Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00846

 

   

                                                      С.Б-ы нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00903 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1187 дугаар магадлалтай,

С.Б-ы нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэгийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Одбаярын нэхэмжлэлээр Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж байгаа миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 байр, 92 тоот 3 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хоёр удаа дуудлага худалдаанд оруулсан ба миний хувийн байдлыг улам дордуулж байгаа тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар үнэлгээ тогтоосноос хойш жилийн дотор дахин үнэлгээ тогтоолгох журамжтай. Төлвөл зохих 46,250,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг төлсөн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.16-ний өдрийн 183/ШШ2018/00133 дугаар захирамжаар С.Б-аас 46,674,300 төгрөгийг гаргуулж С.Одбаярт олгож, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид төлбөр төлөхийг, сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 92 тоот орон сууцыг 2018.06.22-ны өдрийн 18290508/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018.08.15-ны өдрийн 18290508/03 дугаар тогтоолоор хураасан. Талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд харилцан тохиролцоогүй, төлбөр төлөгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэг нь зах зээлийн ханшийг тогтоох боломжгүй байгаа тул шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлж, төлбөр авагч Ц.Одбаяр нь барьцаа хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор 2018.08.31-ний өдрийн 188 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийг томилоход, 2018.09.13-ны өдрийн байдлаар 85,333,333 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг 2018.09.13-ны өдрийн 4/15233 дугаар албан бичгээр төлбөр төлөгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч А.Аптанцэцэг, төлбөр авагч Ц.Одбаяр нарт мэдэгдсэн. Иймд хөрөнгийн үнэлгээг тогтоосон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан бөгөөд мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00903 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай С.Б-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн 2020.02.17-ны өдрийн 183/ШЗ2020/02659 дүгээр шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1187 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч С.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэг миний бие хяналтын журмаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээнд өөрчлөлт орсон гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна гээд анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хэдийгээр баримтаар нотлоогүй ч гэсэн анхан шатны шүүх дээр байрны үнэлгээний талаар хангалттай тайлбар гаргасан. Зах зээлийн өнөөгийн хүнд үед орон сууцны үнэ байтугай өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөр өсч байна. Хан-Уул дүүрэгт 3 өрөө байр 100-300 сая төгрөгийн үнэтэй байгааг хүн бүр мэдэж байгаа. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 3 өрөө байрыг 1 өрөө байрны үнээр худалдах гэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2020.05.29-ний өдрийн 1187 дугаар магадлалыг хүчингүй болгон анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 С.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.01.16-ны өдрийн 183/ШШ2018/00133 дугаар захирамжаар С.Б-аас 46,250,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж С.Одбаярт олгож, үүргийн гүйцэтгэлийг улсын бүртгэлийн Ү-2206001366 дугаарт бүртгэлтэй барьцаа хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Л.Эрдэнэбулганы өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 20 дугаар байрны 92 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206001366 дугаарт бүртгэлтэй орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

 Төлбөр авагч болон төлбөр төлөгч нар албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох доод үнийн талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018.08.30-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Вендо” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2018.09.13-ны өдрийн ШГ18-20 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг үнэлгээг 85,333,333 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2018.09.03-ны өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн газартай ойролцоо, ижил төсөөтэй худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг баримтаар нотлож чадаагүй байх тул “Вендо” ХХК-ийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018.09.13-ны өдрийн 4/15233 тоот хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн үнэлгээний талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанцэцэг 2018.09.18-ны өдөр хүлээн авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ” гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг 2018.09.18-ны өдөр хүлээн авсан хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.   

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00903 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1187 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД   

                              ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА               

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Г.ЦАГААНЦООЖ 

                                                                              Д.ЦОЛМОН