Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2021/00224

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021           03            16                                          001/ХТ2021/00224

 

 

 

...........ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01441 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1606 дугаар магадлалтай,

 

...........ын нэхэмжлэлтэй

........... ХХК-д холбогдох

 

2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ..........., хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2013 оны 12 сарын 20-ны өдөр ...........ХХК-тай 02 тоот хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан богны аман дахь 30 га газрын 1 га газар дээр өөрийн хөрөнгөөр 20 амины орон сууц барьсан. Тухайн үед ...........ХХК нь 17.5 хувь, үлдэгдэл хувийг би хөрөнгө оруулснаар харилцан тохиролцож, гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлсэн. 2014 оны хавраас барилгаа эхэлж, 2016 оны 8 дугаар сар хүртэл 3 жил дамнаж барилга угсралтын ажлыг 100 хувь өөрийн хөрөнгө оруулалтаар явуулсан. 2016 оноос эхлэн хэвийн явагдаж байсан барилгын ажил дээр ...........ХХК-ийн зүгээс асуудал гарч эхэлсэн. Ямар ч шалтгаан нөхцөлгүйгээр Мэргэжлийн хяналтын газар зогсоох, онцгой байдал дуудах, цагдаагийн байгууллагаар ажил үүргийг зогсоох, Байгаль орчны яам, Богд уулын хамгаалалтын захиргаанаас ажлыг яаралтай зогсоо, зөвшөөрөлгүйгээр барилга угсралтын ажил явуулж байна, холбогдох баримт бичиг, зөвшөөрлөө авч байж ажлаа явуул гэсэн шаардлагыг тавьсан. Гэрээ 2013 онд хийгдсэн байхад 3 жилийн дараа гэнэт зөвшөөрлийн асуудал яригдсан учраас би 2016 оны 8 сараас хойш судалж үзсэн. ...........ХХК-ийн газар ашиглах гэрээний хугацаа 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс хойш дууссан, газрын төлбөр төлөгдөөгүй зөрчлүүд байсан. Энэ асуудлаар захирал Р.Бадралтай ярьж асуудлаа шийдвэрлэ, ажилд битгий саад болоод бай гэж хэлэхэд олон хүнтэй шүүхээр асуудалтай байгаа, шүүхийн шийдвэр гартал тухайн аманд ажил гүйцэтгэхийг хориглосон байсан. Р.Бадрал ямар нэг асуудал байхгүй, чи ажил үүргээ явуул гэж хэлсэн. Миний хувьд газрын гэрчилгээг гаргуулж авъя, хөрөнгийн хувийг баталгаатай болгоё гэсэн боловч хариуцагч нь зөвшөөрөөгүй. Барилгын ажлын гүйцэтгэлийг 100 хувь болгосны дараа юм аа ав гэсэн. Бидний хувьд ихэнх байшин баригдаад дуусчихсан байсан учраас нэгэнт газрын хугацаа дууссан юм бол бид өөрсдөө газрыг ашиглах, зохих эрхийг авъя гэхэд Р.Бадрал зөвшөөрөөгүй учир бид Богд уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчны яаманд газар ашиглах гэрээ байгуулах хүсэлт тавьсан. Байгаль орчны яамнаас ...........ХХК-тай танайх гэрээ байгуулсан учраас газар ашиглах боломжгүй гэж хэлсэн. 2016 оны 7 дугаар сард Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар дээр хаяг авах гээд очсон боловч ...........ХХК-тай гэрээ хийгдсэн байна. Энэ компанийн асуудлыг бид шийдвэрлэж чадахгүй гэсэн. Учир нь 2013 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектурын гарын үсэг тамга, тэмдгийг хуурамчаар үйлдэж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний хэлтсийн н.Уртнасан гэж дарга Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. ...........ХХК-ийн захирал Р.Бадрал болон түүний дор ажиллаж байсан н.Батдэлгэр хоёрыг шалгаж, барилгын ерөнхий төлөвлөгөө, зураг төслийг хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Би Авлигатай тэмцэх газар хүсэлт өгөхөд тус газраас өмнө нь хуурамч бичиг баримт үйлдсэн болох нь тогтоогдсон хэрэг байна гэж хэлээд миний барьж байсан барилгын ажилтай холбоотой бүх баримтуудыг хуурамч байна гэж тогтоож өгсөн. Үүний дараа би Р.Бадралтай уулзахад би чамтай ярих юм байхгүй. Канад технологоор байшин барь гэж байхад тэгээгүй гэж хэлээд гэрээгээ цуцаллаа гэсэн. 2016 оны 8 сард Нийслэлийн захирагч Н.Бат-Үүл даргын хажууд гэрээг цуцалсан. Миний хувьд боломжтой нөхцөлөөр бүх саналыг тавьсан боловч хүлээн зөвшөөрөөгүй. Ганц намайг биш тухайн аманд байдаг 20 гаруй хүнтэй хэлцэл хийгээд бүгдийг нь хохироосон байдаг. Хүний зураг төслийг бид гүйцэтгэхийн тулд хугацаагүй ажиллаж байсан. Р.Бадрал нь хөрөнгө оруулалт олж авахын тулд хэлцэл хийж өөрийн хэлцэлд саад болохоор хууль бус зүйлүүдийг нуун дарагдуулж, хуурамчаар үйлдэж, ашигласнаар миний хувийн байдал асар их дордсон. Санхүү болон эдийн засаг, нэр төрөөрөө хохирсон. Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах гол зорилго нь тухайн үед гэрээг ижилхэн тамга, тэмдэгтэй хийсэн учраас бидний хувьд энгийн нүдээр хараад жинхэнэ, ямар нэгэн маргаангүй, хуулийн дагуу байна гэж итгээд гэрээ хийсэн. Гэтэл нөхцөл байдал дээр бүх зүйл нь хуурамч байсан. Хуурамч нь ил болохоор өмчлөгчөөр тогтоох зэрэг бүх зүйлд хориг тогтоосон. Р.Бадралын хувьд бүх зүйлийг нуун дарагдуулсан учир гомдолтой байна. Иймд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар миний хөрөнгийг ашиглах зорилгоор хуурамч бичиг баримт бүрдүүлж гэрээ байгуулсан, мөн газар эзэмших эрхээ баталгаажуулаагүй хууран мэхэлж гэрээ байгуулсан тул хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү. Уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсоноор миний хөрөнгө оруулалт хийж зардал гаргаж барилга барьсан олон жилийн хөдөлмөр баталгаажих юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн үед гэрээ байгуулахад газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа дуусаагүй байсан. Гэрээг Иргэний хуулийн дагуу харилцан тохиролцож байгуулсан. Ашиглах эрхтэй газар дээр барилга барьж, барьсан барилгаа хувааж эзэмшихээр тохиролцсон. Бүх зүйл хуурамч байсан гэж тайлбарлаж байгаа ч тийм зүйл байгаагүй. Газар ашиглах эрхгүй байсан учраас би өөрөө газар ашиглах эрхтэй эсэхийг хөөцөлдсөн гэж ярьдаг. Гэтэл тухайн үед ...........ХХК болон ........... нарын хоёрын хооронд үл ойлголцол бий болж, гэрээгээр тохирсон хөнгөн хийцийн барилгыг бариагүй байна гэдэг асуудал үүсч, гэрээ цуцлагдсанаас хойш иргэн ...........ын хувьд газар ашиглах хүсэлт гаргасан гэж хэлдэг. ...........ХХК-ийн татгалзах болсон шалтгаан үндэслэл нь барих ёстой барилгаа бариагүй, байгалийн жалга гууг шороогоор дүүргэж илүү барилга барьж байгаа учраас гэрээнээсээ татгалзсан. ...........ын хувьд хиймэлээр бий болгосон газар дээр газар эзэмших, ашиглах эрх авах хүсэлт гаргасан. Гэрээний дагуу барьсан барилга дээр тийм зүйл болоогүй. Төрийн байгууллагуудаас барилга барих ажилд ...........ХХК-ийн гомдлын дагуу шалтгалт хийснээс ажлыг шууд зогсоосон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн хувьд хамтарч ажиллахаа больсноос хойш газар чөлөөлж өгөхгүй, барилга барьж байгаа учраас ...........ХХК-ийн зүгээс барилгын ажлыг зогсоолгох гомдол гаргасан. Гэрээнээс татгалзснаас хойш бий болсон асуудлыг төрийн байгууллага зогсоосон мэт ярьж байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын аманд байрлах 30 га газрын 1 га газарт Аялал жуучлалын Дүнжингарав цогцолборын 1 дүгээр хэсэг Б амрагчдын сууц барихаар эскиз зургаа 2011 онд Улаанбаатар хотын ерөнхий архитектур бөгөөд Нийслэлийн барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрын даргаар батлуулж, зураг төслийн дагуу амрагчдын сууц бариулахаар 2013 оны 12 сарын 20-ны өдөр иргэн ...........тай хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богинын аманд байрлах 30 га газрын 1 га газарт амрагчдын 20 орон сууц бүхий хотхоныг өөрийн зардлаар барих бөгөөд гүйцэтгэгч нь 16 сууцыг өөрийн үзэмжээр захиран зарцуулах бөгөөд манай компани 3 орон сууцыг захиран зарцуулна мөн нэг орон сууцыг худалдан борлуулсан төлбөрийг тэнцүү хувааж авахаар харилцан тохиролцсон болно. Гэтэл ........... гэрээгээр харилцан тохиролцсон үүргээ зөрчиж 2011 онд ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан зураг төслийг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн өөрчилж барилга нэмж барьж байгалийн үерийн жалга шуудуйг өөрчилж, жалгыг барилгын шороогоор дүүргэх хэлбэрээр 9 000 метр квадрат газрын зөвшөөрөл авалгүйгээр нэмж 10 гаруй барилга барихаар зарим барилгын суурийн ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэхүү газар нь байгалийн өөрийн тогтцоор бүрдсэн 3 үерийн жалга, шуудуйг ямар ч тооцоо зөвшөөрөлгүйгээр өөрчилж өрөмдлөг хийлгэн геологийн дүгнэлт гаргалгүй мөн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу буюу хөнгөн хийцийн канад технологоор 20 орон сууц баригдах байсныг өөрчлөн бүрэн цутгамал 4 давхар карказ цутгалтын ажлыг хийсэн бөгөөд эдгээр барилгууд нь цаашид үер усны үеэр хөрсний нуралтаас үүдэн нурах эрсдэлтэй бөгөөд цаашлаад хүний амь нас, эд хөрөнгө аюултай байдал үүснэ гэдгийг ...........ад удаа дараа хэлж шаардлага тавьж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2016 оны 5 сарын 23-ны өдөр хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Мөн ...........ын хууль бус үйлдлийг таслан зогсоолгохоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийслэлийн онцгой байдлын газар, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгуулахаар гомдол гаргасан. Иймд 2013 оны 12 сарын 20-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээнээс татгалзсан тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт: 2008 оны 7 сарын 25-ны өдрөөс 2004 оны 7 сарын 22-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаанд газар ашиглах гэрчилгээ авч гэрээ байгуулсан. Түүнээс хойш 2016 оны 8 сарын 19-ний өдөр хүртэл гэрчилгээ сунгасан баримт байхгүй. 2018 онд 9.3 га газрыг цуцалж, үүнтэй холбоотой 3 шатны шүүхийн шийдвэр гарсан учраас миний барилга барьсан газар хариуцагчийн газар биш. Газар чөлөөлөх шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Гэрээн дээр хөнгөн хийц, Канад технологиор байшинг барина гэсэн заалт байхгүй. Байшинг барих зураг хуурамч болох нь тогтоогдсон. Эх үүсвэр хуурамч зүйл дээр ямар нөхцөл шаардлагаар байшин барих талаар ярих үндэслэл байхгүй. Хариуцагч нь гэрээний 2.1-д заасан өөрсдөө бүх зураг төслийг хуулийн дагуу боловсруулж, барилга барих ёстой байсан боловч боловсруулсан баримт бүгд хуурамч учраас надад ярих зүйл байхгүй. Нөгөө талаас гэрээний 3.2-т манайхаас оруулсан хөрөнгө нь хууль ёсны байхыг шаардсан. Надад хууль ёсны шаардлага тавьсан атлаа өөрсдөө хууль ёсны шаардлага хангаагүй. Бүх баримт нь албан ёсны биш болох нь хэрэгт авагдсан баримтаас харагдана. Иймд хариуцагч талын тайлбар үндэслэлгүй. Нөгөө талаас гэрээний шаардлагыг зөрчсөн зүйл байхгүй. Газар шороо түрсэн эсэх нь хариуцагч талд хамааралгүй. Уг газар нь тусдаа бөгөөд гуу жалгыг цэвэрлээд бид мод тарьсан болохоос барилга барьсан зүйл байхгүй. Гол асуудал нь газрын гэрээний хугацаа дууссан учраас газрыг нь авах гэж байна гэсэн хардлага явсан байх. Ус дулаан бүх зүйлийг хангана, төвийн бохирт холбох технологи нөхцөл, өндөр хүчдэлийн транс барих ажлын зөвшөөрлийг бүгдийг нь авсан. Дэд бүтэц талаас бүх зүйл боломжийн гэж ярьсан боловч төвийн бохирт холбох, хар зам хийх боломжгүй зэрэг эрсдэлтэй нөхцөл байсан. Дэд бүтэц огт шийдэгдээгүй байсан учраас хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэжээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01441 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн №2 дугаар ...........ХХК болон иргэн ........... нарын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч ...........ХХК-ийн гэрээнээс татгалзаж, газар чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ...........ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........ад олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1606 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. а. Газар ашиглах эрхийн тухайд: Анхан шатны шүүхээс “Уорлд трэвел” ХХК нь ...........тай 2013 оны 12 сарын 20-ны өдөр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-г Иргэний хуулийн 59.1-д зааснаар хүчин төгөлдөр бусад байгуулахдаа газар ашиглах эрхийн зөрчилтэй газарт гэрээ байгуулсан гэж дурдсан. Харин яг ямар зөрчил болохыг дурдаагүй байна. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 02 сарын 27- ны өдрийн А/40 тоот тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрсөн агуулгатай бололтой. Иргэний хуулийн 59.1-д зааснаар “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн” эсэхийг тодорхойлохын тулд хэлцэл хийх цаг хугацаанд бодитоор ямар нөхцөл байдал байсан түүнийг хэлцэл хийгч нэг тал нөгөөдөө хэрхэн өөрөөр ойлгуулж хэлцэл хийх нөхцөлд хүргэсэн болохыг тодорхойлох ёстой. Тухайн маргааны хувьд хэлцэл хийх үед буюу 2013 оны 12 сарын 20-ны өдөр “Уорлд трэвел” ХХК нь газар ашиглах эрхгүй атлаа эрхтэй мэтээр ойлголт төрүүлж гэрээ хийсэн бол хууран мэхэлсэн хэлцэлд хамаарна. Харин тус хэлцлээс хожим буюу хэлцэл хийснээс хойш даруй 5 жилийн дараа буюу 2018 онд төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэснийг “Уорлд трэвел” ХХК хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Хэрэв газрын төлбөр төлөгдөөгүй зөрчилтэй гэж байсан нь бусдыг хууран мэхэлсэн гэж үзэж байгаа бол “Уорлд трэвел” ХХК нь тус газарт БОАЖЯ-ны тусгай хамгаалалтын газрын захиргаатай 2009 оны 07 сарын 22-ны өдөр байгуулсан 797 тоот гэрээний дагуу 2009-оос 2013 он хүртэл газар ашиглалтын төлбөрөө бүрэн төлж ирсэн бөгөөд Н.Чинтбаттай байгуулсан 2013 оны 12 сарын 20-ны өдрийн гэрээний 3.5-д зааснаар газрын төлбөрийг улирал бүрийн эхэнд газар ашиглагчид төлөх үүрэг хүлээсэн бөгөөд тус үүргээ гүйцэтгээгүй. “Уорлд трэвел” ХХК-ийн БОАЖЯ-ны тусгай хамгаалалтын газрын захиргаатай 2009 оны 07 сарын 22-ны өдөр байгуулсан 797 тоот гэрээний дагуу төлсөн төлбөрийн хэмжээг нэмж тогтоосон Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Болдбаатар, Ц.Цэвэлмаа, Я.Энхтуяа нарын 2017 оны 12-р сарын 20-н өдрийн 232201790 тоот шийтгэлийн хуудсыг “Уорлд трэвел” ХХК хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байна. Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд 7-р нүүрт “Хариуцагчийн газар ашиглах эрхийн хугацаа 2013 оны 09 сарын 16-ны өдөр дуусгавар болсон байхад 2013 оны 12 сарын 20-ны өдөр ...........тай “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ” байгуулсан байхаас гадна тогтоосон хуваарийн дагуу газрын төлбөрийг төлөөгүй зэрэг зөрчилтэй байсан” гэжээ. “Уорлд трэвел” ХХК-ийн БОАЖЯ-ны тусгай хамгаалалтын газрын захиргаатай 2009 оны 07 сарын 22-ны өдөр байгуулсан 797 тоот гэрээний нэгийн 7-д газар ашиглах эрхийн хугацааг 2009 оны 07 сарын 22-ны өдрөөс 2014 оны 07 сарын 22-ны өдөр гэж тогтоосон. Тус баримтаас ...........тай гэрээ байгуулах үед газар ашиглах эрхтэй байсан нь тодорхойлогдож байна. Мөн ...........тай 2013 оны 12 сард гэрээ байгуулсны дараа “газар ашиглуулах гэрээ”-нд заасан хугацаа дуусахад “Уорлд трэвел” ХХК-ийн газар ашиглах эрхийг сунгаж улмаар БОАЖ-ын сайдын 2018 оны 02 сарын 27-ны өдрийн А/40 тоот тушаалаар хүчингүй болгосон. Хожим болсон үйл баримтаар 2013 онд байгуулсан гэрээг хууран мэхэлсэн гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд хамтран ажиллаж байсан газар ашиглах эрхээ 2018 онд хүчингүй болгуулсан нь гэрээний хэн аль талын хамтын хариуцлагын асуудал юм. Тогтоосон хуваарийн дагуу төлбөрийн зөрчилтэй байсан эсэх асуудал нь эцэслэн шийдвэрлэгдээгүй бөгөөд төлбөрийн зөрчилтэй хэмээн дүгнэсэн дээр дурдсан ХУД-ийн татварын улсын байцаагчийн дүгнэлттэй холбогдох захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Иймд маргаантай байгаа актын талаар эцэслэн тогтоогдсон үйл баримт гэж шүүхийн шийдвэр, шийдлийн үндэслэл болгож байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” заасан нотлох баримт үнэлэх зарчимтай зөрчилдөж байна. Дурдаж буй ХУД-ийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч О.Болдбаатар, Ц.Цэвэлмаа, Я.Энхтуяа нарын 2017 оны 12-р сарын 20-н өдрийн 232201790 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэвэл түүнд үндэслэн шийдвэрлэсэн БОАЖ-ын сайдын 2018 оны 02 сарын 27-ны өдрийн А/40 тоот тушаалтай холбогдуулах захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илрүүлсэн нөхцөлийн улмаас хянуулж уг актыг хүчингүй болгох боломж нээлттэй хэвээр байгаа болно. b.Ерөнхий төлөвлөгөө, эскиз хуурамчаар үйлдсэн гэх тухайд: Анхан шатны шүүхийн шийдвэрт Үндэслэх хэсгийн 3 дах талд “Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч ........... нь Хан-Уул дүүргийн 11-р хороо, Богинын аманд байрлалтай 30 газрын ашиглагч “Уорлд трэвел” ХХК 1 га газарт амрагчийн 20 ширхэг сууц бүхий хотхоныг “Уорлд трэвел” ХХК-аас 2011 онд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга буюу Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Н.Хүрэлбаатараар батлуулсан барилгын ерөнхий төлөвлөгөө, эскиз, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байх ба энэ талаар холбогдох байгууллагаас ирүүлсэн албан тоотуудад дурдсан, түүнчлэн зохигчид энэ асуудлаар маргаагүй байна” гэжээ. Тус дүгнэлт бүхэлдээ үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй. Учир нь “Уорлд трэвел” ХХК нь иргэн ...........ыг 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан ерөнхий төлөвлөгөө, эскизийг зөрчиж барилга барьж байгаа бөгөөд тухайн үйл ажиллагаагаа зогсоож тус батлагдсан ерөнхий төлөвт эскизэд нийцүүлэн ажлын зураг боловсруулж, батлуулан түүндээ нийцсэн барилгын ажил гүйцэтгэх талаар удаа дараа өөрт нь болон төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудад хандсан албан бичиг гомдлууд хэрэгт хангалттай авагдсан. Улмаар батлагдсан ерөнхий төлөвлөлт, эскизыг зөрчиж барилга барьсан тул “Уорлд трэвел” ХХК-ийн зүгээс 2016 оны 05 сарын 23-ны өдөр “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ”-нээс татгалзсан. Ийнхүү гэрээнээс татгалзсан тул тус газрыг чөлөөлж батлагдсан ерөнхий төлөвлөлт, эскизийг зөрчин барьсан барилгуудыг буулгахыг даалгах сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс үзлэг хийхдээ ХУД-ын 11-р хороо Богино аманд маргаж буй 1 га газарт нийтдээ 28 ширхэг барилга баригдсан болохыг тодорхойлсон. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.2-т нийтдээ 20 барилга баригдахаар тохирсон батлагдсан ерөнхий төлөвлөгөө, эскизэд мөн 20 ширхэг хөнгөн хийцийн байр баригдахаар төлөвлөгдсөн зэрэг нотлох баримтууд хангалттай байсан. Эдгээрээс ........... нь анхнаасаа 2011 онд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан ерөнхий төлөвлөгөө, эскизийн дагуу барилгаа бариагүй, мөн дээрх ерөнхий төлөвлөлт, эскизийн дагуу Барилгын тухай хуулийн 23-р зүйлд заасан “Зураг төсөл” боловсруулах, түүндээ мөн хуулийн 25-р зүйлд заасны дагуу “Магадлалын дүгнэлт гаргуулах”, улмаар мөн хуулийн 26-р зүйлд заасны дагуу эрх бүхий этгээдээс “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх” зөвшөөрөл авах зэргийг мөн зөрчиж барилга барьсан болох нь тодорхой байхад “барилгын ерөнхий төлөвлөгөө, эскиз, ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн" гэж дүгнэх үндэслэлгүй. ........... нь барилга барьж эхлэхдээ барилгын ажлын зураг батлуулах, магадлал хийлгэх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авч хуулийн дагуу ажлаа явуулахаар огт оролдоогүй. Тус баримтууд байхгүй тохиолдолд хаяг өгөхгүй нь ойлгомжтой бөгөөд эскизэд үндэслэн хаяг олгоно гэх ойлголт байхгүй. Нэгэнт баримтлаагүй ерөнхий төлөвлөлт, эскиз тул 2011 онд Ерөнхий төлөвлөгөөний газраас баталсан тус баримт бичгийн хүчинтэй, хүчингүй байдал ...........ад огт хамааралгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрт “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар 2013 онд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст 2011 онд батлагдсан ерөнхий төлөвлөлт, эскиз хуурамчаар үйлдсэн талаар гомдол гаргаж, ...2013 оны 07 сарын 10-ны өдөр 734 тоот Прокурорын тогтоолоор “хөнгөн хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн үндэслэлээр” хэргийг хэрэгсэхгүй болгосон нь тогтоогдсон байна... 2016 оны 06 сарын 30-ны өдрийн Нийслэлийн прокурорын газрын прокурорын 163 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч “Уорлд трэвел” ХХК нь газар ашиглах эрхийн зөрчилтэй газарт түүнчлэн хуурамч төлөвлөгөө, эскиз зургийг үндэслэн 2013 оны 12 сарын 20-ны өдөр 2 дугаартай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах гэрээг” ...........тай байгуулсан нь Иргэний хуулийн 59.1-д заасан “хууран мэхэлж хийсэн” гэх үндэслэл тогтоогдож байна” гэжээ. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “хэлцэл хийх зорилгоор холбогдох баримтыг хуурамчаар үйлдэж” хэмээн дүгнэжээ. Тус ажиллагааны явцад тус баримтыг Р.Бадрал болон “Уорлд трэвел” ХХК хуурамчаар үйлдсэн гэж мөрдөгч, прокурор тогтоогоогүй. Шалгуулахаар нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас ирүүлсэн ерөнхий төлөвлөлт нь канон баримт гэдгийг шинжээч тогтоож, прокурор хуурамч баримт үйлдсэн гэх гомдлыг шалгаж шийдвэрлэх эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хугацаа өнгөрсөн” гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримт. 2013 онд Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол түүний дагуу хийгдсэн ажиллагаа, улмаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг “Уорлд трэвел” ХХК болон түүний захирал Р.Бадралд огт мэдэгдээгүй. Мөн “Уорлд трэвёл” ХХК-д зураг төсөл боловсруулах гэрээ байгуулсан “Анар сан” ХХК, түүний туслан гүйцэтгэгч “Гэрэл-Арт” ХХК-д ч энэ талаар мэдэгдээгүй тодруулаагүй асууж байцаагаагүй байдаг. Ерөнхий төлөвлөгөөний газарт хадгалагдаж байсан “Гэрэл арт” ХХК-ийн боловсруулсан ерөнхий төлөвлөлтийг хуурамч гэж шалгуулахаар гомдол гаргасны дагуу дээрх шинжээчийн дүгнэлт прокурорын тогтоол гарсан болохыг ...........ын нэхэмжлэлтэй энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргуулсан баримтаар анх олж мэдсэн. Харин 2016 онд ...........ын “Н.Хүрэлбаатар нь нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын тамга тэмдэг хуурамчаар үйлдэж албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гомдлыг Авлигатай тэмцэх газар хүлээн авч хянаад 2016 оны 06 сарын 30-ны 163 тоот прокурорын тогтоолоор “гомдол баримтаар нотлогдоогүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй” гэж тогтоосон. /Н.Хүрэлбаатар өөрөө гарын үсэгний дардсаа дарсан нь нотлогдсон./ Р.Бадрал нь 2016 оны 06 сарын 18-ны өдөр Авлигатай тэмцэх газарт тайлбар өгөхдөө “Н.Хүрэлбаатар албан тушаалын байдлаа ашиглан хуурамч тамга ашиглан зураг баталсан гэх гомдол ...........аас гаргасан болохыг олж мэдсэн. Дээрхээс нэгтгэн дүгнэхэд 1.“Ерөнхий төлөвлөлт, эскиз”-ийг хуурамчаар үйлдсэн гэж эцэслэн тогтоосон эрх бүхий байгууллагын ямар ч шийдвэр байхгүй. 2.Түүнийг Н.Хүрэлбаатар /Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга/, “Анар сан” ХХК/зургийн автор/, “Гэрэл арт”/зургийн авторын туслан гүйцэтгэгч/, “Уорлд трэвел” ХХК, түүний захирал Р.Бадрал /захиалагч/ хэн нь гэм буруутай болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын ямар ч шийдвэр байхгүй. 3. “Уорлд трэвел” ХХК-ийн захирал Р.Бадрал тус баримтыг хуурамчаар үйлдэж эсхүл, хуурамч гэдгийг мэдсээр атал ...........тай гэрээ байгуулахын тулд түүнийгээ нуун дарагдуулж “хууран мэхэлсэн” гэдгийг тогтоох ямар ч баримт байхгүй. “Ерөнхий төлөвлөлт, эскиз” хуурамч гэх дүгнэлт хийхдээ, “Уорлд трэвел” ХХК-ийн захирал Р.Бадрал нь тэрхүү баримтыг хуурамч гэж мэдсээр атал ...........тай гэрээ байгуулахыг тулд нуун дарагдуулж хууран мэхэлсэн гэх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2.Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг тус тус ноцтойгоор зөрчжээ. Ийнхүү нотлох баримтын жинхэнэ агуулгаар дүгнэлт өгөөгүй, түүний хамааралтай байдал, мөн нотлогдоогүй үйл баримтын талаар нотлогдсон, тогтоогдсон мэтээр дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй байна. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх ...........ын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1. Нэхэмжлэлийн үнийг дараах байдлаар тодорхойлно: 63.1.4.гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр; 62.2.Нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, эсхүл уг хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, хэрэв нэхэмжлэлийг төлөөлөгч гаргасан бол итгэмжлэлийг мөн хавсаргана. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг зөрчиж 20 байшин бариулах талаар хамгийн багадаа 20.000.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлд 70.200 төгрөгийн Улсын тэмдэгтийн хураамж төлж нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ын 65.1.Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана: 65.1.11.энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий байх гэх үндсэн шаардлагыг хангаагүй шийдвэр, магадлалыг хүчингүй болгож үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ........... нь хариуцагч ........... ХХК-д холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээг хууран мэхэлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг, хариуцагч хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богины амны 1 га газрыг чөлөөлүүлэх тухай  сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй байна.

 

Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

1. Хэрэгт байгаа баримтаар, талууд 2013 оны 12 сарын 20-ны өдөр гэрээ байгуулж, ........... ХХК нь Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт эзэмших эрхтэй газрын 1 га газрыг ашиглалтад шилжүүлэх, батлагдсан байгаль орчны ерөнхий төлөвлөгөөний дагуу амрагчдын сууцны хотхоны ерөнхий төлөвлөгөө, ажлын зураг болон холбогдох барилгын зураг, төслийг өөрийн зардлаар хийлгэж,төрийн захиргааны эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудаар батлуулж, хүлээлгэн өгөх, ........... уг газар дээр 20 ширхэг сууц бүхий хотхоныг өөрийн зардлаар барих, 16 сууцыг өөрөө захиран зарцуулах, 3 сууцыг ........... ХХК авах, 1 сууцыг борлуулж адил тэнцүү хувааж авахаар тохирсон, улмаар ........... нь нийт 24 блок барилгыг барьсан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 А/40 дүгээр тушаалаар ........... ХХК-ийн 9,3 га газрын эрхийг газрын төлбөр болон улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх үндэслэлээр дуусгавар болгосон үйл баримт тогтоогджээ.

 

Гэрээ хүчин төгөлдөр эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болсон байна.

 

Талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан боловч шүүх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ...........ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

Хууран мэхэлж хийсэн хэлцэлд нэг тал нь хэлцэл хийх хүсэл зориг байгаагүй субьектив шинж хамаарахаас гадна ашиг хонжоо олох зорилгоор, хэлцэл хийх үндэслэл болсон нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй, нуун дарагдуулсан байх нь хууран мэхэлсэн гэж үзэх үндэслэл болдог. ...........ХХК нь 2013 онд гэрээг байгуулах үед 2008 оноос хойш газрын төлбөр төлөөгүй, энэ талаар маргаантай байгаа, газар эзэмших гэрээний  хугацааг сунгуулаагүй, амрагчдын сууцны хотхоны 2011 онд батлуулсан ерөнхий төлөвлөгөө, ажлын эскиз зургийг хуурамчаар үйлдсэн болохыг ...........ад мэдэгдээгүй нь тогтоогдсон, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон хоёр шатны шүүхийн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

........... ХХК Байгаль орчны сайдын 2005 оны 244 дүгээр тушаалаар 2008 оны 09 сарын 16-ны өдрөөс Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газарт 30 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй байсан, 2015 оны 08 сарын 05-ны өдрөөс 5 жилээр сунгасан, 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А-220 дугаар тушаалаар 30 га талбайгаас 20,5 га газрын ашиглах эрхийг цуцалсан, /1хх46-48, 83/ 2018 оны А/40 дүгээр тушаалаар 9,3 га газрын эрхийг дуусгавар болгосноос үзэхэд хариуцагч нь газрыг ашиглах эрхгүй болсон байна. Мөн амрагчдын сууцны хотхоны 2011 онд батлуулсан ерөнхий төлөвлөгөө, ажлын эскиз зургийг хуурамчаар үйлдсэн болох нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013 оны 11/1224 тоот Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2013 оны 734 дүгээр тогтоолоор нотлогджээ.

 

2. Нэхэмжлэгч ........... нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг гаргахдаа хэлцлийн үр дагаврыг шаардаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний дагуу ........... ХХК-ийн эзэмшил газар дээр амрагчийн 3 давхар 24 блок барилга барьсан боловч хариуцагчийн нэр дээр олгогдсон газар ашиглах эрх цуцлагдсан. Харин нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагад хандаж, Байгаль орчин аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр олгосон 0171177 дугаар гэрчилгээний үндсэн дээр барилга барьсан газрыг ашиглах болсон нь талуудын хооронд байгуулсан гэрээнд хамааралгүй юм.

 

3. Хоёр шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 59, 205 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Хүчин төгөлдөр гэрээ байхгүй тул гэрээнээс татгалзах боломжгүй болохоос гадна хариуцагч ........... ХХК нь газрыг эзэмших эрхгүй, хууль ёсны ашиглагч биш тул газар чөлөөлөхийг шаардах эрхгүй байна.

 

4. Гэрээний эрх зүйн харилцаанаас зохигчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба уг дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхино. Газар эзэмших эрхээ сэргээлгэх, шүүхээр маргаан хянан шийдвэрлэгдэж байгаа гэх нөхцөл байдал нь нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2019/01441 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1606 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2 удаа төлсөн 70 200 төгрөг, нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                         ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

 

                         ШҮҮГЧИД                                                     Х.СОНИНБАЯР

 

                                                                                               Г.ЦАГААНЦООЖ

                            

                                                                                               Д.ЦОЛМОН

 

                                                                                               П.ЗОЛЗАЯА