Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2016/00908

 

“Их ирээдүй капитал ББСБ” ХХК-ийн

  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

           2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

           2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлалтай,

“Их ирээдүй ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

             Д.Түмэнхүүд холбогдох           

            Зээлийн гэрээний үүрэгт 372.049.316 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

            Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн           

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батчимэг, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батчимэгийн нэхэмжлэл болон тайлбарт: “Д.Түмэнхүү нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ2014/11/22 тоот зээлийн болон барьцааны БГ2014/11/22 тоот гэрээ байгуулж, 250 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 байрны 42б-ийн 2, 3, 4 дүгээр давхрын 468 м.кв талбайтай, улсын бүртгэлийн гэрчилгээний 000132156 дугаартай, 2203021833 дугаарт бүртгэгдсэн 468 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг барьцаалсан. Д.Түмэнхүү нь 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш зээлээ төлөлгүй, нийт 276 хоног буюу 9 сар болж байгаа ба зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дууссан боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй байна. Иймд барьцаа хөрөнгийг албадан борлуулсан үнийн дүнгээс үндсэн зээл 250 000 000 төгрөг, үндсэн хүү 117 666 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 382 650 төгрөг, нийт 372 049 634 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 2 018 198 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.” гэжээ.

             Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Зээл авсан нь үнэн. Манай компанийн хөрөнгө оруулагчийн зүгээс зээлийг 3 хувааж төлье гээд 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр хүүгээ зогсоох хүсэлтийг “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-д гаргасан боловч одоог хүртэл хүү тооцож байна. Бид нэмэгдүүлсэн хүүгээс тодорхой хэмжээгээр хасах санал тавьсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй. Нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцуулаад төлбөрийг төлөх боломжтой.” гэжээ.

          Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Түмэнхүүгээс үндсэн зээл 250 000 000 төгрөг, үндсэн хүү 117 666 666,67 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 4 382 650 төгрөг, нийт 372 049 316,67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Д.Түмэнхүүгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн 2203021833 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 байрны 42б байрны 2,3,4 дүгээр давхар, 468 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 018 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Түмэнхүүгээс 2 018 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 995 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тулгын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хяналтын шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Анхан шатны шүүхээс иргэн Д.Түмэнхүүгээс үндсэн зээлэнд 250.000.000 төгрөг, зээлийн хүүнд 117.666.666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4.382.650 төгрөг, нийт 372.049.316.67 төгрөгийг гаргаж Их ирээдүй банк бус санхүүгийн байгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн тус шийдвэрээс нэмэгдүүлсэн хүү 4.382.650 төгрөгийг Д.Түмэнхүүгээс гаргуулж Их ирээдүй банк бус санхүүгийн байгууллагад олгуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Д.Түмэнхүү нь үндсэн зээл болон зээлийн хүүг төлөөгүй ч гэсэн нэмэгдүүлсэн хүүгийн талаар тус банк бус санхүүгийн байгууллагын захирал болох БНСУлсын иргэнтэй харилцан тохирч шийдвэрлэсэн байдаг. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүүнд нийтдээ 16.000.000 төгрөгийг өгч, цаашид нэмэгдүүлсэн хүү тооцохгүйгээр тохирсон бөгөөд энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Мөн анхан шатны шүүхэд үүнийг тухайн банк бус санхүүгийн байгууллагын захирал нь өөрөө батлах ёстой гэдгээ мөн мэдүүлсэн байгаа. Гэтэл анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтийг хангах шаардлагагүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж дээрх шийдвэрийг гаргасанд гомдолтой байсан тул давж заалдах гомдлыг гаргасан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэргийн бүрдэл дутуу, нэмэлт нотлох баримт шаардлагатай буюу гэрч оролцуулах шаардлагатай байхад ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болголгүй хэвээр үлдээлээ. Хариуцагч талаас гаргасан хүсэлт буюу нэхэмжлэгч тал болох Их ирээдүй банк бус санхүүгийн байгууллагын захирал БНСУ-ын иргэн Пак гэгчээс тайлбар гаргуулж шүүх хуралдаанд гэрчээр оролцуулснаар хариуцагч Д.Түмэнхүү нь нэмэгдүүлсэн хүү төлөхгүй болох нь тогтоогдох байлаа. Хариуцагчийн нэмэгдүүлсэн хүү төлөхгүй байх үндэслэлийг тодруулах ажиллагааг явуулаагүйгээс шалтгаалж нэмэгдүүлсэн хүүнд 4.382.650 төгрөгийг үндэслэлгүйгээр төлөхөөр болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар тус банк бус санхүүгийн байгууллагын захирлыг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж, нэмэгдүүлсэн хүүг зогссон болохыг тогтоолгож, нэмэгдүүлсэн хүү болох 4.382.650 төгрөгийг хасч тооцож өгнө үү.” гэжээ.           

ХЯНАВАЛ:

Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

      Нэхэмжлэгч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК нь хариуцагч Д.Түмэнхүү, Г.Болор нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 250 000 000 төгрөг, зээлийн хүү 117 666 666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 382 650 төгрөг, нийт 372 049 316,67 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл, зээлийн хүүг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргажээ.

            Нэхэмжлэгч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Болорыг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.

            Зохигчдын хооронд ЗГ2014/11/22 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, “Их ирээдүй капитал ББСБ” ХХК нь Д.Түмэнхүү, Г.Болор нарт 250 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 30 хоногийн 4 хувийн үндсэн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүү эргүүлэн төлөх, гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр тус тус тохиролцсон байна.

          Мөн зохигчид 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр БГ2014/11/22 тоот барьцааны гэрээ байгуулж, дээрх 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Д.Түмэнхүүгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 14201, Их тойруу 73/1 дүгээр байрны 42 Б-ийн 2, 3, 4 дүгээр давхрын орон сууцны зориулалттай, 468 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

        Дээрх зээлийн болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байх бөгөөд гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

         Анхан шатны шүүх хариуцагч Д.Түмэнхүүгээс үндсэн зээл 250 000 000 төгрөг, үндсэн хүү 117 666 666,67 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 4 382 650 төгрөг, нийт 372 049 316,67 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж чадаагүйгээс Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн байхад  давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуульд нийцээгүй байна. 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хугацааг 12 сар гэж зааж, зээлийг 2014 оны 11 сарын 26-ны өдөр олгосон байх боловч гэрээний хавсралтаар зээл төлөх графикийг 6 сараар тооцсон, нэхэмжлэгчийн 2015 оны 11 сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагад зээлийн хугацааг 12 сар гэж тодорхойлсон байна. /хх-8,9/

2014 оны 11 сарын 26-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.2.1-д зээлдэгчийн үүргийг заасан, хэрэгт авагдсан баримтаар зээлийн гэрээний хугацаа дууссан эсэх нь тодорхойгүй байхад шүүх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453.1 дэх заалтыг хэрэглэж хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү гаргуулсныг буруу гэж үзэх тул хяналтын шатны шүүхээс хариуцагчийн гомдолд заасан хэмжээгээр 4 382 650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч Г.Тулгын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

          1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 977 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2016/02153 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “ ... Д.Түмэнхүүгээс зээл, хүү нийт 367.666.666 төгрөг гаргуулж “Их ирээдүй капитал ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 4 382 650 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “ ... 2.018.000 ... ” гэснийг “... 1.996.283 ... ” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Түмэнхүүгийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.100 /наян таван мянга нэг зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ЦАГААНЦООЖ

                                          ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН