Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 1008

 

 

“И С” ХХК, Б.Гнарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,         

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2020/00174 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “И С” ХХК, Б.Г нарын хариуцагч БНДШШХ-т холбогдуулан гаргасан “И С” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “И С” ХХК, Б.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00278 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01586 дугаар тогтоолоор хариуцагч Д.А, Ц.С нараас “И С” ХХК-ийн 30 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компаний эзэмших эрхийн хамтаар гаргуулан нэхэмжлэгч Б.Г  улсын тэмдэгтийн хураамж 1 907 410 төгрөгийн хамтаар олгохоор, хариуцагч Д.А-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Г-өөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашиныг 50 950 000 төгрөгийн хамт гаргуулж хариуцагч Д.А, Ц.С нарт, мөн 49 461 024 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 404 716 төгрөгийн хамт Д.А-д олгохоор тус тус шийдвэрлэсэн. “И С” ХХК нь иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй болно. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч М.Нямжанцан нь төлбөр төлөгч бус “И С” ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208002989 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэн битүүмжлэх хөрөнгийн жагсаалтад оруулсан нь хуулийн этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. “И С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гнь иргэнийхээ хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч бөгөөд Б.Г  холбогдолтой асуудалд “И С” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар битүүмжилсэн талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гэтэл Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь ШШГЕГ-т өгөгдсөн чиглэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажлаа хуульд нийцүүлэн хийлгүйгээр илт үндэслэлгүй хариу өгсөн. БНДШШХ болон тус хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч М.Нямжанцан нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, нэг талд давуу эрх олгосон. Б.Гтөлбөр төлөгч байхад түүний нэр дээр хөрөнгө байгаа эсэхийг шалгаагүй атлаа “И С” ХХК-ийн захиран зарцуулах, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан гэжээ.

Хариуцагч БДШГХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1101 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2018/01586 дугаар тогтоолоор Д.А, Ц.С нараас “И С” ХХК-ийн 30 000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрх, улсын тэмдэгтийн хураамж 1 907 410 төгрөгийг  гаргуулж Б.Г  тус тус олгохоор, мөн шүүхийн шийдвэрээр “И С” ХХК-ийн захирал Б.Г-өөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашин 50 950 000 төгрөгийг хамт гаргуулж Д.А, Ц.С нарт, мөн 49 461 024 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 404 716 төгрөг, нийт 100 815 740 төгрөгийг гаргуулж Д.А, Ц.С нарт олгохоор шийдвэрлэгдсэн. Д.А, Ц.С нараас “И С” ХХК-ийн 30 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрх, улсын тэмдэгтийн хураамж 1 907 410 төгрөгийг Б.Г  олгох гүйцэтгэх баримт бичигт 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Д.А, Ц.С нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.А, Ц.С нарын “И С” ХХК-ийн 30 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа, компанийн эзэмших эрхийг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Б.Г  шилжүүлж, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сарангэрэл, М.Бадамханд нараас Ч.Сарангэрэлийг байлцуулан “И С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээ, тамга, эд хөрөнгийг нэг бүрчлэн хүлээлцэн төлбөр авагч Б.Гболон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нарт хүлээлгэн өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон.

“И С” ХХК-ийн захирал Б.Г-өөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашин 100 815 740 төгрөгийг гаргуулж Д.А, Ц.С нарт олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч “И С” ХХК-ийн захирал Б.Г-өөс AUDI маркын УНО 89-02 улсын дугаартай автомашиныг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 19320029/03 дугаар тогтоолоор битүүмжлэн хурааж төлбөр авагч Д.А-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сарангэрэлд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр шилжүүлэн өгсөн. Төлбөр төлөгч “И С” ХХК-ийн захирал Б.Гантөмөр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нарт 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 19320029/05 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19320029/06 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр төлбөрийг 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй. “И С” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжлээгүй, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1/340 тоот албан бичгээр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст “И С” ХХК-ийн захирал Б.Г-ийн  өмчлөлтэй 2711001077 улсын бүртгэлийн дугаар, 000063144 тоот гэрчилгээтэй “И С” ХХК-ийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, мөн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/352 тоот албан бичгээр үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Улсын бүртгэлийн хэлтэс 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх, 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс үйл ажиллагаа явуулах эрхэд хориг тавьсан болохыг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас “И С” ХХК-аас төлбөр гаргуулахаар гаргаагүй Б.Г-өөс гаргуулахаар гарсан нь буруу юм. Б.Г-ийн  нэр дээр хөрөнгө байгаа эсэх талаар цахимаар лавлагаа авснаа хавтаст хэрэгт өгөөгүй. 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Б.Г-ийн  банкны харилцах дансыг битүүмжлэх арга хэмжээг авсан гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.10, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар “И С” ХХК, Б.Гнарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн БНДШШХт холбогдох Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 103/ГХ2019/00004 дугаар шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар “И С” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх “И С” ХХК, Б.Гнарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШЗ2020/00268 дугаар шүүгчийн захирамж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх “И С” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх “И С” ХХК, Б.Гнарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэж заасан. БНДШШХ нь “И С” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22098002989 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1/352 тоот албан бичгээр түдгэлзүүлэн улмаар Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байхад шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж “И С” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “И С” ХХК, Б.Гнар хариуцагч БНДШШХт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох, “И С” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч “И С” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргасан.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний 103/ШШ2018/00065 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний 1101 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 1586 дугаар тогтоолоор Б.Г-өөс AUDI маркийн УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 50 950 000 төгрөг гаргуулан Д.А, Ц.С нарт олгож, Д.А, Ц.С нараас “И С” ХХК-ийн 30 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт гаргуулж Б.Голгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Д.А, Ц.С нарт холбогдуулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, “И С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, тамга тэмдэг зэрэг бичиг баримтыг гаргуулан, төлбөр авагч Б.Г  хүлээлгэн өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хх 42, 61/

Төлбөр төлөгч Б.Гнь Д.А, Ц.С нарт AUDI маркийн УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 50 950 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1930029 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулжээ. /хх-62/

Хариуцагч БНДШШХ дээрх ажиллагааг явуулахдаа, төлбөр төлөгч Б.Г-ийн  нэр дээр банкинд харилцах болон хадгаламжийн данс, хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө байгаа эсэхийг тодруулах ажиллагааг хийсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  

Тиймээс дээр дурьдсан ажиллагааг явуулахгүйгээр иргэн Б.Г-ийн  эзэмшлийн “И С” ХХК буюу хуулийн этгээдийн захиран зарцуулах эрх болон үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болохыг тогтоосон шүүхийн дүгнэлт зөв.

Харин хариуцагчаас иргэн Б.Г-ийн  эзэмшлийн “И С” ХХК буюу хуулийн этгээдийн захиран зарцуулах эрх болон үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах агуулга бүхий албан бичиг хүргүүлснийг “хөрөнгө битүүмжлэх” ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч иргэний хөрөнгийг битүүмжлэх тогтоол үйлдээгүй байхад нэхэмжлэгч нь “битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх” гэж шаардлагаа тодорхойлсон нь ойлгомжгүй байна..

Иймд шүүх “И С” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийн жагсаалтад оруулаагүй гэж дүгнэн, энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хууль буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2020/00174 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.МӨНХЗУЛ

                                     ШҮҮГЧИД                                   Ч.ЦЭНД    

                                                                                         Д.БАЙГАЛМАА