Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 597

 

 

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2020/00597

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Н ХХК-д холбогдох,

 

Хариуцагч Н ХХК-иас13,876,630 төгрөг гаргуулах тухай Б.О-ийн нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Б.О-ээс12,340,331 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн төлөөлөгч Б.Доржпагам, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ану нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Гурван билэг эх дэлгүүрийн зүүн талд иргэн Б.О-ийн ашиглалтад оруулсан 12 давхар барилгын 1, 2 давхарт байрлах 641,40 м.кв Full different рестораныг Н ХХК -д түрээслүүлэх түрээсийн гэрээг байгуулсан. 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг түрээсийн төлбөрийг шилжүүлэх байсан боловч төлбөр төлөгдөөгүйгээс шалтгаалж маргаан гарсан. Талууд албан бичиг бичиж, харилцан тохиролцон гэрээг цуцлах эрх үүсч түрээсийн гэрээний 8.3-т заасны дагуу гэрээг цуцлах мэдэгдлийг 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүргэсэн. Мөн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр түрээсийн байрыг хүлээлгэж өгөхийг мэдэгдсэн. Н ХХК  түрээсийн төлбөрөө төлөөгүй, түрээсийн объектыг чөлөөлж өгөөгүй. Мөн рестораны хөргөгч, төмөр вандангууд болон кофе чанагч зэрэг эд хөрөнгийг дур мэдэн авч явсан. Анх бүх эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Хариуцагч гарын үсэг зурж хүлээж авсан. Түрээсийн гэрээнд зааснаар түрээсийн байр болон бусад эд хөрөнгийг 100 хувь хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Түрээслүүлэгчийн эд хөрөнгийг хүлээлгэж өгсний дараа барьцааны мөнгийг авах ёстой. Тухайн үед 5,000,000 төгрөгийн барьцаа мөнгийг нь хурдан өгье, эд хөрөнгөө хүлээж авъя гэсэн. Тухайн үед хариуцагчийн төлөөлөгчид рестораны гадаа эд хөрөнгөнүүдийг ачаад аваад ир, хүлээлцье гэж удаа дараа хэлсэн. Хариуцагч талын ёс суртахуунгүй үйлдлээс шалтгаалж уг маргаан шүүхэд ирж өнөөдрийг хүртэл хэн алиндаа чирэгдэл учруулж байна. Нэхэмжлэгч талын зүгээс 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч талд түрээсийн байр, эд хөрөнгийг гэрээний дагуу эвдрэл гэмтэлгүй тоо ширхгийн дагуу хүлээлгэж өгөхийг мэдэгдэж, цэвэрлэж бэлэн болгохыг шаардсан. Иймд дараах шаардлагыг гаргаж байна.

Нэгдүгээрт хариуцагч талын авч явсан жижиг хөргүүр, хаалгатай хөлдөөгч 2 ширхэг, шилэн хөргүүр, хөлдөөгч, төмөр вандан 2 ширхэг, кофены машин зэрэг эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн. Хариуцагч тал кофены машинаас бусдыг ачиж явсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Full different рестораныг хүлээлцэж байх явцад эдгээр 6 эд хөрөнгө байхгүй байсан учир албан ёсон хүлээлцээгүй. Өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй. Гэрчийн мэдүүлэг болон кофены машиныг 2,899,900 төгрөгөөр худалдаж авсан баримтууд мөн хүлээлгэж өгсөн, хүлээж авсан баримтууд авагдсан байна. Хүлээж авсан Н ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Доржпагамын найз н.Заяа гэдэг хүний гарын үсэг байдаг. Түрээсийн гэрээгээр өгсөн, авсан эд хөрөнгийг буцааж хүлээлгэж өгөх үүрэгтэй. Эдгээр 6 эд хөрөнгийг анхны байдалд нь оруулж хүлээлгэж өгч чадаагүй. Иймд түрээсийн гэрээний 6.1.5 дахь хэсэгт зааснаар 5,689,650 төгрөгийг нэхэмжилж байна.

Хоёрдугаарт Full different рестораныг анх хүлээлгэж өгсөн гэрэл зургийн адил цэвэрлэж, эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэж өгөх ёстой байсан. Н ХХК  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хүлээлгэж өгөөгүй. Иймд бидний зүгээс заслын ажил, плита солиулж наасан, шавьж устгал, эмульс, цоож солиулсан, рестораны цэвэрлэгээг 2 хүн хөлсөлж хийлгэсэн зэрэг рестораны засал болон цэвэрлэгээнд 2,186,980 төгрөгийг зарцуулсан. Уг зардал нь зайлшгүй хохирол бөгөөд үндэслэлийн хувьд түрээсийн гэрээний 5.1.2-т түрээслэгч энэ гэрээнд заасан хугацаанд түрээсийн байрыг бэлэн болгох, 5.2.7-д түрээсийн байран дах бэлэн эд материал, түүнтэй адилтгах бусад зүйлсийн бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг түрээслэгч бүрэн хариуцах, 5.2.9-т энэхүү гэрээ дуусгавар болсон тохиолдолд ажлын 14 хоногийн дотор түрээсийн байрыг суллаж, цэвэрлэн шаардлагатай бол засвар хийж хүлээлгэж өгөх ёстой, 6.2.1-т эвдрэл , гэмтэл доголдлыг засах, гарсан зөрчлийг арилгуулах талаар шаардах эрхтэй, 6.1.3-т түрээслэгч энэ гэрээнд заасан хугацаанд түрээсийн байрыг суллаж өгөөгүй тохиолдолд сулласантай холбоотой зардлыг түрээслэгчээр нөхөн төлүүлнэ, 6.1.5-д дагалдах эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн үнэлгээг гаргаж, эвдрэл гэмтэлд үүссэн, алга болсон тохиолдолд анхны байдалд нь оруулж чадаагүй тохиолдолд үнэлгээг үндсэн үнээр нь түрээслэгч талаас гаргуулах эрхтэй гэж тус тус заасан. Гарсан эвдрэл гэмтлийг нэхэмжлэгч тал зассан. Түрээсийн байрыг бид өөрсдөө суллаж авсан. Хариуцагч тал бүрэн бүтэн байдлыг хариуцаагүй өөрсдөө авч явсан. Эд материалын тоо ширхгийг дутуу үлдээсэн. Эд хөрөнгийг анхны байдалд нь оруулж чадаагүй.Бидний зүгээс удаа дараа шаардлага тавьж зурвасаар болон албан бичгээр мэдэгдсэн. Хариуцагч тал Б.Оёс суртахуунгүй учир итгэхгүй, айж байна. Тийм учир түрээсийн гэрээний барьцаа 5,000,000 төгрөгийг эхлээд өг гэж хэлдэг. Гэрээ ёсоор бүх эд хөрөнгийг 100 хувь бүрэн бүтэн байлгах, бүрэн хариуцах үүрэгтэй үүргээ биелүүлээгүй. Иймд 2,186,980 төгрөгийг нэхэмжилж байна.

Гуравдугаарт гэрээний 9.2-т түрээслэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бол учирсан хохирлыг бүрэн хариуцах ёстой бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан барьцаанаас үл маргах журмаар барагдуулна гэж заасан. Нэгэнт бидний эд хөрөнгийг өгөөгүй учир 5,000,000 төгрөгийг барьцааг авах эрхтэй. 9.4-т гэрээний талууд нөгөө талдаа учруулсан гэм хорыг арилгахдаа учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлнө гэж заасан. Хариуцагч тал 2019 оны 06 дугаар сарын 21-ны өдөр түрээс төлсөн байдаг. Талуудын хооронд байгуулсан гэрээ өмнөх гэрээнийхээ дагуу 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр дуусч байгаа. Сүүлийн сарын мөнгийг өгсөн. Анх 12 сарын хугацааны 60,000,000 төгрөгийг төлсөн. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх төлбөр байна. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 20 хоногийн хугацаа байна. Нэхэмжлэгч Б.Онь Н ХХК-иасалбан ёсоор түрээсийн байр болон эд хөрөнгийг тооцож хүлээлгэж аваагүй. Full different рестораныг өнөөдрийг хүртэл бусдад түрээслээгүй, үйл ажиллагаа явуулаагүй байгаа. Бид 2019 оны 08 сарын 01-ний өдөр өөрсдөө онгойлгож орсон. Энэ хугацаанд түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч Н ХХК-иаснийт 13,876,630 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхдаваа сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Түрээсийн байрыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээлцэхээр очсон. Хүлээлцэх явцад 6 эд хөрөнгө дутуу байсан. Үүнээс шалтгаалж бид хүлээлцэж дуусгалгүй орхиж явсан. Эд хөрөнгө дутуу байхад хүлээж авах боломжгүй. Түрээсийн гэрээний 5.2.5-т гэрээнд гарах жижиг тохижилт, урсгал засварыг түрээслэгч хариуцна гэж тодорхой тусгасан. Түрээсийн барьцаа 5,000,000 төлбөрийг гэрээнээс учирсан хохирлыг арилгуулахаар барьцаалсан тул буцаан өгөхийг зөвшөөрөхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Н ХХК-ийн төлөөлөгч Б.Доржпагам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2018 оны 06 дугаар сард цахим хуудсанд байршуулсан зарын дагуу Full different рестораныг иргэн Б.О-тэй зар дээр тавьсан үнийн дүнгийн дагуу 2 жилийн хугацаатай, эхний нэг жилийн түрээсийн төлбөрийг барьцаа 5,000,000 төгрөгийн хамт төлж гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулж тухайн өдөртөө түрээсийн төлбөрийг шилжүүлж. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээлцсэн. Анх хүлээлцэхэд жоомны үүр болсон байсан. Сан цахилгааны эвдрэл гэмтэлтэй байсан. Тухайн эвдрэл гэмтлийг засч янзалсан. 2018 оны 06 дугаар 19-ны өдөр Б.Орүү мэйлээр бодит нөхцөл байдлын талаар мэдэгдэж байсан. Интернетийн нууц үгээ өгөх гэж бүтэн сар болсон. Мөн ус дулааны төлбөрийг төлөөгүйгээс шалтгаалж усгүй 1 сар болсон тэр хугацаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Эхний нэг жилийн хугацаа маш хэцүү өнгөрсөн. Түрээсийн гэрээг 2 жилээр байгуулсан учир хичээж ажилласан. Рестораны бизнес эхний нэг жилд үйлчлүүлэгч нарт танигдаж, хоёр дахь жилээс ашгаа олж эхэлдэг. Үйлчлүүлэгч нараа татахын тулд маш их хэмжээний урамшуулал, хөнгөлөлт зарласан. Хоёр дахь жилийн түрээсийн төлбөр төлөхөөс 3 хоногийн өмнө манай байгууллагын зүгээс албан бичиг явуулсан. Ус тасарсан тул 1 сарын хугацаанд ариун цэврийн өрөө рүү хувингаар ус зөөж хийсэн үйлчлүүлэгч нар маш их стресстэй, манай байгууллагын хувьд хүндрэл үүссэн тул түрээсийн 1/4-ийг хасуулах болон дараа жилийн төлбөрөө нийт төлөхөд бэлэн байгаа талаар дурдсан хүсэлт явуулсан. Уг албан бичгийн хариу нь түрээсийн төлбөрийг 9,000,000 гаруй төгрөг болгож байгаа талаар мэдэгдсэн албан бичиг ирсэн. Анх гэрээ хийхдээ түрээсийн хугацаанд түрээсийн төлбөрийг өөрчлөхгүй гэсэн болзолтой гэрээнд заалт оруулсан. Мөн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлт тавихад бага үнээр түрээсэлж байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлснээр татвар төлөх шаардлага үүснэ бүртгүүлэхгүй гэсэн хариу өгсөн. Манай байгууллага маргаантай байх хугацааны 1 сарын төлбөр 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн төлбөрөө шилжүүлэхэд бэлэн, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлье эсвэл нотариатаар батлуулъя гэсэн санал удаа дараа тавьсан ч хүлээж аваагүй. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр маргаантай хугацааны түрээс төлсөн хугацаа дуусч байсан учир 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүлээлцье гэхэд н.Баясгалан ... Бид нар наадмаар амардаг. 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажил эхэлж байгаа. Тухайн өдөр хүлээлцье... гэсэн. Эд хөрөнгө хүлээлцэж байгаад гал тогооны өрөөнд ороход би авч явсан хөрөнгийн талаар хэлсэн. Кофе чанагчийг аваагүй. Анх хүлээж авах үед маш их жоомтой байсан учир хүлээж аваагүй юм. Авч явсан эд хөрөнгөнүүдийг өгөхөд бэлэн байна. Кофены машиныг хүлээлгэж өгсөн баримтад гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байна. Уг тайлбарыг няцааж Б.Баясгалангийн Н ХХК-ийн захирал Б.Доржпагамтай харилцсан зурвасанд үзлэг хийлгэсэн байгаа. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 14 цаг 08 минутын зурвасанд ...хүлээлгэж өгсөн эсэхийг сайн санахгүй... байна гэж Б.Баясгалан зурвас бичсэн байна. Б.Доржпагамтай зурвасаар харьцсан, тухайн зурвасуудыг өөрөө бичсэн гэдгээ гэрчийн мэдүүлэг өгөхдөө хүлээн зөвшөөрсөн. Зөвхөн гарын үсэгтэй хүлээлцсэн баримтыг үндэслэхээс гадна. Түүнээс хойших баримтуудыг шүүхийн зүгээс үнэлээсэй гэж хүсч байна. Засал, цэвэрлэгээний ажлын хөлсөнд 2,186,980 төгрөгийг нэхэмжилж байна. Уг мөнгийг нэхэмжлэхийн тулд өмнө ямар байсан байрыг ямар байдалд оруулж засч сайжруулаад 2,186,980 төгрөгийг зарцуулсан талаар нотлох баримт байхгүй байна. Нотолгоогүй зүйлийг нэхэмжлэх үндэслэлгүй. Мөн 2 хүн хөлсөлж цэвэрлэгээ хийлгэсэн хөлсийг нэхэмжилж байна. 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгч байхад эд хөрөнгүүд байхгүй байсан учир хүлээж аваагүй гэж тайлбарладаг. Цэвэрлэгээний талаар хүлээлгэн өгч байхад яригдаагүй. Мөн өмнө нь ямар байдалтай байсан байрыг цэвэрлэсэн талаар нотлох баримт байхгүй. Түрээсийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр байгуулж үүнээс хойших 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг урьдчилж авсан. Түрээсийн төлбөрийг төлсөн 60,000,000 төгрөг, барьцаа 5,000,000 төгрөг, мөн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг нийт 70,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дууссан гэж үзвэл үүнээс хойш 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрийг хариуцагч тал төлсөн байна. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээлцэх талаар мэдэгдсэн баримтууд хэрэгт авагдсан. Уг өдөр хүлээлцье гэхэд бүх нийтээрээ амрах баярын амралтын өдөр 07 дугаар сарын 15-ны өдөр хүлээлцье гэж нэхэмжлэгч тал хэлсэн. 07 дугаар 15-ны өдөр хүлээлцэх болоход Б.Баясгалан н.Хонгорзул байхгүй хөдөө явсан. Иймд маргааш нь буюу 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээлцье гэж тохиролцсон байдаг. Н ХХК -д Б.О-ийн хүргүүлсэн албан бичиг хавтаст хэргийн 21 дүгээр талд байна. Албан бичигт ...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр түрээсийн гэрээг дуусгаж, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх. Дээрх өдөр нь түрээсийн төлбөр төлдөг өдөр байх тул 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 00:00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулж, 00:00 цагаас хойш үйл ажиллагаагаа зогсоохыг анхааруулж байна... гэсэн агуулгатай үүнээс харахад 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөр үйл ажиллагаа дууссан. дээрх албан бичигт ...заасан хугацаанд үйл ажиллагаагаа зогсоогоогүй тохиолдолд ажилласан тохиолдолд алданги шаардана. гэсэн. 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байна гээд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч үзлэг хийлгүүлж байгаагүй. Энэ талаар хурлын тэмдэглэлд тусгагдсан байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

    

Хариуцагч Н ХХК-иасшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн төлөөлөгч Б.Доржпагам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээ нь анх байгуулсан үеэсээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т тус тус заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ. Хүчин төгөлдөр бус гэрээнээс шалтгаалж Н ХХК -д учирсан хохирлыг сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжилж байна. Уг гэрээ хүчин төгөлдөр бус болоход Б.Огэдэг хүн нөлөөлсөн. Мөн нэхэмжлэгч тал үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, 492 дугаар зүйлийн 492.1 болон анх эд хөрөнгө хүлээлцсэн баримтыг үндэслэж дараах зүйлсийг нэхэмжилж байна. Анх эд хөрөнгө хүлээлцсэн баримтад эвдэрхий зүйлсийг тодорхой бичсэн. Тухайн эд зүйлсийг сольж, засч сайжруулсан. Н ХХК -д учирсан хохирол түрээсийн гэрээний барьцаа 5,000,000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 7,341,340 төгрөг, нийт 12,340,341 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:        

Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч Н ХХК -д холбогдуулан 13,876,630 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Б.О-ээс12,340,331 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Н ХХК  нар 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Гурван билэг эх дэлгүүрийн зүүн талд байрлах 12 давхар барилгын 1, 2 давхар, 641,40 м.кв талбайтай, Б.О-ийн өмчлөлийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй, Full different рестораныг Н ХХК -д түрээсийн гэрээгээр 2 жилийн хугацаатай, барьцаа 5,000,000 төгрөгийг барьцаалж, нэг сарын түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулжээ.  

Ийнхүү гэрээ байгуулж, түрээсийн үйл ажиллагаа 1 жилийн хугацаанд явагдсаны дараа түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Б.О түрээсийн нэг сарын төлбөрийг 9,000,000 төгрөг болгон нэмэгдүүлнэ гэснийг түрээслэгч буюу хариуцагч Н ХХК  зөвшөөрөөгүй тул цаашид Full different рестораныг түрээслэхээс татгалзсан байна.  

Гэрээг дуусгавар болгохтой холбоотойгоор нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу түрээслүүлэхээр хүлээлгэж өгсөн эд хөрөнгөөс буцааж өгөөгүй 311,000 төгрөгийн үнэтэй жижиг хөргүүр 1 ширхэг, 1,524,500 төгрөгийн үнэтэй 4 хаалгатай хөргөгч 2 ширхэг, 310,000 төгрөгийн үнэтэй шилэн хөргүүр 1 ширхэг, 175,000 төгрөгийн үнэтэй хөлдөөгч 1 ширхэг, 469,150 төгрөгийн үнэтэй төмөр бандан 2 ширхэг, 2,900,000 төгрөгийн үнэтэй кофены машин 1 ширхгийн үнэ 5,689,650 төгрөгийг, түрээслүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн засал, цэвэрлэгээний зардалд 2,186,980 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг нийт 13,876,630 төгрөг гаргуулахаар,  хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, нэхэмжлэгчээс түрээсийн гэрээ байгуулахад барьцаалуулсан 5,000,000 төгрөг, түрээсийн байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх, жоомны хор, үнэртүүлэгч төхөөрөмжийн үнэ 871,131 төгрөг, сангийн завсар, ажлын хөлс 808,500 төгрөг, хаалганы цоож солиулсан 115,000 төгрөг, цахилгааны завсар, материалын үнэ 565,700 төгрөг, эрэгтэй босоо 00-ын үнэ 300,000 төгрөг, рестораны гэрэлтэй хаяг хийлгэсэн 3,600,000 төгрөг, нэмэлтээр суурилуулсан камерын үнэ 580,000 төгрөг, хоолны цэс хэвлүүлсэн 500,000 төгрөг нийт 12,340,331 төгрөг гаргуулахаар шаардлага гарган маргажээ.  

Үндсэн нэхэмжлэлийн талаар: 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Нэхэмжлэгч, хариуцагч нар тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий рестораны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулсан ч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй учир хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.  

Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээдэг. 

Нэхэмжлэгч Б.Онь хариуцагч Н ХХК -д түрээслүүлэхээр жижиг хөргүүр 1 ширхэг, 4 хаалгатай хөргөгч 2 ширхэг, шилэн хөргүүр 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, төмөр бандан 2 ширхэг, кофены машин 1 ширхгийг хүлээлгэж өгсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан эд хөрөнгө хүлээлцсэн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 107, 109, 121/ 

Хариуцагч дээрх эд хөрөнгүүдээс кофены машинаас бусдыг нь бүрэн, тоо ширхгээр буцаан өгөхийг зөвшөөрч, эд хөрөнгийн үнэ гаргуулах шаардлагыг татгалзсан. Нэхэмжлэгч шилжүүлсэн хөрөнгө байгаа тохиолдолд үнийг гаргуулахаар шаардсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талуудын ххэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Хүлээж авсан эд хөрөнгөөс хариуцагч кофены машиныг хүлээж авахаас татгалзаж, нэхэмжлэгчид буцаан өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. Уг кофены машин 2,899,900 төгрөгийн үнэтэй болох нь талуудын эд хөрөнгө хүлээлцсэн баримт, кофены машин худалдан авсан баримтын хуулгаар нотлогдож байх тул нэхэмжлэгч кофены машины үнэ 2,899,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна. /хх-ийн 68, 121/ 

Нэхэмжлэгч 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Хариуцагч түрээсийн төлбөрт 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд сар бүр 5,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөг төлсөн байна.

Талууд түрээсийн зүйлийг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр буцаан хүлээлцэхээр тохиролцож, хүлээлцэх явцад нэхэмжлэгч жижиг хөргүүр 1 ширхэг, 4 хаалгатай хөөргөгч 2 ширхэг, шилэн хөргүүр 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, төмөр бандан 2 ширхэг, кофены машин 1 ширхэг дутуу гэх шалтгаанаар түрээсийн зүйлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзжээ. Нэхэмжлэгч эд хөрөнгө хүлээлцэхээр тохиролцсон хугацаандаа хүлээж аваагүй учир хариуцагчаас түрээсийн зүйлийг хүлээлгэн өгөөгүй гэж 6,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.  

Мөн нэхэмжлэгч түрээслүүлсэн байранд шавьж устгал, плита солиулах, засал, цэвэрлэгээ хийлгэсэнтэй холбоотой зардлыг нэхэмжилсэн. Түрээсийн гэрээ 1 жил 1 сарын хугацаанд бодитоор хэрэгжсэн тул хариуцагчийн түрээсийн зүйлийг ашигласан хугацаандаа ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээж, муутгаагүй бол түүний төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар түрээсийн зүйлийг ашигласан хугацаандаа ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээж, муутгасан нь нотлогдохгүй байна.  

Харин түрээсийн гэрээний харилцаа дуусгавар болж, нэхэмжлэгч түрээсийн байранд ороход 135,000 төгрөгийн зардал гарсан нь хариуцагч шаардсан хугацаанд түлхүүрийг өгөөгүйтэй холбоотой байх тул гарсан задралыг хохиролд тооцож шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Н ХХК-иаскофены машины үнэ 2,899,900 төгрөг, хаалга онгойлгоход гарсан зардал 135,000 төгрөг нийт 3,034,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,841,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.  

Сөрөг нэхэмжлэлийн талаар: 

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Н ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус талаар дээр дүгнэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн гэрээ байгуулсантай холбоотой 5,000,000 төгрөгийг барьцаалуулахаар шилжүүлсэн талаар зохигч мараагүй. Хэлцэл хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 5,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй.  

Full different рестораныг түрээслэх гэрээ бодит байдалд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд хэрэгжсэн байна. Талуудын хооронд гэрээний харилцаа хүчин төгөлдөр үйлчилсэн хугацаанд түрээслэгчээс түрээсийн эд хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор гарсан засвар, үйлчилгээний төлбөрийг шаарджээ.  

Ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэх, жоомны хор, үнэртүүлэгч төхөөрөмж ий үнэ 871,131 төгрөг, сангийн завсар, ажлын хөлс 808,500 төгрөг, хаалганы цоож солиулсан 115,000 төгрөг, цахилгааны завсар, материалын үнэ 565,700 төгрөг, эрэгтэй босоо 00-ын үнэ 300,000 төгрөг, рестораны гэрэлтэй хаяг хийлгэсэн 3,600,000 төгрөг, нэмэлтээр суурилуулсан камерын үнэ 580,000 төгрөг, хоолны цэс хэвлүүлсэн 500,000 төгрөгийн зардал гарсан хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.  

Түрээслэн авсан рестораныг хариуцагч хүлээн авахад цахилгаан, сангийн эвдрэлтэй байсан нь тогтоогдохгүй байх бөгөөд байрны ариутгал, халдваргүйжүүлэлт, сан, цахилгааны завсар, үйлчилгээ, хаалганы цоож солиулах зэрэг нь хариуцагчийн үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн явуулах өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал байх тул үнийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

 Харин эрэгтэй босоо 00-ыг эвдэрсэн байдалтай хүлээн авч, 300,000 төгрөгөөр засч түрээсэлсэн эд хөрөнгөд хариуцагч өөрийн зардлаар засан сайжруулалт хийсэн нь нотлох баримтаар нотлогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар засварын үнийг буцаан шаардах эрхтэй.  

Мөн хүчин төгөлдөр бус хэлцлийг байгуулахад талууд хэн аль нь буруутай тул явуулсан үйл ажиллагаатай холбоотой зардал, учирсан хохирлоо өөрөө хариуцна. Хариуцагч 3,600,000 төгрөгийн үнэ бүхий рестораны гэрэлтэй хаяг, 580,000 төгрөгийн камер, 500,000 төгрөгөөр хоолны цэс зэргийг өөрийн санаачлагчаар хийлгэсэн байна.

 Хариуцагч рестораны гэрэлтэй хаяг, камер нь засан сайжруулалт, үлдэх хөрөнгө болохгүй салган авах боломжтой байна. Хоолны цэсийг нэхэмжлэгч ашиглах боломжгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй. Мөн хариуцагч 475,131 төгрөгийн үнэ бүхий жоомны хор, үнэртүүлэгч төхөөрөмжийг өөртөө буцаан авсан боловч үнийг нэхэмжилсэн байна.  

Иймд нэхэмжлэгч Б.О-ээс барьцаа 5,000,000 төгрөг, эрэгтэй босоо 00-ын засварын зардал 300,000 төгрөг нийт 5,300,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Н ХХК -д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,040,331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Н ХХК-иас3,034,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,841,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.О-ээс 5,300,000 төгрөгийг гаргуулан хариуцагч Н ХХК -д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,040,331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.О-ээсулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,000 төгрөгийг, хариуцагч Н ХХК-иасулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,508 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 99,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.    

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.АЗБАЯР