Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00832

 

Х.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00039 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 749 дугаар магадлалтай, 

Х.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов. 

Нэхэмжлэгч Х.Оюунбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2018/02045 дугаар шийдвэрээр Х.Оюунбилэгээс 29,461,975 төгрөг гаргуулж Н.Сүхбатад олгохоор шийдвэрлэсэн. Мөн барьцаагаар зээлийн гэрээний үүргийг хангахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагчийн хүсэлтээр уг үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлэхээр Сэлэнгэ эстимейт ХХК шинжээчээр томилж үнэлгээ гаргуулсан. Тус үнэлгээгээр барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 43а байрны 31 тоот хаягт байрлах 54,5 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 100,289,865 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэт бага үнээр үнэлсэн тул гомдол гаргасан. Нэхэмжлэгч Х.Оюунбилэг тус орон сууцыг 2016 онд 1 мкв-г 2,400,000 төгрөг буюу 100,800,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш орон сууцны зах зээлийн үнэ тогтмол өсч байгаа тул ингэж үнэлсэн нь доогуур үнэлсэн гэж үзэж гомдол гаргасан. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2045 дугаар захирамжаар Х.Оюунбилэгээс29,351,975 төгрөгийг гаргуулж Н.Сүхбатад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18291253 дугаар тогтоолоор үүсгэн, тус газрын 2019.01.02-ны өдрийн 4/1692 дугаар албан бичгээр үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, Х.Оюунбилэгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 43а байрны 31 тоотод байрлах 54,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Х.Оюунбилэгт үл хөдлөх хөрөнгө, газарт үнийн санал ирүүлэхийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 4/14094 дүгээр албан бичгүүдээр мэдэгдэхэд үнийн санал ирүүлээгүй тул Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилон, зах зээлийн үнийг тогтоолгоход 100,289,865 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 7 дугаар 01-ний өдрийн 4/15380 дугаар албан бичгээр, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдах анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 4/18355 дугаар албан бичгээр, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулагдах 2 дахь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 4/20669 дүгээр албан бичгүүдээр талуудад тус тус мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээ хүчингүй болгуулах тухай гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00039 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Х.Оюунбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.07.03-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.03-ны өдрийн 11288 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсныг дурдаж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 749 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгаль хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00039 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 749 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.6.10-ны өдрийн 4/14094 тоот мэдэгдлийг Х.Оюунбилэгт мэдэгдээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан төлбөр төлөгчийн эрхийг зөрчсөн. Сэлэнгэ эстимейт ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр гудамж 43а байрны 31 тоотод байрлах 54,5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зах зээлийн үнийг 2019.7.01-ний өдрийн байдлаар 100,289,865 төгрөгөөр үнэлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд төлбөр төлөгч Н.Сүхбатыг гуравдагч этгээдээр оролцуулах, хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Н.Сүхбатын хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний шинжээчийг томилсон уг үнэлгээг хүчингүй болгох шаардлагатай хэргийг хэлэлцэж байгаа нь түүнийг гуравдагч этгээдээр оролцуулах үндэслэл болно. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ процесс ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин хуулийг буруу хэрэглэсэн. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00039 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 749 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай Х.Оюунбилэгийн нэхэмжлэлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.  

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулга нь шийдвэр, магадлалыг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна. 

Хэргийн баримтаас үзвэл, Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.09.14-ний өдрийн 2045 дугаар захирамжаар Х.Оюунбилэг нь Н.Сүхбатад 29,200,000 төгрөгийг 2018.10.15-ны дотор төлөхөөр тохирч зохигч эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.  

Дээрх шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч төлбөрөө сайн дураар биелүүлээгүй гэж үзэн барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн, 3-р хороо, 43А байрны 31 тоотын 54.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг  төлбөрт битүүмжлэн, хураах ажиллагаа явуулжээ. 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар анхны дуудлага худалдааны доод үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч нь Сэлэнгэ эстимейт ХХК-г шинжээчээр томилсон ба 100,289,865 төгрөгөөр үнэлсэн, энэ тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид 2019.07.01-ний өдөр хүргүүлсэн байна.  

Түүнчлэн анхны дуудлага худалдааны доод үнийг шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, мөн 2 дах дуудлага худалдааны үнийг 50 хувиар тогтоож, энэ талаар нэхэмжлэгчид мэдэгджээ /хэргийн 69-81 дүгээр тал/. 

Дээрх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Шинжээч дүгнэлт гаргахдаа хөрөнгийг олон улсын болон үндэсний стандарт, аргачлалын дагуу хандлагын, орлогын, зах зээлийн аргуудыг харьцуулан, үнэлэгдэж буй объектын байршил, үнэлгээнд нөлөөлөх хүчин зүйлүүдийг тодорхойлсон, бусад нийтэд зар гаргаж худалдаалагдаж байгаа ижил төстэй орон сууцны үнийн харьцуулалт хийсэн байна. 

Хэргийн баримтаас үзвэл, үнэлгээ тогтоосон ажиллагаанаас хойш анхны болон хоёр дахь дуудлага худалдаа зарлагдсан, эдгээр ажиллагааны талаар нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч үнэлгээ тогтоосон мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.  

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтад тулгуурлан, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

Нэхэмжлэгчийн ...төлбөр авагчийг гуравдагч этгээдээр оролцуулах, хөрөнгийн үнэлгээний шинжээч томилуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2020.01.06-ны өдрийн 454 дүгээр захирамжаар хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-г зөрчөөгүй байх тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.  

Дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2020/00039 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 749 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД