Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 922

 

 

 

Б.О-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00597 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-гийн хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан гаргасан 13 876 630 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,Б.О-гээс 12 340 331 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М

Хариуцагчийн төлөөлөгч Б.Д, түүний өмгөөлөгч Г.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ошүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК-д 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороонд байрлах 641,40 м.кв Full different рестораныг түрээслэж түрээсийн гэрээг байгуулсан. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг түрээсийн төлбөрийг шилжүүлэх байсан боловч төлбөр төлөгдөөгүйгээс маргаан үүссэн. Түрээсийн гэрээний 8.3-т заасны дагуу гэрээг цуцлах мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлсэн. Түрээсийн байрыг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн. “Н” ХХК нь түрээсийн төлбөрөө төлөөгүй, түрээсийн объектыг чөлөөлж өгөөгүй. Мөн рестораны хөргөгч, төмөр вандангууд болон кофе чанагч зэрэг эд хөрөнгийг дур мэдэн авч явсан. Хариуцагч эд хөрөнгийг хүлээн авахдаа гарын үсэг зурж авсан. Түрээсийн гэрээнд зааснаар түрээсийн байр болон бусад эд хөрөнгийг 100 хувь хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаа төлбөрийг шилжүүлээгүй. Хариуцагчийн төлөөлөгчид рестораны гадаа эд хөрөнгөнүүдийг аваад ир, хүлээлцье гэж удаа дараа хэлсэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч талд түрээсийн байр, эд хөрөнгийг гэрээний дагуу эвдрэл гэмтэлгүй тоо ширхгийн дагуу хүлээлгэж өгөхийг мэдэгдэж, цэвэрлэж бэлэн болгохыг шаардсан. Нэгдүгээрт: “Н” ХХК-ийн авч явсан жижиг хөргүүр, 4 хаалгатай хөргөгч 2 ширхэг, шилэн хөргүүр, хөлдөөгч, төмөр вандан 2 ширхэг, кофены машин зэрэг эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. “Н” ХХК нь кофены машинаас бусдыг ачиж явсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Full different рестораныг хүлээлцэж байх явцад эдгээр 6 эд хөрөнгө байхгүй байсан учир албан ёсоор хүлээлцээгүй. Гэрчийн мэдүүлэг болон кофены машиныг 2 899 900 төгрөгөөр худалдаж авсан, мөн хүлээлгэж өгсөн, хүлээж авсан баримтууд авагдсан байна. Иймд түрээсийн гэрээний 6.1.5 дахь хэсэгт зааснаар дээрх эд зүйлийн үнэ 5 689 650 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёрдугаарт: Full different рестораныг цэвэрлэж, эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх ёстой байсан. “Н” ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хүлээлгэж өгөөгүй. Бидний зүгээс заслын ажил, плита солиулж наасан, шавьж устгал, эмульс, цоож солиулсан, рестораны цэвэрлэгээг 2 хүнээр хийлгэсэн зэрэг рестораны засал болон цэвэрлэгээнд 2 186 980 төгрөгийг зарцуулсан. Түрээсийн байрыг бид өөрсдөө суллаж авсан. Эд зүйлийг дутуу үлдээсэн байсан. Эд хөрөнгийг анхны байдалд нь оруулж чадаагүй. Бидний зүгээс удаа дараа шаардлага тавьж зурвасаар болон албан бичгээр мэдэгдсэн. Хариуцагч тал түрээсийн гэрээний барьцаа 5 000 000 төгрөгийг эхлээд өг гэж хэлсэн. Гэрээ ёсоор бүх эд хөрөнгийг 100 хувь бүрэн бүтэн байлгах, бүрэн хариуцах үүрэгтэй үүргээ биелүүлээгүй.

Гуравдугаарт: Гэрээний 9.2-т түрээслэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлыг бүрэн хариуцах ёстой бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлөөгүй тохиолдолд барьцаанаас үл маргах журмаар барагдуулна гэж заасан. Нэгэнт бидний эд хөрөнгийг өгөөгүй учир барьцаа 5 000 000 төгрөгийг авах эрхтэй. 9.4-т гэрээний талууд нөгөө талдаа учруулсан гэм хорыг арилгахдаа учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлнө гэж заасан. “Н” ХХК 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр түрээс төлсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээ өмнөх гэрээнийхээ дагуу 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр дууссан. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 20 хоногийн түрээсийн төлбөрт 6 000 000 төгрөг нэхэмжилж байна. Иймд “Н” ХХК-аас нийт 13 876 630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Н” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Б.Оюунбилэгтэй гэрээ байгуулж Full different рестораныг 2 жилийн хугацаатай, эхний нэг жилийн түрээсийн төлбөр болон барьцаа 5 000 000 төгрөгийн хамт төлж гэрээ байгуулсан. 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээлцсэн. Анх хүлээлцэхэд жоомны үүр болсон байсан. Сан цахилгааны эвдрэл гэмтэлтэй байсан. Тухайн эвдрэл гэмтлийг засч янзалсан. 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Б.Орүү мэйлээр явуулж бодит нөхцөл байдлын талаар мэдэгдсэн. Мөн ус дулааны төлбөрийг төлөөгүйгээс шалтгаалж усгүй 1 сар болсон тэр хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Түрээсийн гэрээг 2 жилээр байгуулсан учир хичээж ажилласан. Рестораны бизнес эхний нэг жилд үйлчлүүлэгч нарт танигдаж, хоёр дахь жилээс ашгаа олж эхэлдэг. Үйлчлүүлэгч нараа татахын тулд маш их хэмжээний урамшуулал, хөнгөлөлт зарласан. Хоёр дахь жилийн түрээсийн төлбөр төлөхөөс 3 хоногийн өмнө манай байгууллагын зүгээс албан бичиг явуулсан. Ус тасарсан тул 1 сарын хугацаанд ариун цэврийн өрөө рүү хувингаар ус зөөж хийж байсан. Манай байгууллагын хувьд хүндрэл үүссэн тул түрээсийн 1/4-ийг хасуулж дараа жилийн төлбөрөө төлөхөд бэлэн байгаа талаар хүсэлт явуулсан. Уг албан бичгийн хариу нь түрээсийн төлбөрийг 9 000 000 төгрөг болгож байгаа талаар мэдэгдсэн. Анх гэрээ байгуулахдаа түрээсийн гэрээний хугацаанд төлбөрийг өөрчлөхгүй гэсэн болзолтой байсан. Мөн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт тавихад бага үнээр түрээсэлж байгаа тул улсын бүртгэлд бүртгүүлэхгүй гэсэн. Маргаантай байх хугацааны 1 сарын төлбөр 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн төлбөрөө шилжүүлэхэд бэлэн, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлье эсвэл нотариатаар батлуулъя гэсэн санал удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр түрээс төлсөн хугацаа дууссан тул 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр хүлээлцье гэхэд наадмаар амардаг. 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил эхэлж байгаа. Тухайн өдөр хүлээлцье... гэсэн. Эд хөрөнгө хүлээлцэж байгаад гал тогооны өрөөнд ороход авч явсан хөрөнгийн талаар хэлсэн. Кофе чанагчийг аваагүй. Анх хүлээж авах үед маш их жоомтой байсан учир хүлээж аваагүй юм. Авч явсан эд хөрөнгөнүүдийг өгөхөд бэлэн байна. Кофены машиныг хүлээлгэж өгсөн баримтад гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна. Жоомтой байсан тул гарын үсэг зурсны дараа буцааж өгсөн. Засал, цэвэрлэгээний ажлын хөлсөнд 2 186 980 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг нэхэмжлэхийн тулд өмнө ямар байсан байрыг хэрхэн засч сайжруулж 2 186 980 төгрөгийг зарцуулсан талаар нотлох баримт байхгүй байна. Цэвэрлэгээний талаар хүлээлгэн өгч байхад яригдаагүй. Мөн өмнө нь ямар байдалтай байсан байрыг цэвэрлэсэн талаар нотлох баримт байхгүй. Түрээсийн гэрээг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр байгуулж үүнээс хойшхи 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг урьдчилж авсан. Түрээсийн төлбөрийг төлсөн 60 000 000 төгрөг, барьцаа 5 000 000 төгрөг, мөн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 5 000 000 төгрөг нийт 70 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр дууссан гэж үзвэл үүнээс хойш 2019 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг төлсөн. “Н” ХХК-д Б.О-гийн хүргүүлсэн албан бичигт “...2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээг дуусгаж, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх. Дээрх өдөр нь түрээсийн төлбөр төлдөг өдөр байх тул 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 00:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж, 00:00 цагаас хойш үйл ажиллагаагаа зогсоохыг анхааруулж байна” гэсэн агуулгатай үүнээс харахад 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр үйл ажиллагаа дууссан. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч “Н” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

 Анх байгуулсан түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ юм. Б.Онь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн байрыг засаж сайжруулсны төлбөр 7 341 340 төгрөг, барьцаа 5 000 000 төгрөг нийт 12 340 341 төгрөгийгБ.О-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Түрээсийн байрыг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээлцэхээр очсон. Хүлээлцэх явцад 6 эд хөрөнгө дутуу байсан. Үүнээс шалтгаалж бид хүлээж аваагүй. Түрээсийн гэрээний 5.2.5-т гэрээнд гарах жижиг тохижилт, урсгал засварыг түрээслэгч хариуцна гэж тодорхой тусгасан. Түрээсийн барьцаа 5 000 000 төлбөрийг гэрээнээс учирсан хохирлыг арилгуулахаар барьцаалсан тул буцаан өгөхийг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч “Н” ХХК-аас 3 034 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 841 730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчБ.О-гээс 5 300 000 төгрөгийг гаргуулан хариуцагч “Н” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 040 331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгчБ.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 000 төгрөгийг, хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63 508 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 99 750 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Одавж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх зөвхөн кофе чанагчийн үнэ 3 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлбөрийг шилжүүлэх байсан боловч гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул гэрээ цуцлах мэдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүргэж, 6 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн байрыг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Гэвч төлбөрөө төлөөгүй, байрыг суллаж өгөөгүй, мөн манай байгууллагын эд зүйлийг дур мэдэн авч явсан байсан. Барьцаа 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн тохиолдолд эд хөрөнгийг өгч, байрыг хүлээлгэн өгнө гэх шаардлага тавьсан. Хариуцагч талын авч явсан эд хөрөнгийн үнэ 5 689 650 төгрөг, засал болон цэвэрлэгээний зардалд 2 186 980 төгрөг, 1 сар байрыг цоожилж явснаас дараагийн түрээслэгчид түрээслэх боломжгүй болсон тул 1 сарын түрээсийн төлбөр 6 000 000 төгрөг, нийт 13 876 630 төгрөгийн хохирол учирсан. “Н” ХХК нь байрыг хүлээлгэн өгөөгүйгээс бид 2019 оны 7 дугаар сарын 16, 25-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлсэн боловч хүлээлгэж өгөөгүй тул 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр түлхүүрийг сольж онгойлгож орсон. Гэтэл эд хөрөнгө дутуу, цэвэрлэгээ хийгээгүй, жоомонд баригдсан байдалтай байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх “Н” ХХК-аас 3 034 900 төгрөг гаргуулж Б.О-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 040 331 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан эд хөрөнгө хүлээн авахад кофе чанагч хүлээн авсан гэж гарын үсэг зурсан боловч хүлээн авсны дараа кофе чанагчийг нээж үзэхэд ашиглах боломжгүй байсан тул хүлээж аваагүй. Үүнийг Б.О-гийн ажилтан Б.Баясгалан болон Б.Доржпагма нарын хоорондын зурвасаар нотолно. Кофе чанагчийг хүлээлгэн өгсөн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй байхад 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн НӨАТ-ын баримтыг үндэслэн 2 900 000 төгрөгөөр худалдан авсан гэж шүүх шийдвэрлэсэн нь нотлох баримтад тулгуурлаагүй. Мөн түрээсийн гэрээ дуусгавар болж нэхэмжлэгч түрээсийн байранд ороход 135 000 төгрөгийн зардал гарсан нь шаардсан хугацаанд хариуцагч түлхүүрийг өгөөгүйтэй холбоотой гэж уг зардлыг гаргуулсан. Гол буруутай этгээд нь түрээслүүлэгч Б.О өөрөө байж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 040 331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож ганц эрэгтэй 00-ын төлбөрийг Б.О-гээс гаргуулсан нь үндэслэлгүй. “Н” ХХК нь Full рестораны ариутгалд 871 131 төгрөг, сантехникийн зардал 808 500 төгрөг, эвдэрсэн цоож солиулсны төлбөр 115 000 төгрөг, цахилгааны засвар 565 700 төгрөг, хаяг гэрэлтүүлэг 3 600 000 төгрөг, камер суурилуулалт 580 000 төгрөг, хоолны цэс шинээр хэвлүүлсэн 500 000 төгрөг, нийт 7 040 331 төгрөгийн зардал гаргасан. Энэхүү ресторан нь Full нэртэйгээр бусдад түрээслэдэг тул дээрх эд зүйл Б.О-гийн эзэмшилд үлдсэн. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хамаарах тул уг зардал 7 040 331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд анх байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул “Н” ХХК нь гаргасан зардлаа Б.Ошаардах эрхтэй. Иймд “Н” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний дагуу шилжүүлэн өгсөн эд зүйлийн үнэ 5 689 650 төгрөг, цэвэрлэгээний зардал 2 186 980 төгрөг, олох байсан орлого буюу түрээсийн төлбөр 6 000 000 төгрөг, нийт 13 876 630 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, барьцаа төлбөр 5 000 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 7 341 340 төгрөг, нийт 12 340 341 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Б.О нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Гурван билэг их дэлгүүрийн зүүн урд талд байрлах 641,40 м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг рестораны зориулалтаар 2 жилийн хугацаатай, 1 сарын 5 000 000 төгрөг, жилийн 60 000 000 төгрөгөөр “Н” ХХК-д түрээслэсэн байна.

 Хариуцагч “Н” ХХК нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 60 000 000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойшхи хугацааны түрээсийн төлбөрт 5 000 000 төгрөг  нийт 65 000 000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

Зохигчид Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулсан байх боловч мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэлд хамаарна. Иймээс мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах үүрэгтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дээрх 6 нэр төрлийн эд хөрөнгөөс хариуцагч нь 5-ыг хүлээн зөвшөөрч, харин эд зүйлийг хүлээлцсэн актанд бичигдсэн кофены машиныг хүлээн аваагүй буцаан өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Үүнийг хариуцагч “Н” ХХК-ийн захирал Б.Д-аас нэхэмжлэгч талын ня-бо Г.Б-гийн утсанд илгээсэн мессэж буюу захиа нотлоно гэсэн боловч хэргийн 154 дэх талд авагдсан үзлэгийн тэмдэглэлийн агуулгаас дүгнэвэл “...кофены машиныг ...хүлээлцэж байхад ...бүүр үүр уурхай болчихож, манайх авахгүй гэж байсныг санахгүй байв гэж, ... манайх нэг удаа ч ашиглаагүй, хүлээлцэх явцад авч үлдээгүй” гэх хариуцагчийн илгээсэн зурвас, нэхэмжлэгч тал буюу Г.Б-гийн “...жоом байсныг санаж байна бусдыг санахгүй байна” гэх хариу, мөн “кофены машин хүлээлгэж өгөөгүй” гэсэн гэрчийн мэдүүлгээс зэргээс /хх 180-181/ үзэхэд хариуцагчаас кофены машиныг буцааж өгсөн нотлогдохгүй байна.

Харин 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 20 хоногийн түрээсийн төлбөрт 6 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гэрээ дууссан гэж үзвэл үүнээс хойш 1 сарын түрээсийн төлбөрийг төлсөн, 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй тул төлбөр төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч  2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөр түрээсийн гэрээг дуусгавар болгож байгаа тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн эд зүйлийн хүлээлцэхээр тохиролцсон боловч /хх 13, 17, 21 /, боловч хариуцагч тал анх эд зүйлийг хүлээлцэх үед байсан жижиг хөргүүр, 4 хаалгатай хөргөгч 2 ширхэг, шилэн хөргүүр, хөлдөөгч, төмөр вандан 2 ширхэг, кофены машин зэрэг нийт 5 689 650 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хүлээлгэж өгөөгүйгээс нэхэмжлэгч түрээсийн байраа дээрх хугацаанд хүлээн аваагүй үйл баримт тогтоогдсон байна.

Мөн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр түрээсийн байрны хаалгыг онгойлгож орсноос хойшхи хугацаанд түрээслүүлэгч тал байраа бусдад түрээслэх эсэх нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал  юм.

Дээрх хугацаанд хариуцагч түрээсийн зүйлийг ашиглаж үйл ажиллагаа явуулж орлого олж байсан талаар зохигчид маргаагүй тул мөн хугацааны төлбөрийг буцаан өгөх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан учир нэхэмжлэгч түрээсийн төлбөр буюу олох байсан орлого 6 000 000 төгрөг шаардсан нь үндэслэлгүй.

Харин хариуцагч түрээсийн байрыг онгойлгож өгөөгүйгээс нэхэмжлэгч 135 000 төгрөгийн зардал гаргасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас кофены машины үнэ 2 899 900 төгрөг, хаалга онгойлгоход гарсан зардал 135 000 төгрөг нийт 3 034 900 төгрөгийг хариуцагч “Н” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.О-т олгож, мөн хариуцагч “Н” ХХК-ийн нэхэмжилсэн барьцаа 5 000 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 7 340 331 төгрөгийн сөрөг шаардлага гаргаснаас шүүх барьцаа 5 000 000 төгрөг,  эрэгтэй босоо 00-ын засварын зардал 300 000 төгрөг, нийт 5 300 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч рестораны хаяг гэрэлтүүлэгийг 3 600 000 төгрөгөөр нэхэмжлэгчийн оноосон нэрээр хийлгэсэн бөгөөд хариуцагч үүнийг салгаж өөр зүйлд ашиглах боломжгүй байх тул үнийгБ.О-гээс шаардах эрхтэй.

Харин камерыг салгаж авах боломжтой, хоолны цэсийг хариуцагч нь өөрийн үйл ажиллагаандаа зориулж хийлгэсэн, нэхэмжлэгч цаашид ашиглах боломжгүй тул үнийг шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар эрэгтэй босоо 00-ын засварын зардал 300 000 төгрөг, хаяг гэрэлтүүлэгийн үнэ 3 600 000 төгрөг, барьцаа 5 000 000 төгрөг, нийт 8 900 000 төгрөгийг  нэхэмжлэгчБ.О-гээс гаргуулж “Н” ХХК-д олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баягол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “…5 300 000 төгрөг….” гэснийг “… 8 900 000 төгрөг…”гэж, “...7 040 331 төгрөг” гэснийг “...3 440 331 төгрөг” гэж,

2 дахь заалтын  “… 99 750 төгрөг…” гэснийг  “…157 350 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар  хариуцагч “Н” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228 000 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЭНХТӨР

                                                    ШҮҮГЧИД                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                                     Д.БАЙГАЛМАА