Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1182

 

“ТЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/00879 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч “ТЦ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдох

 

Гэрэээний үүрэгт 7 776 441 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.Долгорсүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “ТЦ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТЦ” ХХК нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр барилгын фасадны ажил гүйцэтгэх гэрээг Б.Э-той байгуулсан. Уг гэрээгээр хавсралтад дурдсан ажлыг 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор гүйцэтгэж дуусахаар, ажлын хөлс 13.332.250 төгрөг байхаар тохиролцсон. Энэхүү төлбөрийн урьдчилгаа 3.999.675 төгрөгийг ажил эхлэхэд, 3.999.675 төгрөгийг ажлын явцад, үлдэх 5.332.900 төгрөгийг ажил дуусахад буюу ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээн авахад төлөхөөр харилцан тохиролцон. Ийнхүү гэрээний дагуу ажлын хөлсөнд 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2.400.000 төгрөг / гэрээний 2.7/, 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 1.699.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 500.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 300.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2.100.000 төгрөг нийт 9.099.000 төгрөг төлсөн. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт тус тус зааснаар ажлын үр дүнг хүлээн авч үүний дараа хөлс төлөх үүргийг захиалагч хүлээдэг. Ажил гүйцэтгэх гэрээ нь хариу төлбөртэй хэлцэл тул гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг авахын тулд ажлын үр дүнг захиалагчид шилжүүлсэн байх учиртай. Гэтэл Б.Э- нь ажил гүйцэтгэх гэрээний 1.3, 1.5, 2.8,  Иргэний хуулийн 350.1.1-т тус тус заасан үүргээ биелүүлээгүй, зарим ажлыг бүрэн хийж дуусгаагүй, зарим ажлыг огт хийгээгүй учир бид уг ажлыг өөр хүнээр буюу Н.Золзаяатай ажил гүйцэтгэх гэрээ дахин байгуулан хийлгэсэн. Бидний зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Э-ийг ажлаа бүрэн хийж дуусгахыг шаардаж байсан боловч элдэв шалтаг тоочин үүргээ биелүүлээгүй болно. Ингээд бид Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2 дах хэсэгт заасны дагуу эдгээр ажлыг дахин өөрийн зардлаар, өөр хүмүүсээр шинээр хийлгэсэн болно. Бид маш их хугацаа алдсан учир богино хугацаанд дээрх ажлыг хийлгэх шаардлагатай болж олон хүнийг 24 цагаар ажиллуулж байж уг ажлыг 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгаж миний бие хүлээн авсан юм. “ТЦ” ХХК-аас н.Золзаяад ажлын хөлс гэж нийт 8.200.000 төгрөгийн цалин өгсөн. Хэрвээ уг ажлыг Б.Э- нь хугацаандаа хийж гүйцэтгэсэн бол бид нийт 13.332.250 төгрөгөөр хийлгэх байсан хэдий ч ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй тул 13.332.249 төгрөгөөр хийлгэх байсан ажлыг 17.299.000 төгрөгөөр / Б.Э-т 9.099.000 төгрөг, Н.Золзаяад 8.200.000 төгрөг / хийлгэсэн. Хэрвээ Б.Э- ажлаа хугацаанд нь хийж дуусгасан, ажил гүйцэтгэх гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн бол бидэнд дээрх хохирол учрахгүй байсан билээ. Иймд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дах хэсэгт заасны дагуу бидэнд бодитоор учирсан хохирол 3.966.751 төгрөгийг Б.Э-оос гаргуулж өгнө үү. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, ажил гүйцэтгэх гэрээний 2.6-д тус тус зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийг гэрээнд заасан хугацаанд буюу 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн дотор мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэх ёстой байсан. Хэрвээ хугацаандаа гүйцэтгээгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, ажил гүйцэтгэх гэрээний 2.9-д зааснаар алданги тооцохоор тохиролцсон. Гэтэл дээрх ажлыг дуусгалгүй орхисон бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул бид өөрсдийн зардлаар дахин өөр хүмүүсийг өндөр үнээр, богино хугацаанд хийлгэж 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан. Б.Э-той байгуулсан гэрээний 2.9-д ажилтан талын буруутай үйл ажиллагаанаас гэрээт ажил төлөвлөсөн хугацаанд дуусаагүй тохиолдолд ажил олгогч талд нийт ажил үйлчилгээний үнийн дүнгээс хоног тутамд 1 хувийн алданги тооцуулах үүрэгтэй гэж тохиролцсон болно. Гэсэн хэдий ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алданги төлөхөөр заасан тул уг заалтад нийцүүлэн хоног тутамд 0.5 хувиар, н.Золзаяагаас ажил хүлээлгэн авсан өдрөөр буюу 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөр тооцож Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дах хэсэгт заасныг үндэслэн нийт 3.799.690 төгрөгийг /13.332.249 * 0,5 * 57 хоног = 3.799.690/ Б.Э-оос гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний дагуу ажлуудын ихэнх буюу 70 орчим хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн байх үед Чи хүн хүч сайтайгаараа дараагийн ажил руугаа орчих. Үлдэгдлийг нь өөр хүнээр хийлгэчихье гээд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Hi Mongolia рестораны ажил руу орсон. Тухайн үед хийгдсэн болон хийгдээгүй ажлынхаа талаар тохиролцон, гэрээний ар дээр хийсэн хийгээгүй ажлыг хүлээлгэн өгсөн. Гэрээний үнийн дүн болох 13.322.249 төгрөгөөс нийт 10.399.900 төгрөг хүлээн авсан. Үүнээс 2.400.000 төгрөг нь Б.Мөнхзул бид тохиролцон шат авсан бөгөөд тал тал үнийг гаргахаар тохирсон. 1.200.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн мэтээр нэхэмжилж буй нь үндэслэлгүй юм. Алданги 3.799.690 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Мөнхзул нь өөрийн санаачилгаар хийгдэж байсан ажлыг хүлээн авч, өөр хүнтэй байгуулсан гэрээг над руу шилжүүлэн ажил хийлгэж эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан, үлдэгдэл мөнгөнд тааруулан өөр хүнээр хийлгэхээр тохиролцсон байтал гэрээний заалт дурдан алданги нэхэмжилж буй нь ор үндэслэлгүй зүйл болно. Иймд Б.Э- миний бие нь “ТЦ” ХХК-ийн нэхэмжилж буй 7.766.441 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-оос 3.966.751 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ТЦ”   ХХК-д олгон, үлдэх 3.799.690 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 139.213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 78.438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь Б.Э-т өгсөн гэх ажлын хөлс болох 9.099.000 төгрөгөнд шатны түрээс гэх 2.400.000 төгрөгийг багтаан тооцсон байдаг ба энэ талаарх баримт нэхэмжлэгч Б.Мөнхзулын дансны хуулга болон нэхэмжлэгчээс гарган өгсөн шилжүүлгийн мэдээллийн хуулгаар нотлогддог. Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс хариуцагчийг "Нi Моngolia hotpot” рестораны заслын ажилд орохыг өөрөө хүлээн зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл цалин, материалын зардлын талаарх нийт 15 удаагийн 52 гаруй сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байхад энэ талаар шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. Хариуцагчаас 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр өмнөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг дүгнэж, хийгээгүй болон дутуу үлдсэн ажлыг Н.Золзаяагаар гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр "Нi Моngolia hotpot” рестораны ажлыг эхлүүлсэн талаар тайлбар гаргаж, тайлбарынхаа үндэслэлийг нотлуулахын тулд Н.Золзаяаг гэрчээр оролцуулах хүсэлтээ шүүхэд гаргаж захирамж гаргасан. Н.Золзаяа болон Д.Баярхүү нар нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байсан, 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн гэрээ байгуулагдах үед нэхэмжлэгч болон гэрчүүд хамт байлцаж, бидний дундах тохиролцооны талаар гэрчээр оролцуулах, мэдүүлэг авахуулахыг хүссэн боловч шүүхээс татгалзсан нь хэрэгт ач холбогдолтой нотлох баримт цуглуулах оролцогчийн үүргийг биелүүлэх боломжийг хангаагүй, шүүх өөрийн санаачилгаар захирамжийн биелэлтийг хангахаас татгалзсан. Нэхэмжлэгч талаас гарган өгсөн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Н.Золзаяатай байгуулсан ажил   гүйцэтгэх   гэрээний   хугацаа   2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл лифтний чулуу хийцлэл, дээврийн хийцлэл, хар цаас наалт, ус зайлуулах системийн ажил, аваарын шат зүлгүүр будгийн ажил, лифть арк телевизийн  ханын чулуун хийцлэл зэрэг ажлыг 8.200.000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон байна. Дээрх ажлуудыг богино хугацаанд 24 цагаар ажиллуулах шаардлагатай байсан тул өндөр үнээр тохирсон гэж тайлбар гаргадаг. Гэтэл тухайн ажил нь сар хийгдэхээр ажил биш бөгөөд хэрвээ богино хугацаанд 24 цагаар ажиллуулсан бол багадаа 7 хоногт хийгдэж дуусахаар ажил байхад алданги, хохирол хэмээн үндэслэлгүй их мөнгө нэхэж байгаад шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нэг талыг барьж шийдвэр гаргасан. Иймд Б.Э-оос 3.966.751 төгрөг гаргуулах тухай хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч “ТЦ” ХХК нь Б.Э-т холбогдуулан 7.776.441 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг  хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б.Э- нь Багатэнгэрийн аман дах 416 тоот амины орон сууцны гадна фасад, лифтний хэсгийн заслын ажлыг 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 8 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, “ТЦ” ХХК нь 13.332.250 төгрөгийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 10-13/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч “ТЦ” ХХК-аас хариуцагч Б.Э-т ажлын хөлсөнд нийт 9.099.000 төгрөгийг ажлын хөлсөнд төлсөн гэх үйл баримтыг зөв тогтоосон  байна. /хх-ийн 14-20/

Нэхэмжлэгч нь гэрээг цуцлах хүртэлх хугацаанд 9.099.000 төгрөгийг ажлын хөлс хариуцагчид төлсөн тул уг ажлын үр дүнг хүлээн авсан гэж үзнэ.

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн ажлын хөлсийг буцаан гаргуулах талаар болон ажлын доголдолтой холбоотой шаардлага гаргаагүй, харин хариуцагч үлдэх ажлыг хугацаанд нь хийж гүйцэтгээгүйн улмаас бусдаар ажил гүйцэтгүүлж илүү ажлын хөлс төлснийг хохиролд тооцож нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж заасан.

Гэтэл нэхэмжлэгчээс хариуцагчид “үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон”, “үүрэг гүйцэтгэхийг  урьдчилан сануулсан”, “үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох буюу урьдчилан сануулах шаардлагагүй болсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхаас гадна хариуцагчийг ажлаа бүрэн хийж дуусгахыг шаардаж байсан гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй байна.

Талууд “Хая Монголиа хотпот” рестораны И-март салбарын интерьер заслын ажлын гүйцэтгэгчээр Б.Э- ажилласан үйл баримтад маргаагүй бөгөөд хариуцагч Б.Э-ийн “...Багатэнгэрийн аман дах 416 тоот амины орон сууцны гадна фасад, лифтний хэсгийн заслын ажлыг хийж байх үед үлдэгдлийг нь өөр хүнээр хийлгэчихье гээд 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Hi Mongolia рестораны ажил руу орсон...” гэсэн  тайлбар нь Б.Мөнхзулаас түүнд 2019 оны 07 дугаар сарын 26-наас эхлэн “материал Емарт”, “материал цалин HM” гэсэн гүйлгээний утгатай ажлын хөлс шилжүүлсэн дансны хуулгуудаар нотлогдсон байна. /хх-ийн 38-61/

Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг “цалин фасад” гэсэн гүйлгээний утгаар шилжүүлж байсан ба 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “фасад урьдчилгаа” гэсэн утгаар 1.000.000 төгрөг шилжүүлсэн бол 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 2.100.000 төгрөийг “фасад үлд цалин” гэсэн утгаар шилжүүлснээс үзэхэд фасадны ажлын хөлсний үлдэгдлийг хариуцагчид төлж уг гэрээ дуусгавар болсон гэж үзэхээр байна. /хх-ийн 19-20/

Шүүх Багатэнгэрийн аман дах 416 тоот амины орон сууцны гадна фасад, лифтний хэсгийн заслын ажлыг талууд тохиролцож дуусгавар болгож, хариуцагч нь нэхэмжлэгчийн Хая Монголиа хотпот рестораны И-март салбарын интерьер заслын ажил руу шилжсэн  үйл баримт дээрх байдлаар тогтоогдсон байхад уг ажлыг өөр ажлаар сольсон гэж үзэх боломжгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Дээр дурдсан үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг талууд тохиролцон дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд “ТЦ” ХХК нь Н.Золзаяатай 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.Золзаяад ажлын хөлс 8.200.000 төгрөг төлсөнд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байх тул хариуцагч Б.Э-оос хохиролд 3.966.751 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх талуудын хоорондын үүргийн харилцаа дуусгавар болсон үндэслэлээр анз шаардах эрхгүй гэж алданги 3.799.690 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

            Хариуцагчийн “гэрч Д.Баярхүү, Н.Золзаяа нарыг оролцуулах тухай” хүсэлтийг шүүх хангаж, тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулахаар мэдэгдэх хуудах хүргүүлсэн боловч  гэрчүүдийн хаяг тодорхой бус, хаана ажилладаг нь мэдэгдэхгүй байсан тул хариуцагчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Э-т холбогдох 7.776.441 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ТЦ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2020/00879 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Э-т холбогдох 7 776 441 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “ТЦ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЗОЛЗАЯА

                      ШҮҮГЧИД                                     Г.ДАВААДОРЖ

                                                                        Н.БАТЗОРИГ