Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 1757

 

 

“Алтансан актив ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05768 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 64 532 258 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон хариуцагч нарын бусад эд хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай, Д.Хишигжаргал,

Хариуцагчийн нарын өмгөөлөгч Д.Очирваань,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Алтансан актив ББСБ” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Д.Нарантуяа, Я.Ганхуяг нартай 40 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар 30 хоногийн 5 хувийн хүүтэй, 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлүүлэхээр 40000058 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний үүргийг хангах баталгаа болгон 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 40000058-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээ байгуулж Ү-2204000989 Г-0057311 гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг 18 дугаар хороо 13 дугаар хороолол 12 дугаар байр 131 тоот хаягт байрлалтай 40 м.кв, Я.Ганхуяг, Д.Нарантуяа, Г.Энх-Амар нарын нэр дээр бүртгэлтэй 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд авсан. Зээлийн болон баталгаат ипотекийн гэрээг нотариатаар баталгаажуулан, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэн 11-395642 дугаартай барьцаалбар үйлдсэн. Д.Нарантуяа, Я.Ганхуяг нар нь 2015 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр 2 200 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 24-ны өдөр 9 758 646 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн бөгөөд үүнээс хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. Төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд хариуцагч нараас нийт 64 532 258 төгрөгийг барьцаа хөрөнгө болон хариуцагч нарын бусад эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Орон байраа “Алтансан актив ББСБ” ХХК-д тавьж ийм их хэмжээний зээл аваагүй төдийгүй энэ асуудлыг мэдэхгүй байна. Мөн зээлийн баримт дээр зурсан гарын үсэг бол миний гарын үсэг биш юм. Миний бие хүнд өвчний улмаас эмнэлгээр олон сар эмчлүүлж байгаа бөгөөд энэ асуудлыг нэхэмжлэл гардаж аваад мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас надад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Алтансан актив ББСБ” ХХК-иас зээлсэн мөнгийг миний бие захиран зарцуулаагүй төдийгүй энэ мөнгийг иргэн Б.Ариунжаргалд шууд шилжүүлсэн болно. Энэ тухай “Алтансан актив ББСБ” ХХК мэдэж байгаа болно. “Алтансан актив ББСБ” ХХК-д зээлийн эргэн төлөлтөө иргэн Б.Ариунжаргал нь хийхгүй байсан тул түүний өмнөөс миний бие 12 000 000 төгрөгийг төлчихөөд байхад үүнийг хасч тооцолгүйгээр илүү их мөнгө нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас 51 704 159 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Я.Ганхуяг, Г.Энх-Амар, Д.Нарантуяа нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн 2204000989 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 131 тоот 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679 645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас 416 470 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Хишигжаргал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Мөн шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэл тодорхой бус нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 12 828 099 төгрөгийг хангаагүй үндэслэл нь тодорхойгүй. 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхтэй гэж дүгнэж, үүнээс хойш зээлийн хариу төлбөр болох үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон нэмэгдүүлсэн шаардлага гаргах эрхгүй гэж дүгнэж, нэмэгдүүлсэн шаардлагыг хангаагүй хуулийн үндэслэл тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллага бөгөөд энэхүү этгээдээс олгосон зээлийн гэрээтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан хууль хэрэглээгүй. 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.Нарантуяа, Г.Ганхуяг нар нь Г.Гал-Очирт итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эдлэх бүрэн эрхийг олгосон. Хариуцагчийн эрх эдэлж, үүрэг хүлээх бүрэн эрхгүй этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөн оролцуулсан. Иймд шүүхийн шийдвэр нь тодорхойгүй, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хоорондын зээлийн гэрээнээс үүдэлтэй маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хууль хэрэглээ болон тооцооны алдаа гаргасныг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК нь хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 39 933 328 төгрөг, зээлийн хүү 20 499 108 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 099 821 төгрөг нийт 64 532 258 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болон хариуцагч нарын бусад эд хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

            Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 40000058 тоот зээлийн гэрээгээр хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нарт 40 000 000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар зээлдүүлж, баталгаат ипотекийн 40000058-1 тоот гэрээгээр Я.Ганхуяг, Г.Энх-Амар, Д.Нарантуяа нарын өмчлөлийн, улсын бүртгэлийн 2204000989 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 131 тоот 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болох нь хэргийн 11-20 дугаар талд авагдсан зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгө хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл, барьцаалбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу 40 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нарт шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Түүнчлэн зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг талууд бичгээр үйлдэж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч Д.Нарантуяа “Алтансан актив ББСБ” ХХК-иас зээлсэн мөнгийг Б.Ариунжаргалд шилжүүлсэн, захиран зарцуулаагүй Б.Ариунжаргал төлөлтөө хийхгүй байсан тул түүний өмнөөс төлсөн 12 000 000 төгрөг төлснийг хасч тооцоогүй гэж, хариуцагч Я.Ганхуяг орон сууцаа “Алтансан актив ББСБ” ХХК-д барьцаалж, их хэмжээний зээл авсныг мэдээгүй, зээл болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зураагүй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-иас зээлсэн 40 000 000 төгрөгийг хариуцагч Д.Нарантуяа захиран зарцуулаагүй бусдад шилжүүлсэн нь зээлийг төлөхгүй байх, зээлийн гэрээний үүргээс түүнийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Ганхуягийн хүсэлтээр шинжээч томилсон бөгөөд уг шинжээчийн дүгнэлтээр зээл болон барьцааны гэрээн дээрх гарын үсэг Я.Ганхуягийнх мөн болох нь тогтоогджээ.

 

Талуудын хооронд байгуулсан зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй гэх хариуцагч Я.Ганхуягийн тайлбар үндэслэлгүй болно.

 

Талууд зээлийн гэрээний 3.9-д “зээлийг ашигласны хариу төлбөр болох үндсэн хүүг гэрээний хугацаа дуусгавар болсон эсэхийг үл харгалзан зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж дуусах хүртэлх хугацаанд төлнө”, 4.1-д “зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ба нэмэгдүүлсэн хүүгийн нийт хэмжээ нь зээлийн төлбөрт оногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй” гэж тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 452, 453 дугаар зүйлд зааснаар хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү болон хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэжээ.

 

Иймээс хууль буюу гэрээгээр тохиролцсоны дагуу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нар нь төлөх үүрэгтэй бөгөөд энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодорхойлох байсан.

 

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12 828 099 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг зөвтгөж хариуцагч нараас үндсэн зээл 39 933 328 төгрөг, зээлийн хүү 20 499 108 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 099 821 төгрөг, нийт 64 532 258 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

            Хариуцагч Д.Нарантуяа, Я.Ганхуяг нараас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Г.Гал-Очирт олгосон итгэмжлэл нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчөөгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахыг шүүхийн шийдвэрт заасан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нарын бусад эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ямар эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

            Түүнчлэн мөнгөн хөрөнгө гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах дарааллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зохицуулсан тул нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхийн шийдвэрээр шийдвэрлүүлэх асуудал биш юм. Харин шүүх шаардлагатай гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх арга замыг тодорхойлж болох боловч энэ тохиолдолд шаардлага байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

            Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлийн гэрээний хүүтэй эсхүл хүүгүй байж болохоор заасан нь зээлдүүлэгчийг зээлийн гэрээний хүү шаардах эрхийг зохицуулаагүй тул хасч, хугацаа хэтэрсэн зээлийн хүүг шаардах эрхийг зохицуулсан мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн заалтыг орхигдуулсныг нэмж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн нэрийг буруу бичсныг зөвтгөв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, тооцооллын болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/05768 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “452.1” гэснийг хасч, “452.2” гэсний дараа “453.1” гэж нэмж, “51 704 159” гэснийг “64 532 258” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн” гэснийг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн” гэж, мөн заалтын “416 470 төгрөг” гэснийг “480 611 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Алтансан актив ББСБ” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 220 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА  

                       

                                         ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ