Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 966

 

 

 

   Б.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/00203 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.У-ийн хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/Ш32018/13292 дугаар захирамжаар Б.У-ээс 50 569 885.39 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ тогтоох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19290131/03 дугаар тогтоолоор барьцааны хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 19293131/04 дугаар тогтоолоор барьцааны хөрөнгийг хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарыг харилцан тохиролцсон гэж үзэж, Б.У-ийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, оддын хотхоны 39-А байр, 6 тоот хаягт байршилтай, 65,38 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 200 000 000 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө” гэж, 55.5 дахь хэсэгт “Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно” гэж заажээ. Тухайлбал, тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн ажиллагааг тус тус хийгээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчсөн. Иймд төлбөрт битүүмжилж, хурааж авсан барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13292 дугаар шүүгчийн захирамжаар Б.У-ээс 50 584 885.39 төгрөгийг гаргуулж “Ариг банк” ХХК-д олгож, шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж 39а байр, 06 тоот хаягт байршилтай 65,38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206007407 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Б.Уранбилэгт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.У-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж 39а байр, 06 тоот хаягт байршилтай 65.38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206007407 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 19290131/03 тогтоолоор битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 19290131/05 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 4/18507 тоот албан бичгээр талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийн хүргүүлэхэд төлбөр төлөгч Б.Унь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг 200 000 000 төгрөгөөр үнэлж байгааг төлбөр авагч “Ариг банк” ХХК зөвшөөрсөн. Талууд 200 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон мэдэгдлийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/19987 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэснийг Б.Ухэтрүүлэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Удавж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэснийг зөрчиж хугацаа хэтрүүлсэн гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.Уминий бие хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа талаар шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэн байхад гомдлыг хүлээн авалгүй дараагийн дуудлага худалдааг явуулсныг зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, харин шүүх тухайн маргаанд хамааралтай холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Б.Унь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж, 39а байр, 6 тоотод байрлах 65.38 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 он 11 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШЗ2018/13292 дугаар захирамжаар, Б.Унь “Ариг банк” ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 50 569 885,39 төгрөгийг төлж барагдуулах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп гудамж 39а байр, 6 тоотод байрлах 65,38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталсан байна. /хх-30-31/

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч “төлбөр төлөгч Б.Унь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг 200 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Ариг банк” ХХК зөвшөөрсөн тул шинжээч томилоогүй, талуудын тохиролцож тогтоосон үнийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар болсон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан” гэж татгалзсан үндэслэлээ тайлбарлажээ.

           Төлбөр төлөгч Б.Унь төлбөр авагч “Ариг банк” ХХК-д 50 569 885,39 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж, төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн, хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. /хх-36-37, 41-42/

            Төлбөр төлөгч Б.Унь төлбөрт хураагдсан эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох доод үнийг 200 000 000 төгрөг гэж үнийн санал ирүүлснийг төлбөр авагч “Ариг банк” ХХК нь зөвшөөрч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоожээ. Иймээс  үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд тохиролцоогүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээч томилж үнийг тогтоолгох шаардлагагүй болжээ. /хх-45-46/

Мөн хариуцагч НШШГГ-аас 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 4/9987 дугаар албан бичгээр Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Олимп гудамж 39а байр, 6 тоотод байрлах 65,38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцныг өөрийнх нь санал болгосон 200 000 000 төгрөгөөр үнэлсэн талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч нэхэмжлэгч Б.Умөн өдөр уг мэдэгдлийг хүлээн аваад, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгч Б.У-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Дээр дурьдсан үндэслэлээр төлбөр төлөгч Б.У-ийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Харин талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулсан холбогдох хуулийг оновчтой хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/00203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1”, гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.МӨНХЗУЛ

                                                    ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД    

                                                                                                  Д.БАЙГАЛМАА