Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 5768

 

      

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5897068 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, энхтайвны өргөн чөлөө-77, баганат өргөө ХХК-ийн  байранд байрлах “Алтансан Актив ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЧБ67072262 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 18 дугаар хороо, 12-131 тоотод  оршин суух Давгын Нарантуяа,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЧБ66081915 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол, 18 дугаар хороо, 12-131 тоотод  оршин суух Янсанжавын Ганхуяг нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 64.532.258 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон хариуцагч нарын бусад эд хөрөнгөөр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гал-Очир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтансан Актив ББСБ” нь 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэн Давга овогтой Нарантуяа, Янсанжав овогтой Ганхуяг нартай 40.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатайгаар 40000058 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 40000058-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж Ү-2204000989 Г-0057311 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12 дугаар байр 131 тоот хаягт байрлалтай 40 мкв Я.Ганхуяг, Д.Нарантуяа, Г.Энх-Амар нарын нэр дээр бүртгэлтэй 3 өөрөө орон сууцыг зээлийн барьцаанд авсан. Зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг нотариатаар баталгаажуулан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн 11-395642 дугаартай барьцаалбар үйлдсэн. Одоогийн байдлаар Д.Нарантуяа, Я.Ганхуяг нар нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр 2.200.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 9.758.646 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд хариуцагч нараас нийт 64.532.258 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Я.Ганхуяг шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие өөрийн орон байраа “Алтансан Актив” ББСБ-д тавьж ийм их хэмжээний зээл аваагүй төдийгүй энэ асуудлыг мэдэхгүй байна. Мөн зээлийн баримт дээр зурсан гарын үсэг бол миний гарын үсэг биш юм. Миний бие хүнд өвчний улмаас эмнэлэгээр олон сар эмчлүүлж байгаа бөгөөд энэ асуудлыг нэхэмжлэл гардаж аваад мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Д.Нарантуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Алтансан Актив” ББСБ-аас зээлсэн мөнгийг миний бие захиран зарцуулаагүй төдийгүй энэ мөнгийг иргэн Б.Ариунжаргалд шууд шилжүүлсэн болно. Энэ тухай “Алтансан Актив” ББСБ ч мэддэг болно. “Алтансан Актив” ББСБ-д зээлийн эргэн төлөлтөө иргэн Б.Ариунжаргал нь хийхгүй байсан тул түүний өмнөөс миний бие 12 сая төгрөгийг төлчихөөд байхад үүнийг хасч тооцолгүйгээр илүү их мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Алтан сан актив ББСБ” ХХК нь хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39.933.328 төгрөг, зээлийн хүү 20.499.108 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.099.821 төгрөг нийт 64.532.258 төгрөг гаргуулах,  үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 12-121 тоот хаягт байрлах Ү-2204000989 улсын бүртгэлийн дугаартай, 0057311 тоот гэрчилгээтэй 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон хариуцагч нарын бусад хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан 50.516.857 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаа 57.185.059 төгрөг, 61.736.926 төгрөг, 64.532.258 төгрөг болгон нэмэгдүүлсэн болно.

Хариуцагч Д.Нарантуяа нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч зарим хэсгийг төлөх үндэслэлгүй, хариуцагч Я.Ганхуяг нь уг зээлийг аваагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж тус тус маргаж байна.

“Алтан сан актив ББСБ” ХХК нь Д.Нарантуяа, Я.Ганхуяг нартай 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 40000058 тоот “Зээлийн гэрээ”, 40000058-01 тоот “Баталгаат ипотек”-ийн гэрээ байгуулж, 40.000.000 төгрөгийг, 30 хоногт 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Я.Ганхуяг, Г.Энх-Амар, Д.Нарантуяа нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204000989 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 131 тоот 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ, барьцаалбар зэргээр тогтоогдож байна./хх-ийн 8-12 дугаар тал/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Ганхуягийн хүсэлтээр  40000058 тоот Зээлийн гэрээ, 40000058-01 тоот Баталгаат ипотекийн гэрээнд зурсан гарын үсэг нь Я.Ганхуягийнх мөн эсэхийг тогтоолгохоор шинжээчээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг томилсон.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 4434 дүгнэлтээр “...2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №40000058-01 дугаартай “баталгаат ипотекийн гэрээ” гэх баримтын 3-р хуудсын ар талд Янсанжав овогтой Ганхуяг гэсний доор, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн №40000058-01 дугаартай “баталгаат ипотекийн гэрээ” гэх баримтын 2-р хавсралтын 1 дэх хүснэгтийн 1-р мөрийн “гарын үсэг” гэсэн багананд зурсан гарын үсгүүд нь Я.Ганхуягийн гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэснээс үзэхэд хариуцагч Я.Ганхуягын зээлийн болон баталгаат ипотекийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээл аваагүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 166 дугаар зүйлийн 166.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж гэрээг хуульд нийцүүлэн байгуулсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар үндсэн зээл, зээлийн хүү төлөх үүргээ хариуцагч нар биелүүлээгүй зээлдүүлэгчид хуульд заасны дагуу шаардах эрх үүссэн байна.

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.9-т “зээлийг ашигласны хариу төлбөр болох үндсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэл хугацаанд төлнө”,  4 дүгээр зүйлийн 4.2-т “зээлдэгч зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө” гэж тус тус тохиролцсон байх тул зээлийн хүүг зээлийн гэрээний хугацаа буюу 6 сар төлнө гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нар 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл /333 хоног/ хугацаанд /333х66667=22.200.111/ төгрөгийн хүү төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь нийт 11.958.646 төгрөгийг төлж, үүнээс зээлийн гэрээний хүүнд 11.891.974 төгрөг, үндсэн зээлээс 66.672 төгрөгийг хасаж тооцсон нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч нар нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас үндсэн зээл 39.933.328 төгрөг, үндсэн хүү 10.305.411 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.465.420 төгрөг нийт 51.704.159 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч “Алтан сан актив ББСБ” ХХК-нд олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “.Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах үндэслэлтэй.

Хариуцагч нарын бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын тухайд ямар эд хөрөнгөөр үүргийг хангуулах тухай шаардлага нь тодорхой бус байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116. 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                           ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас 51.704.159  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алтан сан ББСБ” ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Я.Ганхуяг, Г.Энх-Амар, Д.Нарантуяа нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204000989 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 131 тоот 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “Алтан сан актив ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679.645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас 416.470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтан сан актив ББСБ” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах хүртэл хугацаанд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 16210 дугаар захирамж хэвээр байхыг дурдсугай

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                              Л.ЭНХЖАРГАЛ