Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2023/01498

 

 

 

 

 

2023 11 28 142/ШШ2023/01498

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* /Регистрийн дугаар:*******, *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 хороолол ******* тоотод оршин суух, ******* /Регистрийн дугаар: *******, *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: С.Л-аас 28 950 022 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Д.С-ээс 94 878 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагч С.Л

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С миний бие 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Яргуйт баг Хөтөлийн ******* тоот байршилтай хашаа байшинг Дүүрэн нэртэй дэлгүүрийн хамт 40 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож авсан. Би С.Л-аас дэлгүүрийг авахад надад 1 000 000 орчим төгрөгний барааг хүлээлгэн өгсөн ба би 2021 оны 09 сарын 15-ны өдөр 16 000 000 төгрөг, 2022 оны 01 сарын 21-ны өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг, мөн банкны зээлэнд 2 980 022 төгрөгийг буюу нийтдээ 24 980 022 төгрөгийг С.Л-д шилжүүлсэн. Би ковид цар тахлын улмаас, мөн хувийн ажлаас шалтгаалан дэлгүүрийг ажиллуулж чадахгүй нөхцөл байдал үүсч энэ талаар С.Лд хэлэн дэлгүүрийг өөр хүнд зараад мөнгийг нь өгье тэр хүнд дэлгүүрийн эрх бичиг баримтаа шилжүүлж өгч болох уу гэдэг саналыг тавьсан ба С.Л зөвшөөрсөн тул би 2021 оны 10 сарын 19-ний үед Б.Ут 28 000 000 төгрөгөөр зарсан. Гэтэл С.Л, Б.У-аас дэлгүүрээ авахаар нэхэж эхэлсэн ба улмаар цагдаагийн байгууллагад С.Л өргөдөл өгсөн ба уг өргөдлийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Миний хувьд дэлгүүр ч байхгүй, мөнгө ч байхгүй хохирч үлдээд байна, иймд би С.Лд өгсөн 24 980 022 төгрөгийг буцаан шаардах эрх үүсээд байна. Мөн би С.Л-д 2022 оны 04 сарын 18-ны өдөр 80 000 төгрөг, 2022 оны 01 сарын 03-ны өдөр 250 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 140 000 төгрөг, 2022 оны 03 сарын 30-нд 50 000 төгрөг, 2022 оны 06 сарын 02-ны өдөр 450 000 төгрөг, 2020 оны 10 сарын 21-нд 1 000 000 төгрөгийг дансаар өгсөн, С.Л өөрийнхөө хүүхдэд өгчих гээд надаас 2019 оны 09 сарын үед 2 000 000 төгрөгийг бэлнээр авсан, нийтдээ 3 970 000 төгрөгийг авсан. С.Л-аас дэлгүүр худалдаж авахаар тохиролцож төлсөн болон бусад байдлаар авсан 28 950 022 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Миний бие гэр бүлийн дундын өмч болох Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн ******* тоотод байрлах газар, хашаатай дэлгүүрийн зориулалтгай үл хөдлөх хөрөнгө бүхий 1 хөдлөх хөрөнгийг банкны барьцаанд байхад нь Д.Стэй ярилцаж 50 000 000 төгрөгөөр худалдах болж, улмаар Д.С нь тодорхой хэмжээний төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг эхнэр бид хоёрын хамтран авсан ны зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байхаар тохиролцсон. Гэтэл Д.С нь бидний банкны зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийгээгүй ба тэр ч бүү хэл миний хөрөнгийг бусдад өөрийнх гэж худал хэлж зах зээлийн үнээс хэт бага үнээр зарж байгаа мэтээр хуурч бусдыг залилсан байсан. Миний хувьд түүний худал хэлснээс болж ны зээл төлөгдөөгүй, их хэмжээний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өр төлбөрт ороод байгаа ба түүний зальт үйлдлээс болж би маш ихээр хохирч байна. Иймд миний хохирлыг Д.С-ээс гаргуулж өгөхийг хүсье. Мөн нэхэмжлэлдээ дурьдаад буй мөнгө өгсөн гэж тайлбарласан нь худал байх бөгөөд нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул надад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Л шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: ...С.Л би 2020 оны 06 дугаар сарын сүүлээр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт Хөтөлийн тоот хаягт байрлах Дүүрэн нэртэй, 8 нэрийн зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүрээ худалдахаар 50 000 000 төгрөгөөр Д.Содномттилтэй харилцан тохиролцсон. Дэлгүүрийг худапдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд амаар харилцан тохиролцсон бөгөөд 50 000 000 төгрөгөөр дэлгүүрийг ХХК-ийн нэр дээр барьцаанд байсан тул банкны зээлийн 40 000 000 төгрөгийг нь Д.С үргэлжлүүлж, үлдэгдэл 10 000 000 төгрөгийг надад бэлнээр өгөхөөр тохирсон.

2020 оны 06 дугаар сард дэлгүүрийг Д.С-д худалдах үед дэлгүүрт 6 сая орчим төгрөгийн бараа байсан бөгөөд дэлгүүрийг бараатай нь цуг өгч барааны мөнгийг үлдэгдэл 10 000 000 төгрөгийн хамт Д.С-ээс авахаар ярьж тохиролцсон юм. Гэтэл Д.С нь ХХК-ийн зээлийн эргэн төлөлтийг хугацаанд төлөхгүй явсаар зээлийн гэрээний дагуу банк надаас мөнгөө нэхэмжилж тус иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн юм. У гэх хүнд дэлгүүрийг худалдан борлуулах нэрийдлээр худал хэлж залилан мэхэлж зарсан бөгөөд энэ хэргийг тус аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

Д.С нь дэлгүүрийг худалдаж авах нэрийдлээр 2020 оны 06 дугаар сараас хойш дэлгүүрийг ажиллуулж ирсэн бөгөөд С.Л би 2023 оны 8 дугаар сард У гэдэг хүнээс дэгүүрийн түлхүүрээ буцааж авсан юм. С.Л би эхнэрийн хамт дэлгүүрээ ажиллуулж байсан бөгөөд манай

дэлгүүр нь өдрийн цагийн хуваарийн дагуу бүтэн ажилласан 3 өдрийн орлогоор тооцож үзэхэд:

1. 2019.12.29-ны өдөр 667 000 төгрөг,

2. 2020.01.12-ны өдөр 341 150 төгрөг,

3. 2020.01.23-ны өдөр 309 600 төгрөг нийт 1 317 750 төгрөгийн орлого орж байсан байна. Үүнийг 1 өдрийн дундаж орлогоор тооцвол 1 317 750 : 3 = 439 250 болж байна. /Энэ нь 1 өдрийн орлого/. Ингээд бодохоор 1 сарын орлого нь 13 177 500 төгрөг болж байгаа ба дээрх дүнгийн 20 хувиар бодож ашгаа тооцоолоход 2 635 500 төгрөг гарч байна. Д.Сын дэлгүүрийг ашигласан 36 сардаа тооцоолж бодоход 94 878 000 төгрөгийн цэвэр ашиг олох бүрэн боломжтой байна. Иймд Д.С нь 2020 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд дэлгүүрийг ашигласан байх тул бид өөрсдөө дэлгүүрээ ажиллуулж байсан бол олох байсан ашиг буюу Д.Сын бидэнд учруулсан хохиролд 94 878 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 11 дугаар сарын 17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 302 700 төгрөг төлсөн баримт /1хх-2/, Д.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-3/, С.Л-ын2022 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газар гаргасан өргөдөлийн хуулбар /1хх-4/, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр С.Л-аас авсан гэрчийн мэдүүлгийн хуулбар /1хх-5-7/, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр С.Л-аасавсан гэрчийн мэдүүлэг /1хх-8/, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Б.У-аас авсан гэрчийн мэдүүлэг /1хх-9/, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн гэрчийн мэдүүлэг /1хх-10/, Дүүрэн хүнсний дэлгүүрийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулбар /1хх-11-12/, С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх-13/, галын аюулгүй байдлын зөвшөөрөл /1хх-14/, 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 418 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол /1хх-15/, Д.С-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-16-21/, өмгөөлөгч оролцуулах хүсэлт /хх-22/, итгэмжлэл /1хх-37-38/, 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаартай Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /1хх-49-54/, мессеж /1хх-55-57/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: хариу тайлбар /1хх-31-32/, шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт /1хх-39/, шүүхэд гаргасан хүсэлт /1хх-46/, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ХХК-ийн нэхэмжлэл /1хх-47-48/, Б.Уын Орхон аймгийн Цагдаагийн газарт хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх-125-127/, гэрч Ч.Лхагвацэрэн, Б.Энх-Алдар, Ч.Баасанцэрэн нарын Орхон аймгийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг /1хх-128-138/, Д.С-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1хх-139-141/, Орхон аймгийн Цагдаагийн газрын Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-171-203/, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд дахь харилцагч Д.С-ын дансны хуулга /1хх-203-218, 234-243/, Зөгийн үүр-2 дэлгүүрийн орлого зарлагын дэвтэр /2хх-дугтуйлсан/, хариуцагчийн ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг зээлийн гэрээ /2хх1-14/, ХХК-ийн харилцагчийн дансны хуулга /2хх-15-17/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.С-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ С.Л-аас хашаа байшинг, дэлгүүрийн хамт худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 28 950 022 төгрөгөө гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч С.Л нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ Д.Стэй ярилцаад дэлгүүрийг 50 000 000 төгрөгөөр худалдахаар болсон. Д.С нь тодорхой хэмжээний төлбөрийг төлж, үлдэгдэл төлбөрийг эхнэр бид хоёрын хамтран авсан ны зээлийн төлөлтийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байхаар тохиролцсон боловч төлөөгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д.С, хариуцагч С.Л нар 2021 оны 06 дугаар сард Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт баг Хөтөлийн ******* тоотод байршилтай хашаа байшинг Дүүрэн нэртэй дэлгүүрийн хамт худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

Ингэхдээ нэхэмжлэгч тодорхой хэмжээний төлбөрийг урьдчилан төлөөд, үлдэгдэл төлбөрийг зээлээр төлөхөөр тохиролцсон байдал зохигчийн тайлбаруудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хүсэл зориг нэгдэж дэлгүүрийг худалдах, худалдан авахаар тохиролцож, үнийн зохих хэсгийг Д.С төлж, үлдэх төлбөрийг цувуулж төлөхөөр тохирсон, дэлгүүрийг Д.С хүлээлгэн өгсөн бодит үйлдлээр талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцэл байгуулагдсан, гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Нэхэмжлэгч Д.С хариуцагчид 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 16 000 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг, түүнчлэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 80 000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 250 000 төгрөг, 2022 оны 03 дугаар дугаар сарын 03-ны өдөр 140 000 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 30-нд 50 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 450 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 21-нд 1 000 000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн.

Харин хариуцагч С.Л дээрх шилжүүлсэн мөнгөнүүдийг зориулалт өөр байсан гэж тайлбарладаг. Тодруулбал 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр 1 000 000 төгрөгийг над руу шилжүүлсэн, энэ нь манай дэлгүүрээр орж гардаг байхдаа хамгийн багадаа 100 000 төгрөгөөр бараа авдаг байсан, энэ нь 800 000 гаруй төгрөг болсон. Үүнийгээ өгөхдөө би шилжүүлчихлээ энэ бол найзуудын хооронд болсон мөнгө гэж хэлсэн. Мөн 80 000 төгрөг, 140,000 төгрөг, 50,000 төгрөг бусад шилжүүлсэн мөнгөнүүд нь би ны нэхэмжлэлтэй иргэний хэрэг дээр маш удаан явж байгаа, Улаанбаатар хотоос шүүх хуралд дуудагдаж ирээд буцахдаа нэхэж авч байсан. 16 000 000 төгрөг бол 6 000 000 төгрөг нь дэлгүүрийн барааны үнэ, 10 000 000 төгрөг нь надад өгөх ёстой мөнгө бөгөөд анх дэлгүүрээ 50 000 000 төгрөг гэж тохирсон байсны 10 000 000 төгрөг юм. Түүнээс биш энэ мөнгө зээлэнд хамаагүй, 6 000 000 төгрөгийн бараатай хүлээлгэж өгсөн гэдгээ хавтаст хэрэгт зургаа өгсөн байгаа. 3 000 000 төгрөгийн тухайд ...миний гэрээ удаашраад байна, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд миний таньдаг М, Г гэж хүмүүс байгаа улаан чулууны гэрээ хийе, зөвшөөрөл авчих юм бол олборлож урагшаа гаргавал болох юм байна гэх саналыг тавьж нэхэмжлэгч 2 удаа явсан. Үүний дараа би 2 удаа Энхбат, Т гэдэг 2 хүнтэй явсан. Содномпил гэж хүний хэлснээр очоод М гэж хүнтэй уулзах гэхэд Улаанбаатар хот явчихсан байсан. Гурвантэс руу яваад очтол хэлж өгсөн хүмүүс нь худлаа болсон, Шинэцэцэг гэж хүнтэй уулзаад 2 900 000 төгрөг шилжүүлсэн. Учир нь хуулийн дагуу улаан чулууг нь олоод байж байя гэж хэлэхээр нь шилжүүлээд мөнгөө алдсан. Манай дүү Т шилжүүлсэн. Тухайн хүн рүү шилжүүлсэн 3 000 000 төгрөгийг би нэхэмжлэгчээс авсан. Үүний дараа дахин 3 000 000 төгрөг шилжүүлсэн, энэ нь миний гаргасан ирж очих зардлыг надад нөхөж өгсөн. Түүнээс биш дэлгүүртэй холбоотой нэг ч төгрөг өгөөгүй. 140 000 төгрөг, 450 000 төгрөгүүдийг өгсөн, энэ нь миний гаргасан буюу Улаанбаатар хотод Нэгдэлчин зочид буудлын өрөөнд орохдоо архи дарс авч орсон мөнгө болон буудлын төлбөрийг нь төлсөн мөнгө буюу миний гаргасан зардлыг л буцааж өгсөн мөнгө юм. 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 450 000 төгрөгийг шилжүүлсэн, энэ нь Улаанбаатар хотод 10-р хороололд нэхэмжлэгчийн нэг хүнтэй уулзаж дамжуулж өгсөн мөнгө болохоос биш зээл, дэлгүүртэй ямар ч холбоогүй... гэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, мөн хуулийн 25.2.2.шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, дэлгүүрийг бараатай нь 40,0 сая төгрөгөөр авахаар тохиролцсон болохоос тусдаа барааны үнэ 6 000 000 төгрөг гэж тохироогүй, мөн С.Лтай өмнө ямар нэгэн өр, авлага байгаагүй гэсэн тайлбар гаргасан.

Иймд хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгчийн шилжүүлсэн 23 970 000 төгрөг дэлгүүрийн үнээс өөр мөнгө байсан гэсэн татгалзал үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгчийн 2,0 сая төгрөгийг С.Л-ын хүүхдэд бэлнээр өгсөн, 2 980 022 төгрөгийг банкны зээлэнд шилжүүлсэн гэсэн нь нотлогдоогүй болно.

Нэхэмжлэгч Д.С-ын маргаан бүхий дэлгүүрийг Ут зарсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 600 000 төгрөгөөр торгож шийтгүүлсэн Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/18 дугаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Хариуцагч С.Л Орхон аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дүүрэн нэртэй хүнсний дэлгүүрийг Д.Сд залилуулсан гэх гомдол мэдээлэл гаргасныг шалгаад Орхон аймгийн Прокурорын газрын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 418 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ.

Нэхэмжлэгч Д.С 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэн аль нь худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзсан гэж үзэхээр байна.

Талууд гэрээний үүргийг хэдийд гүйцэтгэж дуусах талаар тодорхой хугацаа тогтоогоогүй байх ба, хариуцагч банкны зээлийг Д.С төлнө гэсэн гэдэг, нэхэмжлэгч банкны зээлээс чөлөөлөөд нэрийг шилжүүлж өгнө гэсэн тайлбар гаргадаг ч энэ тайлбарууд нотлогдоогүй.

Гэрч З.Эрхэмбаяр ...2021 оны 10 юмуу 11 дүгээр сард У гэдэг хүн Л дагуулж орж ирсэн. Өмнө нь зарж байсан Содномпил гэдэг хүн миний дэлгүүрийг энэ хүнд зарсан байна. Одоо бүх бичиг баримтыг энэ хүний нэр дээр шилжүүлээд энэ хүний нэр дээр зээл аваад би өөрийнхөө зээлийг хаая гэсэн зүйл ярьж ирсэн... гэсэн,

Гэрч Б.У: ...С-ээс дэлгүүрийг 2021 оны намар авсан... гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд С.Л дэлгүүрийг Б.Ут 2021 оны намар зарсныг мэдсэн байна.

Иргэний хуулийн 225.1.Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2.Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ, 225.3.Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж заасан.

Талууд хэн аль нь гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзаж байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар шилжүүлсэн зүйлээ буцаан шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Д.Сын шилжүүлсэн 23 970 000 төгрөгийг буцаан олгож, баримтаар нотлогдоогүй 4 980 022 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: хариуцагч С.Л, Д.С-д холбогдуулан 2020 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд дэлгүүрийг ашигласан тул олох байсан ашиг буюу учруулсан хохиролд 94 878 000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Худалдан авагч Д.С-ийг гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд төлбөрийг харилцан тохиролцсоны дагуу цувуулан өгч байсан байдал тогтоогдсон.

Харин талуудын хооронд гэрээний үүргээ хэзээ биелүүлж дуусах талаар тохиролцоо тодорхойгүй бөгөөд хариуцагч С.Л ч эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж шилжүүлж өгөөгүй буруутай байна. Иймд хариуцагч С.Л нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй боловч үүнд нэхэмжлэгч Д.С ганц буруутай гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болгосон хар дэвтэрийг хэн хэзээ бичсэн нь тодорхойгүй, дэлгүүрийн нэр Дүүрэн боловч пос машин гэсэн байгааг С.Л тайлбарлаж чадаагүй. Дэвтэрт өдрийн орлогыг тэмдэглэж пос машины баримтыг ирүүлсэн ч зарим он, сар, өдрийн орлого дэвтэрт бичигдсэнээс зөрүүтэй, данс гэсэн боловч дансны хуулга хэрэгт ирээгүй, зарлагын падаанаар мөнгө шилжүүлсэн нь нотлогдоогүй, дэвтрийн эхний нүүрэнд дэлгүүрийн орлого зардлын дэвтэр гэсэн байгаа нь Дүүрэн нэртэй дэлгүүрийн орлого зарлагын дэвтэр гэж үзэх боломжгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 632 340 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 277 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 ,225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч С.Л-аас 23 970 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 980 022 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Д.С-ээс 94 878 000 төгрөг гаргуулах С.Л-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 700 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 632 340 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 277 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА