Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01606

 

 

 

 

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2019/01606

 

 

 

 

 

 

                                            Н.Чын нэхэмжлэлтэй

                                                  иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Н.Батзориг, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01441 дүгээр шийдвэртэй, Н.Чын нэхэмжлэлтэй, хариуцагч “У Т” ХХК-д холбогдох, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2013 оны 12 сарын 20-ны өдөр “У Т” ХХК-тай 02 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан богны аман дахь 30 га газрын 1 га газар дээр өөрийн хөрөнгөөр 20 амины орон сууц барьсан. Тухайн үед “У Т” ХХКнь 17.5 хувь, үлдэгдэл хувийг би хөрөнгө оруулснаар харилцан тохиролцож, гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн. 2014 оны хавраас барилгаа эхэлж, 2016 оны 8 дугаар сар хүртэл 3 жил дамнаж барилга угсралтын ажлыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар явуулсан. 2016 оноос эхлэн хэвийн явагдаж байсан барилгын ажил дээр “У Т” ХХК-ийн зүгээс асуудал гарч эхэлсэн. Ямар ч шалтгаан нөхцөлгүйгээр Мэргэжлийн хяналтын газар зогсоох, онцгой байдал дуудах, цагдаагийн байгуулагаар ажил үүргийг зогсоох, Байгаль орчны яам, Богд уулын хамгаалалтын захиргаанаас ажлыг яаралтай зогсоо, зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил явуулж байна, холбогдох баримт бичиг, зөвшөөрлөө авч байж ажлаа явуул гэсэн шаардлагыг тавьсан. Гэрээ 2013 онд хийгдсэн байхад 3 жилийн дараа гэнэт зөвшөөрлийн асуудал яригдсан учраас би 2016 оны 8 сараас хойш судлаж үзсэн. “У Т” ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацаа 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш дууссан, газрын төлбөр төлөгдөөгүй зөрчлүүд байсан. Энэ асуудлаар захирал Р.Бадралтай ярьж асуудлаа шийдвэрлэ, ажилд битгий саад болоод бай гэж хэлэхэд олон хүнтэй шүүхээр асуудалтай байгаа, шүүхийн шийдвэр гартал тухайн аманд ажил гүйцэтгэхийг хориглосон байсан. Р.Бямар нэг асуудал байхгүй, чи ажил үүргээ явуул гэж хэлсэн. Миний хувьд газрын гэрчилгээг гаргуулж авъя, хөрөнгийн хувийг баталгаатай болгоё гэсэн боловч хариуцагч нь зөвшөөрөөгүй. Барилгын ажлын гүйцэтгэлийг 100 хувь болгосны дараа юм аа ав гэсэн. Бидний хувьд ихэнх байшин баригдаад дуусчихсан байсан учраас нэгэнт газрын хугацаа дууссан юм бол бид өөрсдөө газрыг ашиглах, зохих эрхийг авъя гэхэд Р.Бзөвшөөрөөгүй учир бид Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчны яаманд газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт тавьсан. Байгаль орчны яамнаас “У Т” ХХК-тай танайх гэрээ байгуулсан учраас газар ашиглах боломжгүй гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сард Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар дээр хаяг авах гээд очсон боловч “У Т” ХХК-тай гэрээ хийгдсэн байна. Энэ компанийн асуудлыг бид шийдвэрлэж чадахгүй гэсэн. Учир нь 2013 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектурын гарын үсэг тамга, тэмдэгийг хуурамчаар үйлдэж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хэлтсийн н.Уртнасан гэж дарга Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. “У Т” ХХК-ийн захирал Р.Бболон түүний дор ажиллаж байсан н.Батдэлгэр хоёрыг шалгаж, барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Би Авлигатай тэмцэх газар хүсэлт өгөхөд тус газраас өмнө нь хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогдсон хэрэг байна гэж хэлээд миний барьж байсан барилгын ажилтай холбоотой бүх баримтуудыг хуурамч байна гэж тогтоож өгсөн. Үүний дараа би Р.Бадралтай уулзахад би чамтай ярих юм байхгүй. Канад технологоор байшин барь гэж байхад тэгээгүй гэж хэлээд гэрээгээ цуцаллаа гэсэн. 2016 оны 8 сард Нийслэлийн захирагч Н.Бат-Үүл даргын хажууд гэрээг цуцалсан. Миний хувьд боломжтой нөхцлөөр бүх саналыг тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Ганц намайг биш тухайн аманд байдаг 20 гаруй хүнтэй хэлцэл хийгээд бүгдийг нь хохироосон байдаг. Хүний зураг төслийг бид гүйцэтгэхийн тулд хугацаагүй ажиллаж байсан. Р.Бнь хөрөнгө оруулалт олж авахын тулд хэлцэл хийж өөрийн хэлцэлд саад болохоор хууль бус зүйлүүдийг нуун дарагдуулж, хуурамчаар үйлдэж, ашигласнаар миний хувийн байдал асар их дордсон. Санхүү болон эдийн засаг, нэр төрөөрөө хохирсон. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гол зорилго нь тухайн үед гэрээг ижилхэн тамга, тэмдэгтэй хийсэн учраас бидний хувьд энгийн нүдээр хараад жинхэнэ, ямар нэгэн маргаангүй, хуулийн дагуу байна гэж итгээд гэрээ хийсэн. Гэтэл нөхцөл байдал дээр бүх зүйл нь хуурамч байсан. Хуурамч нь ил болохоор өмчлөгчөөр тогтоох зэрэг бүх зүйлд хориг тогтоосон. Р.Б хувьд бүх зүйлийг нуун дарагдуулсан учир гомдолтой байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар миний хөрөнгийг ашиглах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрээ байгуулсан, мөн газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй хууран мэхэлж гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор миний хөрөнгө оруулалт хийж зардал гаргаж барилга барьсан олон жилийн хөдөлмөр баталгаажих юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Тухайн үед гэрээ байгуулахад газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байсан. Гэрээг Иргэний хуулийн дагуу харилцан тохиролцож байгуулсан. Ашиглах эрхтэй газар дээр барилга барьж, барьсан барилгаа хувааж эзэмшихээр тохиролцсон. Бүх зүйл хуурамч байсан гэж тайлбарлаж байгаа ч тийм зүйл байгаагүй. Газар ашиглах эрхгүй байсан учраас би өөрөө газар ашиглах эрхтэй эсэхийг хөөцөлдсөн гэж ярьдаг. Гэтэл тухайн үед “У Т” ХХКболон Н.Ч нарын хоёрын хооронд үл ойлголцол бий болж, гэрээгээр тохирсон хөнгөн хийцийн барилгыг бариагүй байна гэдэг асуудал үүсч, гэрээ цуцлагдсанаас хойш иргэн Н.Чын хувьд газар ашиглах хүсэлт гаргасан гэж хэлдэг. “У Т” ХХК-ийн татгалзах болсон шалтгаан үндэслэл нь барих ёстой барилгаа бариагүй, байгалийн жалга гууг шороогоор дүүргэж илүү барилга барьж байгаа учраас гэрээнээсээ татгалзсан. Н.Чын хувьд хиймэлээр бий болгосон газар дээр газар эзэмших, ашиглах эрх авах хүсэлт гаргасан. Гэрээний дагуу барьсан барилга дээр тийм зүйл болооогүй. Төрийн байгууллагуудаас барилга барих ажилд “У Т” ХХК-ийн гомдлын дагуу шалтгалт хийснээс ажлыг шууд зогсоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд хамтарч ажиллахаа больсноос хойш газар чөлөөлж өгөхгүй, барилга барьж байгаа учраас “У Т” ХХК-ийн зүгээс барилгын ажлыг зогсоолгох гомдол гаргасан. Гэрээнээс татгалзснаас хойш бий болсон асуудлыг төрийн байгууллага зогсоосон мэт ярьж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

            Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд: Манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын аманд байрлах 30 га газрын 1 га газарт Аялал жуучлалын Дүнжингарав цогцолборын 1 дүгээр хэсэг Б амрагчдын сууц барихаар эскиз зурагаа 2011 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргаар батлуулж, зураг төслийн дагуу амрагчдын сууц бариулахаар 2013 оны 12 сарын 20-ны өдөр иргэн Н.Чтай хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын аманд байрлах 30 га газрын 1 га газарт амрагчдын 20 орон сууц бүхий хотхоныг өөрийн зардлаар барих бөгөөд гүйцэтгэгч нь 16 сууцыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах бөгөөд манай компани 3 орон сууцыг захиран зарцуулна мөн нэг орон сууцыг худалдан борлуулсан төлбөрийг тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон болно. Гэтэл Н.Ч гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ зөрчиж 2011 онд ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан зураг төслийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж барилга нэмж барьж байгалийн үерийн жалга шуудуйг өөрчилж, жалгыг барилгын шороогоор дүүргэх хэлбэрээр 9 000 метр квадрат газрын зөвшөөрөл авалгүйгээр нэмж 10 гаруй барилга барихаар зарим барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэхүү газар нь байгалийн өөрийн тогтоцоор бүрдсэн 3 үерийн жалга, шуудуйг ямар ч тооцоо зөвшөөрөлгүйгээр өөрчилж өрөмдлөг хийлгэн геологийн дүгнэлт гаргалгүй мөн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу буюу хөнгөн хийцийн канад технологоор 20 орон сууц баригдах байсныг өөрчлөн бүрэн цутгамал 4 давхар карказ цутгалтын ажлыг хийсэн бөгөөд эдгээр барилгууд нь цаашид үер усны үеэр хөрсний нуралтаас үүдэн нурах эрсдэлтэй бөгөөд цаашлаад хүний амь нас, эд хөрөнгө аюултай байдал үүснэ гэдгийг Н.Чад удаа дараа хэлж шаардлага тавьж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2016 оны 5 сарын 23-ны өдөр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мөн Н.Чын хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор Мэргэжлийн хяналтын ерөнхийг газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан. Иймд 2013 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: 2008 оны 7 сарын 25-ны өдрөөс 2004 оны 7 сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд газар ашиглах гэрчилгээ авч гэрээ байгуулсан. Түүнээс хойш 2016 оны 8 сарын 19-ний өдөр хүртэл гэрчилгээ сунгасан баримт байхгүй. 2018 онд 9.3 га газрыг цуцалж, үүнтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан учраас миний барилга барьсан газар хариуцагчийн газар биш. Газар чөлөөлөх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээн дээр хөнгөн хийц, Канад технологиор байшинг барина гэсэн заалт байхгүй. Байшинг барих зураг хуурамч болох нь тогтоогдсон. Эх үүсвэр хуурамч зүйл дээр ямар нөхцөл шаардлагаар байшин барих талаар ярих үндэслэл байхгүй. Хариуцагч нь гэрээний 2.1-д заасан өөрсдөө бүх зураг төслийг хуулийн дагуу боловсруулж, барилга барих ёстой байсан боловч боловсруулсан баримт бүгд хуурамч учраас надад ярих зүйл байхгүй. Нөгөө талаас гэрээний 3.2-т манайхаас оруулсан хөрөнгө нь хууль ёсны байхыг шаардсан. Надад хууль ёсны шаардлага тавьсан атлаа өөрсдөө хууль ёсны шаардлага хангаагүй. Бүх баримт нь албан ёсны биш болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Иймд хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Нөгөө талаас гэрээний шаардлагыг зөрчсөн зүйл байхгүй. Газар шороо түрсэн эсэх нь хариуцагч талд хамааралгүй. Уг газар нь тусдаа бөгөөд гуу жалгыг цэвэрлээд бид мод тарьсан болохоос барилга барьсан зүйл байхгүй. Гол асуудал нь газрын гэрээний хугацаа дууссан учраас газрыг нь авах гэж байна гэсэн хардлага явсан байх. Ус дулаан бүх зүйлийг хангана, төвийн бохирт холбох технологи нөхцөл, өндөр хүчдэлийн транс барих ажлын зөвшөөрлийг бүгдийг нь авсан. Дэд бүтэц талаас бүх зүйл боломжийн гэж ярьсан боловч төвийн бохирт холбох, хар зам хийх боломжгүй зэрэг эрсдэлтэй нөхцөл байсан. Дэд бүтэц огт шийдэгдээгүй байсан учраас хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ. 

            Шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн №2 дугаар “У Т” ХХК болон иргэн Н.Ч нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч “У Т” ХХК-ийн гэрээнээс татгалзаж, газар чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “У Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Чад олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаярын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэрээний харилцааг зөв тодорхойлоогүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Ч нь анх 2017 оны 02 сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээний 1.1, 1.2, 4.1,4.2, 4.3, 6.2.3, 9.1 дэх заалтуудыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бусд тооцуулахаар өөрчилсөн.

            Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурал 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр болсон ба шүүх хуралдааны даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагаа тодруулна уу гэхэд нэхэмжлэгчээс “гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар гэрээний шаардлага байхгүй болно гэж би ойлгож байгаа. Гэрээнд заасан байшингуудын 17,5 хувийг н.Бадрал өгөөд, үлдэгдлийг би өөрөө авч ашиглана гэсэн заалт байгаа. Нэгэнт тухайн нөхцөл байдалд хүчин төгөлдөр бусд тооцвол гэрээний үр дагавар хариуцна. Би Бадралаас хохирол нэхэмжлэхгүй. Гэрээ хүчин төгөлдөр байвал энэ заалтаа бариад шүүхээр гэрээний зүйлийг нэхэмжлэх боломжтой. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хуурч мэхэлж хийсэн хэлцэл буюу хүчин төгөлдөр бус байж болох хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад хариуцагчид уг шаардлагыг гардуулаагүй бөгөөд тайлбар гаргах, нотлох баримт цуглуулах боломжит хугацаа олгоогүй хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг зөрчсөн.

            Анхан шатны шүүхээс “ ... “У Т” ХХК нь газар ашиглах эрхийн зөрчилтэй газарт түүнчлэн хуурамч төлөвлөгөө, эскиз зургийг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр №2 дугаартай хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг Н.Чтай байгуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн гэх үндэслэл тогтоогдож байна. Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна” гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацаанд хууль зүйн дүгнэлт өгөөгүй.

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах хугацаа алдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01441 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч “У Т” ХХК-д холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж, маргааны үйл баримтын талаар нотлох баримтад үндэслэсэн дүгнэлт хийсэн байна.

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Н.Ч нь хариуцагч “У Т” ХХК-тай 02 тоот хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь газар ашиглагчийн ашиглаж буй газрын хавсралтад заасан солбилцол, байршил бүхий 1 га газарт амрагчийн 20 ширхэг сууц бүхий хотхоныг өөрийн зардлаар барих, хариуцагч батлагдсан байгаль орчны ерөнхий төлөвлөгөөний дагуу амрагчдын сууцны хотхоны ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг болон холбогдох барилгын зураг, төслийг өөрийн зардлаар хийлгэх, төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаар батлуулж, гүйцэтгэгчид хөрөнгө оруулалт хийх боломжоор хангах үүргийг хүлээсэн, гэрээний 4 дэх заалтаар хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон ашгийг хэрхэн хуваарилах талаар тохиролцжээ. /хх3-5/

Хариуцагч “У Т” ХХК-д 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт 30 га газар ашиглах эрхийг Байгаль орчины сайдын 2005 оны 244 дүгээр тушаалаар 5 жилийн хугацаатай олгож, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 5 жилээр сунгасан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-220 дугаар тушаалыг үндэслэн дээрх 30 га талбайгаас 20,5 га газрын ашиглах эрхийг нь цуцласан байна. /1хх46-48, 83/ Тэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай А/40 дүгээр тушаалаар “ .., “У Т” ХХК-ийн 9,3 га газрын эрхийг газрын төлбөр болон улсын тэмдэгтийн  хураамж төлөөгүй” гэх үндэслэлээр дуусгавар болгожээ.

         Мөн гэрээнд тусгагдсан амрагчдын сууцны хотхоны 2011 онд батлуулсан ерөнхий төлөвлөгөө, ажлын скез зургийг хуурамчаар үйлдсэн болох нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 11/1224 тоот Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2013 оны 734 дүгээр тогтоолоор нотлогдсон байна.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд зохигчдын хооронд 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Талууд хариуцагчийн эзэмшлийн Хан-Уул Дүүргийн 11 дүгээр хороо Богины аман дахь 30 га газрын 1 га газарт амрагчийн 20 сууц бүхий хотхон барихаар тохиролцсон байх ба уг газрын эзэмшил хууль зөрчсөн талаар шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх хуульд заасан журамтай нийцжээ. 

Учир нь хариуцагч газар ашиглах гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дууссан байхад энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг байгуулснаас гадна газрын төлбөрөө тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй зэрэг зөрчилтэй байсан, энэ шалтгааны улмаас газар ашиглах эрх нь дуусгавар болсон, барилгын зураг төсөл хуурамчаар үйлдэгдсэн нь тогтоогдсон байх тул шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоныг буруутгах хуулийн үндэслэлгүй болно. Хариуцагч талаас дээрх үйл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй байна.

             Хариуцагчийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь зөв байна.

            Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон, уг газрыг хариуцагч бодитоор ашиглаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь уг газарт амрагчийн 3 давхар 24 блок барилга барьж, Байгаль орчин аялал жуучлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 0171177 дугаар гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байна.  Энэ үндэслэлээр хариуцагчид Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүсэхгүй. 

            Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хөрөнгө оруулалт олж авах, хэлцэл хийх зорилгоор хэлцэлд саад болох нөхцөл байдлыг зориудаар нуун дарагдуулж, холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэж хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэлд хамрагдана гэж тодруулсан, үүнийг шүүх хариуцагч талд гардуулан өгсөн нь хэргийн 1 дүгээр хавтасны 200-201 дүгээр талд авагдсан байх тул шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хариуцагчид гардуулан өгөөгүй гэх гомдол үндэслэлгүй болно.

         Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нуун дардагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг шаардах эрхтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч тухайн нөхцөл байдлыг тодруулахаар эрх бүхий байгууллага, хууль хяналтын байгууллагад шат дарааллан хандаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэгчийг мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй.    

            Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

   

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.ИЧИНХОРЛОО

 

    ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

 

                 А.МӨНХЗУЛ