Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2023/00374

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 142/ШШ2023/00374

Орхон аймаг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, ******* тоотод байрлах ******* ХХК-ийн дампуурсанд тооцуулах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн ******* /РД:9042008/-ийн Татварын өр төлбөр 66,310,688.840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, дампуурлын хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Хэрэг гүйцэтгэгч А.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* ХХК нь дампуурсанд тооцуулах тухай хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагч хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ...Улсын бүртгэлийн 2011006136 дугаартай, 4371011 тоот регистрийн дугаартай ******* ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барилгын засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 1.000.000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай компани Орхон аймагт барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллаагаа явуулж, барилга угсралт, барилгын засварын ажлыг гүйцэтгэж байсан боловч 2011 оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ ханш өссөн, мөн барилгын салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэлийн захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсоор өнөөг хүргэлээ. Бидний хувьд ажил гүйцэтгэл эрхлэх хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон бусад хөрөнгө оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөрөнгөгүйгээс санхүүжилт босгох боломжгүй байх бөгөөд барилгын салбарт тулгарч буй хүндрэл, барилга угсралтын компаниудын орлогогүй байдлаас шалтгаалан туслан гүйцэтгэгчээр ажилладаг манай компанид гэрээгээр хийх ажил олдохгүй болох, барилгын ажил гүйцэтгэх хугацаанд валютын ханшийн өсөлт, барилгын түүхий эд материалын болон шатахууны үнийн өсөлт зэрэг биднээс үл шалтгаалах хүчин зүйлээс шалтгаалан манай компани хөрөнгө оруулалт байхгүй, санхүүгийн эх үүсвэр татаж чадахгүй байдалтай байна. Орхон аймгийн Татварын хэлтсийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №204201788 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай шийдвэрийн зөрчилд: 1.1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа тайландаа тусгаагүй 40,909,090.90 төгрөгийн орлогоос 35,900,000 төгрөгийн өртөг зардлыг хасч 5,009,90.90 төгрөгийн татвар ногдуулах орлогод 500,909.10 төгрөгийн татвар, 150,272.70 төгрөгийн торгууль, 250,454.60 төгрөгийн алданги, нийт 901,636.40 төгрөгийн шийтгэл, 1.2.Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2012 оны тайландаа тусгаагүй 40,909,090.90 төгрөгийн орлогоос 54,545.50 төгрөгийн худалдан авалтыг хасч 40,854,545.40 төгрөгийн ногдуулах орлогод 4,085,454.50 төгрөгийн нөхөн татвар, 2,042,727.30 төгрөгийн торгууль, 12,256.40 төгрөгийн хүү нийт 6,140,438.20 төгрөгийн шийтгэл оногдуулсан байдаг. Иймд ******* ХХК-д үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгт заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК 2007 онд байгуулагдсан. Орхон аймгийн *******т харьяалалтай, барилга угсралт, барилгын засвар үйлчилгээ явуулдаг компани байсан. 2007-2010 онд барилгын засвар үйлчилгээ эрхэлж байгаад 2011 оноос татварын улсын байцаагчийн дүгнэлт гарснаас хойш ажил хийх боломжгүй болсон. 2011-2022 он хүртэл бизнесийн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй, харьяалагддаг банк ч байхгүй, данс ч байхгүй компани байгаа. 2017 онд Орхон аймгийн Татварын хэлтсээс ******* ХХК-д 7.000.000 төгрөгийн татварын акт ногдуулсан байдаг. Тэр хугацаанд манай компани үйл ажиллагаа явуулаагүй учраас орон нутгийн өмчийн худалдан авах гэрээнд орох нөхцөл нь хуулиараа хаагдсан. Энэ байдлаасаа гарах гэж олон арга хэмжээ авсан боловч үр дүнд хүрээгүй өдий хүрсэн. Ингээд Орхон аймгийн *******т 7.000.000 төгрөгөө төлж чадаагүй байгаа учраас иргэний хэргийн шүүхэд тус компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй болсон учир дампууруулах хүсэлтээ өгч байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд татварын улсын байцаагч оролцож байна. ******* манайд нэхэмжлэл гаргаад би хариу тайлбараа гаргаж хүргүүлсэн. ******* ХХК-ийн дампуурлын хэрэг үүсгэсэн шалтгаан нь Орхон аймгийн *******т төлөх ёстой мөнгийг төлж чадахгүй байгаа үндэслэл дахин хөрөнгөжих боломжтой юу гэдэгт шинжилгээ хийх эсэхийг хэлэлцэх гэж байгаа. Миний ойлгож байгаагаар нэгэнт гаргасан нэхэмжлэл нь явж байхад компани дампууруулах хүсэлтээ өгсөн нь үндэслэлгүй гэв.

3. Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* нь ******* ХХК-д холбогдуулан татварын өр төлбөр 66,827,593.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ... 4371011 тоот регистрийн дугаартай ******* ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт 2008-2012 онд 2,429,700 төгрөг, 2014 онд 800,000 төгрөг, 2,924,881.4 төгрөг нийтдээ 6,154,581.4 төгрөгийн албан татвар төлсөн байна. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5-д албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого, хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөвт төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ гэж заасны дагуу тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байна. ******* ХХК-д Татварын улсын байцаагчийн 2011 оны 10 сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар тогтоогдсон 97,372,600 төгрөгийн төлбөрөөс 3,724,881.4 төгрөгийн төлөлт хийгдэж 33,862,200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болсон байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №204-201788 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай хуудсаар 7,042,074.6 төгрөгийн төлбөрийг хариуцуулан нийт 66,839,849.6 төгрөгийн албан татварын өртэй байна. ******* ХХК-ийн хувьд үүсгэн байгуулагдсанаасаа хойш туйлын хариуцлагагүй буюу хангалтгүй байдлаар татварын харилцаанд орж хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байгаа нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл /2008 он/ 18.1.1 татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 28 дугаар зүйл /2019 он/ 28.1 Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө гэж заасныг зөрчсөн үйлдэл юм. Иймд 66,827,593.2 төгрөгийн албан татварын өр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна... гэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: гэв.

5. Хэрэг гүйцэтгэгч А.Э-ын дүгнэлтэд: ... ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2007 оноос 2010 оны санхүүгийн тайлан, шүүхэд ирсэн нотлох баримтууд, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт зэрэг үзүүлэлтүүдээс тооцож үзэхэд компанийн өр төлбөр 66,827.593 төгрөг болж өөрийн хөрөнгийн 1204.10 хувьтай тэнцэх хэмжээний өр төлбөрт орсон байна. Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно гэж заасан байдаг. Төлбөрийн чадварын шинжилгээ хийж үзэхэд тус ******* ХХК нь 2008 оноос өөрийн хөрөнгийн 3358.92 хувьтай тэнцэх хэмжээний үүргээ биелүүлэх боломжгүй болж төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна.

4. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Хариуцагч аж ахуйн нэгж байгууллага тайлан тэнцэлдээ бусдад төлөх өр төлбөр, авах авлагын хэмжээг бүрэн тусгаагүй эсхүл бууруулсан буюу нэмэгдүүлсэн тохиолдолд шүүх дээрх тусгагдаагүй үнийн дүнг нийт өр төлбөр, авлагын хэмжээнд оруулан тооцвол зохино. Энэхүү ойлголтыг мөн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн төлбөрийн чадвартай болох эсэхийг тооцоход нэгэн адил хамааруулна. гэж тайлбарласныг үндэслэн Орхон аймгийн Татварын хэлтсийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шүүхэд гаргасан тодорхойлолтоор тогтоогдсон өр төлбөрийг нэмж тооцвол ******* ХХК-ийн өр төлбөр болон өөрийн хөрөнгийн харьцаа дараах байдлаар илэрхийлэгдэж байна. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1 дугаартай тогтоолын 6 дахь хэсэгт Хуулийн 7 дугаар зүйлийн 7.11 дэх заалтын ...санхүүгийн тайлан тэнцэл гэдэгт төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгж, байгууллагын үндсэн буюу эргэлтийн хөрөнгө түүний эх үүсвэр, аж ахуйн үйл ажиллагааны санхүүгийн үр дүн /орлого, үр дүнгийн болон үлдэгдэл, мөн хуримтлалын балансууд/, мөнгөн хөрөнгийн хөдлөлийг харуулсан баримтууд, түүнчлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагааны санхүүгийн үр дүнд хийсэн шинжилгээ, дүгнэлт зэргийг хамруулан ойлгоно. Мөн зүйлийн сүүлийн 3 жил гэдгийг хуанлийн тооллоор бус харин тухайн аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байсан үеийн сүүлийн 3 жилийг хамруулан ойлговол зохино гэж заасан байх тул ******* ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байсан үед хамаарах 2007-2010 онуудын санхүүгийн тайлангуудад дүн, шинжилгээ хийж төлбөрийн чадварын талаар дүгнэлтийг гаргасан. Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь Balance sheet буюу санхүүгийн тайлан тэнцэлд үндэслэн тооцохоор зохицуулсан байх ба Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн нийт өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ гэж заасантай бүрэн нийцэж байна. ******* ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 2007-2021 оны санхүүгийн тайлангуудаас харахад тус компанийн ашигт ажиллагаа доголдож алдагдал ихээр хуримтлагдсан, үйл ажиллагаа нь бүрэн зогссоноос эргэлтийн хөрөнгийн харьцаа алдагдсан нь төлбөрийн чадваргүй болох гол үндэслэл болжээ. Тус компанийн төлбөр барагдуулах боломж түргэн хөрвөх чадвар зохистой үзүүлэлтээс 80 дахин бага, эргэлтийн хөрөнгийн харьцаа бүр 2007 оноос алдагдсан үзүүлэлт санхүүгийн шинжилгээгээр гарч байгаа нь ч үүнийг нотолж байна. Алдагдал ихээр хуримтлагдсан, богино хугацаат өр төлбөрийг барагдуулах санхүүгийн боломж байхгүй, дахин хөрөнгөжүүлэх эх үүсвэр байхгүй, үүрэг гүйцэтгүүлэгчээс хэт хараат байдалтай болсон нь ******* ХХК-ийн санхүүгийн тогтвортой байдлыг бүрэн алдагдуулж, зөвхөн гадны эх үүсвэрээс хэт хамааралтай, өөрийн эх үүсвэрээр бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон байна.

"******* ХХК-ийн удирдлага, хувь эзэмшигч нар нь санхүүгийн эдийн засгийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, зээл болон бусад өр төлбөр, бусдаас авах авлагын тооцоог цаг тухайд нь барагдуулаагүй, хөрөнгө оруулалт хийх эх үүсвэргүйгээс компанийн үйл ажиллагааг зогсоож, өрийн менежментийг цаг тухайд нь хийж чадаагүйгээс ихээхэн хэмжээний өр төлбөрт орсон зэрэг нөхцөл байдлын улмаас компани нь төлбөрийн чадваргүй болж бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрсэн нь удирдлагын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд Дампуурлын тухай хуулийн 17-р зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19-р зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор шүүхэд нотлох баримт болон лавлагаа гаргуулах хүсэлтийг 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 01 тоотоор шүүхэд хүсэлт гаргаж Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 142/Ш32022/04067 дугаартай захирамжийн дагуу эд хөрөнгийн болон өмчийн эрхийн бүртгэлийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд, арилжааны банкуудаас шүүхэд ирүүлсэн лавлагаа. шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны гүйцэтгэх баримт бичиг, бусад нотлох баримтуудаар ******* ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгө, хөрөнгийн эрхийн бүртгэл тогтоогдоогүй болно. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авах, нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах зарыг Дампуурлын тухай хуулийн 5-р зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу нийтэд мэдээлсний дагуу Орхон аймгийн ******* нэхэмжлэл гарган шүүхэд ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд нь үндэслэн нэхэмжлэлд эзлэх хувийг гаргасан болно. Үүнд: Дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ИХШХШТХуулийн 13-р бүлэгт заасан Онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоох ба хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хянан шийдвэрлэдэг. Хариуцагч ******* ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлүүдийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй.

Дампуурлын шинжилгээний 5 загвар ашиглаж хийсэн шинжилгээгээр дампуурлын түвшинг үнэлэхэд илтгэгч коэфициентүүд бүгд сөрөг утгатай гарч байгаа нь ******* ХХК-ийн өр төлбөр эргэлтийн хөрөнгөөсөө хэт давсан, төлбөр гүйцэтгэх чадваргүй, үйл ажиллагаа явуулах санхүүгийн боломж, эх үүсвэргүй болж дампуурах эрсдэл, магадлал өндөр түвшинд хүрсэн байна гэж дүгнэлээ.

Дампуурлын тухай Монгол Улсын хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно. гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч болон хэрэг гүйцэтгэгч уг хугацааны дотор дахин хөрөнгөжүүлэх хүсэлт шүүхэд гаргаагүй болно. Иймд хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус ******* ХХК нь 2008 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23-р зүйлийн 23.1-д заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33-р зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна. Дампуурлын тухай хуулийн 33-р зүйлийн 33.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй, шүүх төлөвлөгөөг батлаагүй, төлөвлөгөөг биелүүлэх боломжгүй болсон гэсэн 3 үндэслэлийн аль нэг хангагдсан тохиолдолд шүүх хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд хэрэв шүүхээс хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах шийдвэр гаргасан тохиолдолд Дампуурлын тухай хуулийн 35-38 дугаар зүйлд заасан ажиллагаануудыг хэрэг гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй... гэжээ.

Хэрэгт хүсэлт гаргагчаас: ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 204201788 дугаартай шийтгэлийн хуудас, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20140946 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай Хүсэлт хангаж, шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 38 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаартай Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж, ******* ХХК-ийн 2007, 2008, 2009 он, 2010 оны жилийн санхүүгийн тайлан, 2022 оны 2-р улирлын санхүүгийн тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчээс: Татварын өрийг төлүүлэх нэхэмжлэх, хуулийн этгээдийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ХХК-ийн татварын өрийн тооцоолол, Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай акт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 204201788 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар: Улсын бүртгэлийн 2011006136 дугаартай, 4371011 тоот регистрийн дугаартай Тэнгэрийн-өнгө ХХК-ийн Монгол банк, Ариг банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Хаан банкны Орхон салбар, Хас банкны Орхон салбар, Худалдаа хөгжлийн банкны Орхон салбар, Голомт банкны Орхон салбар, Капитал банкны Орхон салбар, Капитрон банкны Орхон салбар, Төрийн банкны Орхон салбаруудаас харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа, дансны үлдэгдлийн талаарх тодорхойлолт, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Орхон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, тус компанийн өмчлөлд газар болон үл хөдлөх хөрөнгө бүртгэлтэй эсэх талаарх лавлагаа, Авто тээврийн үндэсний төв болон Орхон аймгийн Авто тээврийн төвөөс компанийн өмчлөлд тээврийн хэрэгсэл байсан, байгаа эсэх талаарх лавлагаа, Орхон аймгийн Татварын хэлтсээс ******* ХХК-ийн татвар төлөлтийн тодорхойлолт, татварын улсын байцаагчийн акт тавигдсан эсэх талаарх лавлагаа, Гаалийн ерөнхий газраас ******* ХХК-ийн гаалийн бүрдүүлэлт авагдсан эсэх талаарх холбогдох баримт, Ашигт малтмал, газрын тосны газраас ******* ХХК ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаарх лавлагаа, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ******* ХХК-аас гаргуулахаар шүүхийн шийдвэрийн дагуу дуусгавар болсон болон хийгдэж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа байгаа эсэх ******* ХХК -ийн бусдаас авах авлагатай эсэх талаарх лавлагаа, Орхон аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс ******* ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой лавлагааг тус тус нотлох баримтаар гаргуулж хэрэгт хавсаргасан байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                    

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2. Хүсэлт гаргагч ******* ХХК нь шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон байна. Үүнд: ...******* ХХК нь 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр барилгын засвар үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 5.000.000 төгрөгийн дүрмийн сантай 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж Орхон аймагт барилга угсралтын тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллаагаа явуулж, барилга угсралт, барилгын засварын ажлыг гүйцэтгэж байсан, 2011 оноос валютын ханшийн өсөлтөөс хамаарч барилгын материалын үнэ ханш өссөн, мөн барилгын салбарт бий болсон зогсонги байдал зэрэг биднээс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас ажил гүйцэтгэлийн захиалгагүй болж цаашид орлого олох боломжгүй болсон. Мөн ажил гүйцэтгэл эрхлэх хөрөнгийн эх үүсвэргүй, банкны зээл болон бусад хөрөнгө оруулалтаар зээл төсөл авахад шаардагдах барьцаа хөрөнгөгүйгээс санхүүжилт босгох боломжгүй болсон бөгөөд барилгын салбарт тулгарч буй хүндрэл, барилга угсралтын компаниудын орлогогүй байдлаас шалтгаалан туслан гүйцэтгэгчээр ажилладаг манай компанид гэрээгээр хийх ажил олдохгүй болох, барилгын ажил гүйцэтгэх хугацаанд валютын ханшийн өсөлт, барилгын түүхий эд материалын болон шатахууны үнийн өсөлт зэрэг биднээс үл шалтгаалах хүчин зүйлээс шалтгаалан манай компани хөрөнгө оруулалт байхгүй, санхүүгийн эх үүсвэр татаж чадахгүй болсон. Иймд ******* ХХК-д үүсээд буй нөхцөл байдлыг үндэслэн Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгт заасны дагуу дампуурлын хэрэг үүсгэх тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэсэн.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

******* ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь барилгын засвар, үйлчилгээ эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 5,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар байгуулагдан 2007 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр улсын бүртгэлийн 2011006136 дугаар, 4371011 тоот регистерт бүртгүүлж, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь Ширнэнгийн Оюунчимэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

Шүүх ******* ХХК-ийн хүсэлтээр дампуурлын хэрэг үүсгэж, Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д харилцагч тал хариуцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж зааснаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 142/ШЗ2022/06516 дугаартай шүүгчийн захирамжаар ******* ХХК-ийг төлбөрийн чадваргүйд тооцож, улмаар нэхэмжлэгчид нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор тус шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаж, үүний дагуу Орхон аймгийн Татварын хэлтсээс татварын өр төлбөр 66,827,593.2 төгрөгийг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүхээс Дампуурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүсэлт гаргагчийг төлбөрийн чадвартай эсэхийг тогтоолгохоор хэрэг гүйцэтгэгчээр А.Эыг томилсон ба хэрэг гүйцэтгэгч нь дүгнэлтээ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гаргаж шүүхэд ирүүлж, уг дүгнэлттэй хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар танилцсан байна.

5. Хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтэд: ******* ХХК нь шүүхэд дампуурлын хэрэг үүсгэх хүсэлтдээ дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй, дампуурлын хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтад хийсэн дүгнэлтэд үндэслэн ******* ХХК нь 2008 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан этгээд болох хүсэлт гаргагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

6.Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хариуцагчийг дахин хөрөнгөжүүлж, үйл ажиллагааг нь цаашид үргэлжлүүлэх нь татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хангах боломжтой гэж үзвэл дараах этгээд хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг түүнийг төлбөрийн чадваргүйд тооцсон өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан бөгөөд хариуцагч өөрөө буюу ******* ХХК, хэрэг гүйцэтгэгчийн хэн алин нь хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргаагүй. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Энэ хуулийн 23.1-д заасан этгээд хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж өгнө гэж зааснаар зохигчдын хэн аль нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлттэй танилцсанаас хойш ******* ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.

7.Улмаар Дампуурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК нь 2007-2009 онуудын санхүүгийн тайлан балансад төлбөрийн чадварын шинжилгээ хийж, төлбөрийг төлөх чадвартай эсэхийг тооцоход өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлж чадахгүй, төлбөрийн чадваргүй болсон нь тогтоогдсон байна.

8. Иймд Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т заасны дагуу хариуцагч ******* ХХК-ийг хуульд заасан эрх бүхий этгээдүүдээс дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлт болон төлөвлөгөөг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

9. Хариуцагчийг татан буулгахтай холбоотой ажиллагааг хийж дуусгавар болгохыг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.

10. Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч Орхон аймгийн татварын хэлтэс нь хариуцагч ******* ХХК холбогдуулан татварын өр төлбөр 66,827,593.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...4371011 тоот регистрийн дугаартай ******* ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдаж тус хэлтэст бүртгэгдсэн. Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш улс, орон нутгийн төсөвт 2008-2012 онд 2,429,700 төгрөг, 2014 онд 800,000 төгрөг, 2,924,881.4 төгрөг нийтдээ 6,154,581.4 төгрөгийн албан татвар төлсөн байна. Тус компани нь татвар ногдох үйл ажиллагаа явуулан орлого олсон атлаа албан татвар төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах шаардлагатай гэж үзэж байна. ******* ХХК-д Татварын улсын байцаагчийн 2011 оны 10 сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар тогтоогдсон 97,372,600 төгрөгийн төлбөрөөс 3,724,881.4 төгрөгийн төлөлт хийгдэж 33,862,200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болж, 59,785,519 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Мөн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №204-201788 тоот хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсаар 7,042,074.6 төгрөгийн төлбөрийг хариуцуулан нийт 66,827,539.2 төгрөгийн албан татварын өртэй байна... гэж тодорхойлсон.

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 201104 тоот актаар тус компанийн 2007-2010 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр 97,372,600 төгрөгийн төлбөрийг актаар ногдуулсан, тус төлбөрийг ******* ХХК-иар төлүүлэхээр эцэслэн шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд гаргаж, тус шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 76 дугаартай шийдвэр, Орхон аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 32 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 307 дугаартай тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Тус төлбөрөөс 3,724,881.4 төгрөгийн төлөлт хийгдэж, 33,862,200 төгрөгийн хүү, торгууль Өршөөлийн хуульд хамрагдан хүчингүй болж 59,785,519 төгрөгийн татварын үлдэгдэлтэй байна.

Орхон аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 204201788 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2012 оны төлбөр 7,042,074 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Дээрх шийдвэрүүдийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 138 дугаартай Хүсэлт хангаж, шийтгэлийн хуудсыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 38 дугаартай гүйцэтгэх хуудас, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 20140946 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор албадан гүйцэтгэж байгаа болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д ...нэхэмжлэлд дурдсан үйл баримт...-ын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр,...байгаа... гэсэн үндэслэл тогтоогдож байх тул Орхон аймгийн Татварын хэлтсийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 66,827,539.2 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 33 дугаар зүйлийн 33.2-т зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц ******* ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгасан тухай нийтэд мэдээлж, компанийг татан буулгах, хариуцагчийн эд хөрөнгийг захиран зарцуулах, аж ахуйн үйл ажиллагааг удирдах эрхийг хэрэг гүйцэтгэгч А.Э-од шилжүүлсүгэй.

3. Дампуурлын тухай хуулийн 8-р зүйлийн 8.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, 38-р зүйлд зааснаар хэрэг гүйцэтгэгч А.Эын зардлыг нэхэмжлэгч, хүсэлт гаргагч нарт хариуцуулж, төлбөрийг хуульд заасан журмын дагуу барагдуулах, татан буулгах ажиллагаа явуулахыг хэрэг гүйцэтгэгч А.Эод хариуцуулсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн ******* ХХК-д холбогдуулан гаргасан татварын өр төлбөр 66,827,593.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар Орхон аймгийн ******* улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ