Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00221

 

 

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00221

 

 

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00597 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 922 дугаар магадлалтай,

 

Б.*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох

 

13,876,630 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл,

12,340,331 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Доржпагма, хариуцагчийн өмгөөлөгч Г.Нямсүрэн, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 13,876,630 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 12,340,331 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00597 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8., 56.5., 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* ХХК-иас 3,034,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,841,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.*******ээс 5,300,000 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,040,331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасны дагуу нэхэмжлэгч Б.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,000 төгрөгийг, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212,400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,508 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 99,750 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 922 дугаар магадлалаар: Баягол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5,300,000 төгрөг гэснийг 8,900,000 төгрөг гэж, ...7,040,331 төгрөг гэснийг ...3,440,331 төгрөг гэж, 2 дахь заалтын 99,750 төгрөг гэснийг 157,350 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 922 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье.

Нэг. БГД-ийн 18-р хороо, Гурван билэг их дэлгүүрийн зүүн талд байрлах иргэн Б.*******ийн эзэмшлийн үйлчилгээний зориулалттай 641.40 м.кв 2 давхар Club-ийг ресторан рub-ийн зориулалтаар бүхэлд нь ******* ХХК-д зах зээлийн үнээс хэд дахин бага үнийн дүнгээр түрээслүүлэхээр 2018.06.07-ны өдөр гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор хариуцагч 2019.06.15-ны өдөрт төлбөрийг шилжүүлэх байсан боловч төлбөр хийгээгүй тул түрээслэгч түрээсийн төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол гэрээг цуцлах эрх үүснэ гэж заасны дагуу гэрээний 8.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг цуцлах мэдэгдлийг 2019.06.20-ны өдөр хүргэж, 2019.06.21-ний өдөр түрээсийн байрыг хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн болно. Гэвч төлбөрөө төлөөгүй, байрыг суллаж өгөөгүйн дээр манай рестораны өмчлөлийн эд хөрөнгө, хөргөгч, кофе чанагчийг дур мэдэн авч явж барьцаа 5 сая төгрөгийг шилжүүлсэн тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлж түрээсийн байрыг хүлээлгэн өгнө гээд бидэнд хүлээлгэн өгөөгүйн улмаас миний бие эд хөрөнгөөрөө хохирч зардал гаргасан тул ийнхүү шүүхэд ...хариуцагчийн дур мэдэн авч явсан жижиг хөргүүр, хөлдөөгч, төмөр бандан, кофе чанагч гэх мэт 5,689,650 төгрөг, рестораны засал болон цэвэрлэгээнд нийт 2,186,980 төгрөг, санаатайгаар 1 сарын түрээсийн байрыг цоожилж явснаас дараагийн түрээслэгчид түрээслэх боломжгүй болгож хохироосон тул 1 сарын түрээс 6 сая төгрөг, нийт 13,876,630 төгрөгийг шаардсан болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөөгүйд гомдолтой байна. Бидний шаардлага бол шударга шаардлага билээ. Бодитой гарсан зардал болон хариуцагчийн бусдын хөрөнгийг зориудаар дур мэдэн авч явсан, нэгэнт өгөхгүй гэсэн шаардлага тавьж байсан тул уг авч явсан эд хөрөнгийн төлбөрийг шаардах нь шударга билээ. ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлж, гэрээ ёсоор түрээсийн байр тавилга, тоног төхөөрөмжийг актын дагуу бүрэн бүтэн, эвдрэл гэмтэлгүй тоо ширхэгээр нь хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн боловч хариу өгөөгүй тул дахин байрыг цэвэрлэх, ашиглалтын зардал болон бусад тооцоог 2019.07.10-ны өдөр бүрэн хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн. Гэвч хариуцагч барьцаа 5 сая төгрөгийг эхлээд шилжүүл гэдэг шаардлага тавьсан. Бид дахин мэдэгдэл хүргүүлж хэрэв гэрээг цааш үргэлжүүлэхээр бол нэг жилийн төлбөрийг шилжүүлэхийг мэдэгдсэн боловч мөн хариу өгөөгүй болно. 2019.07.16-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлж дур мэдэн зөвшөөрөлгүй авч явсан гал тогооны тоног төхөөрөмжүүдийг бэлэн болгохыг мэдэгдэж гэрээ ёсоор эд хөрөнгийг бүрэн бэлэн болгосны дараагаар хүлээлцэхийг мэдэгдэж, хүлээлцэх өдөр хүртэлх түрээс, алданги болон бусдад түрээслэх байсан орлогын төлбөрийг шаардах болохоо анхааруулсан болно. Гэвч хариуцагч бидний шаардлагыг үл тоож эд хөрөнгийг дур мэдэн цоожилж явж, тоног төхөөрөмжүүдийг зөөвөрлөн авч явж манай байрыг хүлээлгэн өгөөгүйгээс бусдад түрээслэх боломжийг санаатайгаар алдагдуулж хохироосон. Ийнхүү бид 2019.07.25-ны өдөр дахин мэдэгдэл хүргүүлж түрээслэгчид олон хоногоор эд хөрөнгийг цоожлон явж биднийг хохироосонд гарах бусад бүх хохирлыг хариуцахыг анхааруулсан болно. Гэвч ******* ХХК эд хөрөнгийг дур мэдэн зөөвөрлөн авч явж түрээсийн байрыг суллаж өгөхгүй байсан тул арга буюу өөрсдөө дуудлагын компанийг дуудаж холбогдох гэрч, бичлэг хийж өөрсдийн эд хөрөнгө болох түрээсийн байрыг 2019.08 өдөр түлхүүрийг сольж онгойлгож орсон болно. Гэтэл эд хөрөнгө дутуу, гал тогооны зарим хөргөгч, кофе чанагч болон бусад эд хөрөнгийг авч явсан байсан. Мөн рестораны цэвэрлэгээ хийгээгүй, жоомонд баригдсан байдалтай байсан билээ. Өнөөдрийн байдлаар Б.******* миний бие ******* ХХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас болж 13,876,630 төгрөгөөр хохироод байна. Үүнд хариуцагчийн дур мэдэн авч явсан жижиг хөргүүр, хөлдөөгч, төмөр бандан гэх мэт нийт 5,689,650 төгрөг, рестораны засал болон цэвэрлэгээнд нийт 2,186,980 төгрөг, санаатайгаар 1 сар түрээсийн байрыг цоожилж явснаас дараагийн түрээслэгчид түрээслэх боломжгүй болгож хохироосон тул 1 сарын түрээс 6 сая төгрөг, нийт 13,876,630 төгрөгөөр хохиросон болно.

Хоёр. 2018.06.07-ны өдрийн Рестораны түрээсийн гэрээний 5.2-т түрээслэгч дор дурдсан үүрэгтэй гээд гэрээний 5.2.5-д ..түрүүслүүлэгч түээсийн байранд нэмэлт засвар хийсэн, нэмэлт тохижилт, засварыг түрээслэгчийн шаардлагын дагуу түрээсийн байранд хийх зардлыг хариуцна.. гэж заасны дагуу хариуцагч буюу түрээслэгч нэмэлт зардал гаргасан, хаяг реклам хийх эсэх нь түрээслэгчийн асуудал бөгөөд хэрэв ямар нэгэн тохижилт, засвар хийсэн бол зардлыг түрээслэгч буюу ******* ХХК бүрэн хариуцахаар тохирсон болно. Гэтэл хариуцагч нэмэлт засвар, тохижилт хийсэн гэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Гурав. 2018.06.07-ны өдрийн Рестораны түрээсийн гэрээний 6.1.5-д байрны эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг үнэлгээг гаргаж, эвдрэл гэмтэл үүссэн алга болсон тохиолдолд анхны байдалд оруулж чадаагүй бол үнэлгээний үндсэн үнээр хохирлыг түрээслэгчээс гаргуулах эрхтэй гэж заасны дагуу ...хариуцагчийн дур мэдэн авч явсан жижиг хөргүүр, хөлдөөгч, төмөр бандан, кофе чанагч гэх мэт 5,689,650 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Учир нь нэгэнт хариуцагч манай дээрх эд хөрөнийг өгөхгүй, анхны байдалд оруулж чадаагүй тул бид ийнхүү шаардлага гаргах, өгөөгүй эд хөрөнгийн үнийг нэхэх бүрэн эрхтэй болно. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.24-ний өдрийн 922 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан нийт 13,876,630 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс 12,340,341 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас 3,034,900 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,841,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.*******ээс 5,300,000 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,040,331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт сөрөг нэхэмжлэлийг хангасан хэмжээг 8,900,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн өөрчлөлтийг оруулсан байна.

 

7. Талууд 2018.06.07-ны өдөр Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Гурван билэг эх дэлгүүрийн зүүн талд байрлах 12 давхар барилгын 1, 2 давхар, 641,40 м.кв талбайтай, Б.*******ийн өмчлөлийн Full different рестораныг ******* ХХК-д түрээсийн гэрээгээр 2 жилийн хугацаатай, барьцаа 5,000,000 төгрөгийг барьцаалж, нэг сарын төлбөрт 5,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон гэрээг бичгээр байгуулжээ.

 

8. Хэргийн баримтаас үзэхэд түрээсийн үйл ажиллагаа 1 жилийн хугацаанд явагдсаны дараа түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч нь төлбөрийг 9,000,000 төгрөг болгон нэмэгдүүлнэ гэснийг хариуцагч зөвшөөрөөгүй тул цаашид рестораныг түрээслэхээс татгалзсан байна.

 

9. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу түрээслүүлэхээр хүлээлгэж өгсөн эд хөрөнгөөс хариуцагчийн буцааж хүлээлгэн өгөөгүй хөргүүр, хөлдөөгч, төмөр бандан, кофены машин зэрэг эд хөрөнгийн үнэ 5,689,650 төгрөг, засал, цэвэрлэгээний зардалд 2,186,980 төгрөг, 2019.07.10-ны өдрөөс 8 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөг, нийт 13,876,630 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.  

 

10. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зохицуулсан.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий рестораны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг бичгээр байгуулсан боловч улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байх тул ...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д нийцсэн байна.

 

11. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн байна.

 

11.1. Нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-д түрээслүүлэхээр жижиг хөргүүр 1 ширхэг, 4 хаалгатай хөргөгч 2 ширхэг, шилэн хөргүүр 1 ширхэг, хөлдөөгч 1 ширхэг, төмөр бандан 2 ширхэг, кофены машин 1 ширхэгийг хүлээлгэж өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон, хариуцагч кофены машинаас бусдыг нь бүрэн, тоо ширхэгээр буцаан өгөхийг зөвшөөрч, эд хөрөнгийн үнэ гаргуулах шаардлагыг зөвшөөрөөгүй байна.

 

Анхан шатны шүүх ...нэхэмжлэгч шилжүүлсэн хөрөнгө байгаа тохиолдолд үнийг гаргуулахаар шаардсан нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талуудын хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх хуулийн зохицуулалтад нийцэхгүй, хариуцагч кофены машиныг нэхэмжлэгчид буцаан өгсөн баримтгүй тул кофены машины үнэ 2,899,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй гэж дүгнэж, энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий юм.

 

11.2. Талууд түрээсийн зүйлийг 2019.07.16-ны өдөр буцаан хүлээлцэхээр тохиролцож, хүлээлцэх явцад нэхэмжлэгч нь зарим эд хөрөнгө дутуу гэсэн шалтгаанаар түрээсийн зүйлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзсан байх тул нэхэмжлэгчийг ...2019.07.17-ны өдрөөс 8 сарын 01-ний өдөр хүртэл хугацааны түрээсийн төлбөрт 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

11.3. Хариуцагч түрээсийн зүйлийг ашигласан 1 жил 1 сарын хугацаанд ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээж, муутгасан нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн түрээслүүлсэн байрандаа цэвэрлэгээ, засвар хийлгэсэнтэй холбоотой зардлыг гаргуулах шаардлагыг хангахгүй орхисон нь зөв, нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

 

11.4. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч шаардсан хугацаанд түлхүүрийг нэхэмжлэгчид өгөөгүйн улмаас тэрээр байрандаа орохын тулд 135,000 төгрөгийн зардал гаргасныг хариуцагчаас гаргуулсан байна.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас кофены машины үнэ 2,899,900 төгрөг, хаалга онгойлгоход гарсан зардал 135,000 төгрөг, нийт 3,034,900 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,841,730 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

12. Сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байна.

 

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр ...гэрээ эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарлан нэхэмжлэгчээс түрээсийн гэрээ байгуулахад барьцаалуулсан 5,000,000 төгрөг, уг байранд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн зардал 871,131 төгрөг, сантехникийн завсар, ажлын хөлс 808,500 төгрөг, хаалганы цоож солиулсан 115,000 төгрөг, цахилгааны завсар, материалын үнэ 565,700 төгрөг, 00-ын үнэ 300,000 төгрөг, рестораны гэрэлтэй хаяг хийлгэсэн 3,600,000 төгрөг, нэмэлтээр суурилуулсан камерын үнэ 580,000 төгрөг, хоолны цэс хэвлүүлсэн 500,000 төгрөг нийт 12,340,331 төгрөг гаргуулна гэжээ.

 

12.1. Энэ тогтоолын 10-т түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох тухай заасан, хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн гэрээний барьцаанд 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 5,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д нийцсэн.

 

12.2. Хариуцагч нь нэхэмжлэгчээс түрээсийн эд хөрөнгийг ашиглаж, үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа гаргасан засвар, үйлчилгээний төлбөрийг шаардахдаа холбогдох баримтыг гаргасан байна. Рестораныг хариуцагч анх хүлээн авахад цахилгаан, сангийн эвдрэлтэй байсан нь тогтоогдохгүй байх бөгөөд байрны ариутгал, халдваргүйжүүлэлт, сан, цахилгааны завсар, үйлчилгээ, хаалганы цоож солиулах зэрэг нь хариуцагчийн үйлчилгээний үйл ажиллагааг хэвийн явуулах өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал байх тул үнийг буцаан гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

 

12.3. ... 00-ыг эвдэрсэн байдалтай хүлээн авч, 300,000 төгрөгөөр засч, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хариуцагч өөрийн зардлаар засан сайжруулалт хийсэн нь баримтаар нотлогдсон, энэ зардлыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д нийцсэн.

 

12.4. Хариуцагч 3,600,000 төгрөгийн үнэ бүхий рестораны гэрэлтэй хаяг, 580,000 төгрөгийн камер, 500,000 төгрөгөөр хоолны цэс зэргийг өөрийн санаачлагаар хийлгэсэн, салган авах боломжтой, хоолны цэсийг нэхэмжлэгч ашиглах боломжгүй тул үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй, хариуцагч 475,131 төгрөгийн үнэ бүхий жоомны хор, үнэртүүлэгч төхөөрөмжийг өөртөө буцаан авсан боловч үнийг нэхэмжилсэн талаар шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.*******ээс барьцаа 5,000,000 төгрөг, бие засах газрын засварын зардал 300,000 төгрөг, нийт 5,300,000 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,040,331 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

13. Давж заалдах шатны шүүх ...хариуцагч рестораны хаяг гэрэлтүүлгийг 3,600,000 төгрөгөөр нэхэмжлэгчийн оноосон нэрээр хийлгэсэн бөгөөд хариуцагч үүнийг салгаж өөр зүйлд ашиглах боломжгүй тул үнийг Б.*******ээс шаардах эрхтэй гэж дүгнэн, сөрөг нэхэмжлэлээс энэ хэсгийг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5., 289.2.6-д нийцээгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хэрэглэх ёстой хуулийг үндэслэл бүхий тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 922 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00597 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 228,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

П.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОЛМОН