| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 102/2019/03656/и |
| Дугаар | 1007 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 1007
“Х Х банк” ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00425 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Х Х банк” ХХК-ийн хариуцагч “Н” ХХК, “Д” ХХК, Б.С, О.Д, Д.Н, В.С, Э.Э нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 326 240 869.12 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.С-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Д, нар “Х Х банк” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээг байгуулан 300 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 39 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч О.Д, Б.Снар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож зээлдэгч О.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205046532 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж, 22 дугаар байр, 1 дүгээр давхар, А тоотод байршилтай, 105 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, О.Д, И.Баярсайхан нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205037056 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж, 22 дугаар байр, 48 тоот хаягт байрлах, 60.47 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, О.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204070366 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 409 дүгээр байр, 7 тоот хаягт байрлах, 84.66 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, Б.Мөнхбаярын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205032211 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 1А, 2А, ЗА дугаар байрнуудын зоорийн давхарт байрлах 17.26 м.кв талбай бүхий 36 дугаартай авто зогсоол, О.Дгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204075875 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо /13313/, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 403 дугаар байр, зоорийн давхрын 69 тоот хаягт байршилтай 15 м.кв талбай бүхий автозогсоолыг тус тус барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан. Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан эргэн төлөх хуваарийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй тул нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлдэгч О.Д, Б.С, баталгаа гаргагч Э.Э, В.С, Д.Н, “Д” ХХК, -аас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 281 521 198.96 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 44 023 732.89 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 643 437.27 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд төлсөн 52 500 төгрөг, нийт 326 240 869.12 төгрөг гаргуулж, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Д болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр “Х Х банк” ХХК-аас О.Д, Б.Снар нь 300 000 000 төгрөгийг 39 capын хугацаатай зээлсэн. Улмаар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч сүүлийн саруудад эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалан санхүүгийн хүндрэл үүсч хугацаа хоцроосон тохиолдол байсан. Зээлдэгч нь 3,3 жилийн хугацаатай зээлийн төлбөрийг буцаан төлнө хэмээн ойлгож байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг цаашид хэвийн гүйцэтгэх боломжтой тул гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэлд дурьдсан зээлийн үлдэгдэл, хүү тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэт ихэсгэсэн байна. Шүүхэд хандахад гарсан зардал хэмээн 52 500 төгрөгийг нэхэмжилсэн байгаа нь үндэслэлгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргах нь нэхэмжлэгчийн өөрийн эрхийн асуудал уг зардлыг хариуцагч төлөх үндэслэлгүй. Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул гэрээ үргэлжилж буй мэтээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Сболон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр “Х Х банк” ХХК-аас О.Д, Б.Снар нь 300 000 000 төгрөгийг 39 capын хугацаатай зээлсэн. Улмаар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэж байсан боловч санхүүгийн хүндрэл үүсч үүргийн гүйцэтгэлийн хугацаа хоцроосон тохиолдол байсан. Зээлдэгч нь 3,3 жилийн хугацаатай зээлийн төлбөрийг буцаан төлнө хэмээн ойлгож байсан бөгөөд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг цаашид хэвийн гүйцэтгэх боломжтой тул нэхэмжлэгч гэрээний хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандсанд харамсаж байна. Нэхэмжлэлд дурьдсан зээлийн үлдэгдэл, хүү тооцооллыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэт ихэсгэсэн байна. Шүүхэд хандахад гарсан зардал 52 500 төгрөгийг зээлдэгч нар төлөх үндэслэлгүй. Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Н болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.С, О.Д нарын бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг болох үүднээс зээлийн баталгаа гаргаж өгсөн. Зээлдэгч О.Д, Б.Снар зээлийг хугацаанд нь бүрэн төлөх боломжтой гэж байсан бөгөөд тэдний тооцоогүй байдлаас болж манай хоёр тал адилхан хохирсон. Миний бие “Х Х банк” ХХК-аас зээл аваагүй тул энэ хэргийн хариуцагч биш гэж үзэж байна. Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч В.С болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам нар шүүхэд гаргасан тайлбартаа: Б.С, О.Д нарын бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг болох үүднээс зээлийн баталгаа гаргаж өгсөн. Зээлдэгч О.Д, Б.Снар зээлийг хугацаанд нь бүрэн төлөх боломжтой гэж байсан бөгөөд тооцоогүй байдлаас болж манай хоёр тал адилхан хохирсон. Миний бие “Х Х банк” ХХК-аас зээл аваагүй тул энэ хэргийн хариуцагч биш. Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул гэрээ үргэлжилж буй мэтээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “Д” ХХК, “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам шүүхэд гаргасан тайлбартаа: Банкны зүгээс нэгэнт зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний төлбөрийг гаргуулах нэхэмжлэл гаргасан тул гэрээ үргэлжилж буй мэтээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрийг хариуцагч “Н” ХХК бүрэн хариуцаж зээлээ төлөх боломжтой. “Х Х банк” ХХК-аас “Н” ХХК-ийн захирал Б.С-гийн зээлсэн 300 000 000 төгрөгийг тус компани АНУ-ын H20IL корпорациас бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан. Тухайн бараа хэдий хэмжээтэй худалдан борлуулагдаж, ямар хэмжээний ашиг орлогтой ажиллаж байгаа талаар миний бие огт мэдэхгүй. Захирал Б.С, Д.Н нар нь компанийн үйл ажиллагаа, ашиг орлого зэргийг нууцалж, компанийн санхүүгийн бичиг баримттай танилцах боломжийг хаасан. “Н” ХХК-ийн үйл ажиллагааг Б.С, Д.Н нар нь бүрэн хариуцаж байгаа. Миний бие тус компанид ажиллахаа больсон. 2018 оны 12 дугаар сард “Х Х банк”-аас зээл авахад нь таагүй хандаж байсан. Б.С, Д.Н нар нь гэрээ хийж халхавчилж бусдын үл хөдлөх хөрөнгө болон хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж бусдыг хохироосон. Зээл авах асуудлыг Б.С, Д.Н нар гардан гүйцэтгэж намайг ирж гарын үсэг зурахыг шаардсан. “Х Х банк” ХХК-ийн нэхэмжилж байгаа зээлийн төлбөрийг миний бие төлөх үндэслэлгүй. Өөрийн амьдарч байсан 2 өрөө байраа “Н” ХХК-ийн өмнөөс хураалгаж их хэмжээгээр хохирсон. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х Х банк” ХХК болон хариуцагч О.Д, Б.Снарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ/RCC181214035-2 дугаар зээлийн гэрээг цуцалж, хариуцагч О.Д, Б.Снараас 315 401 805.35 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Х Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг 10 839 063.76 төгрөг гаргуулах, хариуцагч “Д” ХХК, “Н” ХХК, Э.Э, В.С, Д.Н нарт холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Д, Б.Снар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2205046532 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байр, 1 дүгээр давхар, А тоотод байршилтай, үйлчилгээний зориулалттай, 105 м.кв талбайтай, үл хөдлөхөд эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205037056 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол /16051/, Хатанбаатар Магсаржавын гудамж 22 дугаар байр, 48 тоотод байршилтай, орон сууцны зориулалттай, 60,47 м.кв талбайтай, гурван өрөө үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2204070366 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13313 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 409 дүгээр байр, 7 тоот хаягт байршилтай, 84,66 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2205032211 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 1А, 2А, 3А дугаар байрнуудын зоорийн давхарт байршилтай, 17,26 м.кв талбайтай, 36 дугаарын автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг, улсын бүртгэлийн Ү-2204075875 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, /13313/ Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 403 дугаар байр, зоорийн давхрын 96 тоот хаягт байршилтай, 15 м.кв талбайтай, автозогсоолын зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 993 534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Д, Б.Снараас улсын тэмдэгтийн хураамжид 1 805 159 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Б.Сдавж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч нараас 315 401 805,35 төгрөг гаргуулж шийдвэрлэснээс 33 528 005 төгрөгийн хэмжээнд эс зөвшөөрч байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд төлвөл зохих хүүгийн хэмжээг нэмэгдүүлэн тооцож 33 528 005 төгрөгийг илүү гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 300 000.84 төгрөг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүүгийн тооцооллоор нотлогдож байхаас гадна хариуцагч нар үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар үгүйсгэж чадаагүй байна гэж дүгнэсэн. Мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйл болон холбогдох бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Зээл, зээлийн хүүгийн тооцоолол нь Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот журамд нийцээгүй. Иймд шүүхийн шийдвэрийн өөрчлөлт оруулж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 315 401 805.35 төгрөгөөс 33 528 005.56 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлж, уг маргаанд хамаарах холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Нэхэмжлэгч “Х Х банк” ХХК нь хариуцагч “Д” ХХК, “Н” ХХК, О.Д, Б.С, В.С, Д.Н, Э.Э нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлт, нотариатын зардал нийт 326 240 869,12 төгрөг гаргуулан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч “Х Х банк” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/RCC181214035-2 тоот зээлийн гэрээ байгуулан, 300 000 000 төгрөгийг 39 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, жилийн нэмэгдүүлсэн хүү 4,32 хувь байхаар тохиролцон зээлсэн байна. Гэрээний хүчин төглдөр байдлын талаар талууд маргаагүй.
Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа үүсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт зөв. /хх-15-20/
Хариуцагч Б.С, О.Д нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэлгүй, зээлийн хүүг хэт ихэсгэсэн, нотариатын зардал төлөх үндэслэлгүй, гэрээг цуцалж байгаа тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй” гэж, хариуцагч Д.Н, В.С, Э.Э нар “...О.Д, Б.Снар мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан тул буцааж төлөх ёстой гэж” маргасан байна.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор, О.Д, Б.Мөнхбаяр, И.Баярсайхан нарын өмчлөлийн үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгө болон 2 орон сууц, 2 автозогсоол зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангажээ. /хх-21-49/
“Х Х банк” ХХК нь хариуцагч Б.С, О.Д нарын зээлийн гэрээний үүргийг хангуулахаар баталгаа гаргагч “Д” ХХК, “Н” ХХК, Э.Э, В.С, Д.Н нартай 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталгааны гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” гэж зааснаас үзэхэд зээлдэгч О.Д, Б.Снар “Х Х банк” ХХК-аас авсан зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тохиолдолд баталгаа гаргагч нь уг төлбөрийг төлөхөөр байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгч нь баталгаа гаргагч Э.Э, В.С, Д.Н, “Д” ХХК, “Н” ХХК-аас зээлийн гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Нэхэмжлэгч “Х Х банк” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч Б.С, О.Д нар зээлийн эргэн төлөх хуваарийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс зөрчсөн тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн төлбөрт 326 188 369.12 төгрөг гаргуулна гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан баримтаар “Х Х банк” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр зээлдэгч О.Д, Б.Снарт “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн бөгөөд зээлийн хэвийн бус ангилалд шилжсэн, хуваарийн дагуу төлөх үндсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөрийг мэдэгдэл авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах” талаарх мэдэгдлийг хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-81/
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 6.2.3, 10.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.С, О.Д нар зээлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч “Х Х банк” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнээс татгалзах эрхтэй юм. Иймээс зээлийн гэрээг цуцалсан нь буруу гэх хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй болно.
Хариуцагч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд үндсэн зээл 59 056 381 төгрөг төлөхөөс 18 478 801 төгрөг төлж, 40 577 580 төгрөг төлөөгүй, үндсэн хүү 52 938 339.58 төгрөг төлөхөөс 19 410 334.02 төгрөг төлж, 33 528 005.56 төгрөг төлөөгүй, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 626 991.47 төгрөг төлөхөөс 326 890.36 төгрөг төлж, 300 100.84 төгрөг тус тус төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн гаргасан зээл, зээлийн хүүгийн тооцоололоор тогтоогдсон байна.
Хариуцагч Б.С, О.Д нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 281 521 198.96 төгрөг, үндсэн хүү 33 528 005.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлд 300 100.84 төгрөг, нийт 315 349 305.35 төгрөгийг нэхэмжлэгч “Х Х банк” ХХК-д төлөх үүрэгтэй.
Мөн хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотариатын зардалд 52 500 төгрөг төлсөн байх тул уг зардлыг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй тул шүүх хариуцагчаас зээлийн төлбөр 315 349 305.35 төгрөгийг нотариатын зардал 52 500 төгрөгийн хамт нийт 315 401 805,35 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.
Хариуцагч Б.С, О.Д нар зээл, зээлийн хүүгийн тооцоолол буруу гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.
Нэхэмжлэгч гэрээг цуцлах шаардлагыг шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гаргасан тул мөн өдрөөр гэрээ цуцлагдсанд тооцно. Иймээс мөн хугацаанаас хойшх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 10 839 063,76 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Дээр дурьдсан үндэслэлээр хариуцагч Б.С-гийн гаргасан “шүүх нотлох баримт буруу үнэлсэн, зээлийн хүүг илүү тооцсон” гэх гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2020/00425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.С-гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325 590 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.БАЙГАЛМАА