Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 00933

 


 

 

 

      2020 оны 03 сарын 30 өдөр

                Дугаар 102/ШШ2020/00933

               Улаанбаатар хот

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  ЖДҮХ С нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: МК ХХК

 

Хариуцагч: СЛ ХХК нарт холбогдох,

 

 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2016/91/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 1,673,757,216 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, хариуцагч СЛ ХХК-ийн “талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд СЛ ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, хариуцагч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав, хариуцагч СЛ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.                

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЖДҮХ Сшүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч МК ХХК, СЛ ХХК нар нь ЖДҮХ С-тай 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2016/91/01 тоот “Зээлийн гэрээ” болон Б2016/91/01 тоот “Зээлийн барьцааны гэрээ” байгуулан 1,510,000,000 төгрөгийг зээлсэн. Ингэж зээл авахдаа СЛ ХХК-ийн эзэмшлийн Багануур дүүрэг, 3 дугаар хороо, үйлдвэрийн хэсэгт байрлах 000 нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 0000 м.кв талбай бүхий газар, СЛ ХХК-ийн эзэмшлийн 0000 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 0000 м.кв талбай бүхий газар, СЛ ХХК-ийн эзэмшлийн 000 тоот хаягт байрлалтай, 00 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, СЛ ХХК-ийн эзэмшлийн 00000 тоот хаягт байршилтай, 000 м.кв талбайтай, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-000 тоот дугаартай агуулахын зориулалттай саравч, 1.2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорийг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу нийт 187,300,386 төгрөгийг төлж барагдуулсан. Зээлдэгч нар нь зээлийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар нийт 1101 хоног хэтрүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч ЖДҮХ С нь өөрөө тусгай сангийн хуулиар зохицуулагддаг. Засгийн газраас бонд авч зээлдэгч нарт олгосон зээлийн хүү, алданги зэргээр санхүүждэг учраас хариуцагч тал мөнгөө өгөхгүй байгаа нь бусад зээл авах гэж байгаа хүмүүст хүндрэл учруулж байна. Иймд хариуцагч МК ХХК, СЛ ХХК нараас 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2016/091/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн үндсэн төлбөрт 1,500,822,514 төгрөг, зээлийн хүү 84,849,122 төгрөг, зээлийн алданги 88,065,580 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 1,673,757,216 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох хариуцагч СЛ ХХК-ийн эзэмшлийн 0000 нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 000 м.кв талбай бүхий газар, СЛ ХХК-ийн эзэмшлийн 0000 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 0000м.кв бүхий газар, СЛ ХХК-ийн эзэмшлийн 000 тоот хаягт байрлалтай, 000м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, СЛ ХХК-ийн эзэмшлийн 0000тоот хаягт байршилтай, 000 м.кв талбай, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн Ү-0 тоот дугаартай агуулах зориулалттай саравч, 1.2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорь зэрэг барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч МК ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 2016/91/01 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээний хугацаа 2021 оны 4 дүгээр сар хүртэл үргэлжлэх байсан. Гэтэл зээлийн гэрээний дагуу хэрэгжих төслийг гол хэрэгжүүлэх ажилтан болох захирал Н.Б нь хорт хавдраар хүндээр өвчилсөн тул зээлийн харилцаанд хүндрэл гарсан болно. Үүнээс болж зээлийн төлбөрийг графикийн дагуу төлж чадахгүйд хүрсэн.  Зээлийн төлбөрийг төслийн үйл ажиллагаанд зарцуулах гэж авсан. Манай компанийн зүгээс 1,610,925,860 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.  Харин үлдэх шаардлага буюу 62,831,356 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь нотлогдохгүй байгаа тул алданги шаардах эрхгүй гэж үзэж байна.  Манай компанийн зүгээс СЛ ХХК-ийг зээлийн барьцаанд хөрөнгүүдээ тавиад өгөөч гэж хүссэн. Зээлийн гэрээний дагуу авсан мөнгөнөөс СЛ ХХК нь нэг ч төгрөг аваагүй гэв.

 

Хариуцагч СЛ ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл гэрээний тал болж байгаа тал нь зээлийн гэрээний харилцаа болж байгаа тул мөнгөн эд хөрөнгийг хүлээж авсан байх ёстой. Гэтэл өнөөдөр хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч СЛ ХХК нь үүрэг гүйцэтгэгч болж үүрэг гүйцэтгүүлэгчээс ямар нэгэн мөнгө хүлээж авсан баримт байхгүй. Иймд үүрэг гүйцэтгэгч биш байхад барьцааны гэрээ байгуулсан байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасан байдаг бөгөөд хуулийн шаардлага хангахгүй байна. Энэ бол зээлдэгч болон зээлдүүлэгчийн хооронд батлан даагч гэх эрх зүйн зохицуулалт байсан гэтэл хууль зөрчиж үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан байх тул энэ үйл баримтыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал СЛ ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлж байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч гэдэг бол биет хөрөнгө дээр яригддаг асуудал. Зээлдэгчийн хувьд зээлдүүлэгч хэнд мөнгө өгсөн бэ, тэр этгээд үүрэг гүйцэтгэгч болдог эрх зүйн харилцаа юм. Хэнд мөнгө өгсөн тэр хүнээсээ үүргийн гүйцэтгэлийг шаардах ёстой. Хэрвээ үнэхээр зээл хамтарч авсан бол энэ хоёр компанийн дансанд хэд хэдэн төгрөг шилжүүлсэн гэх үйл баримт байх ёстой. Зээлийн гэрээг бичгээр үйлдсэнээрээ гол нь биш, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээрээ хүчин төгөлдөр болдог. Нэхэмжлэгч талаас СЛ ХХК-д мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. Үүрэг гүйцэтгэгч гэдэг бол тодорхой үүрэг хүлээж зээлийг хэн авсан тэр этгээд нь төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагч СЛ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан шүүх хуралдаанд тайлбарлахдааТалуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнүүдэд СЛ ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тусгайлан зохицуулсан зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж үзэж байгаа. Зээл аваагүй этгээдийг үүрэг гүйцэтгэгч гэж оруулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийг яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь МК ХХК-тай 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2016/91/01 дугаартай зээлийн гэрээг байгуулж, дээрх гэрээний дагуу МК ХХК-ийн дансанд мөнгө шилжүүлсэн билээ. Энэ үйл баримт нь манай компанийг зээлийн эрх зүйн харилцааны нэг тал биш болохыг нотолно. Мөн тухайн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож буй асуудал нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон МК ХХК-ийн хооронд үүссэн харилцаанд батлан даагчийн хувиар оролцож буй хэлбэр болохоос зээл авагч болон хөрөнгө барьцаалагч биш бөгөөд зээлийн гэрээний зээлдэгч тал болох МК ХХК-ийн захиралтай хувийн сайн найз нөхдийн холбоотой учир түүнийг зээл авахад нь дэмжлэг үзүүлж буй хэлбэр бөгөөд хуулийн дагуу бол батлан даагч болж эрхзүйн харилцааг үүсгэсэн юм. Түүнээс биш бид зээлдэгч ба зээл авч үүргийн гүйцэтгэлийг хангахаар өөрийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан этгээд биш юм. Мөн нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй этгээд биш байна. Барьцаалагч гэдэг бол Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж заасан байдаг. Энэ зохицуулалтыг зөрчсөн байх тул “талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд СЛ ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч СЛ ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Хариуцагч МК ХХК-д 1,510,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, “Шингэн саван үйлдвэрлэх” төслийн зориулалтаар зээлэхдээ хариуцагч СЛ ХХК-ийн эд хөрөнгийг барьцаалж зээлсэн. СЛ ХХК-ийн захирал М.Т нь зээлийн болон барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүргийг ухамсарлан, хүлээн зөвшөөрч, хамтран зээлдэгчээр оролцон өөрийн компанийн  үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалуулсан. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан  болон МК ХХК нарын хооронд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2016/91/01 тоот зээлийн гэрээний 5.2.14-д “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж зааснаар СЛ ХХК нь хамтран зээлдэгч гэдгийг баталж байна гэв.

 

Хариуцагч МК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмаржав сөрөг нэхэмжлэлд холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Манай компани энэ зээлийг төслийн үйл ажиллагаандаа зарцуулах гэж авсан. Тэрнээс биш СЛ ХХК-д шан харамж өгсөн юм уу, эсвэл зээлийг хувааж зарцуулсан зүйл байхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч ЖДҮХ Снь хариуцагч МК ХХК, СЛ ХХК нарт холбогдуулан 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2016/91/01 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаж, зээлийн гэрээний үүрэгт 1,673,757,216 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч СЛ ХХК нь “талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд СЛ ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

            Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч МК ХХК болон СЛ ХХК нарын Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан 2016/91/01 дугаартай зээлийн гэрээ, мөн өдрийн Ө2016/91/01 дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-үүд хэрэгт авагджээ /хх-7-21 тал/.

 

Энэхүү гэрээгээр хариуцагч МК ХХК, СЛ ХХК нар нь нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас  1,510,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатайгаар, жилийн 5 хувийн хүүтэйгээр, жижиг, дунд үйлдвэрийг өргөжүүлэх, хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох зориулалтаар зээлж авахаар харилцан тохиролцож, энэхүү зээлийн гэрээний барьцаанд хариуцагч СЛ ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй 0000тоот хаягт байршилтай, 00 м.кв талбайтай, агуулахын зориулалттай саравч, 1.2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорь, Улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй,  000 тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, СЛ ХХК-ийн эзэмшлийн 0000 нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 000 м.кв талбай бүхий газар, 0000 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 000 м.кв бүхий газар зэргийг барьцаалсан байх ба уг гэрээнд хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй  этгээдүүд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

 

Хариуцагч компаниуд дээрх зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурсан эсэх дээр маргахгүй байх ба хариуцагч МК ХХК нь зээлийн эргэн төлөлтөд нийт 187,300,386 төгрөгийг төлсөн, зээлийн төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэг зөрчсөн болохоо хүлээн  зөвшөөрч маргаагүй.

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Ж нь хариуцагч нараас ...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, 1,101 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж, зээлийн үндсэн төлбөрт болон хүү, алдангид нийт 1,673,757,216 төгрөг гаргуулжбарьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргасныг хариуцагч МК ХХК нь 1,610,925,860 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргаж байх ба үндэслэлээ... нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй тул алданги шаардах эрхгүй гэж тайлбарлаж байна.

 

Харин хариуцагч СЛ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, “талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэж тодорхойлсон хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган, мэтгэлцэж байх ба үндэслэлээ ...нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь зээлийн үйл ажиллагаа явуулах тухай зөвшөөрөлгүй, ...дээрх гэрээнүүдэд СЛ ХХК нь батлан даагчийн хувиар оролцсон, зээлийн гэрээний дагуу нэг ч төгрөгийг шилжүүлэн аваагүй... гэх үндэслэлээр тайлбарлаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх ба үүнд хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, хуулийн шаардлагыг хангаагүй,  эсхүл хууль ёс, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны үндсэн үнэлэмжүүдтэй үл нийцэн, харшилдах хэлцлийг хамааруулна.

 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн  16.6.1 дэх хэсэгт зааснаар Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих зориулалтаар хөнгөлөлттэй зээл олгох эрхтэй байх тул Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд биш юм.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт 199.1 нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэжээ.

 

Хариуцагч” СЛ” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох М.Т нь зээлийн гэрээнд болон зээлийн барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэх хэсэгт гарын үсэг зурсан, уг зээлийн гэрээний дагуу авах  1,510,000,000 төгрөгийг зээлдэгч МК ХХК-ийн дансанд шилжүүлж, хариуцагч СЛ ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалбараар улсын бүртгэлд бүртгэгдсэн байхад барьцаалуулагчийн үүрэг хүлээгээгүй, батлан даагчийн үүрэг хүлээсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч СЛ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүйгээс гадна уг гэрээнүүд хууль зөрчсөн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэх байдал тогтоогдоогүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний шинж, талуудын эрх үүрэг зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1  дэх хэсэгт заасан барьцааны гэрээны харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдүүлэгч нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүрэг болох 1,510,000,000 төгрөгийг хариуцагч МК ХХК-д шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч МК ХХК болон “СЛ ХХК  нар нь дээрх зээлийн болон зээлийн барьцааны гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байх бөгөөд зээлийн гэрээний дагуу 1,510,000,000 төгрөгийг хариуцагч СЛ ХХК-ийн дансанд шилжүүлээгүй, хариуцагч МК ХХК-ны дансанд шилжүүлсэн нь СЛ ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөх үндэслэл болохгүй төдийгүй уг үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох боломжгүй юм.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох боловч зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг 1,101 хоногоор хэтрүүлсэнд маргахгүй байгаа бөгөөд зээлдүүлэгч ЖДҮХ Снь хариуцагч нарт зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, уг хугацаанд гэрээний үүргийг биелүүлээгүй байна. /хх-30 тал/.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, зээлийн гэрээний үндсэн төлбөр болон түүнд ногдох хүү, алдангид нийт 1,673,757,216 төгрөг шаардаж байгаа нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч нараас 1,673,757,216 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч ЖДҮХ С-ийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байх тул барьцааны зүйл болох хариуцагч СЛ ХХК-ийн өмчлөлийн 000 тоот хаягт байршилтай, 00 м.кв талбайтай, агуулахын зориулалттай саравч, 1.2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорь, Улсын бүртгэлийн Ү-00 дугаарт бүртгэлтэй,  0000 тоот хаягт байрлалтай, 000 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, СЛ ХХК-ийн эзэмшлийн 0000  нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 000 м.кв талбай бүхий газар, 0000 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 000 м.кв бүхий газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                         ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан  талуудын хооронд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан 2016/91/01 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч МК ХХК“, СЛ ХХК нараас зээлийн гэрээний үүрэгт 1,673,757,216 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч ЖД -д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох хариуцагч СЛ ХХК-ийн өмчлөлийн 000 тоот хаягт байршилтай, 000 м.кв талбайтай, агуулахын зориулалттай саравч, 1.2 км салаа төмөр зам, 3 ширхэг зоорь, Улсын бүртгэлийн Ү-000 дугаарт бүртгэлтэй 000 тоот хаягт байрлалтай, 0 м.кв талбайтай, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, СЛ ХХК-ийн эзэмшлийн 0000 нэгж талбарын дугаартай, хүнсний үйлдвэрийн зориулалттай, 000 м.кв талбай бүхий газар, 0000 нэгж талбарын дугаартай, үйлдвэрийн зориулалттай, 0 м.кв бүхий газар зэргийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь үүргийг гүйцэтгэлийг хангуулсугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч СЛ ХХК-ийн “талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд СЛ ХХК-ийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр тодорхойлсон хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч МК ХХК“, СЛ ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 8,596,937 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагч СЛ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,707,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч  нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

           

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Х.ЭНХЗАЯА