гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд өгсөн авснаа хэн алиндаа буцаах талаар зохицуулсан. Иймд 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо богинын амны 1 га газрыг чөлөөлөлхийг даалгаж өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгч Н.Ч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2008 оны 7 сарын 25-ны өдрөөс 2004 оны 7 сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд газар ашиглах гэрчилгээ авч гэрээ байгуулсан. Түүнээс хойш 2016 оны 8 сарын 19-ний өдөр хүртэл гэрчилгээ сунгасан баримт байхгүй. 2018 онд 9.3 га газрыг цуцалж, үүнтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан учраас тухайн миний барилга барьсан газар хариуцагчийн газар биш учраас газар чөлөөлөх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээн дээр хөнгөн хийц, Канад технологиор байшинг барина гэсэн заалт байхгүй. Байшинг барих зураг хуурамч болох нь тогтоогдсон. Эх үүсвэр хуурамч зүйл дээр ямар нөхцөл шаардлагаар байшин барих талаар ярих үндэслэл байхгүй. Хариуцагч нь гэрээний 2.1-т заасан өөрсдөө бүх зураг төслийг хуулийн дагуу боловсруулж, түүний дагуу би барилга барих ёстой байсан боловч боловсруулсан баримт бүгд хуурамч учраас надад ярих зүйл байхгүй. Нөгөө талаас гэрээний 3.2-д манайхаас оруулсан хөрөнгө нь хууль ёсны байхыг шаардлсан шаардлага байгаа. Хэрвээ тэгсэн тохиолдолд хариуцагч талаас тухайн газар ашиглагч нь өөрөөр хууль ёсны байх ёстой. Гэтэл энэ шаардлага байхгүй. Надад хууль ёсны шаардлага тавьсан мөртлөө өөрсдөө хууль ёсны шаадлага хангаагүй. Бүх баримт нь албан ёсны биш болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдана. Иймд хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна гэж үзэж байна. Гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах талаар ярилцаж байхад гэрээ цуцлах эсэх талаар асуудал хамааралгүй. Нөгөө талаас гэрээний шаардлагыг зөрчсөн зүйл байхгүй. Газар шороо түрсэн эсэх нь хариуцагч талд хамааралгүй. Тэр газар нь тусдаа бөгөөд гуу жалгыг цэвэрлээд бид мод тарьсан зүйл байгаа болохоос барилга барьсан зүйл байхгүй. Гол асуудал нь газрын гэрээний хугацаа дууссан учраас газрыг нь авах гэж байна гэсэн хардлага явсан байх. Ус дулаан бүх зүйлийг хангана, төвийн бохирт холбох технологи нөхцөл, өндөр хүчдэлийн транс барих ажлын зөвшөөрлийг бүгдийг нь авсан. Дэд бүтэц талаас бүх зүйл боломжийн гэж ярьсан боловч тухайн газар дэээр төвийн бохирт холбох боломжгүй, хар зам хийх боломжгүй зэрэг эрсдэлтэй нөхцөл байсан. Дэд бүтэц огт шийдэгдээгүй байсан учраас хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс талаас: 2013.12.20-ны өдрийн №00 дугаар Хөрөнгө оруулалтын хийж, хамтран ажиллах гэрээ, Эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлж улаан шугам тавьсан тухай акт, иргэний үнэмлэхний хуулбар, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам, Уорлд трэвел ХХК-ийн дүрэм, Байгаль орчны яамны улсын тусгай хамгаалалттаай нутаг дэвсгэрт ашиглах гэрээ, Улсын тусгай хамгаалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээ, 2008.08.22-ны өдрийн Байгаль орчны сайдын тушаал,2016.04.05-ны өдрийн 3/2070 Өмчийн харилцааны газрын албан бичиг зэрэг баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2017.09.29-ний өдрийн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.29-ний өдрийн 128/ШШ2018/0000 Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2016.04.15-ны өдрийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан албан бичиг, 2017.03.21-ний өдрийн 01/000 дугаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Н.Ч-ад албан бичиг, 2017.11.30-ны өдрийн 03/000 Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалттай удирдлагын газартай хамтран ажиллах тухай албан бичиг, Богдхан уулсын Дархан цаазат газрын хамгаалтын захиргааны газар ашиглах эрх цуцлуулах тухай албан бичиг, 2018.01.25-ны өдрийн 16/000 тоот Уорлд трэвел ХХК-ийн захиралд мэдэгдэл хүргүүлэх албан бичиг,2018.03.14-ний өдрийн Ерөнхий сайдын зөвлөх Б.Э тайлбар хүргүүлэх тухай,2017.03.21-ний өдрийн 000000 Мэргэжлийн хяналтын газраас Байгалт орчин, аялал жуулчлалын яаманд газрын тухай албан бичиг, 2017.06.21-ний өдрийн 00000 дугаар Авлигатай тэмцэх газрын Зөрчил арилгах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичиг, Улсын их хурлын гишүүн Ц.Н-оос Байгаль, Орчин аялал жуулчлалын сайд С.О-лд хүсэлт уламжлах тухай албан бичиг, 2017.03.17-ны өдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.М-ад өргөдөл шилжүүлэх тухай, 2017.02.21-ний өдрийн 5/2149 Монгол Улсын Их хурлын байнгын хорооноос Байгаль Орчин, Аялал жуулчлалын сайд Д.О холбогдох арга хэмжээ авах тухай албан бичиг, 2017.04.17-ны өдрийн 000 дугаар Хан-Уул дүүрэг Газрын алба Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст газрын төлбөрийн тухай,2017.06.05-ны өдрийн Татварын улсын байцаагчийн дүгнэлт, 2013.05.21-ний өдрийн 0000 Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хүсэлт хүргүүлэх тухай, 2013.07.10-ны өдрийн 000 дугаар Чингэлтэй дүүргийн прокурорын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, 2013.05.31-ний өдрийн Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлт, 2016.06.14-ний өдрийн Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 2016.06.30-ны өдрийн 163 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын тогтоол, 2016.06.14-ний өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргах тогтоол, 2016.06.09-ний өдрийн 79 дугаар Гэмт хэргийн талаарх мэдээлэлд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаах тухай прокурорын тогтоол, 2018.03.16-ны өдрийн 183/ШШ2018/0000 дугаартай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2018.10.11-ний өдрийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны Шүүхийн Тамгын газрын албан бичиг, 2018.10.05-ны өдрийн 1269 дугаар Байгаль орчин аялал жуулчилалын яамны тусгай хамгаалттай нутгийн удирдлагад санал хүргүүлэх тухай, 2018.10.18-ны өдрийн 221/МА2018/000 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал, Сэжигтнээр тооцох тогтоол,2013.06.30-ны өдрийн Сэжигтнээр байцаасан тэмдэглэл зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Хариуцагч талаас: 2017.02.15-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Монгол Улсын байгалт орчны Яам Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрээ, хавсралт, Аялал жуулчлалын Дүнжингарав Цогцолборын 1-р хэсэг Б амрагчдын сууцны эскиз зураг, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг ерөнхий төлөвлөгөөний газар Иргэн Н.Ч*д хариу хүргүүлэх тухай, 2016.05.23-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдол, Нийслэлийн Онцгой байдлын газарт гаргасан гомдол, У ХК-д гаргасан гомдол, Н.Ч-ад УХХК-иас мэдэгдэл хүргүүлэх тухай, 2016.11.03-ны өдрийн Хан-Уул дүүргий Засаг даргын албан тоот, 2018.05.23-ны өдрийн 02/1444 Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газраас Иргэн Н.Ч-д хари хүргүүлэх тухай албан бичиг, 2016.05.10-ны өдрийн ,,,,,,Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Ерөнхий төлөвлөгөөний газраас Н.Ч-д хариу хүргүүлэх тухай, 2018.04.03-ны өдрийн 128/ШЗ2018...... дугаартай Захиргааны хэрэг үүсгэх тухай захирамж, 2018.07.23-ны өдрийн 128/ШШ2018/.дугаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, зэрэг баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.
Шүүхээс: У ХХК, Барилга хот байгуулалт яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар зэргээс баримт гаргуулсан, Э.Х-ас гэрчийн мэдүүлэг авсан. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ч хариуцагч У ХХК-д холбогдуулан 2013 оны 12 сарын 20-ны өлөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хариуцагч У ХХК гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.
Зохигч 2013 оны 12 сарын 20-ны өдөр 2 дугаартай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богины аманд байрлалтай 30 га гарын ашиглагч У ХХК-ийн хавсралтад заасан солбицол, байршил бүхий 1 га газарт амрагчийн 20 ширхэг сууц бүхий хотхоныг Н.Чинбат нь өөрийн хөрөнгөөр А ХХК-ийн гүйцэтгэсэн ерөнхий төлөвлөлт болон компаниас боловсруулсан амрагчдын хотхоны 4 дүгээр хэсгийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгэн ижил засал бүхий амрагчидын хотхон байгуулахаар, гэрээний 4 дүгээр зүйлд гэрээний зүйлийг хэрхэн хуваахаар тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 3-6/
Гэрээний дагуу У ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөлтэй 1 га газарт 2014 оноос 2016 оны 8 сарын хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Н.Ч нь өөрийн хөрөнгөөр тус бүр нь 3 давхар 24 ширхэг орон сууцыг барьж цутгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба улмаар талуудын хооронд үүссэн маргаанаас барилгын ажлыг зогсоосон болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан газар дээр очиж үзлэг хийсэн тэмдэглэл, баримтжуулсан фото зураг зэргээр тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй.
Харин хариуцагч У ХХК-ийн захирал Р.Б нь 2016.05.23-ны өдрийн 1/134 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Н.Ч-д гэрээ цуцлах талаарх мэдэгдлийг, түүнчлэн холбогдох эрх бүхий байгууллагуудад Н.Ч-ын хууль бус үйлдлийг зогсоолгох талаар хандаж байсан албан бичгүүдийг хэрэгт нотлох баримтаар ирүүлж, гэрээний үүргээ зөрчсөн тул гэрээнээс татгалзсан, иймд газраа чөлөөлүүлнэ гэж тайлбар гаргажээ.
Хариуцагчийн тайлбар, татгалзал, сөрөг нэхэмжлэл дараах үндэслэлгүй байна.
Хариуцагч У л ХХК нь Байгаль орчны сайдын 2008 оны 8 сарын 22-ны өдрийн 283 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Богины аманд аялал жуучлалын зориулалтаар 30 га газрын эрхийг авсан ба Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын 2016 оны 7 сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалын 1-р хавсралтаар 20.7 га газрын эрхээ цуцлуулж, өөрийн хамаарал бүхий компаниудад шилжүүлж, 9.3 га газар ашиглах эрх Уорлд трэвел ХХК-ийн ашиглалтад үлджээ. Улмаар Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 02 сарын 27-ны өдрийн А/..дугаар тушаалаар У л ХХК-ийн 9.3 га газрын эрхийг төлбөр төлөөгүй, Улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэсэн үндэслэлээр дуусгавар болгожээ.
Дээрх А/.. дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд Уорлд трэвел ХХК нь нэхэмжлэл гаргасныг шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолооор ...У ХХК-ийн Байгаль орчин аялал жуучлалын сайдад холбогдуулан гаргасан ...А/40 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хүчин төгөдөлдөр болжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон үндэслэлдээ У ХХК нь дээрх газар ашиглах гэрээнүүдэд зааснаар газрын төлбөрийг төлөөгүй, тухайлбал 2008 онд ..., 2016 онд ..., нийт 1 226 158 500 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн болох нь ...тогтоогдсон. ...газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй нь тогтоогдсон, иймд хариуцагчаас хуульд зааснаар газрын төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан 9.3 га газрын ашиглах эрхийг дуусгавар болгосон нь Газрын тухай хуулийн ...заалттай нийцсэн, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй... гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгч Н.Ч Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богинын аманд байрлалтай 30 га газрын ашиглагч У ХХК-ийн ашиглах эрхтэй 1 га газарт амрагчийн 20 ширхэг сууц бүхий хотхоныг У ХХК-иас 2011 онд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Х-ар батлуулсан барилгын ерөнхий төлөвлөгөө, эскиз, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба энэ талаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн албан тоотуудад дурдсан, түүнчлэн зохигчид энэ асуудлаар маргаагүй байна.
Харин Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2013 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст 2011 онд батлуулсан төлөвлөгөө, эскиз зургийг хуурамчаар үйлдсэн болох талаар гомдол гаргаж, 2013 оны 5 сарын 31-ний өдрийн шинжээчийн 1660 тоот дүгнэлтээр тогтоож, 2013 оны 07 сарын 10-ны өдриййн 734 дугаар Прокурорын тогтоолоор ...хөнгөн гэмт хэрэг үйлдснээс хойш 6 сар өнгөрсөн үндэслэлээр... хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэргийн 142-145 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь дээрх газар дээр барьсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд гэрчилгээ гаргуулахаар 2016 оны 5 сард холбогдох эрх бүхий газруудад хандахад 2011 онд батлуулсан барилгын төлөвлөгөө, эскиз зургийг хуурамч тул гэрчилгээ олгохоос татгалзаж, нэхэмжлэгч нь энэ асуудлыг шалгуулахаар гомдол гаргасан ба 2016 оны 6 сарын 30-ны өдрийн Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 163 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 156-159/
Хариуцагч У ХХК нь газар ашиглах эрхийн зөрчилтэй газарт, түүнчлэн хуурамч төлөвлөгөө, эскиз зургийг үндэслэн 2013 оны 12 сарын 20-ны өдөр №2 дугаартай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг Н.Ч-тай байгуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан хууран мэхэлж хийсэн гэх үндэслэл тогтоогдож байх бөгөөд гэрээ байгуулагдах үед хариуцагч Уорлд трэвел ХХК нь эдгээр нөхцөл байдлуудыг нуун дарагдуулж, улмаар нэхэмжлэгч Н.Чинбатаас хөрөнгө оруулалт авч, зардал гаргуулан дээрх гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгүүлсэн нь талуудын байгуулсан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн №2 дугаартай Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тул хариуцагч У ХХК-ийн гэрээнээс татгалзаж, газар чөлөөлүүлэх шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Дээд шүүхийн 2021.11.04-ний өдрийн 001/ШТ2021/0...дүгээр тогтоолоор хариуцагчийн өмгөөлөгчийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Аялал жуулчлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг, Б амрагчдын сууц барилгын эскизийн эрх хувь гэх 23 хуудас баримт гаргаж өгсөн, эскиз зургийг А ХК-аас эх хувь хүлээж авсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/0... шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 сарын 02-ны өдрийн ...магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00... тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг ердийн журмаар шийдвэрлүүлэхээр буцаасан.
Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр А ХХК-иас авсан гэх эх хувь эскиз зурагт шинжээч томилсон бөгөөд 2022.05.13-ны өдрийн 1485 дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2011 оны Аялал жуулчлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг Б амрагчдын сууц төслийн эскиз зураг гэх баримтын нүүрэн хэсгийн Батлав гэсэн хэсэгт байх тэмдэгтийн дардас мэт зүйл болон гарын үсэг мэт зүйлийг ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан, ердийн хэрэглээний цаасан дээр хэвлэсэн байна гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Э-рын хүсэлтээр дахин шинжээч томилсон бөгөөд 2022.08.26-ны өдрийн 2223 дугаар дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Аялал жуулчлалын Дүнжингарав цогцолборын 1-р хэсэг Б амрагчдын сууц баримтын 1-3-р хуудсуудын Батлав Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатар гэсэн хэсэгт байх шинжилж буй тэмдгийн дардас гэх зүйлүүд нь бараар дарагдаагүй, гарын үсэг гэх зүйлүүд нь бичих хэрэгслээр зурагдаагүй, өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хэвлэмэл тэмдгийн дардсууд болон гарын үсгүүд байна гэжээ.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр тухайн эскиз зэргийн баталсан гэх Э.Х-аас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн эх хувь гэх эскиз зургийг миний 2011 онд баталж байсан эскиз зураг мөн байна, үүнийг тухайн үед нийслэлийн ерөнхий архитектур байхдаа чиг үүргийнхээ дагуу баталсан, загварын зургийн стандарт дээр нүүрэн дээр баталдаг, энэ зураг дээр миний тухай үед хэрэглэж байсан дардас мөн байна гэжээ.
Үүнээс үзэхэд хариуцагч У ХХК-иас анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон эх хувь эскиз зураг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.05.13-ны өдрийн 1485 дүгнэлт, 2022.08.26-ны өдрийн 2223 дугаар дүгнэлтүүдээр тус тус үгүйсгэгдсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заасныг баримтлан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн 2 дугаар У ХХК, иргэн Н.Ч нарын хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хууран мэхэлэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Уорлд трэвел ХХК-ийн гэрээнээс татгалзаж, газар чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ч-*тад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО