Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 787

 

 

Д.А-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00334 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн Д.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3606 дугаартай шийдвэрээр Д.А-гаас 45 015 000 төгрөгийг гаргуулж Д.Ц-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад эрхийн улсын бүртгэлийн Ү-2202021949 дугаартай, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, /15172/ хороолол, Баруун сэлбэ гудамж, 24 дүгээр байр, 102 тоот 3 өрөө, 43,9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шинжээч “Виннэр вэй” ХХК-аар үнэлүүлэхэд 122 677 000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн. Уг орон сууц нь нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай, зах зээлийн бодит үнэ нь 1 м.кв нь 3 000 000-3 200 000 төгрөгийн үнэлгээтэй байхад 2 700 000 орчим төгрөгөөр буюу нийтдээ 122 677 000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг надад танилцуулаагүй, шүүх дээр танилцсан, эрх ашгийг зөрчсөн. Төлбөр төлөгчийн саналыг харгалзан зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлэх ёстой. Уг орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахад энэ үнэлгээний 70 хувиар үнэлээд дараа нь дахиад бууруулж 50 хувиар үнэлэхэд төлбөрийг төлөөд дээрээс нь надад илүү мөнгө үлдэхгүй болох магадлалтай учир би хохирох гээд байна. Шийдвэр гүйцэтгэгч нь надад шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, танилцъя гэж утсаар хэлэхэд танилцуулахгүй гэсэн. Тухайн үед надад мэдэгдлийг өгөөд 2 баримт дээр гарын үсэг зуруулсан нь үнэн.  Иймд шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 3606 дугаартай Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжаар Д.А-аас 45 000 000 төгрөгийг гаргуулж Д.Ц-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн авч ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 18300776 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийн баталгаажуулах ажиллагааг хийж үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Д.А-гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40, 50 мянгат, /15172/ хороолол, Баруун сэлбэ гудамж, 24 дүгээр байр, 102 тоот 3 өрөө, 43,9 м.кв талбайтай 2 өрөө, орон сууцыг зээлийн барьцаанд бүртгэлтэй эсэхийг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулж захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн. Д.А нь шийдвэрт тусгагдсан хаягтаа оршин суудаггүй, хаяг нь тодорхойгүй байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 57 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж хаягийг нь олж тогтоосон. Барьцааны зүйлийн хөрөнгийг хуульд заасны дагуу битүүмжилж, хураасан. Энэ ажиллагаанд төлбөр төлөгч оролцсон. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн саналыг авахад Д.А нь орон сууцыг үнэлж мэдэхгүй байна, шинжээч томилуулж үнэлүүлнэ гэсэн хүсэлт гаргасны дагуу хөндлөнгийн шинжээчээр “Виннэр вэй” ХХК-ийг томилсон. Тус компани нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 122 677 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнэлгээний тайланг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хуульд заасан хугацааны дотор төлбөр төлөгчид 4/28591 тоот мэдэгдлийг мөн өдрийн 19 цаг 33 минутад хүлээлгэн өгч танилцуулсан. Нэхэмжлэгч нь шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй гэж тайлбарлаж байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан байна. Үүнээс хойш 3 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсхэгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан НШШГГ-т холбогдох,  шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 613 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурьдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.А давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Төлбөрт хураагдсан орон сууцыг 122 677 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг шийдвэр гүйцэтгэгч танилцуулаагүй. НШШГГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийн дүгнэлтийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/28591 тоот мэдэгдлийг тус өдрийн 19 цаг 33 минутад хүлээлгэн өгч танилцуулсан гэх боловч шинжээчийн дүгнэлтийг биет байдлаар танилцуулаагүй, тухайн үед 2 баримт өгөөд гарын үсэг зуруулж авч байсан. Иргэний хэрэг үүсч хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцах явцад шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурьдсан үйл баримт болон хариуцагчийн тайлбар зэргийг харьцуулан тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлалгүй дүгнэлт гаргасан. Төлбөрт хураагдсан нийслэлийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай, зах зээлийн бодит үнэ нь 1 м.кв нь 3 000 000-3 200 000 төгрөгийн үнэлгээтэй байхад 2 700 000 орчим төгрөгөөр буюу нийтдээ 122 677 000 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Шүүх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэг авагдаагүй гэж тайлбарласан. Гэвч орон сууцыг үнэлэхдээ байршил, ашиглалтын нөхцөл, зах зээлийн жишиг үнэ зэргийг харьцуулан дүгнэсний эцэст 122 677 000 төгрөг гасан эсэхэд нарийвчлан шинжлэн судалсан баримт хэрэгт авагдаагүй, уг шинжээчийн дүгнэлтийг хэрхэн зөв үнэлсэн эсэх талаар хөндлөнгий шинжилгээний байгууллагаар шинжлэн судлуулж үнэлэлт дүгнэлт өгсөн баримт байхгүй байхад нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.А НШШГГ-т холбогдуулан Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо,  40,50 мянгат хороолол, Баруун сэлбийн гудамж, 24 дүгээр байр, 102 тоот 43,9 м.кв талбай бүхий  2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч “Д.А нь төлбөрт хураагдсан орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлээгүй тул шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан” гэж нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан үндэслэлээ тайлбарласан байна.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2018/03606 дугаар захирамжаар, Д.А нь 45 000 000 төгрөгийг Д.Ц-д 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 40, 50 мянгат /15172/ хороолол, Баруун сэлбэ гудамж, 24 байрны 102 тоот, 43,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  эвлэрсэнийг баталжээ. /хх 2-3/

Төлбөр төлөгч Д.А нь төлбөр авагч Д.Ц-д төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул НШШГГ дээрх захирамжийн албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн. /хх 82/

Улмаар төлбөр төлөгч хөрөнгийн үнэлгээний талаар саналаа ирүүлээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Виннэр вэй” ХХК-ийг шинжээчээр томилсон нь хэрэгт авагдсан Д.А-гийн хүсэлт, шинжээч томилох тухай тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх 26-27/

Шинжээч орон сууцны  зах зээлийн жишиг үнийн хандлага, тухайн сууцны байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг байдлуудыг харьцуулан үзэж, 2019 оны  12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 40,50 мянгат хороолол, Баруун сэлбэ гудамж, 24 дүгээр байрны 102 тоот, 43,9 м.кв орон сууцыг 122 677 000 төгрөгөөр үнэлснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Д.А-д 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ. /хх 32-51/  

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт  “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж зохицуулсан.

Үүний дагуу хариуцагч НШШГГ 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 4/28591 тоот албан бичгээр төлбөрт хураагдсан эд хөрөнгийг 122 677 000 төгрөгөөр үнэлсэн, уг эд хөрөнгийг 1 сарын хугацаанд шинжээчийн тогтоосон үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргах эрхтэй талаарх мэдэгдлийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй байна. /хх 53/

Дээр дурьдсан үндэслэлээр төлбөр төлөгч Д.А төлбөрт хураагдсан эд хөрөнгийг бие даан худалдан борлуулах талаар санал гаргаагүй, төлбөрийг барагдуулах талаар төлбөр авагчтай тохиролцоогүй тул эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлж, эрх ашгийг хохироосон гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

Иймд  нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2020/00334 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

                     

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                   ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                                                       Д.БАЙГАЛМАА