| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/1100/Э |
| Дугаар | 261 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 261
Д.О-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1175 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 989 дүгээр магадлалтай, Д.О-т холбогдох 1806000000924 дугаартай эрүүгийн хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Д.Дамдинсүрэнгийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Х овогт Д-ын О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт заасан “Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр хүнийг алах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 10 сар хорих ял болгон сольж, хорих ялуудыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 9 жил 10 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 8 жил хорих ялыг 10 жил хорих ял болгон хүндрүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 10 сар хорих болгон сольж, биечлэн эдлэх хорих ялыг 11 жил 10 сар болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Улсын Ерөнхий прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Д.Дамдинсүрэнгийн бичсэн болон шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Д.О-т холбогдох хэрэгтэй танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “....шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” дараах нөхцөл байдал илэрсэн байна. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1175 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.О-ыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.О-т тус шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 624 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 10 сарын хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил хорих ял дээр мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 10 сарын хорих ялыг нэмж нийт эдлэх ялыг 9 жил 10 сарын хугацаагаар тогтоосон байна. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.О-т хорих ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж дүгнэсэн. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 989 дүгээр магадлалаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан хорих ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим болон мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн ялын зорилгод нийцээгүй байна гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялыг 10 жил хорих ял болгон хүндрүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхэд оролцогч нарын хэн аль нь гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээр хэрэг хэлэлцэгдээгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14, Арван есдүгээр зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэж, 01 дугаартай дүгнэлт гаргасан. Монгол Улсын Их хурал Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх заалтуудад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрх хэмжээгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.3-т заасан “...шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан гэсэн нөхцөл байдал илэрч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хууль зүйн үндэслэл бий болж байна. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 10 дугаар сарын 25-ний өдөр Д.О-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрт ялыг хүндрүүлж өөрчлөлт оруулсныг хүчингүй болгуулж, 989 дугаартай магадлалд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан хяналтын шатны шүүхэд прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэнгийн бичсэн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай дүгнэлтийг үндэслэн Д.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасны дагуу хянахдаа уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 үндэслэл тогтоогдсон тохиолдолд прокурор мөн хуулийн 41.4 дүгээр зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх дүгнэлтээ анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүхэд, давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүхэд гаргахаар зохицуулсан байна.
Дээрх зохицуулалтын дагуу прокурор Д.О-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан” шинэ нөхцөл байдал илэрсэн гэсэн үндэслэлээр дүгнэлт бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1175 дугаар шийтгэх тогтоолоор прокуророос Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Д.О-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 8 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 10 сар хорих ял болгон сольж, хорих ялуудыг нэмж нийт биечлэн эдлэх ялыг 9 жил 10 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, 989 дүгээр магадлалаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 8 жил хорих ялыг 10 жил хорих ял болгон хүндрүүлж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 10 сар хорих болгон сольж, нийт эдлэх хорих ялыг 11 жил 10 сар болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрт хэргийн оролцогч нар хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаагүй тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, хүндрүүлж болохоор хуульчлагдсан болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр дээрх хуулийн заалтуудын ял хүндрүүлэх хэсэгтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын Монгол Улсын иргэн “...шүүхийн шийдвэрийг давж заалдах...эрхтэй”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн гэж дүгнэн, 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн 01 дүгээр дүгнэлт гаргасныг Монгол Улсын Их хурал хүлээн зөвшөөрч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсгүүдэд заасан “ял хүндрүүлэх” тухай зохицуулалтад өөрчлөлт оруулснаар давж заалдах болон хяналтын шатны шүүх ял хүндрүүлэх эрхгүй болж, 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш давж заалдах болон хяналтын шатны шүүхээс ял хүндрүүлсэн хэргүүдийг дахин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянах үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Иймээс прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “8 жил” гэснийг “10 жил” болгон хүндрүүлж, нийт эдлэх ялыг 11 жил 10 сарын хугацаагаар тогтоосон давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1175 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 989 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг бүхэлд нь хүчингүй болгон, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.О-ын нийт эдлэх хорих ялыг анхан шатны шүүхээс 9 жил 10 сарын хугацаагаар тогтоосон заалтыг хэвээр үлдээсэн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН