Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2020/00903

 


2020 оны 4 сарын 10 өдөр                               Дугаар 183/ШШ2020/00903                                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

.....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: .....дүүргийн тоот хаягт оршин суух, А /РД:/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн гудамж хаягт байрлах, Бгазарт холбогдох,

 

Үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

                        ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц......ын нэхэмжлэлээр Бгазарт ажиллагаа хийгдэж байгаа миний өмчлөлийн .....дүүргийн 2 дугаар хороо, ....., 20 байр, 92 тоот 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хоёр удаа дуудлага худалдаанд оруулсан ба миний хувийн байдлыг улам дордуулж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Төлвөл зохих 46 250 000 төгрөгөөс 7 000 000 төгрөгийг нь төлсөн болно” гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “........дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр 16-ний өдрийн 183/ШШ2018/00133 дугаар захирамжаар С.Ааас 46 674 300 төгрөгийг гаргуулж С......т олгож, шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох .....дүүргийн 2 хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 92 тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид төлбөр төлөхийг, сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан .....дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 92 тоот орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 18290508/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 18290508/03 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А...... нь зах зээлийн ханшийг тогтоох боломжгүй байгаа тул шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлж, төлбөр авагч Ц...... нь барьцаа хөрөнгийг 60 000 000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018 оны 08 дугаар сарын 31- өдрийн 188 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийг томилоход, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар 85.333.333 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/15233 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.Аптанцэцэг, төлбөр авагч Ц...... нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан бөгөөд мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.7-д “үнэлгээг мэдэгдсэн           өдрөөс хойш долоо хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

           

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.А нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан .....дүүргийн 2 дугаар хороо, .......... тоот, 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлага гаргажээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

.....дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00133 дугаар захирамжаар С.Ааас 46 250 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 424 300 төгрөгийн хамт гаргуулж Ц......т олгохоор шийдвэрлэжээ.

 

Бгазар тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/00133 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2018 оны 03 сарын 22-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 183/ШЗ2018/03622 дугаар захирамж, энэ захирамжийн дагуу бичигдсэн 183/ГХ201800328 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /хх-ийн 5-8/

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч С.А нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.

 

Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А...... нь барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргаж, төлбөр авагч барьцаа хөрөнгийн үнэлгээг 60 000 000 төгрөг гэж үнийн саналаа ирүүлжээ. /хх-39-41/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч болон үүрэг гүйцэтгүүлэгч нар  дуудлага худалдаагаар худалдагдах эд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Бгазрын 2018 оны 08 сарын 31-ний өдрийн 188 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор төлбөр төлөгч С.Аы өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн Ү-220 6001366 дугаарт бүртгэлтэй,  .....дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 92 тоот  орон сууцны үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн үнэлгээний байгууллага болох “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилсон нь хууль зөрчөөгүй байна.

 

“Вендо” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 09 сарын 13-ны өдөр 85 333 333  төгрөгөөр үнэлж, Бгазрын 2018 оны 09 сарын 13-ны өдрийн 4/15233 тоот албан бичгээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон мэдэгдлийг төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А......т 2018 оны 09 сарын 18-ны өдөр гардуулан өгсөн байна. /хх-55/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргаагүй байна.

 

Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийг тогтоох ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй, төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нарын хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

“Вендо” ХХК эд хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахдаа зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зарлагын хандлагны аргыг ашиглаж, Хөрөнгө үнэлгээний хуульд нийцүүлэн үнэлгээг гаргажээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч С.Аы Бгазарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Бгазарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Аы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Тус шүүхийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 183/ШЗ2020/02659 дүгээр  шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ