Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2020/00203

 


 

2020 оны 01 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2020/00203 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, .............. байр, 06 тоотод оршин суух, У  /РД:................./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, ........., өөрийн байранд байрлах, Н ТБ  /РД:.................-т холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 сарын 13-ны өдрийн 183/Ш32018/............. дугаар захирамжаар Б.У ээс 50,569,885.39 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд тодорхой зааж өгсөн байх ба, хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргана, 55 дугаар зүйлийн 55.7. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж хуульд заасны дагуу энэ гомдлыг гаргаж байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ тогтоох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны

11 сарын 13-ны өдрийн 183/Ш32018/.......дугаар захирамж, мөн шүүхийн 2018 оны

12 сарын 20-ны өдрийн 183/ГХ2018/............. дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Н ТБ т шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 сарын 09-ний өдрийн 19290131/03 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор барьцааны хөрөнгийг битүүмжилж, 2019 оны 01 сарын 16-ны өдрийн 19293131/04 дугаартай Эд хөрөнгийг хураах тухай тогтоолоор барьцааны хөрөнгийг хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарыг харилцан тохиролцсон гэж үзэж, Б.У  миний өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо /хуучнаар 1-р хороо/, .................. тоот хаягт байршилтай, 65,38 м.кв талбайтай, 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнлгээг 200,000,000 төгрөгөөр тогтоогоод байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1,-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө., 55.5. Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заажээ.

Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,-д зааснаар төлбөрт хураасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа дээр дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан ажиллагааг явуулаагүй, тухайлбал ... тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө, 55.5-д заасан ажиллагааг тус тус хийгээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчсөн, хуульд заасан энэ дарааллын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй гэж үзэж байна.

Иймд төлбөрт битүүмжилж, хурааж авсан сарьцааны хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13292 дугаар шүүгчийн захирамжаар Б.У ээс 50.584.885 төгрөгийг гаргуулж Ариг банкинд олгох, шүүгчийн захирамжийг биелүүлээгүй тохиолдолд

-Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, .............. тоот хаягт байршилтай 65.38 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү............... дугаарт бүртгэлтэй орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2018 оны 12 дүгээр сарын 27-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Б.У т шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.У ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Олимп гудамж ................. тоот хаягт байршилтай 65.38 м,кв талбайтай, улсын бүртгэлийн .............. дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 19290131/03 тогтоолоор битүүмжилж, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 19290131/05 тоот тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 4/18507 тоот албан бичгээр талуудад үнийн санал ирүүлэх мэдэгдлийн хүргүүлэхэд төлбөр төлөгч Б.У  нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн өмчлөлийн орон сууцыг 200.000.000 төгрөгөөр үнэлж байгаа, төлбөр авагч Ариг банк үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн тухай хүсэлтийг тус тус ирүүлсэн тул талуудад 200.000.000 төгрөгөөр харилцан тохиролцсон мэдэгдлийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 4/19987 тоот албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасан талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэсэн заалтыг хугацаа хэтрүүлэн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжпэл гаргасан байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураасан ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх Б.У ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч 2019.10.21-ний өдрийн нэхэмжлэлдээ ...шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дарааллыг зөрчсөн, энэ дарааллын дагуу ажиллагааг явуулаагүй гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байна.

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд Ариг банк ХХК, Б.У  нарын хоорондын зээлийн гэрээний үүрэгт 50.569.885.39 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаанд Хан-Уул дүүрэг дэх Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан 2018.10.30-ны өдрийн 243 дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан тус шүүхийн 2018.11.13-ны өдрийн 13292 дугаар шүүгчийн захирамж гарсан байна.

Дээрх шүүгчийн захирамж болон 2018.12.20-ны өдрийн шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Б.У ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оддын хотхон .............. тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.01.09-ний өдрийн 19290131/03 дугаар тогтоол, мөн 2019.8.23-ны өдрийн 19290131/05 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоол тус тус гарсан улмаар төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

 

Төлбөр төлөгч Б.У  нь тухайн орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр үнэлж, 2019.08.28-ны өдрийн өөрийн хүсэлтийг ирүүлсэн, төлбөр авагч Ариг банк ХХК дээрх үнийн саналыг хүлээн зөвшөөрч, албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019.08.29-ний өдрийн хүсэлтийг гаргасан, талуудын зөвшөөрсөн буюу харилцан тохиролцсон үнэ 200.000.000 төгрөгөөр үнэлсэн болохыг 2019.09.17-ны өдрийн 4/19987 тоот албан бичгээр талуудад мэдэгдсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан, нэхэмжлэгч дээрх хугацааг хэтрүүлэн 2019.10.21-нд шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Дээрх байдлуудаас үзэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, шүүхэд гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул Б.У ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Талуудын тогтоосон үнийн 70 хувиар тооцон, анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-дэх заалтыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.11.13-ны өдрийн 13292 дугаар шийдвэртэй хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2019.10.31-ний өдрийн 12562 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Н ТБ т холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Б.У ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.10.21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.31-ний өдрийн 12562 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ