Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 749

 

Х.О-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

              

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00039 дүгээр шийдвэртэй, Х.О-ийн нэхэмжлэлтэй, НШГГ-т холбогдуулан гаргасан,

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02045 дугаар шийдвэрээр Х.О-ээс 29 461 975 төгрөг гаргуулж Н.С-д олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43а байрны 31 тоот хаягт байрлах 54,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцаанд байсан. Мөн барьцаагаар зээлийн гэрээний үүргийг хангахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас гаргаад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн хүсэлтээр уг үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр “Сэлэнгэ эстимейт” ХХК шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан. Тус үнэлгээгээр барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43а байрны 31 тоот хаягт байрлах 54,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 100 289 865 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэт бага үнээр үнэлсэн тул гомдол гаргасан. Нэхэмжлэгч Х.О тус орон сууцыг 2016 онд 1 м.кв-г 2 000 000 төгрөг буюу 100 800 000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш орон сууцны зах зээлийн үнэ тогтмол өсч байгаа тул ингэж үнэлсэн нь доогуур үнэлсэн гэж үзэж гомдол гаргасан. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2045 дугаар захирамжаар Х.Оюунбилэгээс 29 351 975 төгрөгийг гаргуулж Н.С-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18291253 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4/1692 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Х.О-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 43а байрны 31 тоотод байрлах 54,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 18291253/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 18291253/02 тоот тогтоолоор хураасан. "Төлбөр төлөгч Х.О-т үл хөдлөх хөрөнгө, газарт үнийн санал ирүүлэхийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14094 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул “Сэлэнгэ эстимэйт”-ийг шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 100 289 865 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4/15380 дугаар албан бичгээр, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/18355 дугаар албан бичгээр, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдах 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны  9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20669 дүгээр албан бичгүүдээр талуудад тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх:  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Х.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11288 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43а байр, 31 тоот хаягт байрлах 54,5 м.кв орон сууцыг хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК 100 289 685 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнийн санал ирүүлэх мэдэгдлийг өгөөгүй, төлбөр төлөгчөөс үнийн санал аваагүй. 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14094 дүгээр “үнийн санал ирүүлэх тухай” албан бичгийг зөвхөн төлбөр авагчид хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж заасныг зөрчсөн. Тухайн эд хөрөнгийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн нь төлбөр төлөгчийг хохироож байна.  Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг “Сэлэнгэ эстимэйт” ХХК зах зээлийн үнээс доогуур үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн гаргасныг, хариуцагч төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэхийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14094 дүгээр албан бичгээр мэдэхэд санал ирүүлээгүй тул шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02045 дугаар шүүгчийн захирамжаар Х.О нь 29 000 000 төгрөгийг Н.С-д 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталжээ. /хх-27-28/

Хариуцагч байгууллага дээрх шүүхийн шийдвэрийн дагуу бичигдсэн гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн гүйцэтгэх ажиллагаа явуулж, Х.О өмчлөлийн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 43а байр 31 тоот 54.5 м.кв талбай бүхий орон сууцыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 19291253/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 18291253/02 тоот тогтоолоор эд хөрөнгийг хураасан үйл баримт тогтоогдсон байна./хх-7-10/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 6 дугаар сарын 10-ны 4/14094 тоот албан бичгээр төлбөр төлөгч Х.О-т төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагт шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх, дээр дурьдсан хугацаанд үнийн санал ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохыг мэдэгджээ. 

Нэхэмжлэгч Х.О нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах доод үнийн саналыг ирүүлээгүй тул нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт ”... үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заасны дагуу хариуцагч байгууллага 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 209 тоот шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг томилсон  байна.

“Сэлэнгэ эстимэйт” ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 43а байр 31 тоот 54.5 м.кв талбай бүхий орон сууцны зах зээлийн үнэ 2019 оны 7 дугаар сарын 01-ний байдлаар 100 289 865 төгрөг гэж үнэлжээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт  “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заажээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 4/13380 тоот албан бичгээр төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 100 289 865 төгрөгөөр үнэлсэн, уг эд хөрөнгийг 1 сарын хугацаанд шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргах эрхтэй тухай мэдэгдлийг 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Х.О-ийн нөхөр н.Т-д өгсөн байна.

 Төлбөр төлөгч Х.О төлбөрт хураагдсан эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах талаар санал гаргаагүй мөн төлбөр авагчийн төлбөрийг барагдуулаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт “...энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна” гэж заасныг зөрчөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Мөн шийдвэр гүйцэтгэгчээс явуулсан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн холбогдох зүйл хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                    ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД

                                                                                                         Д.БАЙГАЛМАА