Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1071

 

Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд       даргалж, шүүгч С.Энхтөр, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00897 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч МОХННУБТЗ-д холбогдох

Гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ч-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Ч- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянбуурал амралтанд амрах гэж явсан. Тус амралтын газар очоод, галт тэрэгнээс буухдаа хоёр хөлөөрөө гишгээд нэг метрийн өндөртэй газраас налуу хайргатай газар бороо орж байхад буусан. Би гараараа шатны бариулаас бариад баруун хөлөө тавиад, зүүн хөлөөрөө гишгэхдээ хальт гишгээд хөлөө хугалсан. Тэр үед уйлж суугаад юу болж байсныг сайн анзаараагүй. Улаанбаатар буцах вагон 7-10 минутын дотор ирдэг юм билээ. Тэр хооронд Баянбуурал амралтын газар руу утсаар хэлээд хот буцах галт тэрэгт суусан. Ингээд Улаанбаатар хотод 17 цаг өнгөрөөж буугаад, Гэмтэл согогийн үндэсний төвийн эмнэлэгт үзүүлээд, хөлөндөө гипс хийлгэсэн. Хөлийнхөө гипсийг 2019 оны 10 дугаар сард авахуулсан. Миний хувьд 3 сар ажлаа алдсан. 2020 оны 01 дүгээр сард таягаа хаясан. Энэ хугацаанд гарсан бодит зардалд 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөг нэхэмжилснийг гаргуулж өгнө үү. Миний хувьд хоёр суга таягтай гомдол гаргаад явах боломж байгаагүй мөн хүүхдүүд өвчтэй байж гээд гомдол гаргахыг зөвшөөрөөгүй. Би гараа бариулнаас тавиад доошоо буухдаа хальт гишгэсэн үйлдлээс болж унасан тул эмчийн тэмдэглэлийг буруу бичигдсэн гэж үзэх үндэслэлгүй юм билээ. Энэ тухай эмнэлгийн байгууллага албан ёсоор надад тайлбар өгснийг шүүхэд өгсөн. Нэг метрийн өндөр газраас арай гэж буух явцдаа унасан миний буруу биш. Энэ бол хариуцлагагүй, пиронгүй газар буулгасан Улаанбаатар төмөр замын байгууллага болон түүний анхааруулаагүй галт тэрэгний ажилтны буруу. Биднийг ийм газар болгоомжтой буугаарай гэж хэлээгүй. Үйлчлэгч тусламж үзүүлэх шаардлагагүй гэж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дугаартай журманд аюулгүй байдал хангаж ахмад настан, нялхаст анхаарал тавих мөн галт тэрэгнээс буулгаж туслах гэж заасан байна. Тэгэхэд үйлчлэгч хариуцлагаас айсан учраас чимээгүй хараад шууд явсан. Би унасан газраасаа нэг ч алхам холдоогүй. 10 минутын хооронд надад явган явах хугацаа байгаагүй. Хүнээр өргүүлж пирон дээр очсон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 9 дүгээр галт тэргээр явж Баянбуурал амралтын газар бууж байх явцдаа хөлөө гэмтээсэн эсэхийг тухайн галт тэрэгний дарга, үйлчлэгч болон бусад ажилчид хараагүй байдаг. Хэрвээ харсан буюу мэдсэн тохиолдолд эдгээр ажилчид тэр даруй эмнэлгийн анхан шатны арга хэмжээ авах, илтгэл бичиж өгөх, холбогдох удирдлагад танилцуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй. Гэтэл ийм үйл явдал болсон талаар тухайн үед дээрх ажилтнуудаас гаргасан буюу мэдэгдсэн ямар нэгэн тайлбар, тодорхойлолт байдаггүй. 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хугацаа буюу 5 сарын хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй. Осол гэмтлийн шалтгааныг осол гэмтлийг судлан бүртгэх хуудас дээр явганаас бэртсэн гэж тэмдэглэсэн байдаг. ГССҮТ-ийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 02/287 дугаартай албан бичгээр энэ маягтад бүртгэж буй мэдээллийн үнэн зөв байдал нь үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээс бүрэн хамаарна гэсэн байна. Нэхэмжлэгч хальт гишгэвэл унаж болно, хальт гишгэхгүй байвал гэмтэхгүй гэдгээ хүн өөрөө мэдэж байх ёстой. Хальт гишгэсэн учраас гэмтсэн гэдгээ нэхэмжлэлдээ ч тэр, тайлбараа ч хэлж байна. Энэ хүний буух явцдаа гэмтсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Хальт гишгэсэн гэдэг нь тухайн хүний болгоомжгүй байдлаас болсон ба үүнээс шалтгаалж өөрийн эрүүл мэнддээ хохирол учруулсан байна. Баянбуурал амралтын зогсоол тахир байдаг. Гадна тал нь зорчигчдын буудаг хэсэг тахир газар зүтгүүр буюу галт тэрэг туслах машин, зүтгүүрийн бригад бууж байгаа хүмүүсийг харах боломжгүй. Зүтгүүрийн бригад галт тэрэгнээс хүмүүс бууж байх үед харах боломжгүй учраас дохио өгөх ёстой. Галт тэрэгний үйлчлэгч зорчигчдыг бууж суухад тахиртай хэсэг дээр туслалцаа үзүүлэх боломжгүй. Үзүүлэх боломжгүй, шаардлагагүй гэдгийг журмын 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт заасан байна. Ажлын байрны тодорхойлолт дээр дохионы хэрэгсэл болон бусад хэрэгслийг зориулалтын дагуу тогтоосон журмаар хэрэглэх, зорчигчдыг буулгах, суулгах ажиллагаа болон дохио өгөх үед вагоны үйлчлэгч нар дохиоллын журманд заасан дохио өгч ажиллана гэж байна. Нэг вагонд 2 үйлчлэгч явж байдаг. Нэг нь амарч байхад нөгөө нь ажлаа хийж хүмүүст дохио өгөөд зогсоно. Хүмүүс бууж дууссаны дараа гишгүүрээ аваад, галт тэрэгний хаалгаа хаагаад хуйлсан улаан дарцгаа үзүүлнэ. Дараа дараагийн галт тэрэгний үйлчлэгч нар зүтгүүрийн бригадад бүх хүмүүс бууж дууссан юм байна гэдгийг түүгээр мэдэгдэж галт тэрэг хөдөлж эхэлнэ. Ингээд галт тэрэг явж эхэлсний дараа дарцгаа авч, хаалтаа хаагаад орно. Ажлын байрны тодорхойлолт дээр дохиолол холбооны журмын 4 дүгээр зүйлийн 4.6 дах заалтад тайлбарласан. Дахин хэлэхэд таныг галт тэрэгнээс буух явцад гэмтээгүй гэдгийг хэргийн материалд хавсаргагдсан хурлын тэмдэглэл, осол гэмтлийг судлан бүртгэх хуудас, ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн эмчийн өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Иймээс нэгэнт нотлогдохгүй байгаа учраас ямар нэгэн хохирлыг нөхөн төлөх асуудал яригдах боломжгүй гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МОХННУБТЗ-аас 1.757.650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 8.242.350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43.072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Вагоны дарга, үйлчлэгч зэрэг нь аялалын явцад ямар нэгэн осол, гэмтэл, дутагдал, гологдол гарсан тохиолдолд гэмтсэн зорчигчид нэн даруй эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, өөрийн салбар нэгжийн удирдлага, харьяалах алба, эмнэлэг, хуулийн байгууллагад энэ талаар мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй ажилладаг. Гэтэл тухайн үед дээрх ажилтнууд болон бусад манай төмөр замын байгууллагын ажилтнуудаас ийм үйл явдал болсон талаар Зорчигчийн вагон депо, харьяа Зорчигч тээврийн алба болон Улаанбаатар төмөр замын удирдлагад мэдэгдсэн ямар нэгэн тайлбар, тодорхойлолт, рапорт, мэдээлэл байхгүй бөгөөд дээрх асуудлын талаарх 2020 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн шуурхай хурлын тэмдэглэлээр Ц.Ч-ийг вагонаас буух явцдаа хөлөө гэмтээгээгүй болох нь нотлогддог. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн "Осол гэмтлийн тохиолдлыг судлан бүртгэх хуудасны "Осол гэмтлийн шалтгаан нөхцөл" дээр Ц.Ч-ийн гэмтлийн шалтгааныг "явганаас унах" гэж тэмдэглэсэн тэмдэглэл болон ГССҮТөвийн эмчийн явганаас унасан гэж мэдүүлсэн бол явганаас унасан гэж тэмдэглэдэг тухайн хүний хэлсэн шалтгааныг бичдэг гэсэн мэдүүлэг, ГССҮТөвийн 2020 оны 3 дугаар сарын 06-ний өдрийн №02/287 дугаартай албан бичигт "энэ маягтад бүртгэж буй мэдээллийн үнэн зөв байдал нь үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээс бүрэн хамаарна" гэсэн бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогддог. Түүнчлэн  Ц.Ч- нь шүүхэд  гаргасан  нэхэмжлэл  болон  тайлбартаа би буухдаа хальт гишгэсэн, гэрчээр оролцсон   ГССҮТөвийн эмчийн "зүүн шагайн гадна ясны чхугарал" нь хазгай гишгэснээс болж үүсдэг гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэл нь нэхэмжлэгчийн өөрийн нь болгоомжгүй үйлдлээс бий болсон болох нь тус тус нотлогддог. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралд оролцсон гэрч Ч.Туяагаас мэдүүлэг авахад Ц.Ч-ийг уйлаад сууж байсныг харсан, энэ хүнийг яг яасныг нь хараагүй гэсэн болохоос яг буух явцдаа унасан болохыг тодорхой харсан гэж мэдүүлээгүй байдаг. Аливаа этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд санаатай эсхүл болгоомжгүйн гэм буруу нотлогдсон байх шаардлагатай, хариуцагчийн гэм буруу, учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо байх ёстой эдгээр нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байгаа болохыг шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс хангалттай тодорхой тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүх нь Иргэний хуулийн 384.2 дах заалт "зорчигчийн буруугаас шалтгаалж гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй" гэснийг огт анхаарч харгалзан үзэж, дүгнэлт хийхгүйгээр шийдвэрийн үндэслэлдээ бичгийн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна хэмээн хэт нэг талыг барьж өрөөсгөл дүгнэлт гаргаж, шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүхийн энэхүү шийдвэрээс зорчигчийг пиронгүй газар л буулгасан бол тухайн зорчигчийн өөрийн хийж буй аливаа үйлдэлдээ болгоомжтой эсвэл хайхрамжгүй хандсан эсэхээс үл хамаарч учирсан гэм хор болгоныг тээвэрлэгч хариуцана гэсэн Иргэний хууль, гэм хорын хууль эрх зүйн агуулгад харшлах дүгнэлт хийсэн болох нь харагдаж байна. Ийнхүү анхан шатны шүүх хариуцагчийн хариу тайлбарт бодитой дүгнэлт хийгээгүй, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй, хэргийг хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт "эм эмчилгээ, таяг, тасалбарын үнэд 607.650 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ний өдөр байгуулсан "Түрээсийн гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 7,8,9,10 сарын түрээсийн төлбөр 1.150.000 төгрөг, тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт хариуцагч МОХННУБТЗ-аас 1.757.650 төгрөгийг гаргуулах гэсэн байх ба тухайн 1.757.650 төгрөгөнд яг ямар эм, эмчилгээний зардлыг оруулж шийдвэрлэсэн болох нь тодорхой бус, ойлгомжгүй байхаас гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн хохирол зардлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Таяг худалдан авсан гэж байгаа боловч хэзээ, хаана, хэдэн төгрөгөөр худалдан авсан болох баримт байхгүй. Нэхэмжлэгч түрээсийн төлбөр гэж ямар хэмжээний хохирол нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй, уг асуудлаар шүүх тодруулаагүй. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад энэ асуудлыг тодруулаагүй бөгөөд тухайн саруудад хэрхэн яаж тѳлснѳѳ баримтаар гаргаж өгөөгүй буюу түрээсийн төлбөр тѳлсѳн талаар нотлогдоогүй байхад түрээсийн тѳлбѳр гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Ц.Ч-, хариуцагч МОХННУБТЗ-д холбогдуулан хохирол 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ц.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар өртөөнөөс Баянбуурал өртөө хүртэл Улаанбаатар төмөр замын 0271 дүгээр галт тэрэгний 9 дүгээр вагонд зорчих тасалбар худалдан авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 382 дугаар зүйлийн 382.1 дэх хэсэгт зааснаар зорчигч тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна. Энэ талаар зохигчид маргаагүй. /хх-ийн 14/

Тээвэрлэгч Улаанбаатар төмөр зам нь зорчигч Ц.Ч-ийг Баянбуурал өртөөн дээр буулгахдаа  зориулалтын зорчигчийн буух тавцангүй /пиронгүй/ хайрга, чулуутай, нойтон газар буулгасан, ийнхүү зорчигч вагоноос буух үедээ зүүн хөлөөрөө хальт гишгэж “зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал” бүхий гэмтэл авсан үйл баримт  хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар тогтоогджээ.

1. Нэхэмжлэгч Ц.Ч- нь нөхөр Д.Батмөнхийн хамт Баянбуурал амралтад амрах зорилгоор 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар өртөөнөөс Баянбуурал өртөө хүртэл УБТЗ-ын 0271 дүгээр галт тэрэгний 9 дүгээр вагонд 10 цаг 45 минутад зорчих тасалбар худалдан авсан, Баянбуурал өртөөнд галт тэрэгнээс буусан боловч мөн өдрөө 14 цаг 30 минутад Баянбуурал өртөөнөөс Улаанбаатар өртөө хүртэл Улаанбаатар төмөр замын 0272 дугаар галт тэрэгний зорчих тасалбар худалдан авч буцсан үйл баримт нэхэмжлэгч талаас гаргасан зорчих тасалбаруудаар тогтоогдсон. /хх-ийн 12-15/

2. Нэхэмжлэгч Ц.Ч-ийн “...Зорчигчдыг пиронгүй газар буулгасан, буухдаа галт тэрэгний шат өндөр, нэг гараараа бариулаас нь бариад нөгөө хөлөө эхлэж тавихдаа маш их хайрга, чулуутай, бороо орж, газар нойтон байсан учраас хальт гишгээд хөл эвгүй боллоо гээд орилоод, уйлаад суухад галт тэрэгний үйлчлэгч хараад зогссож байсан хирнээ юу ч хэлээгүй, хаалгаа хаагаад, галт тэрэг хөдлөөд явсан...” гэх тайлбар нь гэрч Ч.Туяагийн “...Галт тэрэгнээс энэ хүн хамгийн түрүүнд нөхөртэйгөө бууж, би араас нь буусан, энэ хүн буугаад л ёолоод  уйлаад унаад орилсон. Галт тэрэгний үйлчлэгч дуугарахгүй “одоо яанаа”  гээд  хараад зогсож байсан. Бороо их орж байсан газар нь их өндөр, налуу, маш их овон товон хайргатай, хүмүүс ямар хэцүү газар буулгав аа гээд явцгаасан... Бид энэ тухай амралт руу очоод эмчид нь хэлээд, гал тогооны хүнтэй хамт ногоо түрдэг тэргээр авчрах гэтэл хот руу буцахаар боллоо гэсэн. Бид зорчигчийг шагайгаа мулталчихсан юм болов уу гэж бодож байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна. /хх-ийн 143-144/

Хариуцагч тал дээрх тайлбар, мэдүүлгийг үгүйсгээгүй байхаас гадна тухайн үед нэхэмжлэгчийн буусан галт тэрэгний хаалга пиронгүй газар таараад буулгасан болохыг хүлээн зөвшөөрсөн  тайлбарыг  өгсөн байна /хх-ийн 143 дугаар талын ард/

3. Нэхэмжлэгч Ц.Ч- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17 цаг 15 минутад Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирж үзүүлсэн, Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудаст “осол болсон газар” гэдэгт “Баянбуурал амралт” гэж тэмдэглэгдсэн, осол гэмтлийн шалтгааныг “явганаас унах” гэж тодорхойлсон, тухайн үед үзлэг хийсэн эмч  Ч.Түмэнбаярын “...анх үзлэг хийсэн хуудсан дээр бичигдсэн онош нь зүүн хөлний шагайн хугарал энэ гэмтэл нь хазгай гишгэлтээс үүснэ...” гэсэн мэдүүлгээр зорчигч тээвэрлэлтийн явцад зорчигчид гэм хор учирсан [D1] үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байна. / хх-ийн 39, 105, 106, 117-119 /

Анхан шатны шүүх зорчигч тээвэрлэлтийн явцад зорчигчид учирсан гэм хорын тээвэрлэгчийн хүлээх хариуцлагыг тодорхойлсон Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1, 384 дүгээр зүйлийн 384.3 дах хэсэгт заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэснээс гадна Төмөр замын тээврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дах хэсэгт “Зорчигч, тээш тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн галт тэргийг өртөө, зөрлөгт зөвхөн зориулалтын замаар хүлээн авч явуулах бөгөөд зорчигчийн галт тэргийг хүлээн авах, явуулах зориулалтын зам нь стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр тогтоосон хэмжээний гэрэлтүүлэг, тавцан, талбайтай байна” гэсэн заалтыг хариуцагч нь хэрэгжүүлсэн болохоо нотлоогүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Хариуцагч талаас нотлох баримтаар гаргасан Зорчигчийн вагон депогийн ашиглалтын салбарын хурлын тэмдэглэл, вагоны үйлчлэгч нарын ажлын байрны тодорхойлолт, Төмөр замаар зорчигч тээш, ачаан тээш тээвэрлэх журам, Баянбуурал амралтын зогсоолын бүдүүвч зураг зэрэг нь нэг талын нотлох баримтууд байх бөгөөд  нэхэмжлэгчид дээр дурдсан гэм хор учирсанд хариуцагч буруугүй болохоо нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ биелүүлээгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв.

Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар  зорчигчид буюу нэхэмжлэгчид учирсан хохирлыг тээвэрлэгч буюу Улаанбаатар төмөр зам хариуцан арилгах үндэслэлтэй байна.

Харин  өөрт учирсан хохирол,  түүний  хэр хэмжээг, цаг хугацааны хамаарлыг  нэхэмжлэгч нотлох үүрэгтэй байхад, тэрээр  хэрэгт энэ талаар хангалттай нотлох баримт гаргаагүй байхад анхан шатны шүүх эм эмчилгээ, таяг, тасалбарын үнэд 607.650 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгчид галт тэрэгний зорчих тасалбарын үнэ 6.400 төгрөгийн, эм тарианы 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 60.800 төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сарын     04-ний өдрийн 53.850 төгрөгийн, 2020 оны 3 дугаар сарын 20-н өдрийн 364.500 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа тул хариуцагчаас 485.550 төгрөг гаргуулах нь зүйтэй. /хх-ийн 12-15, 7, 11, 129, 130 /

Мөн  нэхэмжлэгч  гэмтлийн улмаас орлого олох боломжгүй болж 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр бусадтай байгуулсан түрээсийн гэрээний дагуу төлсөн төлбөрийг хохиролд тооцох үндэстэй боловч шүүх 1.150.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Нэхэмжлэгч гутал засвар ажиллуулахаар “Сэрхтайгам” ХХК-тай 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээний 3.1 дэх хэсэгт сарын түрээсийн төлбөр 250,000 төгрөг байхаар тохиролцсон байх тул 7, 8, 9, 10 сарын нийт 1.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор  байна. /хх-ийн 134-137 /

 Шүүх нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дах хэсэгт нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00897 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1., 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч МОХННУБТЗ-аас 1 485 550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх  8 514 450 төгрөгт холбогдох хэсгийг  хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “43 072” гэснийг “38 720” гэж  тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 43 075 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД        

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР    

                                                                                               Н.БАТЗОРИГ

 

 

 

 

 

 

 


 [D1]