Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 897

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 26 өдөр                            Дугаар102/ШШ2020/00897                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, шүүгч Б.Батчимэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

      

       Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 4 дүгээр хороолол, 8 дугаар хороо, 16 дугаар байрны 26 тоотод оршин суух Юмшээбуу овогт Цэвэлрагчаагийн Чийн нэхэмжлэлтэй

      

       Хариуцагч Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, өөрийн байранд байрлах Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох гэм хорын хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянаад        

 

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа, иргэдийн төлөөлөгч Ч.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч Ц.Ч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Миний бие 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр “Баянбуурал” амралтанд амрах гэж явсан. Тус амралтын газар очоод,галт тэрэгнээс буухдаа хоёр хөлөөрөө гишгээд нэг метрийн өндөртэй газраас налуу хайргатай газар бороо орж байхад буусан.

       Би гараараа шатны бариулаас бариад баруун хөлөө тавиад, зүүн хөлөөрөө гишгэхдээ хальт гишгээд хөлөө хугалсан.

      Тэгэхэд манай нөхөр ачаагаа барьчихсан намайг хараад зогсож байсан. Унасан газраа дуу алдаад суухад хөл овоогоод тэр дороо хавдсан. Босож чадахгүй суугаад уйлсан. Тухайн галт тэрэгнээс хамгийн түрүүнд нөхөр маань буугаад дараа нь би буусан. 2 минутын дотор буу гэсэн болохоор нь буусан. 

       Тэр үед уйлж суугаад юу болж байсныг сайн анзаараагүй. Нэг харсан галт тэрэгний үйлчлэгч намайг хараад гайхаад зогсож байгаад юу ч дуугарахгүй хаалгаа хаасан. Яасан, юу болов гэж асуугаагүй, үүнд гомдож шүүхэд нэхэмжлэл гаргасан.

      Би тухайн үед уйлаад, манай нөхөр яахаа мэдэхгүй зогсож байхад тэр хавийн жимс зардаг залуу ирээд “таныг пирон дээр ядахдаа буулгаж өгье” гээд үүрээд хүргэж өгсөн.

      Улаанбаатар хот руу буцах вагон 7-10 минутын дотор ирдэг юм билээ. Тэр хооронд “Баянбуурал” амралтын газар руу утасдсан. Утасны цаанаас нэг эмч “ та наашаа ирэх юмуу, цаашаа явах юмуу? би хамгаалагч гаргаж өгье” гэж хэлсэн.    

      Эмчийн нэрийг асууж амжаагүй. Тэгээд би “хөлөө гэмтээчихээд амрах нөхцөл алга, хот руу буцлаа” гээд хамгаалагч ирж амжаагүй байхад хот руу буцах галт тэрэг хүрээд ирсэн. Галт тэргэнд суусны дараа хөл маань өвдөөд, галт тэрэгний үйлчлэгчээс “өвчин намдаах эм өгөөч” гэж асуухад “өвчин намдаах эм байхгүй, толгой вагонд байдаг” гэж хэлээд тоосон шинжгүй байсан.

      Ингээд Улаанбаатар хотод 17 цаг өнгөрөөж буугаад, охиноо дуудаад, Гэмтэл согогийн үндэсний төвийн эмнэлэг дээр очиж үзүүлээд, хөлөндөө гипс хийлгэсэн. Энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн. Хөлийнхөө гипсийг 2019 оны 10 дугаар сард авахуулсан. Миний хувьд 3 сар ажлаа алдсан. Энэ хугацаанд өчнөөн хүний машин хөлсөлж, маш удаан эмчилгээ хийлгэсэн. 2020 оны 01 дүгээр сард таягаа хаясан. Энэ хугацаанд надаас гарсан бодит зардал болон сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэнийг гаргуулж өгнө үү.

        Яагаад энэ урт хугацаанд гомдол гаргаагүй юм бэ? гэж хариуцагч хэлж байна.

        Миний хувьд хоёр суга таягтай гомдол гаргаад явах боломж байгаагүй мөн хүүхдүүд өвчтэй байж гээд гомдол гаргахыг зөвшөөрөөгүй. Хүн удаан хугацаанд ажилгүй, орлогогүй хэвтэхээр уур хүрдэг юм байна. Тэгээд би энэ хариуцлагагүй байдлыг таслах зогсоох ёстой гэж бодсон.

         Тухайн амралтын газар өчнөөн настай хүмүүс үргэлж бууж, сууж, ирэн, очин байдаг. Цаашдаа үүнийг анхаарах ёстой гэдэг үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан.

         ГССҮТ-ийн эмч явганаас унасан гэж тэмдэглэсэн гэж хариуцагчийн төлөөлөгч ярьж байна. ГССҮТ-ийн эмчийн хэлсэн тайлбарыг би буруу гэж бодохгүй байна.

          Учир нь:

          Шатнаас би өнхөрч унаагүй, галт тэрэгнээс өнхөрч унаагүй. Гараа бариулнаас тавиад доошоо буухдаа хальт гишгэсэн үйлдлээс болж унасан тул эмчийн тэмдэглэлийг буруу бичигдсэн гэж үзэх үндэслэлгүй юм билээ.

          Энэ тухай эмнэлгийн байгууллага албан ёсоор надад тайлбар өгснийг шүүхэд өгсөн. Хальт гишгэсэн таны буруу гэж байна. Хүний хөл урт, богино янз бүр байдаг. Нэг метрийн өндөр газраас арай гэж буух явцдаа унасан миний буруу биш.

          Энэ бол хариуцлагагүй, пи ронгүй газар буулгасан Улаанбаатар төмөр замын байгууллага болон түүний анхааруулаагүй галт тэрэгний ажилтаны буруу.

          Биднийг ийм газар болгоомжтой буугаарай гэж хэлээгүй, галт тэрэгний үйлчлэгч галт тэрэг зогсоолд хүрэх үед хаана явж байсан мэдэхгүй.

         Хариуцагчийн төлөөлөгч галт тэрэгний үйлчлэгчийг тусламж үзүүлэх шаардлагагүй гэж байна. Яагаад, үйлчлэгч тусламж үзүүлэх шаардлагагүй гэж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дугаартай журманд “аюулгүй байдал хангаж ахмад настан,нялхаст анхаарал тавих мөн галт тэрэгнээс буулгаж туслах” гэж заасан байна.

         Тэгэхэд үйчлэгч хариуцлагаас айсан учраас чимээгүй хараад шууд явсан. Хариуцагч тал хэлж байна энэ талаар ямар ч илтгэх хуудас байхгүй, юу ч тэмдэглэгдээгүй гэж. Энэ нь тухайн хүн хариуцлагаас айж байна гэсэн үг. Нохой гасалсан бол хүн харна шүү дээ. Унаад уйлаад сууж байхад хараагүй гэж байна. Үүн дээр их гомдолтой байна. “Баянбуурал” амралтын газар руу залгахад хамгаалагч явуулах уу гэж байгаа юм. Тухайн амралтын газрын эмч хүртэл энэ тухай тодорхой мэдэж байх ёстой. Би унасан газраасаа нэг ч алхам холдоогүй. Уйлж сууж байгаад хот руу буцсан. 10 минутын хооронд надад явган явах хугацаа байгаагүй. Хүнээр өргүүлж пирон дээр очсон. Ийм л зүйл болсон гэжээ.

 

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Иргэн Ц.Ч 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ өөрт учирсан бодит зардалд 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

       Аливаа гэм хорыг арилгуулахаар шаардаж буй нэхэмжлэгч, хариуцагчийн гэм буруутай болохыг нотлох үүрэгтэй.

       Гэвч энэ нь нотлогдохгүй байна. Гэм буруу нь санаатай болон болгоомжгүй гэх хоёр үндэслэлтэй байдаг. Нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 9 дүгээр галт тэргээр явж “Баянбуурал” амралтын газар бууж байх явцдаа хөлөө гэмтээсэн эсэхийг тухайн галт тэрэгний дарга, үйлчлэгч болон бусад ажилчид хараагүй байдаг.

       Хэрвээ харсан буюу мэдсэн тохиолдолд эдгээр ажилчид тэр даруй эмнэлгийн анхан шатны арга хэмжээ авах, илтгэл бичиж өгөх, холбогдох удирдлагад танилцуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй.

       Гэтэл ийм үйл явдал болсон талаар тухайн үед дээрх ажилтнуудаас гаргасан буюу мэдэгдсэн ямар нэгэн тайлбар, тодорхойлолт байдаггүй.

       Нэхэмжлэгчээс манай байгууллагад холбогдуулан гаргасан нэхэмжлэл ирсний дараа энэ асуудлыг тодруулж шуурхай хурал хийхэд ийм асуудал болоогүй гэдгийг хурлын тэмдэглэлд тусгасан ба нотлох баримтаар гаргаж өгсөн.

       Ц.Ч болсон үйл явдлын талаар тухайн үед болон түүнээс хойш хугацаанд манай байгууллагад хандаж байгаагүй. Өөрөөр хэлбэл 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс нэхэмжлэл гаргах хугацаа буюу 5 сарын хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй. Энэ нэхэмжлэл ирсний дараа ийм асуудал яригдаж эхэлсэн.

       Нэхэмжлэл гаргасантай холбогдуулан хүсэлт гаргаж ГССҮТ-ийн осол гэмтлийн тохиолдол бүртгэх хуудсыг нотлох баримтаар хариуцагч гаргуулж авсан.

      Осол гэмтлийн шалтгааныг осол гэмтлийг судлан бүртгэх хуудас дээр явганаас бэртсэн гэж тэмдэглэсэн байдаг. ГССҮТ-ийн 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 02/287 дугаартай албан бичгээр “энэ маягтад бүртгэж буй мэдээллийн үнэн зөв байдал нь үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээс бүрэн хамаарна” гэсэн байна.

      Үйчлүүлэгч буюу гэмтсэн иргэн маань гэмтлийн шалтгаанаа юу гэж хэлнэ түүний дагуу хүснэгтийг бөглөсөн байгаа. Энэ хүн явганаас унасан гэсэн учраас явганаас унасан гэх сонголтыг ГССҮТ-өөс бөглөсөн болох нь батлагдаж байна.

       Энэ хүнд анхан шатны тусламж үзүүлсэн ГССҮТ-ийн яаралтай  тусламж, үйлчилгээний эмч н.Түмэнбаярыг гэрчээр асуусан. Гэрчээр асуух үед гэмтлийг хэрхэн бүртгэдэг талаар асуухад “явганаас унасан” гэсэн бол явганаас унасан л гэж бүртгэнэ. Бид дур мэдэн бөглөх ямар ч боломжгүй. Энэ нь цаашаа хариуцлагатай хүний эд хөрөнгө, эрүүл мэнд, амь настай холбоотой учраас дур мэдэн бөглөх үндэслэлгүй” гэж хэлсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ анх шүүхэд гаргахдаа мөн сая тайлбар хэлж байхдаа “би хальт гишгэсэн” гэж байна.

       Хальт гишгэх үү, хоёр хөлөөрөө гишгэх үү, байх уу гэдэг нь хувь хүний өөрийнх нь санамсар болгоомжгүй, ухамсартай холбоотой. Би хальт гишгэвэл унаж болно, хальт гишгэхгүй байвал гэмтэхгүй гэдгээ хүн өөрөө мэдэж байх ёстой.

       Хальт гишгэсэн учраас гэмтсэн гэдгээ нэхэмжлэлдээ ч тэр, тайлбараа ч хэлж байна. Энэ хүний буух явцдаа гэмтсэн гэдэг нь нотлогдохгүй байна. Хальт гишгэсэн гэдэг нь тухайн хүний болгоомжгүй байдлаас болсон ба үүнээс шалтгаалж өөрийн эрүүл мэнддээ хохирол учруулсан байна.

       Галт тэрэгний үйлчлэгч намайг хараад ямар нэгэн тусламж үзүүлэхгүй яваад өгсөн гэж байна. “Баянбуурал” амралтын зогсоол тахир байдаг. Гадна тал нь зорчигчдын буудаг хэсэг. Тахир газар зүтгүүр буюу галт тэрэг туслах машин, зүтгүүрийн бригад бууж байгаа хүмүүсийг харах боломжгүй.

       Энэ тохиолдолд галт тэрэгний үйлчлэгч нар Зам тээврийн хөгжлийн яамны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 264 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төмөр замын тохиодол хамгааллын журам”-д тахиртай хэсэгт галт тэрэгний үйлчлэгч юу хийх ёстой гэдгийг заасан.

       Зүтгүүрийн бригад галт тэрэгнээс хүмүүс бууж байх үед харах боломжгүй учраас дохио өгөх ёстой. Өөрөөр хэлвэл, зорчигчдын аюулгүй байдлыг хангахын тулд тахирын дотор хэсэгт гараад дэлгэсэн улаан дарцаг өргөөд зогсоно. Зорчигч нарыг эсрэг талын хаалга нээж буулгана. 9 галт тэрэг явж байгаа гэж бодоход хамгийн сүүлийн галт тэрэг 9 дүгээр галт тэрэг байна. 9 дүгээр галт тэрэгнээс эхлээд бүх галт тэрэгний үйлчлэгч нар “хүн бууж байгаа учраас хөдөлж болохгүй шүү” гэх  дохио үзүүлээд зогсож байдаг.

       Галт тэрэгний үйлчлэгч зорчигчдыг бууж суухад тахиртай хэсэг дээр туслалцаа үзүүлэх боломжгүй. Үзүүлэх боломжгүй, шаардлагагүй гэдгийг дээрх журмын 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэгт заасан байна.

       Ажлын байрны тодорхойлолт дээр “дохионы хэрэгсэл болон бусад хэрэслийг зориулалтын дагуу тогтоосон журмаар хэрэглэх”, “зочигчдыг буулгах, суулгах ажиллагаа болон дохио өгөх үед вагоны үйлчлэгч нар дохиоллын журманд заасан дохио өгч ажиллана” гэж байна. Нэг вагонд 2 үйлчлэгч явж байдаг. Нэг нь амарч байхад нөгөө нь ажлаа хийдэг. Сая тайлбарласны дагуу хүмүүст дохио өгөөд зогсоно. Хүмүүс буухад нөгөө тал руу хараад зогсож байна. Хүмүүс бууж дууссаны дараа гишгүүрээ аваад, галт тэрэгнтй хаалгаа хаагаад хуйлсан улаан дарцагаа үзүүлнэ.

      Дараа дараагийн галт тэрэгний үйлчлэгч нар зүтгүүрийн бригадад бүх хүмүүс бууж дууссан юм байна гэдгийг түүгээр мэдэгдэж галт тэрэг хөдөлж эхэлнэ.

      Ингээд галт тэрэг явж эхэлсэний дараа дарцагаа авч, хаалтаа хаагаад орно.  

      Галт тэрэгний үйлчлэгч туслалцаа үзүүлээгүй, зүгээр хараад зогсож байсан гэдэг дээр дүрэм журмын дагуу тайлбарлалаа. Ажлын байрны тодорхойлолт дээр “дохиолол холбооны журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалтад тайлбарласан.        

      Дахин хэлэхэд таныг галт тэрэгнээс бууж байх явцдаа гэмтсэн гэдэг нь ямар нэгэн нотлох баримтаар нотлогдохгүй мөн галт тэрэгнээс буух явцад гэмтээгүй гэдгийг хэргийн материалд хавсаргагдсан хурлын тэмдэглэл, осол гэмтлийг судлан бүртгэх хуудас, ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн эмчийн өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

     Иймээс нэгэнт нотлогдохгүй байгаа учраас ямар нэгэн хохирлыг нөхөн төлөх асуудал яригдах боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     

      Нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдуулан бодит зардал 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

      

      Хариуцагчийн төлөөлөгч галт тэрэгнээс буухдаа гэмтсэн гэдэг нь нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

       1.Эмчилгээний зардал гаргуулах шаардлагын тухайд:

 

       Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад,  

 

      Нэхэмжлэгч 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр явах өртөө Улаанбаатар /84/ 10 цаг 45 минут, хүрэх өртөө “Баянбуурал” /300/ хоорондын зай 102 километр, ЦИ57041406 регистрийн дугаартай Ц.Ч, тийзний дугаар Ш-0353665, 02-71 дугаарын нийтийн галт тэрэг, суудлын дугаар 9-14, тарифт үнэлгээ том хүн 3200 төгрөгөөр “УБТЗ-Зорчих эрхийн тасалбар”-ыг “Баянбуурал” амралтын газарт амрахаар худалдан авч, “Баянбууурал” өртөөнд хүрч, буцаж хүрэх өртөө Улаанбаатар, суудлын 6-99 дугаартай, нийтийн о.ойрын аялал, тасалбарын үнэ 3200 төгрөг, кассир 11, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр, 14 цаг 31 минут 16 дол, тийзний дугаар 19119072101116, 272-СБ-УБ дугаарын галт тэргээр зорчиж явсан, ирсэн талаар талууд маргахгүй байна.

 

      Шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэн Иргэний хуулийн 382 дугаар зүйлийн 382.1 дэх хэсэгт “зорчигч тээвэрлэлтийн гэрээг зорчих пайз, тасалбарыг зорчигчид гардуулснаар байгуулагдсан гэж үзнэ“ гэж зааснаар талуудын хооронд тэвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэн, нэхэмжлэгчийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

      Мөн хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасанчлан зохигчид энэ талаар маргахгүй, зөвшөөрч байна.

 

       Харин тус хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1 дэх хэсэгт тээвэрлэлтийн явцад зорчигчид өөрт нь гэм хор учирсан бол тээвэрлэгч хууль болон тодорхой төрлийн тээврийн дүрэмд заасан хариуцлага хүлээхээр зохицуулагдсан байна.

 

      Иймээс шүүхийн хэлэлцүүлэгийн явцад гэрч Ч.Туяа “хотоос галт тэргэнд суугаад бид гурав “Баянбуурал” амралтан дээр буусан. Бид гурваас өөр нээх олон хүн буугаагүй. Би энэ хүний яг араас нь чемоданаа бариад буухад, миний өмнө энэ эгч буугаад, шууд яаая гээд аймаар орилоод, уйлаад унасан. Тэр үед проводник энэ хүнийг гайхаад хараад зогсож байснаа хаалгаа хаагаад яваад өгсөн. Хамт хотоос ирсэн улсууд чи амралт руу бушуухан ор гэж хэлсэн. Би энэ тухай амралт руу очоод эмчид нь хэлээд, гал тогооны хүнтэй хамт ногоо түрдэг тэргээр авчрах гэтэл хот руу буцахаар боллоо гэхэд нь тэндээ үлдсэн. Биднийг буулгасан газар налуу, маш их овон товон хайргатай, бороо их орж байсан болохоор хүмүүс хальтраад явж чадахгүй байхад хурдан буу, галт тэрэг хөдөллөө гэж хэлсэн. Энэ хүн нөхөртэйгээ хамт явж байсан. Нөхөр нь бүх зүйлийг нь барьсан байсан” гэх мэдүүлэг

             

      Нэхэмжлэгч “зорчигчдыг пиронгүй газар буулгасан, буухдаа галт тэрэгний шат өндөр, нэг гараараа бариулаас нь бариад нөгөө хөлөө эхлэж тавихдаа маш их хайрга, чулуутай, бороо орж, газар нойтон байсан учраас хальт гишгээд хөл эвгүй боллоо гээд орилоод, уйлаад суухад галт тэрэгний проводник хараад зогссож байсан хирнээ юу ч хэлээгүй, хаалгаа хаагаад, галт тэрэг хөдлөөд явсан”,

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нарантуяа “зорчигчдыг зассан пирон дээр буулгах ёстой. Тухайн үед нэхэмжлэгчийн буусан галт тэрэгний хаалга пиронгүй газар таараад буулгасан байдаг нь үнэн” гэх тайлбар, гэрчийн мэдүүлгээр тээвэрлэгч зорчигчдыг тусгайлан зассан, зориулалтын зорчигчийн тавцан буюу зогсоол дээр буулгаагүй болох нь нотлогдож байна.

      Түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Осол гэмтлийн тохиодлыг бүртгэх хуудас” болон гэрч /эмч/ Ч.Түмэнбаяр “ би бүртгэхдээ явганаас унасан гэж бичсэн байна” гэх мэдүүлгээр нэхэмжлэгч өөрийн болгоомжгүй үйлдлээс гэмтсэн гэдгийг нотлож байна гэж мэтгэлцсэн боловч “Төмөр замын зорчигч, тээш, ачаан тээш тээвэрлэх” журмын 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх хэсэгт төмөр замын байгууллага зорчигчийн өмнө, зорчигч төмөр замын байгууллагын өмнө харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр, 11.а-д төмөр замын ажилтанууд энэхүү журамд заасан хэм хэмжээг баримтлан эрх үүргээ шударгаар хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ,

      Харин Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогч” гэдэгт иргэн хамаарна гэж заажээ.

       Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 27 дугаар зүйлийн 27.7 дахь хэсэгт зорчигч, тээш тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор зорчигчийн галт тэргийг өртөө, зөрлөгт зөвхөн зориулалтын замаар хүлээн авч явуулах бөгөөд зорчигчийн галт тэргийг хүлээн авах, явуулах зориулалтын зам нь стандарт, төмөр замын тээврийн нийтлэг багц дүрмээр тогтоосон хэмжээний гэрэлтүүлэг, тавцан, талбайтай байна” гэж зааснаар зорчигчдыг суулгаж, буулгах талбайтай байсан талаар талууд тайлбараараа зөвшөөрсөн хэдий ч хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлгөөний аюулгүй байдалд хохирол учруулах нөхцөл байдлын үр дагаврыг арилгахад холбогдох эрх бүхий байгууллага, ажилтан иргэнд туслах үүргээ биелүүлээгүй буюу зохих зориулалтын талбай дээр нэхэмжлэгчийг буулгаагүй нь тогтоогдож байна.

       Тиймээс нэхэмжлэгч тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт заасны дагуу төмөр замын байгууллагаас гаргасан зардал, хохирлоо нөхөн гаргуулах эрхтэй.

 

       Улмаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба өөрөөр хэлбэл хохирол төлөхгүй байх шаардлагаа нотлож чадаагүй бөгөөд Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.3 дахь хэсэгт заасанчлан зорчигчид хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй учраас нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагчийн буруутай үйл ажиллагаанаас хөлөө гэмтээсэн нь бичгийн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул эм эмчилгээ, таяг, тасалбарын үнэд 607.650 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан 7,8,9,10 сарын түрээсийн төлбөр 1.150.000 төгрөг нийт 1.757.650 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

       2.Сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “удаан хугацаанд гарч, орж ажлаа хийж чадахгүй, уур хүрч, сэтгэл санаа тавгүй байсны улмаас хохирлоо нэхэмжлэх болсон” гэж тайлбарлан, хариуцагч, нэхэмжлэгчийн сэтгэл санаанд ямар үр дагавар үүсгэж, нөлөөлсөн нь нотлогдохгүй, шүүх нэхэмжлэгчид нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 8.242.350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43.072  төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.