Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/00532

 

Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00897 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1071 дүгээр магадлалтай,

Ц.Ч-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох

Гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Ч нь *******д холбогдуулан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00897 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 219 дүгээр зүйлийн 219.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 1,757,650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 8,242,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 43,072 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1071 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2020/00897 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1., 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч *******аас 1,485,550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ч-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,514,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “43,072” гэснийг 38,720 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 43,075 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.Ч-ийн гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.15-ны өдрийн 1071 дугаартай магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч хяналтын журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч Ц.Ч- нь 2019.07.22-ны өдөр 9 дүгээр вагонаар явсан байх ба Баянбуурал амралтын точка дээр вагонаас буусан байдаг. Улмаар Ц.Ч-ийг вагонаас буух явцдаа хөлөө гэмтээсэн эсэх нь дараах нотлох баримтуудаар нотлогдоогүй. Үүнд:

4.1.1. Вагоны дарга, үйлчлэгч зэрэг нь аяллын явцад ямар нэгэн осол, гэмтэл, дутагдал, гологдол гарсан тохиолдолд гэмтсэн зорчигчид нэн даруй эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх, өөрийн салбар нэгжийн удирдлага, харьяалах алба, эмнэлэг, хуулийн байгууллагад энэ талаар мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй ажилладаг. Гэтэл тухайн үед дээрх ажилтнууд болон бусад манай төмөр замын байгууллагын ажилтнуудаас ийм үйл явдал болсон талаар Зорчигчийн вагон депо, харьяа Зорчигч тээврийн алба болон Улаанбаатар төмөр замын удирдлагад мэдэгдсэн ямар нэгэн тайлбар, тодорхойлолт, рапорт, мэдээлэл байхгүй бөгөөд дээрх асуудлын талаарх 2020.01.07-ны өдрийн шуурхай хурлын тэмдэглэлээр буюу тухайн өдөр галт тэргэнд ажиллаж байсан вагоны үйлчлэгч, вагоны дарга зэрэг хүмүүсийн тайлбар, мэдүүлгээр Ц.Ч-ийг вагонаас буух явцдаа хөлөө гэмтээгээгүй болох нь нотлогддог.

4.1.2. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн “Осол гэмтлийн тохиолдлыг судлан бүртгэх хуудас”-ны “Осол гэмтлийн шалтгаан нөхцөл” дээр Ц.Ч-ийн гэмтлийн шалтгааныг “явганаас унах” гэж тэмдэглэсэн тэмдэглэл болон ГССҮТөвийн эмчийн явганаас унасан гэж мэдүүлсэн бол явганаас унасан гэж тэмдэглэдэг тухайн хүний хэлсэн шалтгааныг бичдэг гэсэн мэдүүлэг, ГССҮТөвийн 2020.03.06-ны өдрийн №02/287 дугаартай албан бичигт “энэ маягтад бүртгэж буй мэдээллийн үнэн зөв байдал нь үйлчлүүлэгчийн өгч буй мэдээллээс бүрэн хамаарна” гэсэн бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогддог.

4.1.3. Түүнчлэн Ц.Ч- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа би буухдаа хальт гишгэсэн, гэрчээр оролцсон ГССҮТөвийн эмчийн “зүүн шагайн гадна ясны хугарал” нь хазгай гишгэснээс болж үүсдэг гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн биед учирсан гэмтэл нь нэхэмжлэгчийн өөрийнх нь болгоомжгүй үйлдлээс бий болсон болох нь тус тус нотлогддог.

4.1.4. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх хуралд оролцсон гэрч Ч.Туяагаас мэдүүлэг авахад Ц.Ч-ийг уйлаад сууж байсныг харсан, энэ хүнийг яг яасныг нь хараагүй гэсэн болохоос яг буух явцдаа унасан болохыг тодорхой харсан гэж мэдүүлээгүй байдаг. 

4.2. Ийнхүү Ц.Ч-ийн хөл гэмтсэн үйл явдал нь вагонаас буух явцад болсон эсэх нь нотлогдохгүй болох нь дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаагаас гадна гэмтлийн шалтгаан нөхцөл нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хэт болгоомжгүй буюу хайхрамжгүй үйл ажиллагаанаас шалтгаалсан байх бөгөөд аливаа этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд санаатай эсхүл болгоомжгүйн гэм буруу нотлогдсон байх шаардлагатай, хариуцагчийн гэм буруу, учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо байх ёстой эдгээр нөхцөл байдал нотлогдон тогтоогдохгүй байгаа болохыг шүүх хуралдаанууд дээр хариуцагчийн зүгээс хангалттай тодорхой тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, “Осол гэмтлийн тохиолдлыг судлан бүртгэх хуудас”-д осол болсон газар гэдэгт “Баянбуурал амралт” гэж тэмдэглэгдсэн, осол гэмтлийн шалтгааныг “явганаас унасан” гэж тодорхойлсон, тухайн үед үзлэг хийсэн эмч Ч.Түмэнбаярын “...анх үзлэг хийсэн хуудсан дээр бичигдсэн онош нь зүүн хөлний шагайн хугарал энэ гэмтэл нь хазгай гишгэлтээс үүснэ...” гэсэн мэдүүлгээр зорчигч тээвэрлэлтийн явцад зорчигчид гэм хор учирсан үйл баримт тогтоогдсон гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

4.3. “Осол гэмтлийн тохиолдлыг судлан бүртгэх хуудас”-д нэхэмжлэгчийн осол гэмтлийн шалтгааныг “явганаас унасан” гэж тодорхойлсон байх бөгөөд хэрэв галт тэрэгнээс буух явцдаа гэмтсэн байсан бол гэмтлийн шалтгааныг тодорхойлох тохиолдлын “Шат гишгүүрээс унах-10”, “Бусад уналт /бичнэ/...12” дугаар хэсэгт заасны аль нэгийг сонгож дугуйлах эсвэл нөхөн бичих ёстой байсан. Дээрх “Осол гэмтлийн тохиолдлыг судлан бүртгэх хуудас”-д осол болсон газар гэдэгт “Баянбуурал амралт” гэж тэмдэглэгдсэн байх ба Баянбуурал зогсоол дээр буугаад алхах явцдаа гэмтсэн тохиолдолд ч “Баянбуурал амралт” гэдгээр тэмдэглэгдэнэ. “Зүүн хөлний шагайн хугарал энэ гэмтэл нь хазгай гишгэлтээс үүснэ” гэсэн болохоос вагонаас буух явцад хазгай гишгэснээс болж нэхэмжлэгчид гэмтэл учирсан гэдэг нь нотлогдоогүй. Дээр дурдсанчлан гэрч Ч.Туяа нь Ц.Ч-ийг уйлаад сууж байсныг харсан, энэ хүнийг яг яасныг нь хараагүй гэсэн болохоос яг буух явцдаа унасан болохыг тодорхой харсан гэж мэдүүлээгүй байдаг.

4.4. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Иргэний хуулийн 384.2 дугаар заалт “зорчигчийн буруугаас шалтгаалж гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй” гэснийг огт анхаарч харгалзан үзэж, дүгнэлт хийхгүйгээр шийдвэр, магадлалын үндэслэлдээ бичгийн нотлох баримт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна хэмээн хэт нэг талыг барьж өрөөсгөл дүгнэлт гаргаж, шийдвэрлэсэн. Түүнчлэн шүүхийн энэхүү шийдвэрээс зорчигчийг пиронгүй газар л буулгасан бол тухайн зорчигчийн өөрийн хийж буй аливаа үйлдэлдээ болгоомжтой эсвэл хайхрамжгүй хандсан эсэхээс үл хамаарч учирсан гэм хор болгоныг тээвэрлэгч хариуцна гэсэн Иргэний хууль, гэм хорын хууль эрх зүйн агуулгад харшлах дүгнэлт хийсэн болох нь харагдаж байна.

4.5. Давж заалдах шатны шүүх нь 2019.11.04-ний өдрийн 53,850 төгрөг, 2020.03.20-ны өдрийн 364,500 төгрөг буюу нийт 485,550 төгрөгийн тасалбар болон эм тарианы зардал нотлох баримтын шаардлага хангаж байна хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2019.07.22-ны өдөр гэмтээд 2019.10.21-ний өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэл дээр бороожсон хэмээн тэмдэглэгдэж, гэмтсэн хөл нь эдгэсэн байхад 2019.11.04-ний өдрийн 53,850 төгрөг болон 2020.03.20-ны өдрийн 364,500 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Учир нь анхны авсан гэмтэл эдгэсэн, түүнчлэн тухайн эмийг зайлшгүй худалдан авч хэрэглэх шаардлагатай байсан эсэхийг нотолсон баримт байхгүй байхад 2020.03.20-ны өдрийн баримтыг зөвхөн нотлох баримтын шаардлага хангаж байна гэсэн үндэслэлээр гаргуулахаар шийдвэрлэсэн нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь үнэлнэ гэсэн зарчимд үл нийцэж байгаа болно.

4.6. Нэхэмжлэгч гутал засвар ажиллуулахаар “Сэрхтайгам” ХХК-тай 2018.04.03-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний 3.1 дэх хэсэгт сарын түрээсийн төлбөр 250,000 төгрөг байхаар тохиролцсон байх тул 7, 8, 9, 10 сарын нийт 1,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь дараах үндэслэлээр мөн үндэслэлгүй байна. Үүнд:

4.6.1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч түрээсийн төлбөр гэж ямар хэмжээний хохирол нэхэмжилж байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй, уг асуудлаар шүүх тодруулаагүй, шүүх хуралдааны мэтгэлцээний явцад энэ асуудлыг тодруулаагүй бөгөөд тухайн саруудад хэрхэн яаж төлснөө баримтаар гаргаж өгөөгүй буюу түрээсийн төлбөр төлсөн талаар нотлогдоогүй байхад түрээсийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн.

4.6.2. Нэхэмжлэгч нь 2019.07.22-ны өдөр гэмтсэн байх бөгөөд 2019.07.22-29-ний өдрийг дуустал Баянбуурал амралтанд амрахаар явсан буюу 2019 оны 07 дугаар сарыг дуустал гутал засвараа ажиллуулах буюу үлдсэн хугацаанд нь амрахаар зохицуулсан байсан, түүнчлэн 2019.10.21-ний өдөр гэмтсэн хөл нь бороожин гэмтэл нь эдгэсэн байхад үүнд үнэлэлт, дүгнэлт өгөхгүйгээр 7 болон 10 дугаар саруудын түрээсийн төлбөрийг бүтнээр гаргуулахаар шийдвэрлэсэн.

4.7. Иргэний хуулийн 229.2 “Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэмжээг харгалзан үзнэ”, 230.3 “Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн үйлдэл/эс үйлдэл нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо гэм буруугийн хэмжээг харгалзана”, 514.1 “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн өөрийнх нь илт болгоомжгүй үйлдэл болон тухайн үйл явдал болох үед их хэмжээний бороо орж байсантай холбогдуулан газрын гадарга норж хальтиргаа үүссэн байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирлын хэмжээг багасгах эрх зүйн бүрэн үндэслэлтэй байгаа боловч энэхүү заалтыг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, тус шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

6. Нэхэмжлэгч Ц.Ч- нь *******д холбогдуулан гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2019.07.22-ны өдөр Баянбуурал амралтанд амрах гэж галт тэргээр явсан, тэнд очиход пиронгүй газар буулгасан, тухайн үед гадаа бороо орсон, газар нойтон, би гараараа шатны бариулаас бариад буухдаа хальт гишгэж хөлөө хугалсан, галт тэрэгний үйлчлэгч намайг хараад зогсож байсан хирнээ юу ч хэлээгүй хаалгаа хааж, галт тэрэг хөдлөөд явсан. ...хөл гэмтсэн учир амарч чадалгүй Улаанбаатар хот руу буцаж, гэмтлийн эмнэлэгт ирж хөлөө гипсдүүлсэн, хөл гэмтсэнээс болж 3 сар ажлаа хийж чадахгүй, эрүүл мэнд, эдийн засгийн хувьд хохирсон. ...бодит зардалд 5,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж тайлбарласан байна.

8. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...зорчигчдыг зассан пирон дээр буулгах ёстой. Тухайн үед нэхэмжлэгчийн буусан галт тэрэгний хаалга пиронгүй газар таарсан байдаг. ...гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардаж буй тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагчийн гэм буруу нотлогдсон байх ёстой, нэхэмжлэгчийг хөлөө гэмтээсэн эсэхийг тухайн галт тэрэгний дарга, үйлчлэгч болон бусад ажилчид хараагүй байдаг. Хэрвээ харсан буюу мэдсэн тохиолдолд эдгээр ажилчид тэр даруй эмнэлгийн анхан шатны арга хэмжээ авах, илтгэл бичиж өгөх, холбогдох удирдлагад танилцуулах зэрэг арга хэмжээг авч ажиллах үүрэгтэй... гэсэн тайлбар гарган, маргажээ.

9. Анхан шатны шүүх хариуцагчаас 1,757,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 8,242,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрт “...хариуцагчаас 1,485,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 8,514,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулсан байна.

10. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ц.Ч- нь нөхөр Д.Батмөнхийн хамт Баянбуурал амралтад амрах зорилгоор 2019.07.22-ны өдөр Улаанбаатар өртөөнөөс Баянбуурал өртөө хүртэл УБТЗ-ын 0271 дүгээр галт тэрэгний 9 дүгээр вагонд зорчих тасалбар худалдан авч зорчсон, гэвч хариуцагч Улаанбаатар төмөр замын буруугаас Баянбуурал өртөөн дээр нэхэмжлэгчийг буулгахдаа зориулалтын зорчигч буух тавцангүй /пиронгүй/, хайрга чулуутай, нойтон газар буулгаснаас болж нэхэмжлэгч нь  зүүн хөлөөрөө хальт гишгэж, зүүн шагайн гадна хавчаар ясны хугарал бүхий гэмтэл авч хохирсон үйл баримтууд тогтоогджээ.

11. Хоёр шатны шүүх талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 382 дугаар зүйлийн 382.1-д заасантай нийцсэн, шүүхүүд тухайн маргаанд мөн хуулийн 384 дүгээр зүйлийн 384.1, 384 дүгээр зүйлийн 384.3, Төмөр замын тээврийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагч нь нэхэмжлэгчид гэм хор учруулаагүй, өөрөөр хэлбэл хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, зорчигч, тээш тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангаж ажилласан болохоо нотлоогүй тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

12. Харин, давж заалдах шатны шүүх ...нэхэмжлэгч өөрт учирсан хохирол, түүний хэр хэмжээ, цаг хугацааны хамаарлыг нотлох үүрэгтэй гэж үзэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн  галт тэрэгний зорчих тасалбарын үнэ, эм тариа, эмчилгээний төлбөрт 485,550 төгрөг гаргуулах, мөн нэхэмжлэгчийн олох байсан орлогод, тодруулбал гутал засварын газар ажиллуулж, “Сэрхтайгам” ХХК-тай байгуулсан гэрээнд түрээсийн төлбөрт 250,000 төгрөг төлөхөөр тохиролцсон тул 7, 8, 9, 10 сарын төлбөрт нийт 1,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэн, нийт 1,485,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ. /хх-ийн 134-137 /

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...нэхэмжлэгч нь Баянбуурал амралтын точка дээр вагонаас буух явцдаа хөлөө гэмтээсэн эсэх нь нотлох баримтаар нотлогдоогүй. ...анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 384 дүгээр зүйлийн 384.2-т заасан “зорчигчийн буруугаас шалтгаалж гэм хор учирсан бол тээвэрлэгч хариуцлага хүлээхгүй” гэснийг огт анхаарч үзсэнгүй, ...хэт нэг талыг барьж өрөөсгөл дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. ...магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.

14. Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1071 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.06.10-ны өдөр төлсөн 38,720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.БАНЗРАГЧ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                       Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                             Д.ЦОЛМОН