Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00860

 

         

                                                  Их суудал ХХК, Б.Г нарын

                                    нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2020/00174 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1008 дугаар магадлалтай,

Их суудал ХХК, Б.Г  нарын нэхэмжлэлтэй,

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох

Их суудал ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.09-ний өдрийн 103/ШШ2018/00278 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2018.11.06-ны өдрийн 001/ХТ2018/01586 дугаар тогтоолоор хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нараас Их суудал” ХХК-ийн 30,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрхийн хамтаар гаргуулан Б.Г-т улсын тэмдэгтийн хураамж 1,907,410 төгрөгийн хамтаар олгохоор, хариуцагч Д.Алтангэрэлийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Б.Г-өөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашиныг 50,950,000 төгрөгийн хамт гаргуулж, хариуцагч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт, мөн 49,461,024 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн 404,716 төгрөгийн хамт Д.Алтангэрэлд олгохоор тус тус шийдвэрлэсэн. Их суудал ХХК нь иргэн, хуулийн этгээдэд өр төлбөргүй болно. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч М.Нямжанцан нь төлбөр төлөгч бус Их суудал ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2208002989 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэн битүүмжлэх хөрөнгийн жагсаалтад оруулсан нь хуулийн этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Их суудал ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Г  нь иргэнийхээ хувьд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны оролцогч бөгөөд Б.Г -т холбогдолтой асуудалд Их суудал ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар битүүмжилсэн талаар ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. Гэтэл Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь ШШГЕГ-т өгөгдсөн чиглэлийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажлаа хуульд нийцүүлэн хийлгүйгээр илт үндэслэлгүй хариу өгсөн. Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс болон тус хэлтсийн шийдвэр гүйцэтгэгч М.Нямжанцан нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, нэг талд давуу эрх олгосон. Б.Г  төлбөр төлөгч байхад түүний нэр дээр хөрөнгө байгаа эсэхийг шалгаагүй атлаа Их суудал ХХК-ийн захиран зарцуулах, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан гэжээ.

Хариуцагч Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.11-ний өдрийн 1101 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2018.11.06-ны өдрийн 001/ХТ2018/01586 дугаар тогтоолоор Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нараас Их суудал ХХК-ийн 30,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрх, улсын тэмдэгтийн хураамж 1,907,410 төгрөгийг гаргуулж Б.Г-т тус тус олгохоор, мөн шүүхийн шийдвэрээр Их суудал ХХК-ийн захирал Б.Г -өөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашин 50,950,000 төгрөгийг хамт гаргуулж, Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт, мөн 49,461,024 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 404,716 төгрөг, нийт 100,815,740 төгрөгийг гаргуулж Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт олгохоор шийдвэрлэгдсэн. Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нараас Их суудал ХХК-ийн 30,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрх, улсын тэмдэгтийн хураамж 1,907,410 төгрөгийг Б.Г-т олгох гүйцэтгэх баримт бичигт 2018.12.27-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарын Их суудал ХХК-ийн 30,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа, компанийн эзэмших эрхийг 2019.05.16-ны өдөр Б.Г -т шилжүүлж, 2019.06.03-ны өдөр Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сарангэрэл, М.Бадамханд нараас Ч.Сарангэрэлийг байлцуулан Их суудал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгө өмчлөх гэрчилгээ, тамга, эд хөрөнгийг нэг бүрчлэн хүлээлцэн төлбөр авагч Б.Г болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нарт хүлээлгэн өгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг дуусгавар болгосон.

Их суудал ХХК-ийн захирал Б.Г-өөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашин 100,815,740 төгрөгийг гаргуулж Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт 2019.01.04-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Их суудал ХХК-ийн захирал Б.Г -өөс AUDI маркийн УНО 89-02 улсын дугаартай автомашиныг 2019.05.03-ны өдөр 19320029/03 дугаар тогтоолоор битүүмжлэн хурааж төлбөр авагч Д.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Сарангэрэлд 2019.05.10-ны өдөр шилжүүлэн өгсөн. Төлбөр төлөгч Их суудал” ХХК-ийн захирал Б.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа нарт 2019.06.03-ны өдөр 19320029/05 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019.06.11-ний өдрийн 19320029/06 тоот шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлээр төлбөрийг 2019.07.03-ны өдрийн дотор биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй. Их суудал” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор битүүмжлээгүй, 2019.08.23-ны өдрийн 1/340 тоот албан бичгээр Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Их суудал” ХХК-ийн захирал Б.Г -ийн өмчлөлтэй 2711001077 улсын бүртгэлийн дугаар, 000063144 тоот гэрчилгээтэй Их суудал” ХХК-ийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, мөн 2019.08.28-ны өдрийн 1/352 тоот албан бичгээр үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх албан бичгийг хүргүүлсэн. Улсын бүртгэлийн хэлтэс 2019.08.26-ны өдрөөс үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх, 2019.09.03-ны өдрөөс үйл ажиллагаа явуулах эрхэд хориг тавьсан болохыг мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас Их суудал” ХХК-иас төлбөр гаргуулахаар гаргаагүй Б.Г -өөс гаргуулахаар гарсан нь буруу юм. Б.Г-ийн нэр дээр хөрөнгө байгаа эсэх талаар цахимаар лавлагаа авснаа хавтаст хэрэгт өгөөгүй. 2019.10.29-ний өдөр Б.Г -ийн банкны харилцах дансыг битүүмжлэх арга хэмжээг авсан гэжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2020/00174 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.10, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт зааснаар Их суудал ХХК, Б.Г нарын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Багануур дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдох Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.02-ны өдрийн 103/ГХ2019/00004 дүгээр шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар Их суудал ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх Их суудал ХХК, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн 103/ШЗ2020/00268 дугаар шүүгчийн захирамж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1008 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2020/00174 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас “Их Суудал” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх гэсэн шаардлагыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх болсон үндэслэлээ шүүх “...Багануур дүүрэг дэх Шүүхиин шийдвэр гүйцэтгэх хэлтэс “Их Суудал” ХХК-ийн захиран зарцуулах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх тухай албан тоотыг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн болохоос “Их Суудал” ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолгүй, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтад оруулаагүй байх тул “Их Суудал” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай Б.Г, “Их Суудал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэж тайлбарласан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий шийдвэр гэж дүгнээд шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг хэрэглэх ёстой байсан боловч энэ заалтыг хэрэглэлгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй.

Давж заалдах шатны шүүх “...хариуцагч Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь “Их Суудал” ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолыг үйлдээгүй гэдгээ тайлбартаа дурддаг, битүүмжлэх тогтоол байхгүй учир тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн гэж үзэхгүй...” гэх утга бүхий дүгнэлтийг хийсэн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэж заасан. Хүчин төгөлдөр хуулийн энэ заалтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “Их Суудал” ХХК нь эзэмшиж ашиглаж, зээлийн барьцаанд тавих, худалдан борлуулах гэх мэт хөрөнгөд шилжилт хөдөлгөөн хийх аливаа эрх бүхэн нь түдгэлзсэн байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасантай нийцсэн “эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно”. Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь “Их Суудал” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22098002989 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2019.08.28-ны өдрийн 1/352 тоот албан бичгээр түдгэлзүүлэн улмаар Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийг зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ үйл баримтад илт буруу дүгнэлт өгсөн. Давж заалдах шатны шүүхийн “баримтгүй” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй дүгнэлт гэж үзэж байна. Шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан ТҮЦ машины тодорхойлолт болон Багануур дүүргийн бүртгэлийн хэлтэст хандан Багануур дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс хүргүүлсэн 2019.08.28-ны өдрийн 1/352 тоот албан тоотын огноонууд болон хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгч “Их-Суудал” ХХК-ийн эрхийг хязгаарласан нь тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэстэй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн “Их Суудал” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх” гэсэн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Их суудал ХХК, Б.Г нар Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан “Их суудал ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.02-ны өдрийн 103/ГХ2019/00004 дүгээр шийдвэрийн дагуу хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус болохыг тогтоож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 зааснаар Их суудал ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай “Их суудал ХХК, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, уг алдааг залруулах боломжтой байх тул шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.11-ний өдрийн 1101 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.11.06-ны өдрийн 1586 дугаар тогтоолоор Б.Г-өөс AUDI маркийн УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 50,950,000 төгрөг гаргуулан Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт олгож, Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нараас Их суудал ХХК-ийн 30,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт гаргуулж Б.Г-т олгохоор шийдвэрлэжээ.

Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт холбогдуулан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, Их суудал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, тамга тэмдэг зэрэг бичиг баримтыг гаргуулан, төлбөр авагч Б.Г-т хүлээлгэн өгснөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болжээ.

Төлбөр төлөгч Б.Г нь Д.Алтангэрэл, Ц.Сэрдагва нарт AUDI маркийн УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 50,950,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.01.04-ний өдрийн 1930029 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн явуулсан байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь “Их суудал ХХК-ийн хөрөнгө захиран зарцуулах болон үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулах агуулгатай байх ба уг ажиллагааг хууль бус гэж үзжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хариуцагч нь Б.Г-ийн эзэмшлийн Их суудал ХХК буюу хуулийн этгээдийн захиран зарцуулах эрх болон үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах агуулга бүхий 2019.08.23-ны өдрийн 1\340, 2019.08.28-ны өдрийн 1\352 тоот албан бичгийг Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн, 2019.08.26-ны өдрөөс тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх, 2019.09.03-ны өдрөөс компанийн үйл ажиллагаа явуулах эрхэд хориг тавьсан  ажиллагаа нь төлбөр төлөгч бус этгээдийн эрх ашгийг зөрчсөнөөс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Шийдвэр гүйцэтгэгчийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-т “төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг түдгэлзүүлэх”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” гэснийг тус тус зөрчжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019.06.10-ны өдөр баталсан Маягтын жагсаалт, загварт нэмэлт оруулах тухай тушаалын хавсралтад дурдсан маягт 54-ийг хэрэглэлгүй албан тоотоор Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсаныг зөвтгөх боломжгүй.   

Их суудал ХХК-ийн хөрөнгө захиран зарцуулах, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээр дурдсан зохицуулалт болон хуулийн 49, 86 дугаар зүйлийг зөрчсөн болохыг хоёр шатны шүүх анхаараагүй, хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй байна. 

Иймд Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “Их суудал” ХХК-ийн үйл ажиллагаатай  холбогдуулан явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1008 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 103/ШШ2020/00174 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

а/ 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 дэх заалт болгон “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.10, 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дахь хэсэгт зааснаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.01.02-ны өдрийн 103/ГХ2019/00004 дүгээр шийдвэрийн дагуу хийгдэж буй Их суудал ХХК-ийн захиран зарцуулах, үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосугай.” гэж,

 б/ 3 дахь заалтыг 2 дахь заалт, 4 дэх заалтыг 3 дахь заалт, 5 дахь заалтыг 4 дэх заалт, 6 дахь заалтыг 5 дахь болгон тус тус өөрчилж,

в/ 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 140,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан олгосугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД   

                              ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Г.ЦАГААНЦООЖ

                                                                              Д.ЦОЛМОН