Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1187

 

С.Б-ы нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00903 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.Б-ы нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Одбаярын нэхэмжлэлээр НШШГГ-т ажиллагаа явагдаж байгаа миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 байр, 92 тоот 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хоёр удаа дуудлага худалдаанд оруулсан ба миний хувийн байдлыг улам дордуулж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ тогтоосноос хойш жилийн дотор дахин үнэлгээ тогтоолгох журамжтай. Төлвөл зохих 46.250.000 төгрөгөөс 7.000.000 төгрөгийг нь төлсөн болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 16-ний өдрийн 183/ШШ2018/00133 дугаар захирамжаар С.Б-аас 46.674.300 төгрөгийг гаргуулж С.Одбаярт олгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид төлбөр төлөхийг, сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 92 тоот орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 18290508/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18290508/03 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэг нь зах зээлийн ханшийг тогтоох боломжгүй байгаа тул шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлж, төлбөр авагч Ц.Одбаяр нь барьцаа хөрөнгийг 60.000.000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 188 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийг томилоход, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 85.333.333 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15233 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.Аптанцэцэг, төлбөр авагч Ц.Одбаяр нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан бөгөөд мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7 дах хэсэгт заасан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Б-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 7.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Тус шүүхийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/02659 дүгээр  шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт заасныг үндэслэн дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан байхад энэ заалтын огт хэлэлцээгүй төлбөр төлөгчийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн. Орон сууцыг 2018 оны 8 дугаар сард үнэлгээ тогтоосон, өнөөдрийн байдлаар 1 жил 9 сарын хугацаа өнгөрсөн  байхад шүүх харгалзан үзээгүй. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 00133 дугаар захирамжаар С.Б-аас 46.250.000 төгрөгийг гаргуулж С.Одбаярт олгож, үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн                      Ү-2206001366 дугаарт бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн, хариуцагч байгууллага гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын  13-ны өдрийн 18290508 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэж, төлбөр төлөгч С.Б-ы өмчлөлийн, Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 92 тоот хаягтай, 3 өрөө орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр битүүмжлэн, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан үйл баримт тогтоогджээ.

Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаанаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй тул хариуцагч байгууллага 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 188 тоот тогтоолоор “Вендо” ХХК-иар үнэлгээ гаргуулахаар шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Шинжээч нь дээрх орон сууцыг 85.333.333 төгрөгөөр үнэлж, дүгнэлтийг НШШГГ-т хүргүүлж, хариуцагч байгууллагаас төлбөр төлөгч нарт 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15233 тоот мэдэгдлээр хүргүүлснийг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авсан нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх 55/

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар 7 хоногийн дотор гомдол гаргах байтал уг хугацааг хэтрүүлж гомдол гаргасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

“Вендо” ХХК эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зарлагын хандлагны аргыг ашиглаж, Хөрөнгө үнэлгээний хуульд нийцүүлэн үнэлгээг гаргасан байхаас гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                      ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                                          Н.БАТЗОРИГ