Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00729

 

  Б.Уранбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/00203 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 966 дугаар магадлалтай,

 Б.Уранбилэгийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Б.Уранбилэгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн оролцов.

Нэхэмжлэгч Б.Уранбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.11.13-ны өдрийн 183/Ш32018/13292 дугаар захирамжаар Б.Уранбилэгээс 50,569,885.39 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ тогтоох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2019.01.09-ний өдрийн 19290131/03 дугаар тогтоолоор барьцааны хөрөнгийг битүүмжилж, 2019.01.16-ны өдрийн 19293131/04 дугаар тогтоолоор барьцааны хөрөнгийг хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарыг харилцан тохиролцсон гэж үзэж, Б.Уранбилэгийн өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, оддын хотхоны 39-А байр, 6 тоот хаягт байршилтай, 65,38 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 200,000,000 төгрөгөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.5 дахь хэсэгт Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заажээ. Тухайлбал, тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэсэн ажиллагааг тус тус хийгээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчсөн. Иймд төлбөрт битүүмжилж, хурааж авсан барьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.13-ны өдрийн 13292 дугаар шүүгчийн захирамжаар Б.Уранбилэгээс 50,584,885.39 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгож, шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж 39а байр, 06 тоот хаягт байршилтай 65.38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206007407 дугаарт бүртгэлтэй орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2018.12.27-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Б.Уранбилэгт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Уранбилэгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж 39а байр, 06 тоот хаягт байршилтай 65.38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206007407 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2019.01.09-ний өдөр 19290131/03 тогтоолоор битүүмжилж, 2019.08.23-ны өдрийн 19290131/05 тоот тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 2019.08.26-ны өдрийн 4/18507 тоот албан бичгээр талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийн хүргүүлэхэд төлбөр төлөгч Б.Уранбилэг нь 2019.08.28-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг 200,000,000 төгрөгөөр үнэлж байгааг төлбөр авагч Ариг банк ХХК зөвшөөрсөн. Талууд 200,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон үнэлгээний талаарх мэдэгдлийг 2019.09.17-ны өдрийн 4/19987 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг Б.Уранбилэг хэтрүүлэн 2019.10.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/00203 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Уранбилэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 966 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/00203 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, гэснийг хасаж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Б.Уранбилэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020.05.01-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах гомдлыг гаргаж байна.

Шүүгч шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ...гомдлоо энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно... гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч төлбөр төлөгч Б.Уранбилэг миний бие хуульд заасны дагуу 7 хоногийн дотор Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй учир анхан шатны шүүх хэргийг үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа талаараа шийдвэр гүйцэтгэгчдээ мэдэгдээд шийдвэр гүйцэтгэх газар мөн хуульд заасны дагуу гомдлоо гаргасан байхад НШШГГ нь миний гомдлыг хүлээж авалгүй, дараагийн дуудлага худалдааг явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Б.Уранбилэг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.13-ны өдрийн 183/ШЗ2018/13292 дугаартай Шүүгчийн захирамжаар Б.Уранбилэг нь Ариг банк ХХК-д 50,569,885.39 төгрөгийг гарфикийн дагуу төлж барагдуулах, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж, 39а байр, 6 тоот 65.38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталжээ.

 Хариуцагч төлбөрийг хугацаандаа төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг нээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн боловч биелүүлээгүй үндэслэлээр барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах санал болгох үнийн саналыг авахад төлбөр төлөгч 2019.08.28-ны өдөр барьцааны хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасныг төлбөр авагч зөвшөөрсөн байна.

 Шийдвэр гүйцэтгэгч 2019.09.17-ны өдрийн 4/19987дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, №10/04 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолоор төлбөр төлөгч Б.Уранбилэгт үл хөдлөх эд хөрөнгийг харилцан тохиролцсон 200,000,000 төгрөгөөр үнэлсэн, анхны албадан дуудлага худалдаагаар үнийн дүнгийн 70% болох 140,000,000 төгрөгөөр худалдан борлуулахыг мэдэгдсэн, улмаар 2019.10.01-ний өдөр төлбөр төлөгчтэй уулзаж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдсэн болох нь баримтаар тогтоогджээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг шийдвэр гүйцэтгэх хуулийн дагуу явуулаагүй, ...төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш нэг сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлнэ, ...үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэсэн хуулийн заалтыг биелүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмыг зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарласан.

 Хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, ...нэхэмжлэгч нь үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргажээ.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор ...эд хөрөнгийг үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэнэ, 55.5.-д үнэ ханшны өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлгүй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж зохицуулжээ.

 Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 2019.01.09-ний өдөр битүүмжилж, 2019.08.23-ны өдөр хураах тухай тогтоол үйлдсэн, төлбөр төлөгч эд хөрөнгийн үнийн саналыг 2019.08.28-ны өдөр ирүүлснийг үндэслэн 2019.09.17-ны өдөр үнэлгээ тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

 Анхан шатны шүүх үнэлгээ тогтоосон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нь үнэлгээний талаар гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан гэх үндэслэл зааж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг хянаж, анхан шатны шүүхийн шийдвэр зөв боловч талуудын хооронд үүссэн маргааныг зохицуулсан хуулийг оновчтой хэрэглээгүй гэж үзэн, өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсныг буруутгах үндэслэлгүй, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.-т шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж, 55.7.-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3.-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус зохицуулсан.

 Нэхэмжлэгч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээг 2019.10.01-ний өдөр мэдсэн боловч үнэлгээний талаарх гомдлыг 2019.10.21-ний өдөр буюу мэдсэнээс хойш 20 хоногийн дараа шүүхэд гаргасан нь хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байх тул ...нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлээгүй... гэх үндэслэлээр шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтыг үндэслэл бүхий үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 966 дугаар магадлал хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Б.Уранбилэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Д.Уранбилэгээс 2020.06.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                   Б.УНДРАХ

                                                Г.ЦАГААНЦООЖ

                                        Д.ЦОЛМОН

                                                Х.ЭРДЭНЭСУВД