Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2020/00039

 


 

2020 оны 01 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2020/00039 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ....... тоот хаягт оршин суух, О /РД: ......../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, өөрийн байранд байрлах, Н  /РД:..............-т холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/0....... дугаар шийдвэрээр Х.Оээс 29,461,975 төгрөг гаргуулж Сүад олгохоор шийдвэрлэсэн. Тус шүүхийн шийдвэрээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ....... тоот хаягт байрлах 54,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцаанд байсан. Мөн барьцаагаар зээлийн гэрээний үүргийг хангахаар шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас гаргаад Н  шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн хүсэлтээр уг үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр Сэ ХХК шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан. Тус үнэлгээгээр барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ....... тоот хаягт байрлах 54,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 100,289,865 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэт бага үнээр үнэлсэн тул гомдол гаргасан. Нэхэмжлэгч Х.О тус орон сууцыг 2016 онд 1 мкв-г 2,400,000 төгрөг буюу 100,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш орон сууцны зах зээлийн үнэ тогтмол өсч байгаа тул ингэж үнэлсэн нь доогуур үнэлсэн гэж үзэж гомдол гаргасан. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ...... дугаар захирамжаар Х.Оээс 29.351.975 төгрөгийг гаргуулж Сүад олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18291253 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2019.01.02-ны өдрийн 4/1692 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Х.Оийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ....... тоотод байрлах 54,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 18291253/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 18291253/02 тоот тогтоолоор хураасан.

"Төлбөр төлөгч Х.От үл хөдлөх хөрөнгө, газарт үнийн санал ирүүлэхийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14094 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар 177.1-д заасны дагуу Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 100.289.865 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 7 дугаар 01-ний өдрийн 4/15380 дугаар албан бичгээр, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/18355 дугаар албан бичгээр, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдах 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20669 дүгээр албан бичгүүдээр талуудад тус тус мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Х.Оийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 2019.07.02-ны өдрийн нэхэмжлэлдээ ... төлбөр төлөгч надаас үнийн санал аваагүй, зах зээлийн бодит үнээс хамаагүй доогуур үнэлсэн гэх үндэслэлээр Сэ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байна.

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд Сү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 31.200.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Х.От холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 31.200.000 төгрөгийн 2.000.000 төгрөгийг татгалзаж, үлдэх 29.200.000 төгрөгийг хариуцагч Х.О нь 2018.10.15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.14-ний өдрийн 2045 дугаар шүүгчийн захирамж гарсан байна.

Дээрх шүүгчийн захирамж, 2018.10.24-ний өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Х.От холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2018.10.25-ны өдрийн 18291253 дугаар тогтоол гарсан, 2019.03.27-ны өдрийн 19291253/01 дүгээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, 2049.06.05-ны өдрийн 18291253/02 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол гарсан улмаар төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

Төлбөр төлөгч Х.О нь тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн талаар үнийн санал ирүүлээгүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зулийн 177.1-д заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.06.25-ны өдрийн 209 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилсон, тухайн үл хөдлөх хөрөнгийг 100.289.865 төгрөгөөр үнэлсэн тухай мэдэгдэлийг тайлангийн хамт төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө, 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заажээ.

 

Төлбөр төлөгч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг тус тус талуудад мэдэгдсэн тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.08.22-ны өдрийн 4/18355 тоот, 2019.09.26-ны өдрийн 4/20669 тоот албан бичгүүд хэрэгт авагдсан байна.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.14-ний өдрийн 02045 дугаартай шийдвэртэй хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2019.10.03-ны өдрийн 11288 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н т холбогдох Сэ  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Х.Оийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.07.03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.03-ны өдрийн 11288 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ